Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 30

 

А, А, У, Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2019/0030/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор: П.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав, 

Хохирогч А, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан, 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “Ариг” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэг, шүүгдэгч А- нарын давж заалдах гомдлоор А, А, У, Б нарт холбогдох эрүүгийн 2015250000246 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотод 1966 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Доод салхит зээлийн 05-р байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Д-н  А, 

Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ариг” банкны 3 дугаар хороололд байрлах салбарт зөвлөлийн халамжлагчаар ажилладаг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 56г-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт А-н У,

Улаанбаатар хотод 1964 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 23-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай О овогт Ц-н А,

Улаанбаатар хотод 1968 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч, багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 20-336 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б-н Б, 

Шүүгдэгч А нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б, А нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоот орон сууцыг түрээслэх явцдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг  урвуулан 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д-г “1 сарын хугацаатай банкинд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэж хуурч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн С-т зарж 62800000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан,

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариг” банкны зээлийн эдийн засагч У-тай бүлэглэн “Найдвартай зээлдэгч тул зээл өдөртөө гарна, зээлээ хаачихвал 21000000 төгрөгийн зээл өдөртөө авна” гэж хуурч, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж С-ээр өөрийн нэр дээр "Ариг" банкнаас авсан зээлийн үлдэгдэл 18925000 төгрөгийг төлүүлж үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар Сувд” дэлгүүрээс хохирогч Э-г хуурч монетон хослол, ээмэг бөгж, кулон, мөнгөн ээмэг, зүүлт зэрэг эд зүйлийг залилан авч 4049500 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” зочид буудалд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж пирамид тогтолцооны луйврын аргаар хохирогч Ж 1000000 төгрөг, хохирогч Л 1000000 төгрөг, хохирогч Т 1000000 төгрөг, хохирогч А 1000000 төгрөг, хохирогч О 2000000 төгрөг, хохирогч Б 1000000 төгрөг, хохирогч О 1000000 төгрөг, хохирогч Б 1000000 төгрөг, хохирогч Н 1000000 төгрөг, хохирогч Ж 1000000 төгрөг, хохирогч Д 1000000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 13000000 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 85774500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч У нь “Ариг” банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж шүүгдэгч А-тэй бүлэглэж 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” банкинд иргэн С.А-ээр зээл чөлөөлүүлэх нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.А-т 18925000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б- нь шүүгдэгч А- А- нартай бүлэглэн С- дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоот орон сууцыг түрээслэх явцдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2014 оны 3 сард хохирогч Д-г “1 сарын хугацаатай банкинд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэж хуурч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн С-т зарж, 62800000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А- нь шүүгдэгч Б-, А- нартай бүлэглэн С- дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоот орон сууцыг түрээслэх явцаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2014 оны 3 сард хохирогч Д-г “1 сарын хугацаатай банкинд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэж хуурч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн С-т зарж, 62800000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Хэнтий аймгийн  Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: С- дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-н А-д холбогдуулан олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 13.000.000 төгрөгийг залилах гэмт хэргийг үйлдсэн  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, 

Шүүгдэгч Б овогт Д-н А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, нийт 98.774.500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б овогт А-н У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 18.925.000  төгрөгийг залилсан гэмт хэргийг, 

Шүүгдэгч Б овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 62.800.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг, 

Шүүгдэгч О овогт Ц-н А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 62.800.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Д-н А-ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар шүүгдэгч Б овогт А-н У-г 02 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар А-, Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-, У- нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн цагдан хоригдсон 279 /хоёр зуун далан есэн/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч А- нь 28 /хорин найман/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, 

Анхны  ардчилсан  сонгууль  болж  байнгын  ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 

Шүүгдэгч Б-, У- нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий нокиа загварын хар өнгийн гар утас, 62.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий С- дүүргийн 3 дугаар хороо 43-р байрны 2-17 тоотод байрлах нэг өрөө байрыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-, А-, Б- нараас 62.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж шүүгдэгч А-ээс 20.933.333 /хорин сая есэн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг, шүүгдэгч А-ээс 20.933.333 /хорин сая есэн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг, шүүгдэгч Б-ээс 14.933.333 /арван дөрвөн сая есэн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д-д,

Иргэний хариуцагч Ариг банкнаас 15.925.000 /арван таван сая есэн зуун хорин таван мянга/ төгрөгийг  гаргуулж хохирогч С.А-т,

