Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 29

 

Д, Х, М, Э, Г нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2019/0029/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Д.Энхжаргал, 

Иргэний нэхэмжлэгч Б,

Шүүгдэгч М, Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Жавхлан, 

Шүүгдэгч Д, Х, тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан, 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д, Х, М, Э, өмгөөлөгч С.Нарангэрэл нарын давж заалдах гомдлоор Д, Х, М, Э, Г нарт холбогдох эрүүгийн 1839001930128 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б. Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1956 онд төрсөн, эрэгтэй, 63 настай, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 24-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх О овогт А-н Д, 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1972 онд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт  С-н М , 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1983 онд төрсөн, эрэгтэй, 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Айрагийн 02-08 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт А-н Э,  

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1986  онд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айраг хороололд суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх О овогт Д-ын Х 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1966 онд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхоны 24-36 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх А овогт Ц-н Г 

Шүүгдэгч Д М, Э, Х нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 36.2 м3 шинэс мод бэлтгэж, 6255360 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч М, Э нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согтоот” багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 0.88 м3 шинэс модыг бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.54 м3 шинэс модыг тээвэрлэж, нийт 438912 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Д, М, Э, Х, Г нар нь бүлэглэн 16.54 м3 шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт А-н Д, Х овогт С-н М, О овогт Д-ын Х, Б овогт А-н Э нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч О овогт А-н Д, Х овогт С-н М, О овогт Д-ын Х, Б овогт А-н Э, А овогт Ц-н Г нарыг бүлэглэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ыг 2 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч М-ыг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Э-ыг 1 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Х-ийг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч М-ад оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Э-т оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ял, шүүгдэгч Х-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Г-гийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баярзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г-д анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Д.Хуягт буцаан олгож, хөрөөний үнэ болох 136000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Д-аас 34000 төгрөг, шүүгдэгч М-аас 34000 төгрөг, шүүгдэгч Э-аас 34000 төгрөг, шүүгдэгч Х-ээс 34000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн пад тракторыг хууль ёсны эзэмшигч Х-д буцаан олгож, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/28 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тракторын үнэ болох 3500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Д-аас 875000 төгрөг, шүүгдэгч М-аас 875000 төгрөг, шүүгдэгч Э-аас 875000 төгрөг, шүүгдэгч Х-ээс 875000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, “Исүзү” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч О-д буцаан олгож, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/28 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 1000000 төгрөгийг шүүгдэгч Г-гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/30 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 4 метрийн урттай 32 ширхэг хуурай шинэс мод, 4.2 метрийн урттай 4 ширхэг нойтон шинэс мод, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 4 метрийн урттай 59 ширхэг, 5 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 20 ширхэг шинэс мод, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/02 дугаартай битүүмжилсэн 6 метрийн урттай 43 ширхэг, 4 метрийн урттай 7 ширхэг шинэс мод, шүүгдэгч М-ын 3000000 төгрөгийн үнэлгээтэй улсын дугаар, гэрчилгээгүй ногоон өнгийн пад трактор, 2700000 төгрөгийг үнэлгээтэй “Киа пронтер” маркийн автомашин, 350000 төгрөгийн үнэлгээтэй улаан өнгийн “Супер Вени” маркийн улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклыг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоолыг биелэгдэх хүртэл дээрх моднуудыг битүүмжилсэн прокурорын тогтоолууд болон хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/36 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/29 дугаартай тогтоолуудыг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-аас 4691520 төгрөг, шүүгдэгч М-аас 4691520 төгрөг, шүүгдэгч Х-ээс 4691520 төгрөг, шүүгдэгч Э-аас 4708256 төгрөгийг тус тус гаргуулж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгаль хамгаалах санд олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г- нь бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д давж заалдах гомдолдоо: Миний бие надад оногдуулсан ял, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгтэй холбоотой гомдол санал байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирол төлбөрөө төлөх гэсэн боловч мөнгө олдоогүй, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зохих газруудад төлж барагдуулсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. 

Миний бие одоо 63 настай, өндөр настны тэтгэвэрт байдаг бөгөөд зүрх муу, астомтой, түрүү булчирхай, элэгний C вирус зэрэг өвчтэй бөгөөд өвчин сэдэрч биеийн байдал муу байна. Иймд биеийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Э- давж заадлах гомдолдоо: Миний бие тус хэрэгт М-ын гуйлтаар явж мод бэлтгэж тээвэрлэсэн нь үнэн, гарал үүслийн гэрчилгээг нь шалгаж үзэхгүйгээр хөнгөн гоомой хандаж хууль бус үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Би эхнэр, 8-15 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, эзэмшсэн боловсролгүй болохоор хар бор ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Эхнэр маань оюуны хомсдол гэх өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тул ажил хийдэггүй, гэртээ хүүхдүүдээ хардаг. Манай бага хүү Энхбаяр сэтгэцийн өвчтэй тул эмчийн байнгын хяналтад байдаг. Мөн хүүгийн маань хүйснээс нь байнга идээ, цус гардаг, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд ар гэрт маань миний асрамж, тэтгэлэг хэрэгтэй байна. Би гарал үүслийн гэрчилгээгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирол, төлбөрөө төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Х- давж заалдах гомдолдоо: Миний бие надад оногдуулсан ял болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийн талаар гомдол, санал байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирол, төлбөрийг төлж барагдуулах гэсэн боловч мөнгөний боломжгүй байсан учир 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн. Миний бие үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. Би хамрын идээт үрэвсэл өвчтэй бөгөөд өвчин сэдэрч идээ нь дух руугаа орох магадлалтай байна. 

Мөн настай ээж маань миний төлөө санаа зовниж, сэтгэлээр унаад биеийн байдал нь муу байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч М- давж заалдах гомдолдоо: Миний бие гарал үүслийн гэрчилгээгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байна. 

Би Э-тай 50 ширхэг мод бэлтгэж, хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан. Харин Д-тай бүлэглэн 36 м3 мод бэлтгэж 6255360 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн хувьд Д- мөрдөн байцаалтын шатнаас эхлэн анхан шатны шүүх хуралдаан дээр “энэ модыг би хувийнхаа хэрэгцээнд хэрэглэсэн тул хохирлыг төлнө” гэж мэдүүлсэн учир хохирлыг төлөөгүй бөгөөд гарал үүслийн гэрчилгээгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүйдээ хохирол, төлбөрөө төлөөгүй үйлдэл биш юм. Анхан шатны шүүх хуралдаан болоход тус  хохирлыг төлөөгүй байсан бөгөөд миний бие хохирол төлбөрөө хувааж төлөхөө илэрхийлсэн. Мөн миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч М, Э нарын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдолдоо: Хавтаст хэргийн материалтай танилцаж гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг авч үзэхэд Д нь хүү Х-ийн хамт өөрийн хувийн хэрэгцээндээ буюу байшингийн мод бэлтгэхээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр 36.2 м3 шинэс мод тайрч унагасан байдаг ба модоо унагаж бэлтгэснийхээ дараа модоо цагаалах хүн хэрэгтэй байсан тул М-ад нэг модыг 10000 төгрөгөөр цагаалах ажлын саналыг тавьж, М хүлээн зөвшөөрч аман гэрээгээр тохиролцож ажиллах болсон. М- хүн хүч хэрэгтэй байсан тул Э-т мод цагаалах ажлын санал тавьж, М, Э нар Д-ын мод бэлтгэсэн газар очиж, тохиролцсон ажлаа хийсэн. Д тус ажлын хөлсөнд мөнгө өгөх боломжгүй болж мод өгөхөөр болсон тул М- Г-г дуудаж тээвэрлүүлсэн байдаг. М- нь Д-ын модыг цагаалахдаа хэрэглэсэн пад тракторыг авчрах гэж явахдаа хуурай түлээний шинэс мод 50 ширхгийг машиндаа ачиж явсан байдаг. 

М, Э нарын хувьд Д-ын гарал үүслийн бичиг байгаа гэх үгэнд нь итгэж, нэг нутаг усны, бие биенээ таньж мэддэг хүмүүсийн хувь хөнгөмсөгөөр найдан гарал үүслийн гэрчилгээг нь шалгалгүй мод цагаалж, ажлынхаа хөлсөнд мод авч, бусдаар тээвэрлүүлсэн асуудал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. М, Э нар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлж, хүлээн зөвшөөрдөг. 

Д-ын хувьд хүү Х-ийн хамт зөвшөөрөлгүйгээр 84 ширхэг ургаа мод тайрч бэлтгэсэн, М, Э нараар модоо цагаалуулах ажил хийлгэх санал тавьж, хөлсөнд нь мод өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, модны хохирол болох 18766080 төгрөгийг Д- нь хариуцан төлнө гэдэг тул М, Э нар нь Д-ыг төлөх байх гэж итгэж явсаар хэрэг шүүхээр хэлэлцэгдэж Д, М, Э, Х- нараар хувь тэнцүү хувааж төлөхөөр болсон байна. 

Ийнхүү М-, Э- нарын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхгүй байх сэдэлт санаа байгаагүй, харин Д-ын “миний хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн мод тул би хохирлыг төлнө” гэснээс болж хохирол төлөгдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Д-ын мэдүүлгээр тогтоогдож байна. 

М, Э нарын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Д-ын хүсэлтээр хөлсөөр ажиллах гэж яваад хэрэгт холбогдох болсон, Э-ын эхнэр Эрдэнэсаруул нь төрөлхийн оюуны хомсдол өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, бага насны хоёр хүүхэдтэй, бага хүү Энхбаяр нь сэтгэцийн өвчтэй, эмчийн байнгын хяналтад байдаг, мөн хүйснээс нь цус, идээ гарч, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа, Э- нь ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг зэрэг ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж М, Э нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ. 

Иргэний нэхэмжлэгч Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй байна гэжээ. 

Шүүгдэгч Д, Х нарын өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д, Х нарын хувийн байдалтай холбоотой болон хохирол төлсөн талаарх нотлох баримтуудыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д-д 2 жил 6 сарын хорих ялаар, Х-д 1 жилийн хорих ялыг оногдуулсан. Бидний зүгээс хэргийн зүйлчлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гомдол санал байхгүй, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-аас 4691520 төгрөг, шүүгдэгч шүүгдэгч Х-ээс 4691520 төгрөгийг тус тус гаргуулж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгаль хамгаалах санд олгохоор шийдвэрлэснийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тракторын үнэ 3500000 төгрөгийг шүүгдэгч Д-аас 875000, Х-ээс 875000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэснийг болон хөрөөний үнийг төлж барагдуулсан. Эдгээр баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн иргэний хариуцагч Баттулга шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэж мэдүүлж байна. 

Д-ын хувийн байдлын хувьд одоо 64 настай, өндөр настны тэтгэвэрт байдаг. Тэтгэвэрт гарахынхаа өмнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгаль хамгаалагчаар олон жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, үр бүтээлтэй ажиллаж  “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Байгаль орчны тэргүүний ажилтан, Тэргүүний байгаль хамгаалагч зэрэг шагналаар шагнагдаж байсан. Дамжинжав нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Д- нь биеийн эрүүл мэндийн байдлын хувьд сахарын шижин өвчтэй, байнга даралт ихэсдэг бөгөөд энэ нь цагдан хоригдож байх хугацаанд сэдэрч эмчийн байнгын хяналтад байж, эмчилгээ хийлгэдэг байсан. Энэ цагдан хорих байрны эмчийн тодорхойлолтоор нотлогдож байна. 

Шүүгдэгч Х-ийн хувьд 32 настай, ээж нь сэтгэцийн өвчтэй тул ээжийгээ асарч тэтгэдэг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд хамрын идээт үрэвсэлтэй бөгөөд цагдан хоригдож байх хугацаандаа тус газрын эмчээр эмчилгээ хийлгэж байсан. Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ харамсаж явдаг бөгөөд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Залуу хүний хувьд цаашид гэмт хэрэгт холбогдохгүй, амьдралаа сайхан авч явах зорилготой байгаа бөгөөд өөрөө үүнийгээ илэрхийлдэг. 

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, биеийн эрүүл мэнд, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухай хэргийг бүрэн шалгаж, нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө бүрэн төлсөн гэдэг нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял тохирсон, хуулийг буруу хэрэглээгүй байгаа учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д, Х, М-, Э, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д, М, Э, Х нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 36.2 м3 шинэс мод бэлтгэж 6255360 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч М, Э нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согтоот” багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 0.88 м3 шинэс модыг бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.54 м3 шинэс модыг тээвэрлэж нийт 438912 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Д, М, Э, Х, Г нар нь бүлэглэн 16.54 м3 шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

Хохирогч Д.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шалгалт хийхэд “Бэрхийн зоо” гэх газраас их хэмжээний мод бэлтгээд аваад явсан байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.  ...Д нь 85 ширхэг шинэс бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65 хуудас/, 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр дүгээр сарын 24-ний өдөр “Согоот” багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газар ногоон өнгийн “Киа пронтер” маркийн автомашин мод ачаад явж байсан. ...М, Э нар нь Цэнхэрмандал сумын нутгаас 2.54 м3 модыг хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 70 хуудас/, 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Амгаланбаатарын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт /1хх-ийн 123-124 хуудас/,  2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /1хх-ийн 131-132 хуудас/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д, Х, М, Э, Г нарын үйлдсэн гэмт хэргийн талаарх нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, биеийн эрүүл мэнд, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Х, М, Э нарыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, шүүгдэгч Д-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 6 сарын хорих ялыг хасах боломжтой байна.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолын 2, 4 дэх заалтын “2 жил 6 сарын” гэснийг “2 жилийн" гэж өөрчлөн, тус тогтоолын 2, 4 дэх заалтаас шүүгдэгч М, Э, Х нарт холбогдох хэсгийг тус тус  хасч, 3 дахь заалтын “Г-г” гэснийг “М, Э, Х, Г нарыг” гэж, 5 дахь заалтын “Г-гийн” гэснийг “М, Э, Х, Г- нарын” гэж, мөн заалтын “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн” гэснийг “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн болон Хэнтий аймгийн” гэж, 6 дахь заалтын “Г-д” гэснийг “М, Э, Х, - нарт” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М, Э, Х нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                 Б.ДЭНСМАА