Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0084

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.А-, А.Гү-, А.Г-

 нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч И.А-, гуравдагч этгээд Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Билгүүнтөгс

Нэхэмжлэгч: И.А-, А.Гү-, А.Г-

Хариуцагч: БЗДГЗБА

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарын газрын бүртгэлийг мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0785 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч А.Гү-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээд Г.Ж-, гуравдагч этгээд Г.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Ж.М-ын өмгөөлөгч Ц.А, С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0122/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0785 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И.А-, А.Гү-, А.Г- нарын нэхэмжлэлтэй, ББЗДГЗБАнд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэгч А.Гү-, А.Г- нарын газрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжийн дагуу мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгаж, үлдэх хэсэг болох нэхэмжлэгч И.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1. Нэхэмжлэгч И.А-ийн давж заалдах гомдлын агуулга:

            2.1.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч А.Гү-, А.Г нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч И.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх болсон үндэслэлээ “... газар нь урд талаараа гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөтэй, хойд талаараа эрчим хүчний хамгаалалтын зурваст хамаарч байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжид заасан хэмжээгээр газрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж дүгнэн хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

            Учир нь одоо байгаа газрын мэдээллийн санд нэхэмжлэгч И.А- миний эзэмшил газар нь эрчим хүчний шугамын хамгаалалтын зурваст орсон байгаа ба нэхэмжлэгч А.Гү-, А.Г- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... эрчим хүчний хамгаалалтын зурвасыг дайруулж газрын мэдээллийн санд бүртгэл хийх үндэслэлгүй” талаар дүгнэсэн хир нь ийнхүү миний газрын мэдээллийн санд хэвээр нь үлдээж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна.

            2.1.2. Тодруулбал Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “Эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, 7.3-т “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна” 29 дүгээр зүйлийн 29.1-т “Эрчим хүчээр хангагч нь энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй”, 29.1.7-т “хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж байх тул цаашид хүчин төгөлдөр дүүргийн Засаг даргын захирамжтай хир нь түүний дагуу газраа хэрхэн хэвийн эзэмших нь тодорхойгүй үлдэж байх бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчимд нийцэхгүй.

            2.1.3. Мөн хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Г.Ж-гийн газар эзэмших болон өмчлөх эрх нь хүчингүй болсон нь тогтоогдож байгаа ба үл хөдлөх хөрөнгө буюу байшинтай залгаж барьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гарааштай давхцахаар байгаа байдлыг шүүхээс ялгаж салгалгүйгээр ийнхүү шийдвэрлэж байгаа нь үл хөдлөх давхцах тул эрчим хүчний шугамын хамгаалалтын шугам руугаа оруулсан хэвээр үлд гэж байгаа мэтээр дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж байх ба нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэх үндэслэлтэй,

            2.1. Газрын давхцал, мэдээллийн сангийн буруу бүртгэлийн талаар бидний зүгээс гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан “... Газрын мэдээллийн санд буруу бүртгэл хийсний тогтоолгож, зөвтгүүлэх талаар”, мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан “... иргэн Г.Ж-д газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар” тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхээс бүхэлд нь хангаж, түүний газар эзэмших болон өмчлөх эрхийг 3 сар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар шийдвэрийг гаргасан ба уг шүүхийн шийдвэрийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дүгээр магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 214 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 68 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

            2.1.5. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжаар газар эзэмших эрхүүдийг сунгаж, түүний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, кадастрын зургийг мэдээллийн санд оруулж өгсөн байсан ба дээрх дүүргийн Засаг даргын захирамжид огт өөрчлөлт ороогүй байхад юуг үндэслэж, газрын албаны зүгээс мэдээллийн санд өөрчлөлт оруулж байгаа тодорхойгүй, хууль зөрчиж байгаа байдал тодорхой нотлогдож байхад анхан шатны шүүхээс ийм ойлгомжгүй шийдвэрийг гаргаж байгаа нь үндэслэлгүй.

            2.1.6. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.4-т “сумын газрын даамал, дүүргийн Газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “ газрын мэдээллийн санг эрхлэх” гэж тус тус заасны дагуу дүүргийн газрын алба нь Засаг даргын захирамжийн дагуу газрын мэдээллийн санг эрхэлж, холбогдох бүртгэлийг хийх эрхтэй бөгөөд үүрэгтэй боловч хариуцагчийн хувьд энэхүү эрх, үүргээ хэтрүүлэн, дүүргийн Засаг даргын захирамж хүчинтэй хэвээр, огт өөрчлөлт ороогүй байхад нэхэмжлэгч нарын газрын мэдээллийн сан дахь бүртгэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, дүүргийн Засаг даргын захирамжийг зөрчиж, эрчим хүчний шугамын хамгаалалтын зурвас руу оруулан мэдээллийн санд бүртгэсэн нь нэхэмжлэгч  иргэлд биднийг хохироож байгаа байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгаа болно.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0785 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч И.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч И.А- миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            2.2. Гуравдагч этгээд Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            2.2.1. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-д 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И.А-, А.Гү-, А.Г- нарын нэхэмжлэлтэй, ББЗДГЗБАнд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэгч А.Гү-, А.Г- нарын газрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжийн дагуу мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгахаар” шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

            2.2.2. Тодруулбал, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар эг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байдаг. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь гуравдагч этгээд Ж.М-ын өмчлөлийн газартай нэхэмжлэгч А.Гү-гийн газар 2.5 м орчим давхцахаар шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

            2.2.3. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 233 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хуралдааны тогтоолын үндэслэх хэсгийн 24-т Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газрыг тодорхой болгон мэдээллийн санд бүртгэсний дараа Г.Ж-д газрын мэдээллийг бүртгэх нь хуульд нийцнэ, мөн 26-д Дээрх захирамжууд түдгэлзсэнээр гуравдагч этгээдийн 700 м.кв газар эзэмших эрх үгүйсгэгдэхгүй гэж заасан байдаг.

            Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл бүрдээгүй. Өөрөөр хэлбэл аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаагүй.

            2.2.4. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаартай захирамжид заагдсан нэхэмжлэгч нарын “Топ сүрвэй” ХХК-иар шинээр үйлдүүлсэн кадастрын зураг нь гуравдагч этгээд Ж.М-ын өмчлөлийн газартай давхцаж, түүний хууль ёсны сонирхлыг зөрчиж үйлдэгдсэн тул уг захирамж нь хуульд нийцээгүй

            Иймээс Баянзүрх дүүргийн газрын алба нь дээрх зургийг өөрчилж, 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн кадастрын зураг, нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүртгэсэн нь үндэслэлтэй бөгөөд уг бүртгэлээр нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн газрын хэлбэр, нэгж талбар нь ямар нэгэн давхцалгүй байгаа.

            2.2.5. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч нарт анх газар эзэмших эрх үүссэн үеийн кадастрын зургийг газрын мэдээллийн санд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд өгсөн байсан. Хариуцагч ББЗДГЗБА нь Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-т зааснаар газрын кадастрыг удирдах, зохион байгуулах, газрын мэдээллийн санг эрхлэх эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцсэн кадастрын зураг, газрын мэдээллийн санг хөтлөн явуулах эрхтэй. Энэ хүрээнд зохих шийдвэрийг хариуцагч Газар зохион байгуулалтын албанаас гаргасныг буруутгаж болохгүй.

            2.2.6. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.13-т Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, мэдээллийн санд бүртгэгдсэн хилтэй тохирч байх ёстой гэж заасан. Гэтэл А/190 дугаар захирамжид орсон Top survey ХХК-иар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дахин шинээр хийлгэсэн кадастрын зураг нь мэдээллийн санд бүртгэсэн зураг болон газар дээрх бодит байдалтай тохирохгүй. Өөрөөр хэлбэл 2007 оны кадастрын зурагтай нийцэж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон.

            2.2.7. Тус газрын маргаантай холбоотойгоор Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолын үндэслэх хэсгийг буруу тайлбарлаж гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж шийдвэр гаргасан байна.

            2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаартай Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрт 2007 оны кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхээр заасан байхад түүнийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Top survey” ХХК-иар дахин шинээр хийлгэсэн өөр кадастрын зураг буюу гуравдагч этгээдийн эрхийг зөрчиж, давхцуулсан кадастрын зургийг газрын мэдээллийн санд бүртгэхээр даалгасан нь үндэслэлгүй юм.

            Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ:

            1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын тухайд маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг зохих ёсоор хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч И.А-, А.Гү-, А.Г- нараас ББЗДГЗБАнд “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарын газрын бүртгэлийг мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаартай захирамжаар И.А-т Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б-24-хх тоот, 1332хххххнэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг, А.Г-д Б-24-ххб тоот, 133290хххх нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг, А.Гү-д Б-24-ххв тоот, 133290хххх нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... А/190 дүгээр захирамжаар өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын зурвасыг гаргаж, байвал зохих газрын хэмжээг авч зургийг засаж, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан. Тус захирамжийн дагуу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийн санд кадастрын зургийг оруулсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сард буцааж зассан, ... анх шүүхийн шийдвэрт заасны дагуу өндөр хүчдэлийн шугамаас хамгаалалтын зурвасыг чөлөөлсөн зургийг мэдээллийн санд оруулсан байхад өөрчилсөн нь Газрын тухай хуулийг зөрчиж байна” гэж тайлбарлан маргаж байна.

Хариуцагч “... газрын хувийн хэрэг дэх “Топ сүрвэй” ХХК-ийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн кадастрын зургийг бүртгэхийг даалгасан байхад дүүргийн Засаг даргын 2021 оны А/190 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа “Топ сүрвэй” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийлгэсэн кадастрын зургийг бүртгэсэн зөрчил гарсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2007 оны 207 дугаар захирамжийн хувийн хэрэг дэх газрын кадастрын зургийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Газрын мэдээллийн санд бүртгэх ажлыг хийсэн байна” гэж,

Гуравдагч этгээд Г.Ж- “... 2007 оны кадастрын зургаар 4 нэжг талбарыг газрын кадастрын цахим системд бүртгэхдээ И.А-ийн газрыг миний газар хашаатай 5 м орчим, А.Гү-гийн газрыг 2.5 м орчим давхцуулсан байдлаар кадастрын зургийг мэдээллийн санд оруулсан, ... А/190 дугаар захирамжийн кадастрын зураг нь 2007 оны кадастрын зургаас хэлбэр, хэмжээ, байршил зөрүүтэй байгаа нь эргэлтийн цэгүүдийг өөрчилж мэдээллийн санд бүртгэсэн” гэж,

Гуравдагч этгээд Ж.М- “... миний өмчилсөн газрын кадастрын зурагтай нэхэмжлэгч И.А-ийн газар 5 м орчим, А.Гү-гийн газар 2.5 м орчим давхардахаар байгаа нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд зогсохгүй энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм” гэж тус тус тайлбарлан маргажээ.

5. Иргэн А.М-, И.А-, А.Гү- нараас өмнө нь буюу  2016 онд  Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 364 дүгээр захирамжийн дагуу 18659311070971 дугаартай 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагч 4 метр шилжсэн бүртгэл хийхийг даалгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжийн дагуу А.Г-, А.Гү-, И.А-, А.М- нарын нэр дээр тус бүр 700 м.кв газрыг эзэмшдэг болохыг мэдээллийн санд бүртгэхийг даалгуулах, А.М- нь уг бүртгэгдсэн зураг бүхий эзэмшлийн 700 м.кв хэмжээтэй газраа Г.Ж-д шилжүүлснийг газрын мэдээллийн санд бүртгэхийг тус тус Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 ооны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар шийдвэрээр “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар И.А-, А.Гү-, А.М- нарт эзэмшүүлсэн нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

6. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн дээрх 2018 оны 68 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх боловч Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж заасны дагуу дүүргийн газрын алба нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх эрх хэмжээтэй байхаар хуульчилжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Гү-, А.Г- нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь,

8.1. Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч нарын хашаалсан газар нь “Топ сүрвэй” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн кадастрын зургаас илүү хэмжээтэй байх тул эрчим хүчний хамгаалалтын зурвасыг чөлөөлж, дахин эрх бүхий хуулийн этгээдээр кадастрын зураг хийлгэн дүүргийн Засаг даргын захирамжид заасан хэмжээгээр газар мэдээллийн санд бүртгэл хийлгэх боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

8.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай” 364 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын хэмжээг тогтоож, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Өндөр хүчдэлийн ашиглалт, засварын төвийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30/198, 30/199 дүгээр албан бичгүүдээр “Баянзүрх дүүрэг, 33 дугаар хороо, Б 24 дүгээр гудамж гудамж, 17 тоот оршин суугч иргэн И овогтой А, А овогтой Г нарын эзэмшил газрын кадастр 35 кВ-ын Гачуурт цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур №173-174 хооронд хамгаалалтын зурваст орсон байна” гэж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Кабелийн ашиглалт, засварын  төвийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35/46, 35/47 дугаар албан бичгүүдээр “... А.Г-, И.А-ийн эзэмшил газрын кадастр нь Төв фидер тулгуур №134-КТПН-6618 дэд өртөөний 1 ширхэг 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурваст орсон ...” гэх эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч И.А-, А.Г- нарын эзэмшлийн газрын ар хэсэг талаар Гачуурт цахилгааны дамжуулах агаарын шугам, кабель шугамын хамгаалалтын зурвастай давхцалтай болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нараас тус үйл баримттай маргаагүй байна.

8.3. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолоор “... Маргаан бүхий газартай хил залгаа 35 кв хүчин чадалтай, “Гацуурт” цахилгаан дамжуулах агаарын шугам байгаа, ... захиргааны байгууллага “өндөр хүчдэлийн шугамаас шалтгаалан нэхэмжлэгч нарын эзэмшил газрын байршлыг урагш шилжүүлсэн” үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нараас шаардсан газрын байршил урагш шилжүүлэх” шаардлагыг мөн адил гуравдагч этгээдээс шаардах нь хүн бүр хуулийн өмнө адил тэгш байх зарчимд нийцнэ ...” гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтыг дахин нотлохгүй.

8.4. Мөн гуравдагч этгээд Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ “... нэхэмжлэгч нарын “Топ сүрвэй” ХХК-иар шинээр үйлдүүлсэн кадастрын зураг нь гуравдагч этгээд Ж.М-ын өмчлөлийн газартай давхцаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж үйлдэгдсэн” гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаарх холбогдох баримт нотолгоог заагаагүй, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолоор “... гуравдагч этгээдийн 700 мкв газар эзэмших эрх үгүйсгэгдэхгүй, харин зөвхөн газрын байршил өөрчлөгдөх үр дагавар үүсгэх ба захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг тодруулах хүрээнд “газар дээрх бодит цэг, байршил болон мэдээллийн сангийн бүртгэлийн зөрүүг арилгах, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын хил хязгаарыг хуульд нийцүүлэн газар дээрх нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг шинээр үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч А.Гү-, А.Г- нарын нэхэмжлэлийг хангаж, А/190 дугаар захирамжид заасан хэмжээгээр газрын мэдээллийн санд бүртгэл хийлгүүлэхээр шүүх шийдвэрлэсний улмаас гуравдагч этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар тодорхойлоогүй байх тул гуравдагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч И.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна гэж үзлээ.

Учир нь,

9.1. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолуудаас үзэхэд нэхэмжлэгч И.А-ийн газар эзэмших эрх 2007 онд үүссэнээс хойш хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан газар дээрх бодит цэг байршил болон мэдээллийн сангийн бүртгэл нь зөрүүтэй бүртгэгдсэн, мөн гуравдагч этгээд нь өөрийн эзэмших эрх бүхий 700 м.кв талбайгаас илүү газар буюу 870 м.кв газрыг хашаалан үл хөдлөх эд хөрөнгө барьсан нь нэхэмжлэгч И.А-ийн эзэмшлийн газартай давхацсан, эдгээр нөхцөл байдлыг залруулж газрыг газрын мэдээллийн санд бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байна.

9.2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/1009 дүгээр албан бичгээр ирүүлсэн кадастрын болон агаарын сансрын зургаас үзэхэд нэхэмжлэгч И.А-ийн 1332хххххнэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар нь гуравдагч этгээд Ж.М-ын гараашийн барилгын дундуур дайрсан байдлаар үйлдэгдсэн, нэхэмжлэгч нарын эзэмшил газрын ар талын цахилгааны дамжуулах агаарын шугамын тулгуур, кабель шугамын хамгаалалтын зурвастай давхцалтай гэх уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч И.А-ийн кадастрын зургийг гуравдагч этгээдийн гараашийн ар талд тулгасан хэлбэрээр үйлдэж, мэдээллийн санд бүртгэхэд  татгалзах зүйлгүй гэж тайлбарласан байна.

9.3. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар гуравдагч этгээд Г.Ж-гийн хууль ёсоор 700 м.кв газар эзэмших эрхтэй ч бодит байдалд 870 м.кв газар эзэмшиж байгааг, газар хэтрүүлэн эзэмшсэн шалтгаан тодорхой бус боловч мөн түүний эзэмшлийн газар нэхэмжлэгч И.А-ийн бодитоор эзэмшиж байгаа газартай 213 м.кв, А.Гү-гийн газартай 22 м.кв хэмжээгээр тус давхцал үүсгэхээр бүртгэгдсэн болохыг тогтоосон үйл баримтууд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар хуулийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон, уг үйл баримт тус хэргийг шийдвэрлэхэд холбоо хамааралтай ч дахин нотлох шаардлагагүй юм.

9.4. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

9.5. Дээр дурдсан Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолд “... “нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газрын байршлыг тодорхой болгон мэдээллийн санд бүртгэсний дараа Г.Ж-д шилжүүлсэн газрын мэдээллийг бүртгэх нь хуульд нийцэх, ... газар дээрх бодит цэг байршил болон мэдээллийн сангийн бүртгэлийн зөрүүг арилгах, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын хил хязгаарыг хуульд нийцүүлэн газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг шинээр үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ...” гэж шүүхийн шийдвэр биелүүлэх арга замыг тодорхойлон заасан байна.

9.6. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/190 дүгээр захирамжийн дагуу өөрсдийн эзэмшил газрын кадастрын зургийг “Топ сүрвэй” ХХК-аар үйлдүүлсэн байх боловч хариуцагчаас “... газрын хувийн хэрэг дэх “Топ сүрвэй” ХХК-ийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн кадастрын зургийг бүртгэхийг даалгасан байхад дүүргийн Засаг даргын 2021 оны А/190 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа “Топ сүрвэй” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийлгэсэн кадастрын зургийг бүртгэсэн зөрчил гарсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газрын кадастрын зургийг бүртгэхгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус.

9.7. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч И.А-ийн газар нь урд талаараа гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөтэй, хойд талаараа эрчим хүчний хамгаалалтын зурваст хамаарч байх тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжид заасан хэмжээгээр газрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй” гэж дүгнэж, нэхэмжлэгч Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болоогүй байна.

9.8. Хэрэг авагдсан Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/1009 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зурагт  нэхэмжлэгч И.А-ийн газрын кадастрын зураг гуравдагч этгээдийн гараашийн барилгын дундуур дайрсан байдлаар үйлдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “гуравдагч этгээдийн гараашийн барилгын ар талд тулгасан хэлбэрээр зургийг үйлдэж улмаар бүртгэлд оруулахад татгалзахгүй” гэж тайлбарласан, нэгэнт гуравдагч этгээдэд хууль ёсоор эзэмших эрх бүхий 700 м.кв газраас илүү буюу 870 м.кв газар эзэмшиж байгаа болох нь дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэгдсэн, гуравдагч этгээдийн газрын урд талаар нийтийн эзэмшлийн зам байгаатай хэргийн оролцогчид маргаагүй, уг газарт бусад этгээд газар эзэмших эрхтэй болон газар эзэмшихээр хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар тодруулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч И.А-ийн газрын кадастрын зургийг гуравдагч этгээдийн гараашийн барилгын ар талд тулгасан хэлбэрээр үйлдэж, мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч А.Г-, А.Гү- нараас ББЗДГЗБАнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “... нэхэмжлэгч нарын хашаалсан газар нь “Топ сүрвэй” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн кадастрын зургаас илүү хэмжээтэй байх тул эрчим хүчний хамгаалалтын зурвасыг чөлөөлж, дахин эрх бүхий хуулийн этгээдээр кадастрын зураг хийлгэн дүүргийн Засаг даргын захирамжид заасан хэмжээгээр газрын мэдээллийн санд бүртгэл хийлгэх боломжтой” гэж дүгнэж А.Г-, А.Гү- нарын газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгасан нь үндэслэл бүхий болоогүй, зөрчилтэй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

11. Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.А-ийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 785 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан “нэхэмжлэгч А.Гү-, А.Г- нарын газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжийн дагуу мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч И.А-ийн газрын кадастрын зургийг гуравдагч этгээдийн гараашийн барилгын ар талд тулгасан хэлбэрээр үйлдэж, мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, гуравдагч этгээд Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

        ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