| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0270/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/959 |
| Огноо | 2022-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Р.Очирсүрэн,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.О-т холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** дугаар хэсэг Төмөр замчдын ** дүгээр гудамжны ** тоотод байнга оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овгийн Одсүрэнгийн О.О/РД: ********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч О.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод өөрийн оршин суух гэртээ эхнэр Р.М-ыг “хаалга тайлж өгсөнгүй, удлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, үснээс зулгааж чирч, зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд, зүүн доод зовхи, зүүн нүдний алимны талст, цээж, баруун бугалга, мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч О.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод өөрийн оршин суух гэртээ эхнэр Р.М-ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан гэх тэмдэглэл /хх-02/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-01/,
- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан саарал өнгийн өнгийн хаалгатай 4 давхар шар байр...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-05/,
- хохирогч Р.М-ын...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчим манай нагац эгч Г, манай нөхөр О.О бид гурав 2.5 литрийн Боргио нэртэй пиво 2 савыг хувааж уусан. Тэгээд манай нөхөр О.О бид хоёр Г эгчийг гэрт нь хүргэж өгөөд тэдний гэрт бид гурав дахиад 2,5 литрийн боргио пиво хувааж ууцгаасан. Г эгчийн гэр нь манай гэртээ ойрхон байдаг юм. Тэгээд би 02 цаг 40 минутын үед гэртээ ирээд унтаж байтал хаалга цохиод байхаар нь нээтэл манай нөхөр О.О гаднаас орж ирээд намайг загнаад “чи дахиж битгий архи уугаарай, архи уух их дуртай болоод байна шүү” гэж хэлэхээр нь би “чи өөрөө архи уугаад айлд согтож хоцорчихоод юу гээд байгаа юм бэ” гээд бид хоёр хоорондоо хэрэлдээд би нөхөр О.Одбаярыг цохих гээд дайртал манай нөхөр О.О миний зүүн нүд хэсэгт нь 2 удаа гараараа алагдан, түлхэж унагаан миний үснээс зулгаасан. Тухайн үед О.О-ыг миний нүүр лүү цохисны дараа миний хамраас цус гарсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-10, 13-14/,
- гэрч С.Г-гийн ...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** хороо ** дүгээр байрны ** тоотод нагац дүү Р.М-ын гэрт нь хувцас угаах гэж очоод гэрт нь 2.5 литрийн савлагаатай пиво нагац дүү Р.М болон түүний нөхөр О.О нарын хамт хувааж ууцгаасан. Тэгээд пиво ууж байх хооронд хувцсаа угааж дуусгачхаад гэр лүүгээ харилаа гэж хэлэхэд манай нагац дүү Р.М нөхөртэйгөө намайг хүргээд өгье гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Чулуутын *** тоотод байрлах гэртээ хүргүүлсэн. Тэгээд манай гэрт хамт ороод бид 3 дахин нэг савтай пиво хувааж ууж байхад нөхөр нь түрүүлээд согтоод байна гээд манай гэрт унтчихсан. Тэгээд эхнэр нь нөхрийгөө гэр лүүгээ харья гэж хэлэхэд нөхөр нь сэрэхгүй унтаад байсан. Тэгээд манай нагац дүү Р.М нөхрийгөө манай гэрт үлдээчихээд ганцаараа явчихсан...О.О шөнө сэрээд харилаа эгчээ гээд гэрээс гараад явсан...Маргааш нь Р.М надтай утсаар яриад шөнө О.О гэртээ ирээд надад гар хүрэхээр нь би цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлчихсэн гэж хэлсэн түүнээс хаана нь яаж цохисон талаар надад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-20/,
- гэрч Б.Э-ын...Би Сонгинохайрхан дүүргийн ** хороо ** байрны ** тоотод амьдардаг. Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө гэртээ унтаж байтал гэнэт хаалга хүчтэй цохих чимээ гараад байхаар нь гэрээсээ гараад доош 7 давхарт гартал хаалга цохиод зогсоод байхаар нь би очоод та яагаад олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл миний өмнөөс хэрүүл хийгээд байхаар нь би гэртээ орсон, ойролцоогоор 5-10 минутын дараа хүүхэд уйлах чимээ гарахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-23/,
- шинжээчийн дүгнэлт... Р.М-ын биед баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд, зүүн доод зовхи, зүүн нүдний алимны салст, цээж, баруун бугалга, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-25-26/,
- шинжээчийн...Баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-32/,
- гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-61-67/, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-68-69/,
- шүүгдэгч О.О-ын...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн ** хороо ** тоотод байрлах гэртээ эхнэрийн хамт ирсэн. Бид хоёрыг гэрт ирэхэд эхнэрийн эгч Г манай гэрт байсан. Тэгээд манай гэрт хоол цай хийж идчихээд 2,5 литрийн пиво 2-г 3-уулаа хувааж уусан. Үүний дараа эхнэр бид хоёр Г эгчийг гэрт нь алхаад хүргэж өгсөн...Г эгчийн гэрт 2,5 литрийн пиво 1-г уусан. Тэгээд би ядраад байсан учраас унтах гээд хэвтсэн. Тэгтэл манай эхнэр явлаа гэж хэлэхээр нь би жаахан сэргэчихээд араас чинь яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би унтаж байгаад сэрэхэд шөнө 2 цаг болж байсан. Би алхаад гэртээ ирээд хаалга цохиход эхнэр хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгтэл дээд давхраас нэг залуу бууж ирээд хаалга яагаад нүдээд байгаа юм бэ гэхээр нь би гэр лүүгээ орох гэж байна, түлхүүр байхгүй байна гэж хэлэхэд тухайн залуу буцаад дээшээ явчихсан. Тэгээд би эхнэрийг сонсохгүй байгаа юм байх гэж бодоод хаалга дахин хэд хэдэн удаа хүчтэй цохиход манай эхнэр Р.М хаалга онгойлгосон. Тэгтэл урдаас яасан чанга цохидог юм бэ гэхээр нь хурдан онгойлгоход яадаг юм бэ гэж хэлсэн. Бид хоёрт өр зээлийн асуудал байсан. Тэгэхээр нь би энэ байрыг Англид 5 жил ажиллаад ирээд авсан байр шүү гэж хэлээд бид хоёр байрны асуудлаас болоод маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад би гараараа зүүн нүдэн тус газар нь гараа атгаж байгаад саваад цохисон. Тэгтэл урдаас эхнэр дайраад байхаар нь түлхэхэд газарт унасан. Тэгээд босож ирээд урдаас хэрүүл хийгээд байхаар нь зүүн гараараа нүүр хэсэг рүү анх цохисон шиг саваад цохисон. Тэгтэл манай эхнэрийн хамраас цус гарсан. Тэгээд байж байтал цагдаа нар ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-42-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, мэдүүлгийн болон бусад баримтын эх сурвалжид эргэлзээ, зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан,
2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн “нөхрөө анх цохих гэж дайрсан, маргаан өрнүүлсэн” зэрэг зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын баримт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн /хх-14, 78/, шүүгдэгч эхнэрээсээ уучлал гуйсан, бариа заслын эмчилгээ хийлгүүлсэн тухай мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, хувьдаа хөрөнгөтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-42-43, 44, 47-52, 53-60, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.О-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.О-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР