Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 180

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Ц.Оюунчимэг,  

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Энэрэл,  

Иргэдийн төлөөлөгч М.Цэрэндэжид,

Хохирогч Б.Наран, Э.Батчимэг, Г.Нямбуу,

Шинжээч В.Баярмаа, С.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Мягмар, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг, М.Машбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргачин овогт Доржийн  Мягмарт холбогдох 201626011560 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан  суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их Нарангийн 13-37 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 34-09 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Шаргачин овогт Доржийн  Мягмар \РД:ЧА75040816\

 

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

        Шүүгдэгч Д.Мягмар нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Овоо 34 дүгээр гудамжны 09 тоотод байх гэртээ “хардсан” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн эхнэр Э.Батчимэгийн нүүр, чихэн тус газарт цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан улмаар Б.Нарангийн дух, гар, нуруун тус газарт хутгаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, Г.Нямбуугийн нүүрэн тус газарт хутгаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан  догшин авирлаж танхайрсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мягмарын өгсөн:

 “...2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр орой 18 цагт ажлаа тараад ажлынхаа газрын Алтан-Очир гэх залуутай 100 грамм ерөөл архи 2, 2 ширхэгийг уусан. 19 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр Батчимэгийн дээр Наран гарсан, бэлгийн ажил хийж байсан. Би Наранг “чи юу хийж байгаа юм бэ” гээд нэг удаа гараараа цохисон. Тэгээд барьцалдаж байгаад би ухаан алдсан. Нэг харсан чинь бөөн цус болсон, Нарангийн толгой, гарнаас нь цус гарч байсан. Бас Нямбуу, Батчимэг хоёрын хацарнаас нь цус гарч байсан.  Би түргэн дуудъя гээд хохирогч нарыг дагуулаад зам руу явсан. Зам дээр очиход цагдаа, түргэний машин цуг хүрч ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан”гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нарангийн өгсөн:

“...2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр би Нямбууг дагуулаад Мягмарын гэрт очсон. Гэрт нь ороход Батчимэг ганцаараа байж байсан. Нямбуу бид хоёр нэг шил 0.75 граммын архи авч очсон, тухайн архыг бид 3 хувааж уусан. Тэгээд дахиад дэлгүүрээс 0.5 граммын архи аваад тухайн архины талыг нь ууж байхад Нямбуу тасраад унасан. Нямбууг тасраад унахаар нь Батчимэг бид хоёр бэлгийн ажил хийсэн. Бэлгийн харилцаанд орж байхад Мягмар орж ирсэн, намайг татаад эхлээд гараараа нэг удаа цохисон, дараа нь хутгаар гар, толгой зүссэн, ар нуруу хэсэгт жоохон зүсэгдсэн байсан. Тэгээд би юу болсныг сайн мэдээгүй, Мягмар босоорой гэж хэлээд цагдаа, түргэн дуудсан. Мягмар бид 3-ыг хөтлөөд хар зам руу аваад явсан. Мягмар утсаараа цагдаа түргэн дуудсан, зам дээр зогсож байгаарай гэж хэлсэн. Цагдаа түргэн ирээд бид нарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Батчимэгийн өгсөн:

“...2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад 14 цагийн үед Нямбуу, Наран хоёр халамцуу 0.75 граммын 1 шил архи барьсан гэрт ирсэн. Тухайн архыг уугаад дахиж дэлгүүр яваад нэг шил 0.5 граммын архи уусан. Тэгээд Нямбуу тасраад унтаад өгсөн. Тэгээд Наран бид хоёр архи цуг ууж байгаад бэлгийн харьцаанд орсон. Манай нөхөр Мягмар орой 19 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд Мягмар гэрт орж ирээд Наранг миний дээрээс татаж босгоод загнаад уурласан. Би хутга аваад цохисныг нь сайн санахгүй байна, би салгах гэж дундуур нь ороод хацраа эсгүүлсэн. Мягмар над руу дайраагүй, Наран руу дайрсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, миний буруутай үйлдлээс тухайн үйл явдал болсон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нямбуугийн өгсөн:

 “...Би Мягмарыг ирснийг нь мэдээгүй, тасраад унтсан байсан. Юу болсныг мэдээгүй, тасарсан байсан. Би Мягмар, Наран хоёрыг салгах гэж байгаад зүсэгдэх шиг болсон, юугаар зүссэнийг нь сайн санахгүй байна. Гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Байгальмаагийн өгсөн:

 “...Доржийн Мягмарыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй үзэж дүгнэлт гаргасан. Тухайн хэрэг болох үед Мягмар нь 200 грамм согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх өгүүлэмжтэй байсан. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг бол архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн хүнд үүсдэггүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөлд тухайн хүний сэтгэл хөдлөлийн байдал өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг бол сэтгэцийн хувьд эрүүл хүнд үүсдэг. Маш богино хугацаатай үргэлжилдэг, сэтгэл хөдлөлийн маш хүчтэй хариу урвал гэж үнэлдэг. Иймд комиссын гишүүд Мягмарын сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй гэж үзсэн. Дүгнэлт гаргахдаа эрүүл, архи уусан хоёрыг харьцуулсан, ухаан балартсан, балартаагүй хоёрыг харьцуулсан, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт гарсан уу гараагүй юу гэдгийг харьцуулсан ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч В.Баярмаагийн өгсөн:

 “...Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед сэтгэл зүйн өөрчлөлт гарна, архинд донтох асуудалтай хүнд 3 үе шаттай өөрчлөлт гардаг. 1 дүгээр үе шат сэтгэл хөөрөн баясах, 2 дугаар үе шат сэтгэл бухимдах, 3 дугаар үе шат сэтгэлийн хөдөлгөөн буурах гэсэн хэлбэрээр илэрдэг. Шүүгдэгч Мягмарт архи ууснаасаа болоод сэтгэл хөөрөн баясах гэх байдлаар сэтгэлийн хөдөлгөөн нь өөрчлөгдсөн. Сэтгэл хөдлөл хариу урвалын болон эмгэгийн гэсэн хоёр төрөл, энгийн болон эмгэг цочрол гэсэн хоёр янз байдаг. Энгийн сэтгэл цочрол гэдэг нь ухаан балартдаггүй, эрүүл хүнд богино хугацаанд үүсдэг, эмгэг сэтгэл цочрол гэдэг нь ухаан балартдаг, тархины болон сэтгэцийн эмгэгээр өвдсөн байхыг шаарддаг. Энэ талаар сэтгэцийн эмгэг судлалын бүхий л номнууд дээр бичигдсэн байдаг. Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдан гэж сэтгэцийн хувьд эрүүл хүн үүсдэг. Мягмарын хувьд сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаагүй гэж хариулсан, шалгуур үзүүлэлт дотор нь тухайн хүн эрүүл байх, богино хугацаанд болоод үргэлжлэх ёстой. Гэтэл шүүгдэгч нь тухайн үед согтуу байсан ба мөн бүх зүйлээ ярьсан .Харин сэтгэл санаа нь цочрон давчидсан хүн бол эрүүл байхаас гадна  өөрийнхөө хийж буй үйлдлийг санахгүй байх жишээтэй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Оюун-Эрдэний өгсөн:

 “.....2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд өөрийн биеэр очиж үзлэг хийсэн, энэ нь гадуур үзлэг гэж яригддаг. Үзлэгт  Нарангийн дух, сарвуу, баруун чих, нуруунд зүсэгдсэн шархнууд байсан.Өвчний түүхэнд шөрмөс тасарсан шархыг цэгцлэв гэсэн байна. Гэвч шөрмөс тасарсан нэршлийг нь бичээгүй байсан. Шөрмөсүүд нь гарын булчинг дагасан тэнийлгэгч болон агшаагч шөрмөснүүд байдаг. Тухайн нэршлүүдийг мэс заслын эмч бичих ёстой байдаг. Тухайн эмч нь тодорхой тусгаагүй байна. Өөрийн үзлэгээр Наранг үзэхэд шархаар өвдөнө гэсэн, өөр зовиур хэлээгүй. Хэрэв шөрмөс тасарсан бол тухайн хуруу мэдрэхгүй байна, хөдөлж болохгүй гэсэн зовиур хэлэх ёстой, үзлэгээр хэсэг газрын үзлэгт шөрмөс тасарсан бол хурууны мэдрэлүүд алдагдсан хөдлөх боломжгүй гэсэн зовиур гардаг. Аль шөрмөс тасарсан гэдэг нь тогтоогдоогүй учраас дүгнэлт хэсэгт дурдагдаагүй. Шөрмөс тасарсан бол зүүн гаранд үүссэн гэмтлийн улмаас булчин хатангаршин зүүн талаар хөдөлгөөн хийх боломжгүй байна. Харин Наранд ийм зүйл харагдахгүй байна. Хуралдааны явцад Нарангийн гарын хөдөлгөөнийг харлаа, өөрчлөлт харагдахгүй байна, иймд шөрмөс нь тасраагүй гэж үзнэ. Б.Наран, Э.Батчимэг, Г.Нямбуу нарын  биед учирсан гэмтлүүд нь засаршгүй гэмтэлд хамаарахгүй. Нүүр засаршгүй гэмтэл гэдэгт урьд нь таньдаг байсан хүн нь огт танихгүй байхыг ойлгодог, харин нүүрэнд учирсан сорви нь нүүр засаршгүй гэмтэлд хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

           Мөн хавтаст хэргээс:

            1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12 х/

            “...Хэрэг болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 3-9 тоот хашаа байх ба хашааны хаалганы урд газрын хөрсөнд  цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйл дусаж бохирлогдсон, хашааны хаалганаас  гэрийн  үүд хүртэл 13 метрийн зайд газрын хөрсөнд улаан хүрэн өнгийн цус мэт зүйл дусаж бохирлогдон цувсан,  гэрийн хаалганаас баруун урагш 3,6 метрийн зайд  газрын хөрсөн дээр 19х14 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр  бохирлогдсон байдалтай байв. ... гэрийн хоймор хэсгийн матрасны баруун урд булан хэсгээр энд тэнд дуссан  цус мэт улаан  хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон,  гэрийн баганын  доороос урагш  газар цус мэт зүйл хатаж бохирлогдсон, хоймор хэсэгт байх ногоон алаг  өнгийн хивсэн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байв... Үзлэгийн явцад цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хүрэн улаан өнгийн цамц 1 ширхэг, бор шаргал өнгийн иштэй, 32 см урттай, 4 см өргөнтэй, ажлын хэсэг 19.5 см урттай, ажлын хэсэг дээрээ бага хэмжээний цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, 3 ширхэг архины шил,  дотроо цус  мэт улаан  хүрэн өнгийн зүйлтэй цагаан өнгийн таваг  зэргийг  хураан авав” гэх,

           2. Хохирогч  Б.Нарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчим найз Нямбуутай уулзаад 1 шил 0,5 литрийн Арвай архи авч гудамжинд хувааж уусан. Би Нямбууд “хоёулаа Мягмарын гэрт очих уу, гэртээ байж магадгүй” гэхэд зөвшөөрөөд хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэрт нь очсон. Бид хоёр замдаа 0,5 литрийн Хараа архи авсан ба гэрт нь эхнэр Батчимэг өглөөний үлдэгдэл  тал шил архиа уучихсан гээд ганцаараа сууж байсан. Батчимэг бид хоёрт бууз жигнэж өгөөд гурвуулаа архиа хувааж уусан. Ууж дууссан чинь Батчимэг “дахиад 1 шил архи аваад өгөөч” гэсэн ба би гараад гудамжных нь үзүүрт байдаг дэлгүүрээс 0,75 литрийн Стандарт архи  аваад буцаж очсон. Архиа уугаад дуусч байхад 14 цагийн орчим Мягмар онгорхой гэрийн хаалгаар ирж байгаа нь харагдсан. Тухайн үед гэрийнх нь хаалга дэлгээтэй байсан. Би гэрийн баруун талд нь газар суугаад миний ар талд Нямбуу газраар жаахан унтмаар байна гээд хэвтсэн байсан. Батчимэг надтай юм яриад хойд талын орон дээрээ сууж байсан чинь Мягмар гаднаас орж ирээд юу ч хэлэлгүй гэрийн зүүн урд зүгт байсан гал зуухны төмөр шургуулгаснаас балиус юм шиг том хутга гаргаж ирээд эхнэрийнхээ зүүн хацрыг цавчсан. Батчимэгийн хацарны арьс нь унжаад цус гойжоод унасан ба би хажуугаас яаж байна гээд босч очоод цааш нь түлхсэн чинь барьж байсан хутгаараа миний духны хэсэг рүү 3 удаа цавчсан. Дахиад цохих гэхээр нь гарынхаа бугалганыхаа дээд хэсгээр хаасан чинь гэр дээр 1 цавчсан. Чи  намайг алаад хаячихлаа  шүү дээ гээд гэж хэлэхэд дахиад цавчихаар нь зүүн гараараа дахиж хаагаад гар дээрээ зүсүүлсэн, мөн газар унаад цусаа гараараа хаагаад дахиж гар дээрээ зүсүүлсэн. Би газар унаад цусаа гоожуулаад мөлхөөд явж байхад нурууны гол хэсэгт 1 удаа хутгаараа зүссэн. Энэ үед Нямбуу гаднаас орж ирээд “Наранг аллаа шүү дээ” гэж хэлээд миний гарыг юмаар боогоод чирж гаргасан. Түүнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна. Намайг Мягмар хутгалж байхад Нямбуу дундуур ороод хацар дээрээ зүсүүлээд гараад зугтаасан юм шиг байсан. Би хэсэг ухаан алдсан юм шиг байсан. Намайг сэргэхэд миний хамаг хувцас нойтон Нямбуу, Батчимэг дөрвүүлээ хамт гэрээс нь гараад хар зам дээр очоод Нямбуу нэг хүүхэн залуу хоёроос миний дүү түргэн дуудаад өгөөч гэж гуйгаад эхнэрийх нь утсаар ярьж байсан. Тэгээд удаагүй түргэн ирээд бид дөрвийг суулгаад авч явсан ба түргэний эмч цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 х/,

           “....Би одоо үнэнгээ хэлье. Миний хувьд Мягмарыг хараагүй байх гээд цаашид гэр бүлийн маргаан гаргаад яахав гэсэндээ түрүүнд баруун талд сууж байсан гэж худлаа хэлсэн юм аа. Би Батчимэгтэй бэлгийн ажил хийх гээд дээр нь гарсан боловч бэлэг эрхтэн хөвчрөөгүй. Тэгээд босоод өмдөө татаж байхад Мягмар ороод ирсэн. Түүнээс өмнө ч ороод ирсэн байж магадгүй, ямар ч байсан намайг өмдөө тэлээлж байхад Мягмар над руу “чи яах гэж гэр эзгүйчилж ирсэн юм бэ” гээд уурлаад дайрсан. Хэдийд нь хаанаас хутга авсаныг ч сайн мэдэхгүй байна, над руу толгой руу 2-3 удаа хутгаараа цохьсон. Тэгэхэд нь би гараараа хаагаад гараа зүсүүлчихсэн. Би тэр үед нилээд согтуу байсан. Эхнэртэй нь “бэлгийн ажил хийлээ” гээд надруу уурлаад дайрсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 х/

 

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8048 дугаар дүгнэлтэд:

а/ Нарангийн биед тархи доргилт, дух, сарвууны гүнзгий, баруун чих нурууны өнцөг зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

в/ Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 32 х/

 

4.Хохирогч Э.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“..2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим намайг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 34-9 тоотод гэртээ ганцаараа байж байхад танил Наран, Нямбуу хоёр согтуу 1 шил 0,75 литрийн Арвай архи барьчихсан ирсэн. Бид нар архиа хувааж ууж дуусаад Нямбуу 0,75 литрийн Ерөөл архи авчраад ахиад хувааж уусан. Би Нямбуу, Наран хоёрыг ирэхээс өмнө ганцаараа 2 шил Нийслэл пиво уучихсан байсан болохоор их хурдан согтсон. Нэг мэдэхэд манай нөхөр Мягмар гаднаас орж ирээд Наран руу  “чи арай ч дээ, яаж байгаа юм бэ, манай эхнэрийн дээр гараад байхдаа яадаг юм бэ, айл эзгүйчлээд доромжиллоо” гэж уурлаж орилсон. Би хувцастайгаа хойморын орон дээр хэвтэж байсан. Наран өмдөө шувталсан байсан ба татаад миний дээрээс буусан. Манай нөхөр “чи муу пизда өмдөө татаж ч чадахгүй байж хүний эхнэр эзгүйчиллээ” гээд орилоод байсан. Би доошоо тонгойгоод орон дээрээ сууж байгаад жаахан сэргээд харсан чинь Нарангийн гарнаас цус гоожоод тогтохгүй байсан. Миний зүүн хацар, Нямбуугийн баруун хацарнаас цус гоожсон байсан ба Мягмар Нарангийн гарыг түргэн дуудаж оёулах хэрэгтэй байна гэсэн. Намайг болон Наран, Нямбуу нарыг Мягмар хэзээ яаж зүссэн гэдгийг би сайн мэдэхгүй байгаа юм. Тухайн үед би их согтсон байсан тул орон гаран байсан. Миний зүүн хацар дээр зүсэгдсэн шарх үүссэн байсан. Нарантай хардсаны улмаас хацар дээр хутгаар зүссэн байх. Гэмтлийн эмнэлэг дээр тэр өдөртөө очоод хацар дээрээ 3 оёдол тавьсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 х/

            “...Би нилээд согтсон байсан. Нэг сэрэхэд Мягмар орж ирчихсэн Наран руу дайраад “арчаагүй юм бэ, өмдөө татаж чадахгүй байж гэр эзгүйчиллээ” гээд уурлаад орилоод байхад нь сэрсэн. Миний хувьд айхтар өмд шувтарсан зүйл байхгүй. Бага зэргээр л шувтлагдсан байдалтай л байсан. Надтай хурьцал үйлдээгүй байх. Миний өмдийг тийм ихээр шувталсан зүйл байхгүй нэг мэдэхэд Нарангийн гарнаас цус гарчихсан байсан. Надад хэдийд нь тэгж гэмтэл учруулсаныг мэдэхгүй байна. Наран руу дайрч байхад нь голоор нь орж салгаж байгад зүсүүлсэн юм шиг байна лээ. Нямбууг бас хэзээд нь зүсчихсэнийг мэдэхгүй байгаа юмаа. Мягмарын хувьд надруу болон Нямбуу руу дайрч давшлаад байсан зүйл байгаагүй. Наран руу л уурлаад дайраад байсан. Намайг босож ирэхэд баганын хажууд Наран өмдөө татаад тэлээгээ тэлээлж чадахгүй зогсож байсан...” /хх-ийн 60-61 х/

 

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8042 дугаар дүгнэлтэд:

а/ Батчимэгийн биед зүүн хацар, зүүн чихний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

в/ Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36 х/

 

          6. Хохирогч Г.Нямбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчимд намайг гэртээ байж байхад Наран ирээд “манай найзынд хамт очих уу” гэсэн. Гэрээс гараад гудамжинд 1 шил 0,5 литрийн Арвай архи хувааж уугаад бид автобусанд суугаад явсан. Замдаа 1 шил 0,5 литрийн Арвай архи худалдаж аваад Мягмарын гэрт  очиход эхнэр Батчимэг ганцаараа тал шил архи тавьчихсан сууж байсан. Батчимэг бид хоёрт бууз жигнэж өгөөд, авчирсан архиа хувааж уусан. Наран, Батчимэг хоёр ахиад “архины мөнгө байна уу” гээд байхаар нь би нэг шил архины мөнгө өгсөн. Наран яваад 1 шил архи авч ирээд ууж байхад би тасраад уначихсан байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс орилолдоод байх шиг байсан. Наран хаалгаар гарах гээд мөлхөж байсан ба би дагуулаад хашааны гадна гарсан чинь гарнаас нь цус гарч байсан. Буцаж орсон чинь Батчимэгийн хацарнаас цус гарч байхаар нь би түргэн дуудахгүй бол болохгүй нь гэж хэлсэн. Дөрвүүлээ зам руу гараад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байхаар нь би гуйж байгаад түргэн дуудсан. Түргэн ирэхгүй нилээн удсан ба Мягмар эхнэрээ аваад явсан. Нарангийн хацарнаас цус гараад тогтохгүй байсан ба түргэний эмч нар ирээд авч явж оёдол тавина гэсэн. Энэ үед Мягмар эхнэрийн хамт гудамжнаас гарч ирсэн ба эмч эхнэрийнх нь хацрыг хараад бид нарыг бүгдийг суулгаад гэмтэл дээр аваачсан. Миний баруун талын хацар дээр 7 оёдол тавиулсан...” /хх-ийн 28-29 х/

 

7.  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8020 дугаар дүгнэлтэд:

а/ Нямбуугийн биед баруун хацрын зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

в/ Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 40 х/

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгин ДНХ-ийн шинжилгээ хийсэн 7310 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 138-140х/,

 

9. Гэрч В.Цэрэнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт хүний их эмчийн ажил эрхэлж байгаа. Би тэр өдөр жижүүрт гарсан ба тэр өдөр үдээс хойш, цагийг нь одоо санахгүй байна, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаанчулуутын хогийн цэг явах замд “толгойноос цус алдсан, зодуулсан согтуу хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар ирэхэд дуудлага өгсөн гэх хүмүүс байгаагүй, зам дагуу хайгаад явахад Улаанчулуутын хогийн цэгээс 26 дугаар хороо явах зам дагуу замын хойд талд хоёр эрэгтэй тэврэлдсэн сууж байсан. Тэгээд тэр хоёр эрэгтэй дээр очиход Нямбуу гэх залуугийн толгой нүүр цус болсон байдалтай, гарсан цус хатсан, цус алдалт зогссон байсан. Наран гэх эрэгтэйн зүүн гарын шуу хэсэг цагаан цамцаар даралттай боолт хийж боосон байдалтай, цус алдалт зогссон байсан. Эдгээр хүмүүст анхны тусламж үзүүлж ариутгаж боолт хийж гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулахаар авч явах гэхэд тэр хоёр эрэгтэй нь эмэгтэй хүн гэмтсэн байгаа, тэр хүний цус тогтохгүй байгаа гэх мэдээллийн дагуу нөгөө эмэгтэйг олохоор Наран, Нямбуу нарыг машинд суулгаж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 34 дүгээр гудамж дагуу эрж хайхад Батчимэг гэх эмэгтэй нь үл таних залуутай тэврэлдсэн байдалтай 34 дүгээр гудамжны ойролцоох нэг жалганд сууж байсан. Батчимэгт очиж үзлэг хийхэд чих, толгойн хэсэг нь зүсэгдсэн байдалтай цус алдалт зогссон, үс нилэнхүйдээ цус болж хатсан байдалтай байсан. Энэ тухай ээлжийн ахлагчдаа мэдэгдэж, мөн 102 дугаарт дуудлага өгч, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Арвайн үндэс төвийн эсрэг талд дуудлагаар ирсэн цагдаа нартай уулзаж  тухайн үед юу болсон талаар дуудлагын цагдаа осолдогч нараас тус бүрээс мэдүүлэг авсан. Тэгээд мэдүүлэг өгсний дараа гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмч нарт хүлээлгэн өгсөн. Гэмтлийн цагдаад бүртгүүлсэн. Батчимэгтэй хамт явсан хүн гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 х/

 

10. Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Э.Батчимэгийн биед учирсан дээрх гэмтэл нь  хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Энэ гэмтэл нь нэг удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь засаршгүй гэмтэлд хамаарахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар засаршгүй гэмтэлд  нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овоорч хатуурч эсхүл доош татаж хонхойсон сорви үүссэн, нүүрний төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй,  ер нь засаршгүй гэмтэлд нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтэл хамаарна гэж заасан байдаг учир Батчимэгийн биед учирсан гэмтэл нь засаршгүй гэмтэлд хамаарахгүй юм...”

“...Нарангийн биед учирсан дээрх гэмтэл нь 4 удаагийн хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болох цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Нарангийн биед учирсан духны гүнзий, баруун чихний өнгөц зүсэгдсэн шарх нь засаршгүй гэмтэлд хамаарахгүй. Учир нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д заасан үндэслэлд Нарангийн нүүрэнд үүссэн гэмтэл нь хамаарахгүй тул Нарангийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм...”

 “...Нямбуугийн биед учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. Нямбуугийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т заасан гэмтлүүдэд хамаарахгүй болно...” /хх-ийн 98-102 х/

 

11. Гэрч Д.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Мягмар нь манай хадам ах бөгөөд ямар нэгэн гаж буруу, нэг их архи уугаад байдаггүй, хааяа л найз нөхөдтэйгээ уусан байгаа бололтой байдаг. Эхнэр Батчимэг нь ажилгүй гэртээ байдаг. Мягмар ах хувиараа гуанзанд тогоочоор ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Мягмар  ах үг дуу цөөтэй, даруу зантай хүнтэй харьцаа сайтай, миний мэдэхийн ямар нэгэн хэрэг төвөгт орж байсан асуудалгүй. Даруухан ажил төрлөө хийгээд л явж байдаг хүн байгаа юм. Эхнэртэйгээ эвтэй хэрэлдэж маргалдаж байгааг нь хараагүй. Энэ хоёр гэр бүл болоод олон жил болж байгаа гэсэн. Хүүхэдтэй болоогүй л байгаа. Батчимэгийг архи дарс ууж байгааг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 х/

 

12. Гэрч У.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Д.Мягмар нь Батчимэгтэй арван жилийн ангид байхаасаа үерхэж байсан. Сүүлд гэр бүл болцгоосон. Мягмар Батчимэг хоёр хоорондоо их эвсэг харьцаатай, би лав хоорондоо хэрэлдэж байхыг нь харж байгаагүй. Тусархуу, их сайн хоол хийдэг залуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 х/

 

13. Шүүх сэтгэц эмгэг судлалын 840 дугаар дүгнэлтэд:

 а/ Мягмар нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгүй байна. Урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар баримт үгүй.

б/ Мягмар нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна.

в/ Мягмар нь хэрэг хариуцах чадвартай байсан байна.

г/ Мягмар нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай банйа.

д/ Мягмар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй байна.

е/ Мягмарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /хх-ийн 90-91 х/ 

 

14. Шүүгдэгч Д.Мягмарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 8 цагт ажилдаа яваад орой 17 цагийн орчим ажил дээрээ 200 грамм савлагаатай “Ерөөл” нэртэй архи 2 шилийг ямар нэгэн шалтгаангүйгээр ганцаараа уусан. 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 34-9 тоот гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан. Гэрийн хаалга хаалттай байсан ба гаднаасаа болон дотроосоо цоожгүй байсан. Ингээд гэртээ ороход хойморын матрасан дээр манай эхнэр Батчимэг, Наран нар хурьцал үйлдэж байсан. Гэрийн баруун талд Нямбуу хувцасны шүүгээний баруун талд тасарчихсан атиралдаад унтаж байсан. Манай эхнэрийн өмдийг болон өөрийнхөө өмдийг өвдөг хүртэл нь тайлчихсан байсан. Миний уур хүрээд гал зуухны төмөр шүүгээнээс хоол хийдэг балиус аваад хойморт зогсож байсан Нарангийн дух хэсэгт 2 удаа хутганы ир хэсгээр цохисон. Гараараа хаахаар нь гар руу нь 2 удаа ир хэсгээр нь цохисон. Энэ үед Нямбуу, Батчимэг хоёр сэрээд бид хоёрыг салгах гээд бүгд зууралдаж байхад би хутгаараа Батчимэг, Нямбуу хоёрын хацрыг исгэсэн байсан. Нарангийн гарын цус тогтохгүй байхаар нь өөрийнхөө гар утсаар  түргэн дуудаад зам руу дагуулаад явсан. Зам дээр эргүүл хийж явсан цагдаагийн машин, түргэнийн машин хоёрыг зэрэг ирээд бид нарыг бүгдийг нь гэмтлийн эмнэлэг аваад явсан...”

“...Миний хувьд Батчимэг, Наран, Нямбуу нарт гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Наранд эмчилгээний мөнгө 200,000 төгрөг нэхэмжилсэнийг өөрт нь төлж барагдуулсан...” /хх-ийн 48-49, 68 х/ болон

 Мөн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 19:10:47 минутад түргэний эмч В.Цэрэнхүү нь СХД-ийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн тухай баримт /хх-ийн 79х/, хохирогч Б.Нарангийн 20063 дугаартай өвчний түүх /хх-ийн 104-110х/, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, “...хохирогч Г.Нямбуу, Э.Батчимэг нарын” /хх-ийн 139-140х/, Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар түр саатуулах тухай тэмдэглэл: /хх-ийн 123-125х/, Г.Нямбуу, Б.Наран, Э.Батчимэг нарын тайлбарууд /хх-ийн 13-17х/, Хохирогч Б.Наран, Г.Нямбуу, Э.Батчимэг нарын хүсэлт /хх-ийн 53, 54, 126, 132-133 х/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 х/, Хорооны тодорхойлолт /хх-ийн 69 х/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 х/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд шүүгдэгч Д.Мягмарыг танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд үндэслэл нотолгооны хувьд эргэлзээтэй байна.

Харин шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд: шүүгдэгч Д.Мягмар нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Овоо 34 дүгээр гудамжны 09 тоот өөрийн гэртээ эхнэрээ өөр бусадтай хардсан болон өөрийг нь эзгүй хойгуур орон гэрийг нь эзгүйчиллээ  гэсэн шалтгаануудын улмаас тус гэрт байсан Э.Батчимэг, Б.Наран, Г.Нямбуу нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

            Хохирогч Б.Нарангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...            2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчим найз Нямбуутай уулзаад 1 шил 0,5 литрийн Арвай архи авч гудамжинд хувааж уучихаад  ахиад 0,5 гр архи аваад Нямбуу бид 2 Мягмарын гэрт  очиж  эхнэр Батчимэгтэй нь хамт  архиа хувааж уусан. Батчимэг дахиад 1 шил архи аваад өгөөч гэсэн ба би гараад гудамжных нь үзүүрт байдаг дэлгүүрээс 0,75 литрийн Стандарт архи  аваад буцаж очсон ... Нямбууг тасраад унахаар нь Батчимэг бид хоёр бэлгийн ажил хийсэн. Бэлгийн харилцаанд орж байхад Мягмар орж ирсэн, Мягмар над руу “чи яах гэж гэр эзгүйчилж ирсэн юм бэ” гээд уурлаад дайрсан. Хэдийд нь хаана байсан хутга авсаныг ч сайн мэдэхгүй байна, миний толгой руу 2-3 удаа хутгаараа цохьсон. Тэгэхэд нь би гараараа хаагаад гараа зүсүүлчихсэн. Би тэр үед нилээд согтуу байсан. Эхнэртэй нь бэлгийн ажил хийлээ гээд надруу уурлаад дайрсан. Миний хувьд Мягмарыг хараагүй байх гээд цаашид гэр бүлийн маргаан гаргаад яахав гэсэндээ баруун талд сууж байсан гэж худлаа хэлсэн юм аа....” гэсэн мэдүүлэг \хх-ийн 22-23, 58 х, шүүх хуралдааны тэмдэглэл\

 

Хохирогч Э.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим намайг гэртээ ганцаараа байхад танил Наран, Нямбуу хоёр согтуу 1 шил 0,75 литрийн Арвай архи барьчихсан ирсэн ба бид нар архиа хувааж уугаад ахиад 0,75 литрийн Ерөөл архи авснаа хувааж уусан. Наран бид хоёр архи цуг ууж байгаад бэлгийн харьцаанд орсон. ...Мягмар гаднаас орж ирээд Наран руу  “чи арай ч дээ, яаж байгаа юм бэ, чи муу пизда өмдөө татаж ч чадахгүй байж манай эхнэрийн дээр гараад байхдаа яадаг юм бэ, айл эзгүйчлээд доромжиллоо” гэж уурлан  орилсон, тэгээд Мягмар, Наранг миний дээрээс татаж босгосон. Би Мягмарыг хутга аваад цохисныг нь сайн санахгүй байна, би салгах гэж дундуур нь ороод хацраа эсгүүлсэн. Нарантай хардсаны улмаас миний хацар дээр хутгаар зүссэн байх. Миний буруутай үйлдлээс тухайн үйл явдал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 60-61 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

          Хохирогч Г.Нямбуугийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Наран бид хоёр Мягмарын гэрт очиж, эхнэр Батчимэгтэй нь хамт авчирсан архиа хувааж уусан, нэг мэдэхэд би тасраад уначихсан байсан ба  нэг сэрсэн чинь хүмүүс орилолдоод байх шиг байсан. Наран хаалгаар гарах гээд мөлхөж байсан ба би дагуулаад хашааны гадна гарсан чинь гарнаас нь цус гарч байсан. Буцаж орсон чинь Батчимэгийн хацарнаас цус гарч байхаар нь би түргэн дуудахгүй бол болохгүй нь гэж хэлсэн. Би Мягмар, Наран хоёрыг салгах гэж байгаад зүсэгдэх шиг болсон, юугаар зүссэнийг нь сайн санахгүй байна...” /хх-ийн 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8048 дугаар дүгнэлтэд:

Нарангийн биед тархи доргилт, дух, сарвууны гүнзгий, баруун чих нурууны өнцөг зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 32 х/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8042 дугаар дүгнэлтэд:

Батчимэгийн биед зүүн хацар, зүүн чихний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36 х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8020 дугаар дүгнэлтэд:

Нямбуугийн биед баруун хацрын зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 40 х/

 

Гэрч В.Цэрэнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт хүний их эмчээр ажилладаг ба тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаанчулуутын хогийн цэг явах замд толгойноос цус алдсан, зодуулсан согтуу хүн байна гэсэн дуудлага ирсэний дагуу очиход дуудлага өгсөн гэх хүмүүс байгаагүй, Улаанчулуутын хогийн цэгээс 26 дугаар хороо явах зам дагуу замын хойд талд  байсан хоёр эрэгтэй дээр очиход Нямбуу гэх залуугийн толгой нүүр цус болсон байдалтай, гарсан цус хатсан, цус алдалт зогссон, Наран гэх эрэгтэйн зүүн гарын шуу хэсэг цагаан цамцаар даралттай боолт хийж боосон байдалтай, цус алдалт зогссон байсан. Эдгээр хүмүүст анхны тусламж үзүүлж ариутгаж боолт хийж гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулахаар авч явах гэхэд хоёр эрэгтэй нь бас  эмэгтэй хүн гэмтсэн байгаа, тэр хүний цус тогтохгүй байгаа гэх мэдээллийн дагуу нөгөө эмэгтэйг олж үзлэг хийхэд Батчимэгийн чих, толгойн хэсэг нь зүсэгдсэн байдалтай цус алдалт зогссон, үс нилэнхүйдээ цус болж хатсан байдалтай байсан. Энэ тухай ээлжийн ахлагчдаа мэдэгдэж, мөн 102 дугаарт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 х/

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э.Батчимэг, Г.Нямбуу, Б.Наран нарын биед учирсан дээрх гэмтэл нь  хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Дээрх хүмүүст учирсан гэмтлүүд нь засаршгүй гэмтэлд хамаарахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар засаршгүй гэмтэлд  нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овоорч хатуурч эсхүл доош татаж хонхойсон сорви үүссэн  гэх мэт гэмтлүүд учирсан байхыг шаарддаг ба уг гэмтлүүд нь мэс заслын аргаар засрах боломжтой. Харин нүүрний хэлбэр дүрс алдагдуулаагүй сорвиуд засрашгүй гэмтэлд хамаарахгүй гэж заасан байдаг тул Батчимэг, Б.Наран, Г.Нямбуу нарын биед учирсан гэмтэл нь засаршгүй гэмтэлд хамаарахгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-102 х болон шүүх хуралдааны тэмдэглэл/

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт \хх-ийн 5-12 х\ “...Хэрэг болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 3-9 тоот хашаа байх ба хашааны хаалганы урд газрын хөрс, хашааны хаалганаас гэрийн  үүд хүртэл 13 метрийн зайд газрын хөрс, гэрийн хаалганаас баруун урагш 3,6 метрийн зайд  газрын хөрс, гэрийн хоймор хэсгийн матрасны баруун урд булан хэсгээр, гэрийн баганын  доороос урагш  газар  зэрэгт цус мэт зүйл хатаж бохирлогдсон, хоймор хэсэгт байх ногоон алаг  өнгийн хивсэн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байв.  ... Үзлэгийн явцад цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хүрэн улаан өнгийн цамц 1 ширхэг, бор шаргал өнгийн иштэй, 32 см урттай, 4 см өргөнтэй, ажлын хэсэг 19.5 см урттай, ажлын хэсэг дээрээ бага хэмжээний цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, 3 ширхэг архины шил,  дотроо цус  мэт улаан  хүрэн өнгийн зүйлтэй цагаан өнгийн таваг  зэргийг  хураан авав” гэх,

 

Шүүгдэгч Д.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 34-9 тоот гэртээ ороход хойморын матрасан дээр манай эхнэр Батчимэг, Наран нар хурьцал үйлдэж байсан. Гэрийн баруун талд Нямбуу хувцасны шүүгээний баруун талд тасарчихсан атиралдаад унтаж байсан. Манай эхнэрийн өмдийг болон өөрийнхөө өмдийг өвдөг хүртэл нь тайлчихсан байсан. Миний уур хүрээд гал зуухны төмөр шүүгээнээс хоол хийдэг балиус аваад Нарангийн дух хэсэгт 2 удаа хутганы ир хэсгээр цохисон. Гараараа хаахаар нь гар руу нь 2 удаа ир хэсгээр нь цохисон. Энэ үед Нямбуу, Батчимэг хоёр сэрээд бид хоёрыг салгах гээд бүгд зууралдаж байхад би хутгаараа Батчимэг, Нямбуу хоёрын хацрыг исгэсэн байсан. Миний хувьд Батчимэг, Наран, Нямбуу нарт гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 48-49, 68 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан дээрх баримтуудыг шинжлэхэд шүүгдэгчийг анхнаасаа танхайрахад чиглэгдсэн гэмт санаатай үйлдэл хийгээгүй буюу олон нийтийг илтэд үл хүндэтгэн айлган түгшээх, жигшил дургүйцлийг нь төрүүлэхээр тийм орчин нөхцлийг бүрдүүлж, өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгахыг хүсэж эрмэлзэх зэргээр эмх замбараагүй байдал бий болгосон буюу догшин авирласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогч Э.Батчимэг нь гэртээ хохирогч Б.Наран, Г.Нямбуу нарын хамт архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдал, улмаар Б.Нарантай гэр бүлээс гадуурх харилцаанд орсон буюу түүнтэй хурьцал үйлдсэн гэх  “зүй бус байдал” нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх ба шүүгдэгч нь тухайн үйл явдалд дургүйцэн хутга хэрэглэн Б.Наран, Э.Батчимэг, Г.Нямбуу нарын бие махбодид гэмтэл учруулсныг хохирогч нар болон шүүгдэгчийн хэн аль нь үгүйсгээгүй  тул  гэм буруугийн сэдэлт, зорилгын хувьд “хувийн сэдэлт”-тэй гэж үзэх үндэслэл болно.

Хэдийгээр хохирогч Б.Наран, Э.Батчимэг нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдон өгсөн анхны мэдүүлэгтээ өөр хоорондоо гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаанд орж хурьцал үйлдсэн тухайгаа хэлээгүй, мэдүүлээгүй шалтгаанаа гэр бүлийн маргаан гаргахыг хүсээгүй гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй, энэ нь өөр бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаагүй болно.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Мягмарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Мягмарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Д.Мягмарын өмгөөлөгч нарын зүгээс гаргасан дараах саналуудыг хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал,

            1. Шүүгдэгч Д.Мягмар нь Б.Наран, Э.Батчимэг нарыг хурьцал үйлдэж байхыг хараад сэтгэл санаа нь цочрон давчидсан гэх саналын тухайд:

             Хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу баримт сэлт, мэдээллээс үзэхэд шүүгдэгч өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдах, хяналт тавих чадвар, боломж нь алдагдаж, сэтгэл санааны гүн цочролд орсон гэж үзэх үндэслэл  тогтоогдоогүй байна. Тодруулбал, шүүгдэгч нь гэр лүүгээ орох явцдаа болсон гэх үйл явдлыг ажиглаж мэдсэн, үүний дараа өөрийн хүссэн буюу чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж өөрийн үйлдлээ өөрөө төгсгөсөн зэрэг нь шүүгдэгч тухайн үед өөрийн үйлдлээ тодорхой төлөвлөсөн буюу удирдан хянаж байсан байх тул сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 840 дугаар дүгнэлтэд шүүгдэгч Д.Мягмарыг тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан төдийгүй сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй тухай дүгнэснээс /хх-ийн 90-91х/ гадна шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Байгалмаа, В.Баярмаа нар нь өөрсдийн гаргасан дүгнэлтийн агуулгыг тайлбарлаж “...тухайн хэрэг болох үед Мягмар нь 200 грамм согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх өгүүлэмжтэй байсан. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг бол архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн хүнд үүсдэггүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөлд тухайн хүний сэтгэл хөдлөлийн байдал өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг бол сэтгэцийн хувьд эрүүл хүнд үүсдэг. Маш богино хугацаатай үргэлжилдэг, сэтгэл хөдлөлийн маш хүчтэй хариу урвал гэж үнэлдэг. Харин Мягмарын хувьд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдсан гэх ойлголт байхгүй” гэж  мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/  байх тул дээрх дүгнэлт, мэдүүлгээр хэрэг болох тухан үед Д.Мягмарын сэтгэл санаа нь цочрон давчдаагүй болох нь давхар нотлогдон тогтоогдсон гэж үзэх үндэстэй.

            Шүүгдэгч Д.Мягмар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...тухайн өдөр 100 грамм архи уусан, хэрэг болох үед бараг эрүүл байсан” гэж мэдүүлж байгаа боловч түүнийг тухайн өдрийн шөнө захиргааны журмаар түр саатуулсан тухай баримтад Д.Мягмарын согтуурлын зэрэг нь 2 бүхэлтэй байсан /хх-ийн 125х/ нь тэмдэглэгдсэн байх тул түүний  дээрх мэдүүлэг нь үгүйсгэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Д.Мягмар нь хохирогч нарт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан боловч хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналын тухайд:

Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан  гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэг давтан үйлдэх нь нэг талаас гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэдэг, нөгөө талаас субьект нь  хоёр ба түүнээс дээш тооны нэг буюу нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдаг онцлогтой.

Д.Мягмар нь эхнэрээ бусадтай хардсаны улмаас Э.Батчимэг, Б.Наран, Г.Нямбуу нарын эрх чөлөөнд халдаж бусдын биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан төдийгүй  тус хэргийн обьект нь өөр өөр тул давтан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Д.Мягмарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 71 зүйийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “...хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлд хамаарахгүй тул түүнд холбогдох хэргийг “хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Мягмар нь хохирогч Б.Наранд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлснийг хохирогч Б.Наран нь хүлээн зөвшөөрсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хүсэлт авагдсан /хх-ийн 58, 126 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ хохирогч Г.Нямбуу, Э.Батчимэг нар нь  хохирол нэхэмжлээгүй ба цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 28-29, 53-54, 60-61 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх тул Д.Мягмарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн иштэй, 32 см урттай, 4 см өргөнтэй, ажлын хэсэг 19.5 см урттай хутга 1 ширхэг, “Монгол стандарт” гэсэн бичигтэй 0,75 литрийн лонх 1 ширхэг, “Монгол стандарт” гэсэн бичигтэй 0,5 литрийн лонх 1 ширхэг, Арвай гэсэн нэртэй 0,5 литрийн лонх 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар таваг 1 ширхэг, улаан өнгийн ноосон цамц, цус мэт зүйлээр бохирлогдсон шорооны дээж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Мягмар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шаргачин овогт Доржийн Мягмарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Мягмарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Д.Мягмарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Мягмарт оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Д.Мягмарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн иштэй, 32 см урттай, 4 см өргөнтэй, ажлын хэсэг 19.5 см урттай хутга 1 ширхэг, Монгол стандарт гэсэн бичигтэй 0,75 литрийн лонх 1 ширхэг, Монгол стандарт гэсэн бичигтэй 0,5 литрийн лонх 1 ширхэг, Арвай гэсэн нэртэй 0,5 литрийн лонх 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар таваг 1 ширхэг, улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шорооны дээж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмцогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мягмарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           9. Эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мягмарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ     

                         

                      ШҮҮГЧИД                                      Л.БААТАР

 

                                                                              Ц.ОЮУНЧИМЭГ