| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2020/0149/З |
| Дугаар | 128/ШШ2021/0134 |
| Огноо | 2021-02-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2021/0134
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.О
Хариуцагч: НДЕГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн улсын байцаагчийн 16 дугаар актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, П.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Т.О би 1960 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Миний бие 1980 онд нөхөр Н.Т-той гэр бүл болж, 5 хүүхэд төрүүлснээс 2 хүүхдээ бага насанд нь харамсалтайгаар алдаж, 2 охин, 1 хүү, нийт 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн. Хүүхдүүд маань гэр бүл болж, өрх тусгаарласан.
Т.О би нөхөр Н.Т-ын хамт охин Т.Ч-ийн охин Б-ийг төрсөн цагаас эхлэн үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлж, одоо ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралцаж байна. Охин Т.Б-ийн үрчлэлтийн баримт бичгийг 2003 оны 8 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Иргэний бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудаар хөөцөлдөж явсны эцэст 2007 оны 09 сарын үеэр үрчлэлтийн гэрчилгээ олгосон.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т.О надад 4 хүүхэдтэй 50 насанд хүрсэн 20-иас дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж өндөр настны тэтгэвэр тогтоон олгосон. Гэтэл Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар 2018 оны 7 дугаар сараас эхлэн Т.О миний тэтгэвэр олголтыг зогсоож, акт тавигдсан тул төлбөрийг төл гэдэг шаардлагыг тавьсан. Ямар акт тогтоосон талаар надад танилцуулаагүй, хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч хангаагүй, зөвхөн актын төлбөрийг төл гэдэг шаардлагыг тавьж, миний тэтгэвэр олголтыг хууль бусаар зогсоож, миний тэтгэврээс актын төлбөрийг төлүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй
этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ, Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцана” 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэжээ.
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх улсын байцаагчийн актаа Т.Онадад хуулийн дээрх заалтын дагуу мэдэгдээгүй. Харин Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс манай дээд газраас улсын байцаагчийн акт тогтоосон төлбөрийг нь төл гэдэг шаардлагыг тавьж байснаас бус ямар утга агуулга, үндэслэлтэй улсын байцаагчийн акт тогтоогдсон талаар надад мэдэгдсэн зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэгч Т.О би 2019 оны 05 сарын үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж, Т.О надад холбоотой улсын байцаагчийн акт тогтоогдсон бол түүний үндэслэлийг хянуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан. Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газраас Т.О миний гомдлыг хянан шийдвэрлэж, хариу өгөхгүй удаашруулсан тул энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад гомдол гаргасан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас иргэний өргөдлийг шийдвэрлэж, хариу өгөх талаар чиглэл өгсний дараагаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6/139 дүгээр албан бичгээр улсын байцаагчийн акт үндэслэлтэй гэсэн хариуг Т.Оминий хаягаар шуудангаар явуулсан байсан. Уг шууданг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр миний төрсөн охин Т.Ч Ховд аймгийн шуудангийн газраас хүлээн авч, надад танилцуулсан. Энэ талаар Т.Ч-ээс тайлбар авч, эсхүл Ховд аймгийн шуудангийн газраас лавлагаа гаргуулж болох юм. Т.О би шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагаар 2019 оны 12 дугаар сарын сүүлээр /өдрийг сайн санахгүй байна/ Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хэрүүл маргаан хийн байж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар улсын байцаагчийн актыг анх хуулбарлуулан авч, нэхэмжлэлдээ хуулбарыг нь хавсаргасан.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т.О миний тэтгэврийн хувийн хэргийн материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан тул шүүхийн журмаар гаргуулж, хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэжээ.
Охин Т.Б нь төрснөөс эхлэн өдий 11 дүгээр ангийн сурагч болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Т.О би нөхөр Н.Т-ын хамт өсгөн хүмүүжүүлж, үрчлэн авсан бодит үнэн юм. Үүнийг гэрчлэх хүмүүс, бичгийн материалтай учраас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т.О надад өндөр настны тэтгэвэр тогтоосон. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Иргэний бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд охин Т.Б-ийн үрчлэлтийн баримт бичгийг хожуу гарган өгсөн нь дээрх үнэнийг үгүйсгэхгүй. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх нөхцөл байдлыг судлан үзэхгүйгээр, Т.О надаас тайлбар, саналыг сонсохгүйгээр нэг талыг баримталж, улсын байцаагчийн акт тогтоосонд гомдолтой байна. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс дээрх улсын байцаагчийн актын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Т.О миний тэтгэвэр олголтыг зогсоох, тэтгэврээс суутгал хийж, нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, тэтгэвэр авах эрхийг зөрчсөн.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар улсын байцаагчийн актын 1 дүгээр хавсралтын Т.О надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.О Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулж улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар актын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоосон гэж үзэж байна. 1 хүүхдээ 3 нас хэтэрсэн байхад нь буюу 5 настай байхад нь үрчлэн авч хууль зөрчсөн гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч Т.О зээ охин Т.Б-ийг төрсөн цагаас нь үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байгаа. Т.Б-ийг төрүүлсэн ээж болох Т.Ч нь оюутан байсан бөгөөд охиныг төрсөн цагаас эхлэн Т.О өсгөсөн. Гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогддог. Захиргааны байгууллагын хуульд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж байгаагаас Т.О нь ихээхэн хохирч байна. Охин Т.Б-ийг төрсөн цагаас нь эхлэн үрчлэн авах хүсэлтийг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан боловч үрчлэлтийн асуудлыг хожуу шийдвэрлэсэн. Өрхийн бүртгэлд охины нэрийг бүртгүүлдэг байхад тооллогын баримтыг Засаг даргын Тамгын газраас гаргаж өгөхгүй байна. Үрчлэх тухай хүсэлтийг хүртэл архиваас гаргаж өгөхгүй байна. Энэ асуудлын хариуцлагыг нэхэмжлэгч биш захиргааны байгууллага хариуцах ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан байдаг. Бодит байдал дээр төрсөн цагаас нь эхлэн өсгөн хүмүүжүүлж байна. иймээс хариуцагч талыг бодит байдал дээр үндэслээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хоёрдугаарт улсын байцаагч нар акт тогтоохдоо нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Тайлбар гаргах бололцоо, оролцоог нь хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан оролцоог хангах зарчмыг хангаагүй. Гуравдугаарт мөн хуулийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах заалтыг зөрчсөн. Нийтийн эрх зүйн харилцаанд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тухай ойлголт байдаг. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна гэдэг нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжтой тохиолдол гэж үзэж байна. Энэ зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гэж заасан. Нэхэмжлэгч Т.О-т тэтгэвэр тогтоосон Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас нэртэй улсын байцаагч н.М, н.Э, хэлтсийн дарга н.Г, н.О зэрэг албан тушаалтнуудын гарын үсэг бүхий захиргааны шийдвэр байгаа. Энэ захиргааны актыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн энэ 3 зарчимд нийцээгүй захиргааны акт байгаа учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэгдүгээрт нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 гэдэг заалтыг зөвхөн улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийг үндэслэнэ гэж ярьж байна. Хуулийн агуулгыг явцуу утгаар тайлбарлаж байна. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх гэсэн заалтыг эх хүний хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх өөрөөр хэлбэл эх хүний онцлогт тохируулж хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга ач холбогдол оршино. Улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэлд үндэслэнэ гэх нь учир дутагдалтай. Хамгийн гол нь бодит байдалтай нийцэх ёстой. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаас харвал 1 талыг барьсан байна. Хоёрдугаарт акт тогтоохын өмнө яагаад Т.О-т мэдэгдээгүй юм бэ? Тайлбар гаргах эрхээр яагаад хангаагүй вэ? Гуравдугаарт үрчлэх хүсэлтийн тухайд Т.Б-ийг төрснөөс хойш хөөцөлдсөн. Тухайн үед өгч байсан материал Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт байхгүй байна. Дөрөвдүгээрт улсын бүртгэлийн байгууллага ямар мэдээлэлд үндэслэж 2007 оноос эхлэн үрчлэлтийн бүртгэл хийсэн нь тодорхойгүй байна. Зөвхөн 1 талын мэдээлэлд үндэслэхгүйгээр нөгөө талыг оролцуулж байж харилцан тэнцвэртэй мэдээлэл авч түүний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Өөрийн төлсөн шимтгэлийг өөрөө авахын тулд хуульд заасан болзлоо хангасан. Тэгэхээр нэг талын мэдээллийг үндэслэн шийдвэр бүү гаргаасай гэж хүсэж байна” гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:
Тус газар нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн нийгмийн даатгалын хэлтэс болон аж ахуйн нэгж байгууллагуудад шалгаж, илэрсэн зөрчлийг арилган, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, дүгнэлт гаргах үр сайжруулах үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын багц хуулиуд, Зөрчлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, шалгалтын мөрөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд 2018 оны 06 дугаар сарын 05-наас 18-ны өдрийг дуусталх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2014-2017 оны хооронд шинээр тогтоогдсон 1835 тэтгэврийн хувийн хэрэг хамрагдаж, шинээр тогтоогдсон тэтгэврийн тогтоолт, олголт болон тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж өгсөн бичиг баримтын үндэслэлийг шалгаж ажилласан болно.
Шалгалтаар иргэн Т овогтой О нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус хэлтэст өргөдөл гарган Нийгмийн даатгалын хэлтэст “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 4 зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргаж, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгсөн байсан.
