Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2477

 

 

 

 

 

 

 

 

 

П.Хын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч УБТЗ ХННд холбогдох  

 

Ажилгүй байсан хугацааны цалин 15 132 840 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Отгонбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Баясгалан, А.Цэндзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улаанбаатар төмөр замын даргын орон тооны зөвлөх буюу хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Гэвч уг орон тоог хассан гэж Улаанбаатар төмөр замын дарга 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №Б-1-208 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарган намайг ажлаас халсан. Миний бие уг тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №102/1111112016/05685 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №114 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №001/ХТ2017/00214 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны цалингаа авах гэж удаа дараа очиж уулзан, өргөдөл гаргасан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь шийдэж өгөхгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 9 сар 15 хоногийн цалин 15 132 840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын хугацаа дууссан гэж байгаа боловч аль хугацааг хөөн хэлэлцэх хугацаа дууссан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа ажилд нь эргүүлэн тогтоохгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хэрнээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж цалинг нь өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа цалингаа нэхэмжлээгүй. Учир нь нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа тэтгэмж гэж өгсөн байсан. Энэ тэтгэмжийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний хүртэл хугацааны цалинд тооцоод цалин нэхэмжлээгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Хариуцагчийн зүгээс шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдах болон дээд шүүхэд гомдол гаргасан. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 23-нд тогтоол гарч шүүхийн ажиллагаа дууссан. Дээд шүүхийн шийдвэрийг ямар ч байгууллага биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш хариуцагч талтай уулзаж, шуудангаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч холбогдож байсан ч хариуцагч тал нь тодорхой шийдвэр гаргаагүй байгаа. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь ажилтны цалин бус, албан тушаалтны буруугаас ажилтан ажилгүй байсан хугацааны олговор байгаа. Ажил олгогчийн зүгээс дээрх буруутай үйл ажиллагаагаа засаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа. Хариуцагч тал ажилд аваагүй байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа нь эхлээгүй байгаа. Иймд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 9 сар 15 хоногийн дундаж цалинтай тэнцэх олговор 15 132 840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч УБТЗ ХННын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн П.Х нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 12 000 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. П.Хын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. Үүнд: П.Х нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлээгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. УБТЗ ХНН нь 2016 оны 09 дүгээр сарын 14-нд П.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан боловч тэрээр 2017 оны 06 дугаар сарын 30 -ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд П.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан УБТЗ ХННаас 15 105 961 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 879 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч УБТЗ ХННд нэхэмжлэгч П.Хын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 150 төгрөгөөс 233 614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 535 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч УБТЗ ХННаас 233 480 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагатай нийцэхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт хавсаргах нотлох баримт байхгүй байхад шүүхийн мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр, хууль бус бүрэлдэхүүнээр шүүх хуралдааныг хийж, хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг илтэд хохироосон бодит байдлаас зөрчилтэй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн вэб сайтны шүүх хуралдааны зар дээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Даваа гаригт 09:00 цагт товлон зарласан. Гэтэл шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт зарлаж, хариуцагчийг дээрх шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг зарласнаасаа өөр цаг хугацаанд хийсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар П.Хын цалингийн тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл П.Хын цалингийн тодорхойлолтыг хэрэгт хавсаргаагүй байхад шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх”, 40.2 дахь хэсэгт “Тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Шүүх өөрийн гаргасан захирамжийн биелэлтийг хангаагүй орхигдуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Шүүгч дор дурдсан хуулийн дараах зүйл, хэсэг, заалтанд заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдэрлэнэ: 82.1.1-д Иргэний хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4,8.1.6-8.1.8 дахь заалт заасан хэрэг маргаан гэж заасан. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр гэж заасны дагуу шүүх дээрх хэргийг дангаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. П.Хын гаргасан нэхэмжлэл нь 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх маргааны төрөлд хамаарна. Шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

       Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч УБТЗ ХННд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 15 132 840 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

УБТЗ ХННын даргын орон тооны зөвлөх П.Хыг тус байгууллагын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 7-15/

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 9 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 15 105 961 төгрөгийг хариуцагч УБТЗ ХННаас гаргуулан нэхэмжлэгч П.Хт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч П.Хыг ажилд нь эгүүлэн томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилж байгаа гэж үзнэ. Иймээс уг эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа тул зөрчлийг дууссан үеэс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хэргийн 45 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа нарт 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааны товыг шүүхээс өөрөө лавлах үүрэгтэй. Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан “нэхэмжлэгчийн ажилласан цагийн байдал болон дундаж цалин хөлсийг тооцсон тухай” баримтыг шүүхэд гаргаж өгөх талаарх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч тал нь уг баримтыг өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй этгээд байх тул шүүхийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй байх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх учиртай байтал дангаар шийдвэрлэсэн нь буруу гэсэн үндэслэл заажээ. Ажилгүй байсан хугацааны олговор олгохтой холбоотой зөрчил үргэлжилж байгаа учраас энэ асуудлаар гаргасан хөдөлмөрийн гэрээний маргаан байх тул шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч УБТЗ ХНН давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН