Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/911

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

улсын яллагч Т.Төмөртулга,  

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.О холбогдох эрүүгийн 2108014311033 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянтурууны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.О

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Ц.О 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн авто зогсоол дээр иргэн Г.Батболдыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ц.О 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн авто зогсоол дээр иргэн Г.Батболдыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :               

- 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/,

- хохирогч Г.Батболдын “...Миний бие 2022.04.15-ны өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 00-33 УНР улсын дугаартай хар өнгийн тоёота приус загварын тээврийн хэрэгслээ байршуулсан байсан. Тэгээд 09 цагийн орчимд би өөрийн ажлын байр буюу хяналтын цэг дотор өөрөө суугаад тээврийн хэрэгслээ асаалттай үлдээгээд дотор нь утсаа цэнэглээд тавьчихсан байтал миний тээврийн хэрэгслийн хажуу талд мөнгөлөг саарал өнгийн приус загварын тээврийн хэрэгсэл шахаад зогсож байсан ба тухайн үед нэг үл таних залуу тус машины жолоочийн эсрэг талын хойд талын хаалгаар суух гэж байгаад миний машины жолооч талын толийг хүчээр эвхэж байгаад ороод суучихсан. Тэгээд би тухайн залууд очоод яагаад ингээд машины толь хүчээр эвхчтихэв, араа шүд нь хугарчихаар мөнгөөрөө засуулна шүү дээ гэсэн чинь тухайн залуу чи яасан сүртэй гөлөг бэ гээд түүнээс болж харилцан маргалдаж бууж ирээд барьцалдаад байх хугацаандаа хамт байсан нэг залуу салгах гээд надтай зууралдаж байхад тэр залуу салах гэж байхдаа миний зүүн нүд хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 18 дүгээр хуудас/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/,

- шинжээчийн дүгнэлт: Г.Батболдын биед зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

- шүүгдэгч Ц.Отгонбаатарын...2022.04.15-ны өдөр хуурай дүү Д.Батболдын тээврийн хэрэгсэлд өглөө 9 цагийн орчимд суухдаа хажуу талд байсан хар өнгийн приус машины жолооч талын толийг хаалганд цохигдох гээд байхаар нь эвхэгддэг тал руу гараараа эвхэж байгаад машины хаалгыг нээж суусан. Гэтэл “авто тээврийн үндэсний төв” гэсэн бичигтэй хувцас өмссөн залуу ирээд машины шилний араа соёо нь хугарчихна шүү дээ писданууд минь гээд  хэрүүл маргаан үүсгэсэн. Бид хоёр маргалдаж барьцалдаж байхад Даваа ах болон Батболд нар ирээд бид нарыг салгасан. Би тухайн үед барьцалдаж, зууралдаж байхдаа нэг удаа цохисон байж магадгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсонд тооцов.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.      

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн

эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

Тус хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ба хохирогч нарын хооронд үүсэн үл ойлголцол, таарамжгүй харилцаа нөлөөлсөн байгааг үгүйсгэх боломжгүй болно.    

Иймд шүүгдэгч Ц.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.       

 

3. Хохирол, хор уршиг :           

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 130.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч төлж барагдуулсан байх /хх-11,18, 72, 121, 123, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх нотлох баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, түүний хөрөнгө болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-73, 75-81, 82-107, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.       

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.      

 

  1. Бусад асуудал 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ц.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Ц.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР