Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0208

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.А

Нэхэмжлэгч: О.А

Нэхэмжлэгч: А. А

Хариуцагч: ХУДЗД,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч, А.А, О.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахимаар/, Б.Г /цахимаар/ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгч О.А, А.Аяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: С.А, О.А, А.А бид Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тайны аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтийг ХУДЗДд 2016 онд хүсэлт гаргасан.

Үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2018 оны 10 дугаар сард тус дүүргийн газрын албанаас биднийг дуудаж газар эзэмших эрх олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/288 дугаар захирамж гарсныг мэдэгдээд нэгж талбарын 17081100926 /С.А/, 17081100976 /О.А/, 17081101008 /А.А/ дугаартай тус бүр нь 700 м.кв газар дээр газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, 000722952 /С.А/, 000722948 /О.А/, 000722947 /А.А/ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгосон.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 тоот захирамжаар уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсныг Хан-Уул дүүргийн газрын алба дээр очиж мэдэж аван, ихэд гайхширлаа. Уг захирамжийг хянан үзэхэд дараах хууль тогтоомжийг илт зөрчсөн байна гэж үзэж байна Үүнд:        

1. Нэгж талбарын дугаар бүхий Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тайны аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай 3 иргэний газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд "заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосноор газар эзэмших эрх эдэлж эхэлснээр тооцох ёстой байтал эзэмших эрх олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын.2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/288 тоот захирамж гарсан өдрөөр тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн үндэслэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд байна. Газрын тухай хуулийн 40.1.5 дахь заалт нь нэхэмжлэгч бидэнд хамааралгүй ба нэхэмжлэгч бид гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсан. Мөн хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтыг баримталсан боловч тухайн захирамж гарах үед бид газартаа хашаа барихаар шон  хатгасан байхад 2 жил газраа огт ашиглаагүй гэдэг нь огт үндэслэлгүй. Газар эзэмших гэрчилгээний дагуу эзэмшээд 1 жил 6 сар болж байсан ба одоог хүртэл 2 жил гэж заасан хугацаанд хүрээгүй байгаа билээ.

          3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/288 тоот захирамж гарсан даруй Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн

43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасны дагуу уг шийдвэрээ бидэнд мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй бөгөөд ХУДЗД хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдож байна.

          4. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 тоот захирамжаар уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар биднээс тайлбар авч, саналыг сонсоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах талаарх мэдэгдлийг бидэнд огт өгөөгүй. Бидний сонссон мэдээллээр аль 2019 оны 08 сард энэ хавийн газруудын эзэмших эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагааг иргэдэд мэдэгдсэн гэх боловч бидэнд огт мэдэгдээгүй, үүнээс хойш бүхэл бүтэн 10 сарын дараа тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа захирамж гаргаж байгааг ойлгохгүй байгаа бөгөөд захирамж гарсан талаар зөвхөн А.Ат мэдэгдээд бусдад нь мэдэгдэхгүй байгаа нь илт хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд заасан эрхээ эдлэх, зөрчигдсөн эрхээ төрийн байгууллагаар хамгаалуулах иргэний эрхийг эдлүүлэхгүй, өргөдөл гомдлоо гаргах боломж олгохгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд туйлын гомдолтой байна.

Иймд С.А, О.А, А.А бид тухайн газраа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа бөгөөд энэ 2 Жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой, газрын төлбөрөө бүрэн төлсөн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.А, О.А, А.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.А, О.А, А.А нарын газар эзэмших эрх сэргээхийг хариуцагч ХУДЗДд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч О.А, А.А-ийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А, О.А, А.А нар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тайны ам нэртэй газарт нийтийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтийг ХУДЗДд 2016 онд гаргаж байсан. Үүнээс хойш ямар нэгэн мэдээлэл, шийдэлтэй холбоотой тайлбар байхгүй байж байгаад 2 жилийн дараа буюу 2018 оны 10 дугаар сард тус дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч нарыг ирж уулз гэсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч нар очиж уулзаад 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/488 дугаар захирамж гарсныг мэдэгдээд тухайн өдрөө нэхэмжлэгч нартай гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 тоот захирамжаар уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсныг Хан-Уул дүүргийн Газрын албан дээр очиж тодруулахад Газрын албанаас мэдэгдэх хуудсан дээр нэхэмжлэгч нарт шуудангаар явуулсан баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан боловч А.А гардаж авч бусад нь гардаж аваагүй байдаг.

Маргаан бүхий захирамжийг хянаж үзэхэд дараах хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж байна. Үүнд: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосноор тооцож газар эзэмших эрхийг шилжсэн гэж тооцох ёстой байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/288 тоот захирамж гарсан өдрөөс тооцож байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заасан заалтууд байдаг.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг нэхэмжлэгч нарт хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарт гэрээнд заасныг дагуу газрын төлбөрийг төлж байсан. Энэ нь 2019 оны 9 дүгээр сарын 10, 18-ны өдөр нэхэмжлэгч нар гурвуулаа 2019 оны газрын төлбөрөө төлсөн байдаг. Үүний дараагаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2020 оны эхний улирлын газрын төлбөрийг жилээр нь төлж байсан байдаг. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг барьсан нь үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталсан боловч тухайн захирамж гарахаас 7 хоногийн өмнө нь газар дээрээ хашаа хатгаад байшин барилгынхаа суурийг тавих ажлууд хийгдэж байсан. Гэтэл захирамж гарсны дараа мэдсэн. Тэгээд газар дээрээ барилгын суурь тавих гэж байсан ажлаа түр хойш нь тавьж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох хүртэл хугацаагаар хүлээж байгаа. Газар эзэмших гэрчилгээний дагуу эзэмшээд 1 жил 6 сар болж байсан учраас уг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 2018 оны 10 дугаар сард газар эзэмших гэрчилгээг гардаж авч, гэрээгээ байгуулсан байдаг. Ийм 2 жилийн хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Үүнийг Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Газрын тухай хуулийн зарим нэг заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-д “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг газар эзэмших тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй  г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг.

Дээрх үндэслэл болон Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль бусад хуульд заасан эрхээ эдлэх зөрчигдсөн эрхээ төрийн байгууллагаар хамгаалуулах, иргэний эрхийг эдлүүлэхгүй, удаа дараа боломж олголгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд нэхэмжлэгч нарын зүгээс гомдолтой байгаа. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.А, А.Аийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагатай ижил байгаа учраас гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг цуг гаргасан байгаа учраас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон сая дурдсан шаардлагыг дэмжиж байна” гэв.

          Хариу шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн С.А, О.А, А.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж болно.

          Тус дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/288 дугаар захирамжаар 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайны аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн.

          Нэхэмжлэгч нар тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

          Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг Өдрийн сонины 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 195 дугаарт байршуулсан хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны захирамжаар 15 жилийн хугацаатай 700 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нар нь тус газрыг ахуйн зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй. Мөн газрын төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамж гаргаж газар эзэмших эрхийг татгалзсан шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгох ажиллагааг оролцогчдыг маргаан бүхий газрыг болон нэлээн хэдэн хүний газар эзэмших эрхийг цуцалсан учраас мэдэгдлийг 2019 онд нийтэд мэдээлэх ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгч нар 2018 онд гэрээнд зааснаар тодорхой жил, улирлаар нь төлсөн гэж байгаа боловч манай зүгээс тухайн үед нь төлөөгүй гэж үзэж байгаа. Шүүхийн үзлэгээр газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Б.О итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай ижил байгаа учраас гаргасан тайлбарыг нь дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч С.А, О.А, А.А нар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                                                

Нэхэмжлэгч нар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд энэ хугацаагаар тоолоход хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2020 оны А/261 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч С.А-гийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн[1], О.А-ын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн[2] , А.А-ийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтээр[3] Хан-уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/288 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайнын аманд тус бүр 700 м кв газар эзэмшүүлж, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Гэтэл хариуцагч дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газрын төлбөрийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан маргаан бүхий А/261 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг үндэслэлгүй гарчээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “...дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй;”  гэж хуульчилсан байна.

Харин хариуцагч хуулийн дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасантай нийцээгүй байна.

Учир нь  нэхэмжлэгч нарт дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/288 дугаар захирамжийн холбогдох хэсгээр тус бүр 700 м кв газар эзэмшүүлж 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших гэрчилгээ олгон гэрээ байгуулсан байх бөгөөд эдгээр иргэдийн газар эзэмших эрх, түүнээс үүсэх газрын төлбөр төлөх болон газраа зориулалтын дагуу ашиглах эрх гэрээ байгуулж гэрчилгээ олгосон өдрөөс бодитой хэрэгжиж эхэлсэн гэж үзнэ.

Газар эзэмшигч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүрэг газар эзэмшигчид эрхийн гэрчилгээ олгосон, гэрээ байгуулсан цаг хугацаанаас бодитой хэрэгжих учиртай.

Гэтэл хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг тооцохдоо нэхэмжлэгч нарт анх газар эзэмших эрх олгосон захирамжийн хугацаагаар тооцсон нь буруу байна.

Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан.

Түүнчлэн захирамж гарсан хугацаанаас тооцох нь үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан иргэн С.А[4], иргэн О.А[5], иргэн А.А нартай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний[6] 6.4 дүгээр зүйлийн тайлбарт “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй  г. м/ байхыг ойлгоно гэж зааснаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч иргэнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээндээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тодруулан тайлбарласан атлаа гэрээ байгуулснаас хойш 2 жил болоогүй гэрээнд заасан нөхцөл шаардлага зөрчигдөөгүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэл муутай болсон байна.

Мөн нэхэмжлэгч нар газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэл тогтоогдсонгүй.

Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нартай 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээг улиралд 910 төгрөг, жилд 3640 төгрөг байхаар уг төлбөрийг Улаанбаатар хотын банк (тухайн үеийн нэршлээр) дах 2603007906 тоот дансанд төлүүлэхээр тусгажээ.

Харин нэхэмжлэгч С.А, О.А, А.А нар газрын төлбөр тус бүр 14000 төгрөгийг төлсөн болох нь тус банкны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн харилцагчийн дансны хуулгаар[7] нотлогдсон байна.

Нэхэмжлэгч нар газар эзэмших гэрээнд зааснаар жилд 3640 төгрөг газрын төлбөрт төлөх ёстой гэж үзвэл тус бүр 14000 төгрөгийг гэрээнд заасан дансанд төлсөн нь 2018 оны 10 сараас хойш 4 жилийн хугацааны газрын төлбөрийг төлсөн гэж үзэхээр байна.

Иймд газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийн энэ хэсэг мөн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг түүний дотор нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг цуцлах талаар өдөр тутмын “Өдрийн сонин”-д нийтлүүлж мэдэгдсэн гэх боловч энэ нь эрх нь зөрчигдөж болзошгүй иргэд бүрэн мэдээлэл авч ажиллагаанд оролцох боломжтой эсэхийг судлаагүй, нэхэмжлэгч нарын оршин суух хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боовч хаягтаа байхгүй, эзэнгүй байх зэргээр буцаагдсан байхад тодорхой хугацааны дараа шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгч нарын оролцоог хангах талаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэхээргүй байна.

Ийнхүү дүгнэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын маргаан бүхий А/261 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хууль бус гэх нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шаардлага үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий актын холбогдох хэсгийг хууль бус боохыг тогтоож хүчингүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч С.А, О.А, А.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг хариуцагч ХУДЗД-с гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

 

 

[1] Хавтаст хэргийн 123 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 140 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 158 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 131-134 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн165-168 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 173-178 дугаар хуудас