Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/844

 

 

    2022         6          30                                    2022/ШЦТ/844

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

улсын яллагч Р.Очирсүрэн /томилолтоор/,      

шүүгдэгч С.Б,нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б,холбогдох эрүүгийн 2208000001135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Сандэй-2” худалдааны төвд гутлын лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 35 дүгээр хороо, Орбитын 70-24 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан, С.Б,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч С.Б,нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рич баарны гадна хохирогч Э.Мөнхнасанг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч С.Б,нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рич баарны гадна хохирогч Э.Мөнхнасанг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : 

- хохирогч Э.Мөнхнасангийн...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний шөнийн 03 цаг өнгөрөөд баар хаах болж байхад баарнаас гарч, тамхи татаж байсан чинь хажуугаар нэг улаан малгайтай бага зэрэг махлаг залуу өнгөрөх үедээ надтай муудалцаад над руу дайраад намайг өдөөд байсан. Тэгэхээр нь би “ахыг зүгээр яв” гэж хэлэхэд тэр улаан малгайт залуу гараа атгаж байгаад миний хацар хэсэгт цохиход нь би бага зэрэг согтчихсон байсан болохоор шууд газарт унасан. Тэгээд би босож ирээд тэр залуутай зууралдаад байж байтал миний толгойн ар хэсгээс цус гарч байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

- гэрч Э.Энхбатын...Би найз Мөнхнасангийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Рич бааранд 2022.05.20-ны өшийн 00 цагийн үед орсон, Мөнхнасан ганцаараа тамхи татахаар гарсны дараа би утсаар яриад ардаас нь гарч очсон. Тухайн үед Мөнхнасан бид хоёр тамхи татаад зогсож  байхад улаан малгайтай үл таних залуу Мөнхнасантай маргалдсан яг юунаас болсон талаар сайн мэдэхгүй. Тэр залуу нь найз Мөнхнасанг шууд гараар нэг удаа нүүр рүү цохиод унагаасан, би салгасан...Мөнхнасан улаан малгайтай залууг зуураад чи миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- гэрч Ш.Төгөлдөрийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө найзууд болох Баярбаатар, Жаргалсайхан нарын хамтаар “Рич” нэртэй ба орж бүжиглэн 0.75 л архи 1 шилийг, 0.5 литрийн Аураг нэртэй архи 1 ш хувааж уусан юм. Тэгээд хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна нэлээн орой байсан, тамхилах гээд гадаа гарсан чинь Баярбаатар нэг үл таних 40 орчим насны болов уу гэмээр хоёр тамхи татаад байж байсан, ах нарын хажуугаар өнгөрөхөд “Банди нар ингэдэг болсон юм уу” гээд нэг ах нь ёжилж инээгээд байсан. Тэгэхээр нь найз Баярбаатар “та яагаад инээгээд байгаа юм бэ” гэж хэлээд муудалцаж эхэлсэн ба Баярбаатар тэр ахыг “зүгээр байгаарай” гээд нэг удаа нүүр рүү нь түлхэх шиг болсон чинь тэр ах газар унаж босож ирэхдээ толгойн хагарчихсан цус байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

- гэрч Н.Жаргалсайханы...Тэр хоёр ах хажуугаар нь өнгөрөх гэхэд Банди нар ингэдэг болсон юм уу гээд нэг ах нь инээгээд байсан. Найз Баярбаатар тэр ахтай муудалцаад та яагаад инээгээд байгаа юм бэ гэж хэлээд нэг удаа нүүр нь цохисон чинь тэр ах газар унаад босож ирэх дээ толгойн хагараад цус гарчихсан байсан, цагдаа дууд гээд байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

- шинжээчийн дүгнэлт: 1. С.Б,биед дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, шуу, бугуй, сарвуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

- шинжээч Ц.Бадралын...Дагзны хуйхны шарх гэмтэл нь цохигдох болон унах зэргийн аль алинаас үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь унах, үрэгдэх, нидрэх үед үүсэх боломжтой. Дагз хуйхны шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

- шүүгдэгч С.Б,...Би 2022 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө өөрийн найз Н.Жаргалсайхан, Ш.Төгөлдөр нарын хамтаар Цамба гаравын авто буусны буудлын ард байрлах “Рич” нэртэй бааранд орсон юм. Тэгээд хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна...04 цаг байсан байх, гадаа гарч тамхилах гээд гарахад миний араас манай найзууд болох Төгөлдөр, Жаргалсайхан хоёр гарч ирсэн юм. Тэгээд бид нар тамхиа татчихаад баар луу орох гээд явж байхад тамхи татаад зогсож байсан хоёр ахын хажуугаас өнгөрөх гэтэл нэг ах нь банди нар ингэдэг болсон уу, тэгдэггүй юмаа гээд үгээр өдөж ёжилж инээгээд байхлаар нь та юу гээд байгаа юм бэ гээд тэр ахтай муудалцаад нэг удаа цохиод авчихсан юм. Тэгсэн чинь тэр ах газар унаад босож ирэхдээ толгойн ар тал нь хагараад цус гарчихсан босож ирсэн. Тэгээд над руу дайрааг зууралдаад цагдаа дуудаарай гээд орилоод байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

           

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-70, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Хохирогч, шүүгдэгч нар тухайн өдөр хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн, тэдний хооронд үл ойлголцол, таарамжгүй харилцаа үүссэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч С.Б,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

  1. Хохирол, хор уршиг:         

Хохирогч нь хохирлын баримт гаргаагүй, хохир барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-10, 83, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн, баримт гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч С.Б,энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзнэ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч нь С.Б,нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-43, 77-82/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдардаг, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-42, 50-55, 58-64, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.   

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид чруулсан хохирлыг төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч С.Б,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Б,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Б,оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б,оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.              

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Б,урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР