Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/819

 

 

 

2022            06                28                                   2022/ШЦТ/819

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

улсын яллагч Д.Ширэндэв /томилолтоор/,  

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайнбуянд холбогдох эрүүгийн 2208000001050 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмч ажилтай гэх, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С, /РД: /

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Б.Сн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт “А” караокены орчимд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Бй маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт өшиглөж түүний биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Сайнбуян нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Андууд” караокены орчимд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Бат-Оршихыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :               

- хохирогч Г.Бат-Оршихын:...2022.05.07-ны өдөр ажил тараад, найзындаа 1 шил архи ууж улмаар “Наран” нэртэй паб-д Сайнаа гэх хамт ажил хийсэн найзтайгаа 1 шил Соёрхол нэртэй 0.500 граммын архи уусан. Ууж дуусчихаад хамтдаа караокед оръё гээд дүүргийн буудал руу алхаж ирсэн. Алхаж ирээд СХД-н 5 дугаар хороо Дүүргийн буудлын ард байх “Анд”-ууд нэртэй караокед орж нэг шил Соёрхол нэртэй 0.5 гр архийг Сайнаатай мөн хувааж уусан. Тэгээд караокеноос гараад Сайнаа нь хамтдаа манай гэрт очъё гэхээр нь би үгүй гэж хэлээд гэртээ харилаа гэхэд маргаан үүссэн ба би хамт явахгүй ядаргаатай юм бэ гэхэд намайг заамдаж аваад миний зүүн нүд рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд салаад миний бие ганцаараа алхаад СХД-н 27 дугаар хороо “Сод Монгол” ШТС-н хойно алхаж байтал хойноос Сайнаа ирээд хамт таксинд суугаад явъя гээд барьж аваад хамтдаа зууралдаад газарт унасан. Тэгээд салаад Сайнаа түрүүлж боссон ба би гараа тулаад босож иртэл миний зүүн талын эгэм рүү 1 удаа өшиглөсөн...Миний бие зүүн эгэм маань хугарсан учир одоогоор ажил хийх ямар ч боломжгүй байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 9 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт: “... Г.Бат-Оршихын биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- шүүгдэгч Б.Сайнбуянгийн:...Тухайн өдөр танил Бат-оршихтой таарч, Андууд караокед 1 шил архи хувааж уусан, тэндээс гарч явья гэх шалтгаанаар бид 2 маргалдсан бөгөөд би эхлээд Бат-оршихын нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон. Би такси бариад харья гэсэн боловч явахгүй байсан ба улмаар “Сод Монгол” колонкийн ард хэсгийн гудамжинд ахин маргалдаж ноцолдож газарт унасан санагдаж байна...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсонд тооцов.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.      

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн

эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

Тус хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ба хохирогч нарын согтуурсан байдал мөн тэдний хооронд үүсэн үл ойлголцол нөлөөлсөн байгааг үгүйсгэх боломжгүй болно.    

Иймд шүүгдэгч Б.Сайнбуянг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.      

 

3. Хохирол, хор уршиг :            

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх ба эмчилгээ болон бусад зардалд 450.000 төгрөг+900.000 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх /хх-3, 30, 63-64, 66, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх нотлох баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, “Жижиг зээрд” мал эмнэлгийн эмч ажилтай, хувьдаа хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-31, 34-63, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнбуянд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Сайнбуянг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнбуянг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнбуянд оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнбуянд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэргт хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.Сайнбуянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР