| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/02034/И |
| Дугаар | 1990 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 1990
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То вангийн гудамж, Саарал 10 дугаар байрны 32 тоотод оршин суух Боржигон овогт Должинсүрэнгийн Сувд-Эрдэнэ /РД:УХ89011184/-ийн У.Мягмаржавыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Сувд-Эрдэнэ би охин С.Хулангийн төрсөн эцэг болох Удаанжаргалын Мягмаржаваас хүүхдийн тэтгэмж гаргуулахаар шүүхэд хандсан ба У.Мягмаржав нь оршин сууж байсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхон 11-19 тоот хаягаас шилжинэ хэмээн хасалт хийлгэсэн боловч шинээр ямар ч хаяган дээр бүртгүүлээгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул хариуцагч У.Мягмаржавыг эрэн сурвалжилж егнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сувд-Эрдэнэ нь У.Мягмаржавыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь У.Мягмаржав нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
У.Мягмаржавын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
У.Мягмаржавыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Сувд-Эрдэнийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Д.Сувд-Эрдэнэ нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хатантуул овогт Удаанжаргалын Мягмаржав /РД:ШД83060713/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар У.Мягмаржавыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
4. У.Мягмаржав нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-19 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР