Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0678/З |
Дугаар | 221/МА2024/0119 |
Огноо | 2024-02-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0119
“Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГГУУКХ- даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0911 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 128/2023/0678/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас АМГТГГУУКХ- даргад холбогдуулан “АМГТГГУУКХ- даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0911 дүгээр шийдвэрээр:
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г ХХК-аас АМГТГГУУКХ- даргад холбогдуулан гаргасан АМГТГГУУКХ- даргад холбогдуулан АМГТГГУУКХ- даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 8 дах жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “Г" ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/353 дугаар албан бичгээр өгсөн гомдлын хариуг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гардан авч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд "АМГТГГУУКХ- даргад холбогдуулан "АМГТГГУУКХ- даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг хариуцагчид даалгуулах" хэмээн тодорхойлсон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
3.2. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.а-д "эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа", 6.1.41.г-д "хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;" тохиолдлуудыг “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай нөхцөл байдалд хамааруулан тооцохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох S нь ковид 19 вирусийн халдварт өвчний улмаас Монгол Улсын хил хаагдаж, нэвтрэх боломжгүй байсны улмаас Ашигт малтмал газрын тосны газарт компанийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ц-ыг томилсон боловч Б.Ц- 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд "Сахарный диабет 2 тила" оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн нь дээрх хуулиар тодорхойлсон "хүндэтгэн үзэх шалтгаан"-тай нөхцөл байдалд хамаарч байхад шүүхээс төлбөр төлөх хугацаа хэтрүүлснийг ковид болон сахрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.
3.3. Мөн "Г" ХХК-ийн ашиглалтын болон хайгуулын МУ-017637, МУ-017638 дугаартай тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг түүнийг анх олгосон өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын сарын 20-ны өдрөөс өмнө, уг хугацаанаас хойш алдангийн хамт 11 сарын 20-ны өдрийн дотор тус тус төлөх боломжтой байсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаа /10.18-12.11/ нь хуулиар тогтоосон төлбөр төлөх боломжит хугацаатай 3 хоногоор, төлбөрийг алдангийн хамт төлөх боломжит хугацаатай 30 хоногоор тус тус давхацсан нь баримтаар нотлогдсон байхад “... хэвтэн эмчлүүлсэн байх боловч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг хийх байсан өдөртэй давхцуулан үзэх боломжгүй" гэж нотлох баримтыг буруу үнэлэн дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
8 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Ц- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ковид 19 вирусийн халдвар авч эмнэлэгт хэвтсэн байсан.
Эдгээрээс үзэхэд цар тахлын улмаас дэлхий нийтэд болон Монгол Улсад хорио цээрийн дэглэмд байсан үе мөн түүнчлэн эрүүл мэндийн асуудлын улмаас 2 cap хэвтэн эмчлүүлж, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан нөхцөл байдал үүссэн. Гэтэл үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан биш хэмээн үзсэн хуульд нийцэхгүй байна.
3.4. Төлбөрийг заавал биечлэн очиж төлөх шаардлагагүй, урьдчилж буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлөх, мөн цахим банк, бусад хүн, хуулийн этгээдээр дамжуулан төлөх боломжтой байсан" гэжээ.
Энэхүү үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд Ашигт малтмал газрын тосны газарт төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Ц- нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байсан эсэхээ урьдчилан мэдэх боломжгүй байсан. Хэн ч ковид 19 вирусын халдвар авна гэж мэдэх боломжгүй энэхүү халдварыг авсны улмаас ужиг өвчин болох сахрын өвчин хүндрэх шалтгаан болсон.
Түүнээс биш төлөвлөгөөний дагуу хэвтэн эмчлүүлсэн нөхцөл байдал биш бөгөөд гэнэтийн эрүүл мэндийн шалтгаанаар 2 сар хэвтэн эмчлүүлсэн. Манай компани 2 тусгай зөвшөөрөл эзэмшдэг тул төлбөрийг өөр бусад хүн хуулийн этгээдээр дамжуулах хийх үндэслэл байхгүй бөгөөд " Г " ХХК-ийн дансыг итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Ц- л нь удирдах эрхтэй бөгөөд Ашигт малтмал газрын тосны газартай холбогдолтой асуудлаар төлөөлөх эрхийг зөвхөн энэ хүнд олгосон болно.
3.5. Сонсох ажиллагааны тухайд Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа заавал аж ахуй нэгжид мэдэгдэх үүрэг хүлээхгүй гэсэн.Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1. хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж заасан байдаг.
Энэхүү тохиолдолд манайд мэдэгдээгүй бөгөөд бид өөрсдийн биеэр очиж авсан. Мөн зөвхөн манай компани холбоотой тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудал учраас 20 болон түүнээс дээш тооны этгээд гэж үзэх үндэслэлгүй болно.
3.6. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг манай компанийн хаягаар хүргүүлсэн боловч шуудангийн буцаалт ирсэн байхад энэ талаар тодруулж нэхэмжлэгч компанид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана", 56.3-д "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ", 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж үзээд үндэслэлтэй бол тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасныг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, мэдэгдэлд заасан үндэслэлийг арилгах боломжийг манай компанид олгоогүй гэж үзэж байна.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "захиргааны үйл ажиллагаа нь "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх," 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчим баримтална” гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтыг хариуцагч байгууллага нь дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр давуу эрхээ ашиглан нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 128/ШШ2023/0911 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Г” ХХК-ийн “АМГТГГУУКХ- даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
3.1. Анх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “Г” ХХК-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын МҮ-017637, МҮ-017638 тоот тусгай зөвшөөрлүүдийг олгожээ.
3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг баримтлан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр “Г” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын МҮ-017637, МҮ-017638 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэсэн байна.
3.3. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас “...Нэхэмжлэгч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох S нь ковид 19 вирусийн халдварт өвчний улмаас Монгол Улсын хил хаагдаж, нэвтрэх боломжгүй байсны улмаас Ашигт малтмал газрын тосны газарт компанийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ц-ыг томилсон боловч Б.Ц- 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд "Сахарный диабет 2 тила" оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн нь дээрх хуулиар тодорхойлсон "хүндэтгэн үзэх шалтгаан"-тай нөхцөл байдалд хамаарч байхад шүүхээс төлбөр төлөх хугацаа хэтрүүлснийг ковид болон сахрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ...” гэж маргасан байна.
3.4. Нэхэмжлэгч нь тухайн тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн буюу 2021 оны төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, хуульд заасан боломжит хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор алдангийн хамт төлөхөөр байсан боловч “Г” ХХК-ийн Ерөнхий захирал S нь Ковид-19 вирусын халдварт өвчний улмаас Монгол Улсын хил хаагдаж, нэвтрэх боломжгүй байсан гэж тайлбарлан, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газарт төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ц-ыг томилсон, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Сахарный диабет 2 типа оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч эдгээр үндэслэлээр тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна. Учир нь,
3.5. Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд зааснаар хуулийн этгээдэд эзэмших боломжтой бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг анх олгосон цаг хугацаанаас өмнө төлөх урьдчилж төлөх хуулийн зохицуулалтын хүрээнд тухайн оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө хэдийд ч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой байсны дээр, өөр бусад этгээдээр дамжуулах эсхүл цахим банк ашиглан төлөх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... заавал биечлэн очиж төлөх шаардлагагүй, урьдчилж буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өмнөх цаг хугацаанд төлөх боломжтой, мөн цахим банк, бусад хүн, хуулийн этгээдээр дамжуулан төлөх боломжтой байсан” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх няцаах боломжгүй байна.
3.6. Мөн нэхэмжлэгчээс “... Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг манай компанийн хаягаар хүргүүлсэн боловч шуудангийн буцаалт ирсэн байхад энэ талаар тодруулж нэхэмжлэгч компанид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана", 56.3-д "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ", 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж үзээд үндэслэлтэй бол тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасныг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, мэдэгдэлд заасан үндэслэлийг арилгах боломжийг манай компанид олгоогүй ...” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
3.7. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” уг төлбөрийг төлөөгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрөөс бусад ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэг нь төрийн захиргааны байгууллагаас урьдчилж мэдэгдсэний үндсэн дээр үүсч хэрэгжихээр хуульчлаагүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч нь хэрэв төлөөгүй бол тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үр дагавар бүхий, тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилготой өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хэмжээгээр урьдчилж төлөх үүргээ ухамсарлаж, хянан зохицуулах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.8. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай өөрт бүртгэлтэй хаягаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г” ХХК-д хүргүүлсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны Баримт бичиг хүлээлцэх дэвтэрт бүртгэгдэж байгаагаар тогтоогдож байна.
3.9. Энэ тохиолдолд уг мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгч “Г” ХХК-ийн оршин байгаа хаягаар хүргүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн “... хариуцагч захиргааны байгууллагад бүртгэлтэй нэхэмжлэгчийн хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичгийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байх байна ... “Г” ХХК нь хаяг болон утасны дугаарын өөрчлөгдсөн мэдээллийг төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй нь хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
3.10. Мөн нэхэмжлэгчийн “... Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг манай компанийн хаягаар хүргүүлсэн боловч шуудангийн буцаалт ирсэн байхад энэ талаар тодруулж ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй,.. мэдэгдэлд заасан үндэслэлийг арилгах боломжийг манай компанид олгоогүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