| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0461/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1208 |
| Огноо | 2022-09-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1208
2022 9 28 2022/ШЦТ/1208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Иргэдийн төлөөлөгч Т.Д,
Шинжээч Б.А /онлайн/,
гэрч Н.Н, түүний өмгөөлөгч Б.А /онлайн/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Чр,
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч М.Одбаяр, Т.Дэлгэрбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Д.Төд холбогдох 220 800 0000 655 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг эхийн хамт Өвөрхангай аймгийн багийн Ц гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Д.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т,нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин хотхоны 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух Н.Нийн гэрт 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө иргэн Б.Мтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, хүнийг санаатай алсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.Т,нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө иргэн Б.Мын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 77 дугаар гудамжны 5 тоотод оршин суух Н.Найдандоржийн гэрт өөр хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Мөнх-Очирын толгойн тус газарт архины шилээр цохисноос түүний зүүн чамархайн хэсгээс цус тогтохгүйгээр гоожиж байгааг мэдэж байсан атлаа тус гэмтэлтэй болон бага бус хэмжээний согтуурлын байдалтай Б.Мыг тухайн хаврын улирлын шөнийн цагт өөрөөс нь айж зугтаалгахад хүргэснээр Б.Мөнх-Очир ерөнхий цус багадалтад орж улмаар осголт түргэн явагдаж, нас барсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00 тоотын хажууд хүнд зодуулсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байгаа тухай /хавтаст хэргийн 1 дэх тал/,
- шуурхай удирдлага тасаг дуудлага лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 2-4 дэх тал/,
- “хүн хэвтэж байсан” гэх газар буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-9 дахь тал/,
- зодоон болсон гэх газар буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 10-21 дэх тал/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 22-29 дэх тал/,
- шинжээчийн цогцост үзлэг хийсэн 1059 дугаартай дүгнэлт:...Талийгаачид зүүн чамархай хуйханд шарх, зулайн хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, ооч, баруун бугалга, зүүн шуу, цээж, баруун мөр, баруун тохой, баруун шуу, сарвуунд цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хацар, эрүү, хүзүү баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, нуруу, ахар сүүл, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нам хэвийн үйлчлэлээр осгож нас баржээ. Осгож нас барахад цус багадалт нөлөөлсөн байна. Талийгаач нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 07 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 1-3 цаг орчим болсон байна. Талийгаачийн ходоодонд бүрэн боловсорсон шингэн агууламжтай байна. Талийгаачийн цусанд 2.4 промилл, ходоодны шингэнд 2.7 промилл, спиртийн зүйл илэрсэн. Цусан дахь 2.4 промилл, спиртийн зүйлийн илрэл нь дунд зэргийн согтолтод хамаарна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй /2 дахь хавтаст хэргийн 51-56, 85-90/,
- шинжээчийн 450 дугаартай дүгнэлт : 1. Талийгаач Б.Мын зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зүүн чихний дэлбээ, их бие, мөчдөөр зулгаралтууд үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүдээс зүүн чамархайн хуйхны шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний дэлбээ, их бие мөчдийн зулгаралтууд тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд болно. 4. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй. 5. Талийгаач Б.Мөнх-Очир нь нам хэвийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ. 6. 2022.04.02-ны 11.07 цагийн байдлаар талийгаач нь нас бараад 1-3 цаг болсон байжээ. 7. Б.Мөнх-Очирын биед учирсан зүүн чамархайн хуйхны шархнаас цус алдсан нь ерөнхий цус багадалт үүсгэж осголт түргэн явагдах нөхцөл болжээ. 8. Талийгаач Б.Мөнх-Очир нас барах үедээ дунд зэргийн согтолттой, архи ихээр хэрэглэснээс ухамсарт ухаангүй болж хуйхны шархнаасаа цус алдаж цус багадалтад орон амархан осгох нөхцөл болжээ. 9. Шинжээч эмчийн 1059 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна /2 дахь хавтаст хэргийн 78-80 дахь тал/,
- шинжээчийн мэдүүлэг :...Амь хохирогч хэр хэмжээний цус алдсанг мэдэх боломжгүй, хэргийн газарт асагарсан байгаа цусыг бол хэмжих боломжгүй, цус алдсан байгаа нь шоконд орох хэмжээний биш байсан. Гэхдээ архи уусан согтолттой байх нь цусны бүлэгнэл алдагдуулж, цус шингэрдэг тул цус алдалт үргэлжлэн явагдсан байж болно. Цус багадалттай тохиолдолд осголт амархан явагддаг...Цус алдалт явагдаж байх хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой байсан...Хүний бие оргонизмийн цусны хэмжээ 5-6 литр байдаг...5 литрээс 2 литр цус алдахад шоконд орж нас бардаг. Тэгэхээр үүнээс бага хэмжээний цус алдсан байж цус багадалт үүсдэг...Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой, ухамсарт ухаангүй болсноос ухаангүй болж, хуйхны шархнаас гарсан цуснаас болж цус багадалтад орж, амархан осгож нас барсан байна...Осгохоос нь өмнө тусламжийг цаг хугацаанд нь тохируулж үзүүлсэн бол амь нас аврагдахыг үгүйсгэхгүй...Эд эсийн шинжилгээг давтан хийгээд энэ дээр осголтын шинж тэмдгүүд нь тогтоогдоод, цус алдалтын шокийн шинж тэмдэгүүд гараагүй...Хүн осгож нас барахад биеийн дулаанаа алдаж байна гэсэн үг. Биеийн дулаанаа алдах нь осголтод нөлөөлж буй хүчин зүйлс болж байгаа юм. Хоёрдугаарт цаг агаарын нөхцөл байдал. Дараагийнх нь өмссөн хувцас, идсэн хоол унд, архаг хууч өвчин, дараа нь цус алдсан байдал зэрэг нь осголтод нөлөөлөх хүчин зүйлүүд юм...Хүн биеийн хэсгүүдийн цусан хангамж харилцан адилгүй байдаг. Хуйх бол хүний судасны цусан хангамжаас их байдаг. Тийм учраас хуйханд үүссэн шарх том жижгээс шалтгаалж цус гаралт бол бусад хэсгүүдтэй харьцуулахад их байдаг, архи уусан цус шингэрсэн байгаа тохиолдолд урсаж гардаг. Бага хэмжээгээр урсаж гарах ба артер, венийн судас шиг даралттай, цацалдаж гарахгүй...Хуйханд байгаа талбай том шархнаас болж цус алдаад нас барсан тохиолдол байдаг...Нүдээр харахад арьс цайрсан байх ба эд эрхтний цусан хангамж багадсан байсан...Талийгаачид шинжилгээ хийх үед цуснаас согтолтын зэрэг нь дунд зэрэг гарч ирсэн. Магадгүй нас барахаасаа өмнө энэ хүн их хэмжээний буюу хүнд зэргийн согтолтын хэмжээний архи хэрэглэсэн байж болно. Осголтын явцад тэр согтолтын хэмжээ задраад согтолтын хэмжээ буурч гардаг.../шүүх хуралдааны тэмдэглэл/,
- шинжээчийн 436 дугаартай дүгнэлт...Б.Мын цогцост учирсан зүүн чамархайн хуйхны шарх, зүүн шууны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зулай, зүүн чамархайн хуйхны цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, ооч, баруун бугалга, цээж, баруун мөр, баруун тохой, баруун шуу, сарвуунд цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хацар, эрүү, хүзүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, нуруу, ахар сүүл, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.../2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/,
- шинжээчийн 5290 дугаартай... Д.Тсийн биед баруун сарвуу, алга, зүүн долоовор хурууны 2-р үений дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь 2022.04.02-ны өдөр үүссэн байх боломжтой. Д.Т,нь нэгдүгээр бүлгийн цустай байна.../1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/,
- шинжээчийн 1371 дугаартай дүгнэлт...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн куртка, малгайтай саарал өнгийн цамцанд гэмтэл үүссэн байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Цэнхэр өнгийн куртикт 60мм татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, малгайтай саарал өнгийн цамцанд 15 мм татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалт байна. Гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Ханзралт, урагдалт шинээр үүссэн байна /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/,
- шинжээчийн 1369 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бүс, юүдэнтэй хар цамц, хар дотуур өмдөнд халцралт, гогодолт, урагдалт, ханзралт үүссэн байна. Ханзралт, халцралт, урагдалт, гогодолт шинээр үүссэн байна. Харин хэзээ үүссэн цаг хугацааг нь тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал/,
- гэрч Г.Длийн...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр би Нисэхэд гэртээ байж байтал 17 цагийн орчим талийгаач Б.Мр яриад Сонсголонгийн орчимд өөрийнхөө машинтай явж байна, танайд яваад очих уу гээд манай гэрт 18 цагийн ирээд, манай найз Отгонболд Тулгын гэрт байна ороод ирээч гэхээр нь ороход найз Тулга, Отгонболд, Мөнх-Ирээдүй нар байсан. Тэгэхээр нь бид нар Тулгын гэрт байсан 2 л савтай Сэнгүр нэртэй 4 том пиво хувааж уугаад байж байтал 22 цагийн орчим Найдандорж нь Өвөрхангай аймгаас Төвшөөнөө ирж байгаа Драгоноос тосно гээд хамт талийгаачийн машинтай явсан...Тулгын гэрт хүнтэй муудалцсан зүйлгүй...пиво хувааж уучихаад явсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 36-37 дахь тал/,
- гэрч А.Аын...Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ний өглөө гэрээсээ 07:45 минутын үед ганцаараа гарахад хашааны үүдэнд хаалганаас доошоо 10 м зайд 20-25 орчим настай эрэгтэй хүн нүүр ам нь битүү цус болон хувцас хунар нь шороо, цус болсон байдалтай хэвтэж байхаар нь сандраад хөөе гээд дуудахад юм дугарахгүй байхаар нь өөрийнхөө 95894497 гэсэн дугаараас цагдаагийн 102 дугаарт 07:47 минутад дуудлага өгсөн...Намайг амьсгаатай байгаа эсэхийг нь шалга даа гэхээр нь би очоод хөөе гээд дуудахад хариу хэлээгүй, жоохон амьсгаатай амьсгал давхацсан байдалтай байсан. Тэгээд би дуудлага өгчхөөд тэр хүний хажууд 10 минут зогсож байгаад ажлын цаг тулаад явсан. Тэгээд ажил руу явж байхад цагдаа нар 08:11 минутад нөгөө хүний байгаа газрын асуусан. Би гэрийнхээ хаяг байршлыг зааж өгсөн юм...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэрэг, хх-46-47/,
- гэрч С.Аийн... Би 2022 оны 4 сарын 02-ны өглөө 05:45 минутын орчимд ирэхэд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Хилчин 00 тоотод гэртээ ирэхэд 8 тоотод хашааны үүдэнд ямар нэгэн хүн байхгүй байсан тэгээд би хашааныхаа хаалгыг онгойлгож машинаа оруулаад гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд би босож гэрээсээ гараад 76-8 тоотод орох гээд явж байтал хашааны гадаа цус болсон байсан...удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,
- гэрч Ё.Ттын... 2022 оны 4 сарын 01-ээс 2-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед манай зүүн талд байдаг Хилчиний 27-5 тоотод эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад, зодолдоод байгаа чимээ сонсогдсон, тэгээд удаагүй чимээгүй болсон...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
- гэрч С.Чийн... 2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн үед гэрээс гарч нойл орсон. Тэгэхэд хашааны хаалга хаалттай байсан. Өглөө 08 цаг 30 минутад босоод нойл ороод хашааны хаалга харсан чинь хагас онгойчихсон байхаар нь гарч харахад гудамжид цагдаа нар ирчихсэн байсан...Хашааны хажууд шороон дээр хоёр газар цус дусчихсан байсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
- гэрч Н.Нийн...2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Мөнх-Очиртой
орой 21 цагийн үед Нисэхийн эцэс дээр уулзсан. Мөнх-Очир өөрийнхөө 71-04 дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинтай хамаатны Дэмбээ гэдэг залуутай хамт явж байсан ба Мөнх-Очир Дэмбээ хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жаахан согтуу байсан. Тэгээд...Дгийн гэрийн хойд талын уулан дээр гарч М Д хоёр ууж байсан тал шил 0.5 граммын Хараа нэртэй архиа хувааж дуусаад Дг гэрт нь хүргэж өгөөд Мр бид хоёр наашаа 5 шарын автобусны буудал дээр ирж, хамаатны Түвшинтөгсийг хүлээсэн. Түвшинтөгстэй шөнийн 01-02 цагийн үед уулзсан. Түвшинтөгс ганцаараа ирсэн. Тэгээд би тэр 2-т маргааш ажилтай юм чинь манайд гэрт очоод хамт хоноё гэхэд Мөнх-очир 1 шил архи авчих гээд Түвшинтөгс машинаасаа буугаад нэг шил 0.75 граммын экс архи авчираад манай гэрийн ойролцоо гудамжинд зогсож байгаад машин дотроо Мөнх-Очир, Түвшинтөгс хоёр хувааж уусан, дахиад нэг шил архи Түвшинтөгс авъя гээд буцаад 5 шар луу явсан. Би архи уугаагүй байсан болохоор машин бариад явсан. Тэгээд дахиад нэг шил 0.75 граммын архи аваад шууд манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин 00 тоотод шөнийн 3 цаг өнгөрч байхад очоод Мрын машиныг хашаанд оруулж тавиад гэртээ орсон. Гэрт ороод тэр 2 авсан архиа хувааж уусан ба би гал түлээд, тэр архинаас 2 удаа 100гр орчим уусан. Тэгээд би галаа түлээд дуусахад тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн ба Тс Мөнх-Очирт хандан “чи намайг хөдөөнөөс дуудаж авчраад хүмүүстэй нийлж зодож байдаг, Дэмбээтэй нийлээд хоёр дахь удаагаа болж байгаа шүү” гэхэд Мр би чамайг зодчихно шүү гээд Түвшинтөгсийн хацар луу нэг удаа алгадсан, тэр 2 заамдалцахад нь салгаад тэр 2 хоёр тийшээ болоод суусан. Тэгтэл Мөнх-Очир та хоёр намайг нийлж зодох гээд байгаа юмуу гэж хэлэхэд Түвшинтөгс “би хүн дуудаад явлаа, гар утсаа өгч бай” гэхээр нь би гар утасныхаа кодыг тайлж Түвшинтөгс өгөхөд Мр “пи” минь чамайг ална шүү гээд Түвшинтөгс дээр очоод зууралдаад авахад би дундуур нь ороод одоо больцгоо гээд хоёр тал руу түлхсэн. Тэгтэл Мр ор авдар хоёрын завсар унасан ба Тгс хойд буйдан дээр суусан. Мр босоод ирэхэд хамраас нь цус гарсан байсан. Надад Мөнх-очир ор мөргөчих шиг боллоо гэж хэлсэн. Би Мөнх-очирын цусыг тогтоох гээд салфетик өгөөд зогсож байхад Түвшинтөгс утсаар ярьж дуусаад, чи “П” яагаад томроод байгаа юм бэ гээд...гартаа байсан экс нэртэй архины шилээр Мөнх-Очирын зүүн талын шанаа хэсэг нэг удаа цохиход шанаанаас нь цус гарсан, одоо болиоч гэхэд энэнтэй чинь цуг алчихна шүү, намайг тавь гээд байсан. Мөнх-Очир гэрээс гарч зугтаах гэхэд угаалгын машины ойролцоо Түвшинтөгс Мөнх-Очирыг барьж авч газар унагаагаад гараараа толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиод авахад нь болиоч ээ гэхэд ална шүү, цаашаа бай гээд, би дийлээгүй. Тэгээд Түвшинтөгс Мөнх-Очирын хажууд шалан дээр суучихаад, надад нэг архи хийгээд ир гэж хэлсэн ба Мөнх-Очир шалан дээр нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд намайг архи хийж өгөхөд та нар намайг барахгүй шүү, бүгдийг зодно шүү гэж хэлээд Мөнх-Очирыг 2-3 удаа гуя бөгс хавьцаа нь өшиглөөд баруун талын сандал дээр очоод суухад Мөнх-Очир гараад зугтаасан. Араас нь Түвшинтөгс гараад хашааны хаалганы хажууд Мөнх-Очирыг бариад газар чирээд буцаад гэр лүү оруулж ирээд өшиглөхөд би Түвшинтөгст хандан “чи болиоч” гэхэд дуугүй байгаарай п минь гээд байсан. Тэгээд хойд талын буйдан дээр Түвшинтөгс тамхи татаад сууж байхад Мөнх-очир цусаа гоожуулаад босоод ирсэн ба Түвшинтөгс буцаад хэвтээрэй ална шүү гэхээр нь чи болиоч гэхэд дуугүй бай, наадах чинь маргааш өглөө үхээгүй босоод ирвэл өөрөөр нь цусыг нь цэвэрлээд гаргана гэж хэлсэн, энэ хооронд Мөнх-Очир хаалга түгжээг онгойлгоод гараад гүйсэн ба араас нь Түвшинтөгс Мөнх-Очирыг хөөсөн, барьж чадаагүй. Мөнх-Очир хашаа аваад зугтаасан хашааны давсан хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд би гэртээ орж ирээд хагарсан архины шилийг цэвэрлэж байтал миний гар утасны дэлгэц хагарчихсан байсан. Надад өөрийн гэр байхгүй хадмынхаа хашаанд хадмын гэр нил цус болчихсон байхаар нь хадам уурлаад намайг хөөж магадгүй гэж бодоод Мөнх-Очироос гарсан цусыг гэрт эхнэр хүүхдийн хамт амьдардаг тул цэвэрлэсэн юм. Үүрээр Түвшинтөгс явах болоод Мөнх-Очирын машинаас цүнхээ авах гээд жолоочийн хойд талын хаалганы дутуу онгойсон цонхоор түгжээг нь нээх гээд гараа шургуулж байхад Түвшинтөгс шилнээс нь татан хагалаад цүнхээ аваад явсан...Мөнх-Очир Түвшинтөгсөөс 1 билүү 2 насаар ах байгаа, тэр хоёр машин дотор Мөнх-Очир Түвшинтөгсийг чи ах гэж дуудахаа больж гээд маргалдаад байхаар нь боль гэж хэлсэн...Түвшинтөгс эхлээд архины шилээр толгой руу нь нэг удаа, дараа нь угаалгын машины урд унагаагаад дээрээс нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон, зүүн талын шанаанаас нь цус гарч байсан. Тэгээд гэрээс зугтаад гарахад хашааны үүдэнд барьж аваад газар чирээд гэрт оруулж ирээд гуя бөгс рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Би тэр хоёрыг цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- шүүгдэгч Д.Тийн...Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний замын унаагаар Улаанбаатар хотод ирсэн. Манай хамаатны хүүхэд болох Мөнх-Очир залгаад би чамайг Улаанбаатар хотод ирэхээр тосож авна гэж хэлсэн. Шөнийн 00 цаг өнгөрч байхад 5 шар дээр ирсэн чинь манай хамаатны хүүхэд болох Найдандорж нь Мөнх-Очирын машиныг унасан, Мөнх-Очир согтуу хажууд нь суусан байсан. Намайг Мр ганц шил архи аваад өг хамт ууя гэсэн тэгэхээр нь...5 шарын автобусны буудал дээр шагийн архинаас Экс нэртэй 1 шил архийг 35.000 төгрөгөөр авсан, задалж бид 2 аягалж уусан ба Найдандоржийн гэрт очихоор болоод, гэрийнх нь ойролцоо гудамжид зогсоод би Мын хамт авсан архиа талд нь ортол нь уусан. Мөнх-Очир дахиж архи авна гэж хэлээд 5 шарын автобусны буудал дээрээс 0.75 граммын Соёрхол нэртэй архийг авсан, үлдэгдэл архиа ууж байгаад шөнийн 2 цаг өнгөрч байхад бид 3 Найдандоржийн гэрт ороод Экс нэртэй архинаас нэг татчихаад ширээн дээр тавьсан. Соёрхол нэртэй архиа задалж уусан. Тэгээд Нж эхнэр хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн байсан болохоор цайны болон хоолны халуун сав угааж байсан чинь М намайг “чи яагаад томроод байгаа юм бэ” гээд агсраад шүлс, болон тамхины ишээ хаяад байхаар нь би Мөнх-Очирт хандан хамаатан садан улс байж яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ гэхэд Мр чи битгий хуц гэж хэлээд миний зүүн хацар луу баруун гараараа 1 удаа алгадаад авахаар нь Мыг чи яаж байгаа юм бэ гэхэд өөдөөс агсраад байсан. Мөнх-Очир намайг намайг баруун хөлөөрөө зүүн гуя хэсэгт өшиглөөд, гуталтай баруун хөлийнхөө улыг нүүрэнд тулгаж ирээд өдөөд байхаар нь чи архи ууж чадахгүй юм бол битгий архи ууж бай, явлаа гэж хэлээд ширээн дээр байсан Экс нэртэй архины үлдэгдлийг гэрийн хойд орон дээр тавьчхаад Найдандоржийн утсыг гуйж аваад кодыг нь гаргуулаад Улаанбаатар хотод ажил хийх гэж ирсэн ах Амаржаргал руу залгаад намайг ирээд авчих, би Орбитод байна гэж хэлчихээд байж байхад Мөнх-Очир намайг багалзуурдаад, хавирч орон гэрийн хойд орон дээр унагаад гараараа миний толгойны ар хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь Мрыг дээрээсээ түлхээд баруун гарт байсан утастай гараараа 1 удаа шанааны хэсэгт цохиж босоод зууралдаж байгаад баруун талын орон дээр байх Экс нэртэй шилтэй үлдэгдэл архийг аваад Мрын зүүн чамархайн хэсэгт 1 удаа цохисон чинь архины шил хагараад Мын толгойны хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би, цагдаа дуудах уу гэхэд Мр би цагдаа дууддаг хүн биш гээд цусаа гоожуулаад гэрийн баруун талд угаалтуурын өмнө хэвтэж байснаа Мөнх-Очир босоод шууд гэрээс гараад хойшоо хаалга руу гүйсэн. Тэгэхээр нь би хойноос нь гүйж очоод Мөнх-Очирыг барьж аваад цээжин хэсгээр тэврээд бөгсөн хэсгээр нь газраар чирээд Найдандоржийн гэрт оруулсан, гэрийн зүүн талд хэвтүүлчихээд ундаа хийж уучихаад байж байсан чинь Мөнх-Очир босоод гэрээс гарахаар нь би хойноос нь гарсан чинь Нийн урд айлын банзан хашааг даваад, хашааны хаалгыг онгойлгоод гарч байгаа харагдсан...Найдандорж гэрийнхээ шалыг угаагаад Мөнх-Очирын цусыг цэвэрлээд байсан...Тэгээд Найдандоржийн хамт гэрээс нь гараад Мөнх-Очирын машинаас цүнхээ авах гэсэн чинь машин нь цоожтой, машины жолоочийн хойд талын хаалганы цонх нь бага зэрэг онгорхой байхаар нь гараа хийж байгаад машиных нь хойд талын хаалганы шилийг хагалсан. Тэгээд би Найдандоржийн гэрээс гарч, хороололд айлд очсон...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан...Д.Т,Н.Нийн гэрт очно, зааж өгч чадна гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн гаднаас хөдлөөд “Арвайн Үндэс” ХХК-ны урдуур гарч, Толгойтын хуучин эцсээс ертөнцийн зүгээр баруун тийш салсан засмал замаар 2 км орчим яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Орбитын тойргоор ертөнцийн зүгээр хойш эргэж, Далай ээж дэлгүүрийн уртуур яваад Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар гудамжны 00 тоотын гадаа очоод 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө би энд талийгаач болон Найдандорж нарын хамт архи уусан гэж хэлээд цагаан өнгийн хашааг заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг хашааны явган хүн орж, гардаг хаалганы дээд талд цус мэт хүрэн өнгийн зүйл болсон байсныг Д.Т,заагаад талийгаач гэрээс гарч зугтаахаар нь би хойноос нь хаалганы хажууд гүйцэж ирээд барихад талийгаач цустай гараараа хашааны хаалгыг бариад тавихгүй байхаар нь би талийгаачийн ар нуруу хэсгээр нь тэвэрч байгаад хаалганаас холдуулаад, талийгаачийг хашааны хаалганаас гэр хүртэл ар нуруу хэсгээр нь тэвэрч байгаад чирээд Найдандоржийн гэр лүү орсон гэж хэлснийг заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Гэрт ороод би болон талийгаач хаана ямар байрлалтай байсныг заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тухайн үед талийгаач гэрийн баруун талд газарт хэвтэж байгаад гэрээс гараад гүйхээр нь гэрийн хаалгаар шагайгаад харсан чинь зүүн урд талын хашаа даваад гүйж байгаа харагдсан гэж зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав... гэх мэдүүлэг /1хх-219 дэх тал/, сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-95/ зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгч Д.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “хүнийг алсан” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироосон” гэж хөнгөрүүлэн өөрчлөх дараах үндэслэл тогтоогдов :
2.2.1. Шүүгдэгчийн хувьд гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хохирогчийг алах” гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт зорилготой байсан гэж үзэх хангалттай үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ба хохирогч нарын хооронд маргаан үүсэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл, түүнчлэн хохирогч ба шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн байдал нөлөөлсөн болох нь :
- гэрч Н.Нж, шүүгдэгч Д.Т,нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /1хх-60-61, 66-67, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Б.Мын биед учирсан олон тооны гэмтэл, шархыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлэг /2 хх-49, 51-56, 78-80, 85-90, 137-141, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Д.Тсийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх-116, 147/,
- хохирогчийн хувцаст үзлэг, шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-202-203/,
- шүүгдэгчийн хувцаст үзлэг шийнжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-154/ зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул тухайн үед тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа, маргаан үүссэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн хувьд хохирогчийн толгойн тус газарт архины шилээр цохисон нь гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хүн алах” зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй болно.
2.2.2. Шүүгдэгч Д.Т,нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд хохирогч Б.Мөнх-Очирын амь насыг хохироохыг хүссэн буюу амь насыг хохирооход зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл, баримтгүй байх тул таамаглах ёсгүй.
Б.Мн амь нас хохирсон шалтгаан, үндэслэлийн хувьд нам хэмийн үйлчлэлийн осголтоос болсон, ерөнхий цус багадалт нь осгоход нөлөөлсөн, харин тус ерөнхий цус багадалтаас болж хохирогч шоконд ороогүй буюу шокод орж ухамсарт ухаанаа алдаагүй болох нь тусгай мэдлэгийн шинжээч нарын дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Түвшинтөгсийг гэм буруугийн хувьд санаатайгаар хохирогч Б.Мрыг алсан буюу түүний амь насыг хохироохыг хүссэн, амь насыг хохирооход зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Тодруулбал, шүүгдэгч Д.Т,нь хохирогч Б.Мөнх-Очир их хэмжээний согтолттой байгаа учраас шөнийн цагт зугтааснаар ухамсарт ухаанаа алдаж унана, тийнхүү унаснаар осголт болно, мөн өөрт нь тийнхүү зодуулснаас цус ихээр алдаж цус багадалт үүснэ, тус цус алдалт нь осголтод нөлөөлж улмаар амь насаа алдана гэдгийг урьдчилан хүсэж, тооцоолон мэдсэн буюу амь насаа алдахад зориуд санаатай хүргэсэн гэж үзэх бодит үндэслэлгүй бөгөөд таамаглах боломжгүй.
2.2.3. Харин шүүгдэгч Д.Тийн хувьд хохирогч Б.Мрыг зодож түүний зүүн чамархайн хуйхны шархнаас цус тогтохгүйгээр бага бусаар алдаж байгааг болон Б.Мөнх-Очир бага бус хэмжээгээр согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадвар сул байгааг нэгэн зэрэг мэдсэн атлаа Б.Мыг өөрөөс нь айж гэрээс зугтаахад хүргэсэн хууль бус үйлдлүүд хийсэн байгаа нь Б.Мөнх-Очирын амь нас хохироход нөлөөлсөн гол хүчин зүйл буюу шалтгаан болсон нь тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Түвшинтөгсийг Б.Мөнх-Очирын амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хүрээнд болгоомжгүй үйлдэл хийсэн гэж үзнэ.
Мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд гэрч Н.Нжийн өгсөн мэдүүлэг /1хх-60-61, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Д.Тгсийн өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67, шүүх хуралдааны тэмдэглэл/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-9, 10-21/, гэрч С.Алтангэрэлийн...би босож гэрээсээ гараад 76-8 тоотод ортол орох гээд явж байтал хашааны гадаа цус болсон байсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрч С.Чимэдийн... 2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн үед гэрээс гарч нойл орсон. Тэгэхэд хашааны хаалга хаалттай байсан. Өглөө 08 цаг 30 минутад босоод нойл ороод хашааны хаалга харсан чинь хагас онгойчихсон...хашааны хажууд шороон дээр хоёр газар цус дусчихсан байсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэргийг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд хохирогч Б.Мөнх-Очир архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадвар сул байх төдийгүй тухайн шөнийн цагт шүүгдэгч Д.Тд анх зодуулсны улмаас түүний зүүн чамархайн хуйхны шархнаас цус тогтохгүйгээр гоожсон, тийнхүү цусаа гоожуулсан байдалтайгаар зугтаж явахад нь Д.Т,араас нь хөөн барьж дахин гэрт оруулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн улмаар хохирогч Б.Мөнх-Очир түүнд дахин зодуулахаас айж гэрээс дахин зугтаасан байх ба Б.Мөнх-Очир тийнхүү бага бус хэмжээгээр согтуурсан хийгээд өөрт нь зодуулснаас зүүн чамархайн хуйх хэсгээс цус тогтохгүйгээр бага бусаар гоожсон байдалтайгаар хаврын улирлын тухайн шөнийн цагт өөрөөс нь зугтаасныг Д.Т,ухамсар сэтгэхүйн хувьд бүрэн ухамсарлаж мэдсэн атлаа тэр даруйд тийнхүү хохирогчийг зөнд нь орхисон байх тул шүүгдэгч Д.Т,тухайн тохиолдолд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Б.Мөнх-Очирын амь нас эрсдэлд орох үр дагаварыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тус бололцоог бүрэн үл хэрэгссэн буюу гэм буруугийн хувьд хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэл хангагдсан байна.
Хэрэв шүүгдэгч Д.Т,нь хохирогч Б.Мыг зодож түүний зүүн чамархайн хуйх хэсгээс цус их хэмжээгээр гоожиход хүргээгүй бол, мөн Б.М тийнхүү бага бус хэмжээгээр согтуурсан хийгээд өөрт нь зодуулснаас зүүн чамархайн хуйх хэсгээс цус тогтохгүйгээр гоожсон байдалтайгаар хаврын улирлын шөнийн цагт өөрөөс нь айж гэрээс зугтаахад хүргээгүй бол Б.Мөнх-Очир согтуурлын улмаас ухамсарт ухаанаа алдаж унасан байсан ч “тухайн богино цаг хугацаанд амь насаа алдахгүй буюу осголт түргэн явагдахгүй байх” бодит үндэслэлтэй байсан болох нь :
- шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг :...Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь осгож нас барахад цус багадалт нь ерөнхий цус багадалт үүсгэж, осголт түргэн явагдах нөхцөл болсон...Талийгаач нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 07 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 1-3 цаг орчим болсон байна...Хуйхны шархнаас гарсан цуснаас болж цус багадалтад орж, амархан осгож нас барсан байна...Осгохоос нь өмнө тусламжийг цаг хугацаанд нь тохируулж үзүүлсэн бол амь нас аврагдахыг үгүйсгэхгүй.../2 дахь хавтаст хэргийн 51-56, 78-80, 85-90, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- цус бага бус хэмжээгээр гоожсон байгааг нотлох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-05-09, 10-22/, шүүх хуралдаанд гэрч Н.Найдандоржийн өгсөн мэдүүлэг /1хх-60-61, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Д.Т өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл :...талийгаач нь нас бараад 2 цаг болсон байна, 09 цаг 10 минутад нас барсан.../1хх-23/,
- гэрч А.Аын...Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ний өглөө гэрээсээ 07:45 минутын үед ганцаараа гарахад хашааны үүдэнд хаалганаас доошоо 10 м зайд 20-25 орчим настай эрэгтэй хүн нүүр ам нь битүү цус болон хувцас хунар нь шороо...95894497 гэсэн дугаараас цагдаагийн 102 дугаарт 07:47 минутад дуудлага өгсөн...Дуудахад хариу хэлээгүй жоохон амьсгаатай амьсгал давхацсан байдалтай байсан. Тэгээд би дуудлага өгчихөөд тэр хүний хажууд 10 минут зогсож байгаад ажлын цаг тулаад явсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэрэг, хх-46-47/,
- шүүгдэгчийн...хамгийн сүүлд Мр босоод гэрээс гарахаар нь хойноос нь гарахад Найдандоржийн урд айлын банзан хашааг даваад, айлын хашааны хаалгыг онгойлгоод гарч байгаа харагдсан...Найдандорж гэрийнхээ шалыг угаагаад Мөнх-Очирын цусыг цэвэрлээд байж байсан...Би Найдандоржийн гэрээс гарч, хороололд айлд очсон.../1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-219/...айсандаа жаахан балмагдаад гараад явсан.../шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул шүүгдэгч Д.Тийн гэм буруугийн болгоомжгүй үйлдэл ба хохирогч амь насаа алдсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч тийнхүү гэм буруугийн хувьд хайхрамжгүй хандсан үйлдэл хийгээгүй бол хохирогч тухайн цаг хугацааны дотор амь насаа алдахгүй буюу амь аврагдах боломжтой байсан нь тогтоогдсон байх тул “тухайн шөнийн цагт нам хэмийн хүйтэн болон хохирогч согтуурсан байдалтай байсан” нь шүүгдэгч Д.Тийн гэм буруугийн болгоомжгүй үйлдэл ба хохирогч амь насны хохирлын хоорондын шалтгаант холбоог үгүйсгэх үндэслэл болж чадахгүй, харин шүүгдэгчийн гэм буруу хэлбэрийн хувьд болгоомжгүй гэж үзэх шалгуур, үндэслэлд хамаарч байгаа болохыг дурдах нь зүйтэй.
2.3. Шүүгдэгч Д.Т,гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр “хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн байгааг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар, анхнаасаа Б.Мөнх-Очирын зүгээс Д.Түвшинтөгсийн амь нас, эрүүл мэндэд аюултайгаар довтолсон, албадлага, эрхшээлд оруулсан зэргээр гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах хууль бус ноцтой үйлдлүүдийг хийгээгүй болох нь тогтоогдсон.
Харин гэрч Н.Н, шүүгдэгч Д.Т,нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /1хх-60-61, 66-67, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Г.Дийн мэдүүлэг /1хх-36-37/, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг /2 хх-51-56, 78-80, 85-90, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээс үзэхэд Б.М нь согтууруулах ундааны зүйлсийг Д.Тстэй уулзахаас өмнө хэрэглэсэн байсан буюу согтолтын улмаас өөрийн биеэ хамгаалах чадвар сул байсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Д.Тсийн хувьд хохирогч Б.Мрыг зодож түүний зүүн чамархайн хуйхны шархнаас цус тогтохгүйгээр алдсан байгааг төдийгүй Б.Мр бага бус хэмжээгээр согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадвар сул байгааг мэдсэн атлаа Б.Мрыг өөрөөс нь айж гэрээс удаа дараа зугтаахад хүргэсэн хууль бус үйлдлүүдээ бүрэн ухамсарлаж мэдэж байсан нь, мөн тухайн хууль бус үйлдлүүдийн эцсийн үр дагаварт эрүүл мэндийн ноцтой хохирол учрах боломжтойг мэдэх бүрэн боломжтой байсан болох нь гэрч Н.Нж, шүүгдэгч Д.Т,нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /1хх-60-61, 66-67, шүүх хуралдааны тэмдэглэл/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-219/ зэрэг нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байх ба шүүгдэгчийн хувьд...Мр босоод гэрээс гарахаар нь хойноос нь гарахад Найдандоржийн урд айлын банзан хашааг даваад, айлын хашааны хаалгыг онгойлгоод гарч байгаа харагдсан...Нж гэрийнхээ шалыг угаагаад Мрын цусыг цэвэрлээд байж байсан...Би Нийн гэрээс гарч, хороололд айлд очсон.../1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-219/...айсандаа жаахан балмагдаад явсан.../шүүх хуралдааны тэмдэглэл/ тухай мэдүүлсэн зэрэг үйл баримт нь гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай биш харин гэм буруугийн болгоомжгүй үйлдлийн утга агуулгыг илэрхийлж буйг тодотгох нь зүйтэй.
2.4. Дээрх нотлох баримтууд бүхий үндэслэлүүдийн хүрээнд :
Иргэдийн төлөөлөгчийн...”Шүүгдэгч нь хохирогчийг санаатай алсан гэж үзэхгүй...”тухай дүгнэлт үндэслэлтэй, харин шүүгдэгч нь хохирогчийг санаатай алсан тухайн улсын яллагчийн дүгнэлт, мөн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болох тухай өмгөөлөгч М.Ор, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2 болох тухай өмгөөлөгч Т.Др нарын дүгнэлтийг тус тус хүлээж авах боломжгүй гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг ангилвал хамгийн ноцтой буюу дээд хохирол бол гагцхүү амь нас ба шүүгдэгч Д.Т,гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр Б.Мөнх-Очирын амь насыг хохироосон нь тогтоогдсон байх тул “амь насыг болгоомжгүйгээр хохирооход хүргэсэн гэм буруугийн хэлбэр, үйлдэл ба амь нас хохирсон шалтгаант холбоо, үндэслэлийн хамаарал” зэргийг бүхэлд нь зөв, бодитой үнэлж дүгнэхгүйгээр зөвхөн хохирогчийн хуйханд учирсан гэмтлийн “хөнгөн” зэргийг хэлбэр, хийсвэр төдий байдлаар харгалзан тус гэмт хэргийг зүйлчлэх үндэслэлгүй байхаас гадна шүүгдэгч ба хохирогчийн хооронд “Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгайлан заасан “үүрэг” үүссэн үндэслэл, баримтгүй тул мөн тухайн зүйлийн холбогдох хэсэгт зааснаар зүйлчлэл боломжгүйг тодотгох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Тийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч тус хэргийн улмаас учирсан хохиролд нийт 24.855.609 төгрөгийг нэхэмжилсэн /1хх-33, 2хх-100, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх боловч тэдгээр баримтаас нотлох баримтын шаардлага хангаагүй, огноо тодорхойгүй, тамга тэмдэггүй, тухайн хэрэг гарсан цаг хугацаатай болон зан үйлийн 21, 49 хоногийн цаг хугацаатай зөрүүтэй, мөн юунд зарцуулсан нь тодорхойгүй, тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүхийн зардалд хамаарахгүй буюу өмгөөлөгч заавал авахыг хуулиар үүрэг болгоогүй зэрэг үндэслэл тогтоогдож байх тул “Тайгын булаг Кредит “ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл 900.000 төгрөг, албан ёсны тамгагүй 3 ширхэг зарлагын гэх баримт бүхий 369800 төгрөг, хоолны газарт болон хүнсэнд зарцуулсан 60 ширхэг баримт бүхий 2.060.000 төгрөг, шашны зан үйлд зарцуулсан гэх 13 ширхэг баримт бүхий 380.200 төгрөг, 25 ширхэг баримт бүхий шатахууны зардал гэх 705.212 төгрөг, 57 ширхэг баримт бүхий 1.580.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс гэх 3.000.000 төгрөг нийт 8.995.212 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй, харин тус гэмт хэргийн улмаас оршуулга ба 21, 49 хоногийн зан үйл, зэд, суварга босгосон, энэ хүрээнд хамаарах бусад ажиллагаанд зарцуулагдсан нь нотлох баримтын эх сурвалжтай, энэ талаар хохирогч мэдүүлсэн байх /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул 15.860.397 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс тогтоосон тухайн хохирлыг шүүгдэгч тал бүрэн төлсөн болохыг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-43-44, 63, 65, 243-248, 2хх-6-9, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тус хэрэгт шүүгдэгч, хохирогчийн хумсуудыг дугаарлаж үдсэн /1хх-137-141, /1хх-145-146/ өөр бусад хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч 2022.4.02-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан /хх-224-228/, 2022.04.04-ны өдрөөс хүртэл 2022.09.28 /1хх-233-235, 2хх-29-30, 33, 102-104, 106-107, 110, 120/-ны өдрийн байдлаар нийт 179 хоног цагдан хоригдсон байх тул ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.16 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Тийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Д.Тсийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийн цагдан хоригдсон 179 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Тийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.09.28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
Б.ДАШДОНДОВ