Шүүгдэгч А-ээс 2.243.000 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э-д тус тус олгож, хохирогч Ж, Л, Т, А, Б, О, Б, Н, Ж, Д, О нарын хохирол төлөгдсөн болохыг, иргэний хариуцагч Ариг банк нь гэм буруутай этгээдээс хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б-, У- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч тус тус заан шийдвэрлэжээ. 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэний хариуцагч “Ариг банк” ХХК”-иас 15925000 төгрөгийг гаргуулж хохирогч С.А-т олгохоор шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан хэдий ч тус хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасныг шүүх харгалзан үзээгүй, иргэний хариуцагч банкийг буруутай мэтээр дүгнэсэн нь буруу байна гэж үзэж байна. 

Уг хэрэгт хохирогч А- нь тухайн зээл чөлөөлөх асуудалд өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан.  Хохирогч А- “...У- нь зээл шийдэгдэнэ, зээл олгох хорооны хурлаар ороод шийдвэр гарсан гэж хэлсэн...” хэмээн мэдүүлсэн байх бөгөөд тухайн үед зээлийн хорооны шийдвэрийг өөрөө шаардаж харах, танилцах бүрэн боломжтой байсан. Мөн эдийн засагч /зөвлөн халамжлагч/ Уянгыг удирдах дээд шатны эрх бүхий албан тушаалтан болох салбарын захиралтай уулзаж учир байдлыг хэлж тус зээл батлагдсан талаар асууж тодруулах бүрэн боломжтой байсан бөгөөд илт өөрийн хайхрамжгүй буруутай үйл баримт харагдаж байна гэж үзэж байна. Иймд А- нь санаатай буюу илтэд болгоомжгүй хандаж үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй байна. 

Хохирогч А- болон түүний нөхөр Б нар нь зээл чөлөөлүүлэх талаар зар тавьсан нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог ба үүнээс асуудалд болгоомжгүй хандсан гэдэг нь харагдаж байна. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг баримтлан иргэний хариуцагч “Ариг банк” ХХК-ийг хариуцлагаас  чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна. 

“Ариг банк” ХХК болон Уянгын зүгээс А- рүү утсаар холбогдож зээл чөлөөлөх талаар ярилцаж тохирсон зүйл огт байхгүй бөгөөд У- нь ажил үүргийн хуваарийн дагуу зээлдэгч А-ийг зээлээ төлж барагдуул гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Ер нь банкнаас авсан зээлээ төлж барагдуулах талаар зээл олгосон ажилтан эдийн засагч шаардах эрхтэй юм. Түүнээс биш банкны буруутай үйлдлээс болж иргэн А-ийн зээлийг хохирогч А- хаасан асуудал огт байхгүй бөгөөд анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж, илт банкийг буруутгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед яригдсан, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар ”Ариг банк” ХХК-ийн эдийн засагчаар ажиллаж байсан Уянгыг эрх бүхий албан тушаалтан гэж үзэж “Ариг банк” ХХК, хуулийн этгээдийг холбогдуулан иргэний хариуцагчаар татсан явдал нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т зааснаар “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байдаг. Гэтэл эдийн засаг У- нь хуулийн этгээд банкийг төлөөлж хариуцах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд зээл олголтыг болон зээл олгох шийдвэрийг бие даан ганцаараа шийдвэрлэдэг албан тушаалтан биш юм. Тухайн зээлийн олгохын тулд тухайн хорооны хурлаар хэлэлцэх /3-4 хүний бүрэлдэхүүнтэй/ зээл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагч ”Ариг банк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч А- давж заалдах гомдолдоо: Миний бие 53 настай, ам бүл 8, 3 охин, зээгийн хамт өрх толгойлж амьдардаг. Миний бие 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн хоригдоод 279, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхээс ял аваад 41, нийт 320 хоног хоригдож байна. 

Миний бие цагдан хоригдож байх хугацаандаа 10-21 хоногийн хугацаатай 10 удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд биеийн эрүүл мэнд маш хүнд байдаг. Би тус ангид цагдан хоригдохоосоо өмнө 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Эх нялхсын эрүүл мэндийн улсын төвд 2,5 килограмм жинтэй улмайн хүзүүний хоргүй хавдар авахуулж, хагалгааны дараах шоконд орж, улмаар гэдэсний түгжрэл үүсч сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан боловч хагалгааны шарх эдгээгүй, шокноосоо гараагүй байхдаа хоригдсон. 1995 оноос хойш удамшлын өвчин болох үе мөчний өвчин, нойр булчирхайн архаг үрэвслүүдийн улмаас байнга эмчийн хяналтад байдаг. Энэ хугацаанд 5 удаа хагалгаанд орж байсан. Суурь өвчин ихтэйн улмаас сүүлийн хагалгааны дараа сахарын шижин өвчний хоёрдугаар хэлбэр, зүрхний зүүн ховдлын томролт гэсэн өвчнүүд нэмэгдсэн. Цагдан хорих байрны чийгтэй, хүйтэн, бохир нөхцөлд удаан хугацаагаар хоригдсоны улмаас үүссэн зүрхний хэм алдалт, даралт ихсэх, хамгийн аюултай нь хавдрын хагалгааны баруун талд үүссэн том хэмжээний хатуу, эмзэглэл, өвчтэй, юу нь үл мэдэгдэх өвчний зовиур болох халуурах, хатгуулж өвдөх, хордлого, үрэвсэл зэрэг нь миний энэ олон өвчний суурин дээр маш хүнд хэцүү байна. 

Цагдан хорих 401 дүгээр ангийн мэргэжлийн мэс засалч эмчийг дуудлагаар авчирч миний биеийг үзүүлэхэд гуравдугаар шатлалын эмнэлэгт эмч нарын хяналтад мэс засалд орох шаардлагатай гэсэн онош тавьсан. Миний бие урьд өмнө олон удаа бүтэн биеийн мэдээ алдалтаар мэс засалд орж байсан учраас энэ мэс заслаас их айж байна. Миний бие ямарч дархлаа, хагалгааны гам барилт байхгүй, зүрхний хэм алдагдаж, сэтгэл санааны хямралд маш их орсон байгаа учраас хагалгааг даана гэдэгтээ итгэхгүй байна. Иймээс миний биед үүсээд байгаа энэ хүнд өвчний аюулыг бодолцож өгнө үү. 

Миний ар гэрийн амьдрал маш хүнд байна. 1995 оноос хойш өөрийн гэр оронгүй болж, гурван охиныгоо дагуулан түрээсийн хашаа байшин, нийтийн байр, орон сууцаар амьдраад өдий хүрсэн. Бага охин Х маань насанд хүрээгүй, одоо 12 дугаар ангиа төгсөж, ажил, амьдралаа сонгох маш эргэлзээтэй үедээ явж байна. Дунд охин Х маань 19 настай, 0-3  насны хоёр нялх хүүхэдтэй тул ажил хийдэггүй, нөхөргүй, хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөөр амьдарч байна. Миний хань Э нь 2018 оны  02 дугаар сарын 21-нд 49 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзэж 3 охин 4 зээ маань өнчрөх хагацлыг үзээд удаагүй байх үед нь ээж нь хоригдсон тул хүмүүст адлагдаж, нүд үзүүрлэгдэж байгаа болов уу гэхээс гол минь харлаж, зүрх минь зүсэгдэх шиг болж байна. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ яллагдаад зогсохгүй, хүүхдүүдээ давхар зовоож байгаадаа маш их харамсаж байгааг минь харгалзан үзэхийг хүсэж байна. 

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдсэн өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн” гэх гэмт хэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцоогүй байсан байна. Тийм учраас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үүссэн энэ хэргийг шүүх гэмт хэрэгт тооцохгүй гэж үзсэн ба учруулсан 13000000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. 

2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар сувд” дэлгүүрээс хохирогч Эрдэнэчимэгийг хуурч монетон хослол, ээмэг бөгж, кулон, мөнгөн ээмэг зүүлт зэрэг эд зүйлийг залилан авч 4049500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь эрүүгийн хэрэг биш юм. Бид нар олон удаа паданаар бараа, мөнгөний тооцоогоо хийж байгаад сүүлийн тооцоог өгч чадаагүй бөгөөд энэ гэм буруугаа хүлээсэн. Шүүхээс тогтоосон 2243000 төгрөгийг гаргаж өгөхөө амлаж байна. 

2015 оны 3 дугаар сарын 14-нд шүүгдэгч Б-, А- нартай бүлэглэн С- дүүргийн 3 дугаар хороо, 43-р байр 2-17 тоот Д-гийн өмчлөлийн орон сууцыг итгэлийг урвуулан залилсан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөл үзүүлэхийг хүсэж байна. 

Хохирогч Д-д төлөх 62800000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах шүүхийн тогтоолыг зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 

Мөн А-д оногдох 20933000 төгрөгөөс урьд өмнө Д-д төлж байсан 7024000 төгрөгийг хасуулж тооцож өгөхийг хүсэж байна. Би энэ төлбөрийг өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр хохиролгүй болгохоо баталж байна. Иймээс миний биеийн эрүүл мэндийн байдал, ар гэр, үр хүүхдүүдийн минь амьдрал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулж байгаа байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялын үлдсэн ялыг хорихоос өөр ял болгож өөрчилж өгнө үү гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь судалж, бодитой үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд ганцхан зүйл дээр гомдолтой байна. 

Анхан шатны шүүх 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаас хойш шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Өршөөлийн хууль хэрэглэх боломжгүй бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзсэн. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг. Миний үйлчлүүлэгчийн хамгийн сүүлийн хийсэн үйлдэл нь 2015 оны 5 дугаар сарын 23, эхний үйлдэл нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үйлдэл байдаг. Эдгээр үйлдлүүдийг шүүх тогтоогүй, Өршөөл үзүүлэх тухай хууль гарсны дараа хийгдсэн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн үйлдлүүд нь тус хугацаанаас өмнө үйлдэгдсэн байх бөгөөд өршөөлд хамруулахгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Миний үйлчлүүлэгчийн ар гэрийн амьдрал маш хүнд байгаа бөгөөд хань Эрдэнэбилэг нь 2018 оны  02 дугаар сарын 21-нд 49 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзэж 3 охин 4 зээгийн хамтаар өнчрөн үлдэж, 1995 оноос хойш өөрийн гэр оронгүй болж, гурван охиныгоо дагуулан түрээсийн хашаа байшин, нийтийн байр, орон сууцаар амьдарч ирсэн. Өөрийн хийсэн алдаандаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулж байгаа байдлуудыг харгалзан, Өршөөлийн хуульд хамруулж, миний үйлчлүүлэгчид ашигтайгаа шийдэж өгнө үү гэжээ. 

Хохирогч С.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй үзэж байна. Би иргэн У-д огт итгээгүй, У-г “Ариг” банкийг төлөөлж эдийн засагчаар ажиллаж байсан учир “Ариг” банкинд итгэсэн. Гэтэл У- миний тархи толгойг угааж, намайг залилсан. Банкны эдийн засагчид итгэсэн нь миний буруу байсан гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. 

“Ариг” банк нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгч Уянгын гэм буруугийн талаар маргаагүй байдаг. Мөн шүүгдэгч У- нь “Ариг” банкны эдийн засагчаар ажиллаж байхдаа А-ийг зээлийн үлдэгдэл 18925000  төгрөгийг төлөхгүй 180 хоног хугацаа хэтрүүлж байсан учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. А-ийн авсан зээлийн барьцаа нь Байгальмаа гэх нэр дээр байсан ба тус зээлийн барьцааг чөлөөлөхийн тулд бодит байдлыг гуйвуулах замаар хохирогч А-т “зээлийг чөлөөлөх юм бол 21000000 төгрөгийн зээл авах боломжтой” гэж итгүүлж, нөхцөл байдлыг нуун залилан мэхэлж, хохирогчоор зээлийг чөлөөлүүлж банкийг хохиролгүй болгосон. Энэ талаарх шүүхийн шийдвэрт “Ариг” банк давж заалдах гомдол гаргаагүй байна.  

“Ариг” банкны давж заалдах гомдлын үндэслэл нь шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэсэнд байдаг. Учир нь шүүгдэгч  Уянгыг “Ариг” банкны албан тушаалтан биш гэж үзэж байна. Гэтэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тодорхой заасан байдаг. Тухайн үед шүүгдэгч У- нь “Ариг” банкинд ажиллаж байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Шүүгдэгч нь У- нь Б-н хувийн орон сууцны гэрчилгээг суллаж өгөх санаа зорилготойгоор энэ асуудлыг хийсэн нь харагддаг. Энэхүү хохирлыг төлөх ёстой албан тушаалтан биш гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасныг баримтлан хохирогч А-ийг илтэд хайхрамжгүй хандсан гэж үзэж байна. Банкны үйл ажиллагаа зээлдэгчийн нууц, зээлийн хорооны шийдвэрийг хэнд ч үзүүлдэггүй. Хохирогч А- нь эдийн засагч У- болон “Ариг” банкийг найдвартай гэж үзэж итгэсэн байдаг. Иймд хохирогчийн үйлдлийг болгоомжгүй гэж үзэх боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг хэрэглэн “Ариг” банкнаас хохирлыг гаргуулахаар заасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

С- дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууд оногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний хувьд гэм буруугийн хувьд маргахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар  А, А, У, Б нарт холбогдох эрүүгийн хэргийг иргэний хариуцагч “Ариг” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүгдэгч А нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч А, Б, А нар нь бүлэглэн А-ийг С дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоот орон сууцыг түрээслэх явцад урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг  урвуулан 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдөр хохирогч Д-г “1 сарын хугацаатай банкинд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэж хуурч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн С-т зарж 62800000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д-гийн эзэмшлийн орон сууцны шилжилт хөдөлгөөний мэдээллийн баримтууд /1хх-ийн 38-52 хуудас/, 

Хохирогч Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн байраа 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр А- эмэгтэйд сарын 500000 төгрөгөөр 6 сараар нь мөнгийг нь аваад түрээслүүлсэн. А- 2014 оны 5 дугаар сарын үед надаас “байрны ордерийг чинь нэг сарын хугацаатай банкинд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэхээр би зөвшөөрөөд ордероо өгчихсөн юм. А- миний байрыг “Капитал” банкинд 30 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Би тэрнээс нь нэг ч төгрөг аваагүй. ...дараа нь хувь хүнд тавиад 40 сая төгрөгийн зээл авсан. ...худалдах худалдан авах гэрээ гэж ойлгоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, 

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээ /4хх-ийн 57-68 хуудас/, 

Шүүгдэгч А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д, А, Б бид дөрвүүлээ хамтраад наймаа хийнэ гэж тохирсон. 50 сая төгрөгөөр уг байрыг зарна гэж байсан. Барьцаанд байсан байрыг чөлөөлсөн. ...Байрны эрхийг шилжүүлэх үед Б- А- бид 4 хамт байсан. ...Ариг банкны 18 сая төгрөгийг банкинд төлсөн. ...Эхний 30 сая төгрөгийг Д-тэй хамт очиж авсан. Зээл авсан өдрөө хамтран ажиллах талаар гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...А-, А- нар мөнгө болсон. Хятад руу бараанд явъя гэж хэлсэн. Надад 3280000 төгрөг зээлсэн. ...Би авсан мөнгөнөөсөө 200000 төгрөгөөр 2 удаа нийт 400000 төгрөгийг өгсөн. ...Манай хүүхэд Т 130000 төгрөг өгсөн. Нийт 530000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 112-113 хуудас/, 

... дараа нь намайг бараанд цуг яваад өгөөч би чамд 3 сая төгрөг өгье. Үүгээрээ жаахан бараа авчих гэхээр нь тэр мөнгийг нь авсан. Тэрнээс би Д- гэдэг хүний байрыг зараад надад мөнгө өгөөд байна гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 152-153 хуудас/,  

...А-, А- нартай гэрт байж байхад А- банкнаас зээл чөлөөлдөг таньдаг хүн байна уу гэж асуухад би надад байхгүй, харин зар сонин дээр бүх юм байдаг юм байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 3 хуудас/, 

Шүүгдэгч А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А-, Д-гийн байрын түрээслэхээр болсон. ...засвар хийгээд А-ийн охин тэнд амьдрах болсон. ...А- ажил бүтээх гээд байна гээд л надаар 12 сая төгрөг зээлсэн гэсэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Би халамцуу байсан болохоор зураад өгчихсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 148-150 хуудас/, 

...2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр А-, Б- нар манай гэрт ирсэн. Манай нэг хуурай эгч байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэж хэлсэн. Орон сууцны хамтран эзэмшигч нэмэх хасах хэлцлийг хийсэн. А- гэрчээр гарын үсэг зурсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн 216 хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 сарын 17-ны өдрийн 5281 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...А-ийн гэх бичгийн хэвийн туршилтын загвартай тохирно” гэх шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 250, 7хх-ийн 01-04 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч А-, У- нар нь бүлэглэн У-г Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариг” банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байхад 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Найдвартай зээлдэгч тул зээл өдөртөө гарна, зээлээ хаачихвал 21 сая төгрөгийн зээл өдөртөө авна” гэж хуурч, С.А-ээр өөрийн нэр дээр “Ариг” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 18925000 төгрөгийг төлүүлж үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр А- манай нөхөр рүү залгаад өнөөдөр зээл чөлөөлөөд өгөөч гэсэн. Тэгээд “Ариг” банкан дээр А-тэй очоод зээлийн эдийн засагч У-тай уулзахад А- манай найдвартай зээлдэгч үдээс хойш гэхэд 21 сая төгрөг гарчихна гэхээр нь итгээд А-д 18925000 төгрөгийг тоолж өгсөн. А- 18400000 төгрөгийг касс дээр нь тушаасан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 213-217 хуудас/,

Шүүгдэгч А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У- манай банкнаас танд боломж олгох гэж байна. Зээлээ чөлөөлөөд 36 сарын хугацаатай дахин зээл авч болно гэж хэлэхэд Байгалмаа эгч би 36 сарын хугацаатай зээлийг зөвшөөрөхгүй байна. 3 сараас илүү хугацаа өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл У- манай банкнаас өгч байгаа хугацаа, тэрнээс өмнө төлөлт хийж болно гэж хэлсэн. Тэгээд дахин зээл авахаар болсон. У- нь манай банкны эрхлэгч нар хоорондоо ярилцаад зээл олгохоор болсон. Итгэж болно гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 245-246 хуудас/, 

Шүүгдэгч У-н мөрдөн байцаалтад өгсөн: “...А- зээл төлөхөөр нэг эмэгтэй хүнтэй орж ирсэн. Тэр хамт явсан эмэгтэй надаас би энэ хүнийг таньдаггүй юм. Энэ хүний зээлийг чөлөөлөх гэж байгаа юм. Мөнгө нь гарвал энэ дугаар руу залгаарай гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Зээлээ төлөхгүй 90-ээс дээш хоносон. 180 хоног болсон учраас шүүхэд хандсан. 2 дахь удаагаа авах гэж байгаа гэж хэлсэн байж магадгүй. Нэг эмэгтэй зээл чөлөөлнө гэж орж ирсэн. А- зээл чөлөөлүүлнэ гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-212 хуудас/, 

Хохирогч С.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А-д итгээгүй. ...Банкны найдвартай зээлдэгч, 1 цагийн дараа зээл гарна гэсэн болохоор итгэсэн. 18925000 төгрөгийн зээл төлсөн. “Ариг” банкнаас 18925000 төгрөг нэхэмжилж байгаагаас А-ийн төлсөн 3000000 төгрөгийг хасаад 15925000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2167 дугаар шүүгчийн захирамж, зээлийн болон барьцааны гэрээ, Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан Ариг банкны нэхэмжлэл /2хх-ийн 26-27, 28-29, 60 хуудас/, 

Шүүгдэгч А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би “Ариг” банкнаас Б-тай хамтарч зээл авсан. 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эдийн засагч У- намайг дуудсан. Зээлийг төлөөд дахиад 21 сая төгрөг гаргаж өгнө гэсэн.  Б зөвшөөрсөн. ...19 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд 18925000 төгрөгийг банкинд төлсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч А- нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар Сувд” дэлгүүрээс хохирогч Э-н хуурч монетон хослол, ээмэг бөгж кулон, мөнгөн ээмэг зүүлт зэрэг эд зүйлийг залилан авч 4049500 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “....2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр А- ирж 2049000 төгрөгийн монетон эдлэл нэмж аваад явсан. Эхний үлдэгдлийг нэмээд 2743000 төгрөгийн авлагатай үлдсэн. 500000 төгрөгийг өгсөн. Одоо 2243000 төгрөгийг А- төлөх ёстой...” гэх мэдүүлэг /6хх-ийн 218 хуудас/, 

Гэрч А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э-с эхлээд 1300000 төгрөгийн бараа аваад 1023000 төгрөгийг өгөөд 277000 төгрөг үлдсэн. Дараа нь 2017 оны 5 дугаар сарын дундуур 2049000 төгрөгийн бараа зээлээр авсан. Мөнгийг нь өгч чадаагүй. 2017 оны 9 дүгээр сард тооцоо нийлж үзэхэд Э-д 3 сая төгрөгийн өртэй болсон байсан. Э-т 2017 оны 9 дүгээр сард 500000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 184-185 хуудас/, 

Гэрч Г “...хадам ээжийн хамт очиж 2049000 төгрөгийн бараа авсан. Эцсийн үлдэгдэл 2238000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /6хх-ийн 229 хуудас/, 

Хөрөнгийн үнэлгээ /4хх-ийн 222-224 хуудас/, 

Шүүгдэгч А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Э олон удаа зээлээр мөнгөн эдлэл авч байсан. Бид хоёрын дунд 277000 төгрөгийн зөрүү байсан. Өөр мөнгөний зөрүү байхгүй. 4049500 төгрөгийг зөвшөөрөхгүй. Би бүх төлбөрийг төлсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч А нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” зочид буудалд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ж-с 1000000 төгрөг, хохирогч Л-с 1000000 төгрөг, хохирогч Т-с 1000000 төгрөг, хохирогч А-с 1000000 төгрөг, хохирогч О-с 2000000 төгрөг, хохирогч Б-с 1000000 төгрөг, хохирогч О-с 1000000 төгрөг, хохирогч Б-с 1000000 төгрөг, хохирогч Н-с 1000000 төгрөг, хохирогч Ж-с 1000000 төгрөг, хохирогч Д-с 1000000 төгрөгийг тус тус залилан авч нийт 13000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г /5хх-ийн 49-50, 6хх-ийн 199 хуудас/, Л /5хх-ийн 52-53, 6хх-ийн 195 хуудас/, Т /5хх-ийн 55-56 хуудас/,  А /5хх-ийн 58-59 хуудас/ О /5хх-ийн 61-62 хуудас/, Б /5хх-ийн 64-65 хуудас/, О /5хх-ийн 67-68, 6хх-ийн 191 хуудас/, Б /5хх-ийн 70-71, 6хх-ийн 193 хуудас/, Н /5хх-ийн 73-74, 6хх-ийн 197 хуудас/, Ж /5хх-н 76-77 хуудас/, Д /5-р хх-н 80 хуудас/ нарын мэдүүлгүүд, иргэний хариуцагч Э /5хх-ийн 82-83 хуудас/, Д /5хх-ийн 85-86 хуудас/, Ц /5хх-ийн 88-89 хуудас/, Д  /5хх-ийн 91-92 хуудас/, Ц /5хх-ийн 94-95 хуудас/ нарын мэдүүлгүүд, 

Хамтран ажиллах гэрээ хийсэн баримтууд /5хх-ийн 186-250, 6хх-ийн 01-146 дугаар хуудас/

Шүүгдэгч А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Бор-Өндөрт ор хөнжлийн даавуу зарсан. Урамшуулалт худалдаа хийсэн. 49 хохирогч байхгүй. 13 хүний хохирлыг төлсөн. Бор-Өндөрөөс хохирол байхгүй..” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч А-ийн хорих ялыг өөр төрлийн ялаар солиулах гомдлын тухайд: Шүүгдэгч А-ийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаас үзэхэд үргэлжилсэн нэг гэмт хэрэг байна. 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарахаар заасан байх бөгөөд А-ийн зарим үйлдлүүд нь 2017 оны 5 дугаар сарын 06, 23-ны өдрүүдэд буюу хууль үйлчилж эхэлснээс хойш үйлдэгдсэн байх тул “...өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар өршөөл үзүүлж ялаас чөлөөлөх боломжгүй байна. 

Мөн шүүгдэгч А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй юм.  

“Ариг” банкны шийтгэх тогтоолоос банкинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гомдлын тухайд: Шүүгдэгч У- нь “Ариг” банкинд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эдийн засагчаар ажиллаж байсан болох нь иргэний хариуцагчийн мөрдөн байцаалт болон шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, бусад нотлох баримтаар нотлогдож байна. 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад  хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх “Ариг” банкнаас 15925000 төгрөгийг гаргуулж хохирогч С.А-т олгосон нь үндэслэлтэй болжээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Ариг” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүгдэгч А- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

 

1. Хэнтий Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО 

 

                                ШҮҮГЧИД                                            Я.АЛТАННАВЧ

 

                                                                                           Б.ДЭНСМАА