Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 464

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1979 онд төрсөн, 39 настай, Замбал овгийн П.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1978 онд төрсөн, 40 настай, Зузаан овгийн М.Б-д холбогдох  

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Д, хариуцагч М.Б, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Б 2004 онд гэрлэж, охин Б.Э-г 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үрчлэн авсан. М.Б гэрлэсэн цагаасаа эхлэн архи ууж, элдэв хэл амаар доромжилж, эрх чөлөөнд халдаж, охин бид хоёрын эсрэг байнгын хүчирхийлэл үйлдэж цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон учир арга буюу гэрлэлтээ цуцлуулах болсон. М.Б архи уухаараа энэ хүүхдийг хамаатнаасаа өргөж авсан, би хүүхдээ аваад явна гээд шөнө ч хамаагүй хүүхдээ уйлуулаад аваад явдаг байсан. Охин маань одоо аавыгаа залгахаар лайтай юм гэдэг. Би охиндоо аавтайгаа уулз гэдэг. Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ өгсөн хугацаанд эвлэрээгүй. Би байнгын сэтгэл санааны дарамттай байдаг. Эхэндээ хэл амаар доромжилдог байсан боловч сүүлдээ намайг зоддог болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охиныг маань миний асрамжинд үлдээн эцэг М.Б тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй. Охиноо өөрийн төрснөөс өргөж авсан учраас хүүхдээ бодохгүй бол болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Намайг ажил хийгээд ирэхэд Г.Д надаас сална гээд явсан. Бидний хооронд маргаан гээд байх зүйл байдаггүй. Эхнэрийн дүү нь бөө болсноос хойш бид хоёр маргадаг болсон. Г.Д-н ээж нь намайг гэрээ аваад зайл гэж хөөсөн. Би архи уудаг нь үнэн боловч элдэв янзын ааш гаргадаггүй гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч М.Б-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Г.Д, М.Б-д нар нь 2007 онд гэр бүл болсон бөгөөд 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Э-г 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үрчлэн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар мөн гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.  

Хариуцагч М.Б нь 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Э-г өөрийн асрамжинд авахаар маргаж байгаа боловч хүүхдийн хүмүүжил болон эрүүл мэндэд тавих анхаарал, ахуй нөхцөл бололцоо өсөн бойжих орчин, насанд хүрээгүй Б.Э-н шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Энхцэцэгийг эх Г.Д-н  асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг М.Б-р тэжээн тэтгүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 210600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас  50010 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зузаан овгийн Мөнхбатын Батсүх, Замбал овгийн П.Д нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Э-г эх Г.Д-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг М.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 210600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 50010 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.