Т.О нь 2014 онд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гар өргөдөл 1 ширхэг, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2009 оны 431 дугаартай шүүхийн шийдвэр 1 ширхэг, хөдөө, аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр 1 ширхэг, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 3 ширхэг архивын лавлагаа, архивын лавлагааны хуулбар 2 ширхэг, иргэний хуулбар 1 ширхэг, Дуут сумын Шивэр багийн засаг даргын тодорхойлолт 1 ширхэг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 1 ширхэг, 1982 онд төрсөн Т.Ч, 1984 онд төрсөн Т.М, 1989 онд төрсөн Т.О, 2002 онд төрсөн Т.Б нарын төрсний гэрчилгээний хуулбаруудыг тус тус бүрдүүлж өгсөн байсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 зүйлийн 25.3 дахь заалтын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалаар баталсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам’'-ийн 4 дүгээр заалтын 3.1.13 дахь хэсэгт “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн, 50 нас хүрсэн эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас өсгөсөн дөрөв, түүнээс дээш хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана” мөн журмын 3.1.14 дэхь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага нь хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгох эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь авсан хүүхдийн төрсний гэрчилгээ нь зөрчилтэй тохиолдолд уг гэрчилгээний бичилтийн үндэслэлийг иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэлтэй тулган шалгасан" гэж заасан болно.
Иймд тус газраас хийж гүйцэтгэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар өндөр насны тэтгэвэр авагч Т.О-ын бүрдүүлж өгсөн баримтаас 4 хүүхдийн төрсний гэрчилгээний үндэслэлийг шалгахад 2002 онд төрсөн Т.Б-ийг 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 5 нас 2 сар 3 хоногтой байх үед үрчлэн авсан нь 36/3600252 тоот үрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байсан тул 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус газраас Улсын байцаагчийн 16 тоот актаар илүү авсан тэтгэврийг нөхөж төлүүлж, холбогдох хүмүүсээр хариуцуулан төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, хамрагдалт, орлого, хяналтын тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Д.Э, Үйлчилгээний тасгийн дарга Г.Н нарт даалган, актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хариуцуулж өгч ажилласан болно.
Мөн түүнчлэн иргэн Т.О нь 2014 оны 01 дүгээр сард 53 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөлдөө тэрээр “... заагдсанаар 25 жил баталгаажсан тул өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө үү” гэж бичсэн боловч тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөл буюу 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн болзлоор өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон 1 хүүхдээ үрчилж авсан тухай гар өргөдөлдөө бичээгүй бөгөөд 2002 онд төрсөн Т.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар нь Улсын бүртгэлийн хэлтсээс дахин олгосон тухай тамга тэмдэггүй төрсний гэрчилгээний хуулбар бүрдүүлж өгсөн байсан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хүүхдийн төрсөн цагаас нь эхлэн өсгөсөн гэж ярьж байна. Үүнийг иргэний бүртгэлийн төв мэдээллийн санд бүртгэгдсэнээр хүүхдийг үрчилж авсанд тооцдог. Тиймээс төрсөн цагаас нь эхлэн өсгөсөн эсэхээс үл хамаарч улсын байцаагч нар үрчилж авсан буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн огноогоор нотлох баримт гэж авч үзэн тэтгэвэр тэтгэмжийг тогтоодог болохоос биш багийн Засаг даргын бүртгэлээр тогтоохгүй. Тэтгэвэр тэтгэмжийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэвэр тэтгэмжийг тогтооно. Тиймээс Т.О-ын тэтгэвэр тогтоолгосон шийдвэр нь хууль зүйн шаардлагын үндэслэлийг хангаагүй учраас улсын байцаагчийн акт гаргасан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хүүхдийн төрсний гэрчилгээг эх хувиар нь гаргуулсан. Хэрэв төрсний гэрчилгээг дахин олгосон бол дахин олгов гэсэн тэмдэглэл байх ёстой. Өндөр настны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлсэн материалыг захиргааны байгууллага хуулбарлаж авдаг. Эх материалыг бүрдүүлж өгсөн хүн өөрөө хариуцдаг. Хүүхдийн болзлоор буюу хөнгөлөлтийн заалтаар тэтгэвэрт орох иргэд 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Гэтэл Т.О-ын хувьд ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр тогтоолгосон байсан. Хүүхдийг багад нь үрчлэн авсан бол яагаад 50 нас хүрээд тогтоолгоогүй вэ? гэдэг асуудал гарч байна. Хэрэв төрсний гэрчилгээ дахин олгов гэсэн тэмдэглэгээ байсан бол улсын байцаагч шалган нягтлах байсан. Гэтэл бүрдүүлж өгсөн материалаас харахад дахин олгов гэсэн тэмдэглэгээ байхгүй. Хэрэв канондож үзвэл дахин олгосон тэмдэглэгээ нь гарна. Тэгэхээр Т.О хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн гэсэн үг. Тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг уншиж үзвэл хүүхдийн талаар огт дурдаагүй. Бодит байдлаа илэрхийлээгүй. Худал мэдээлсэн, нуун дарагдуулсан. Улсад 25 жил ажилласан тул тэтгэвэр тогтоож өгнө үү гэсэн. Иймээс Т.О-с төлүүлэх шийдвэр гаргасан. Тухайн үеийн хяналт шалгалтын үед тэтгэвэр тогтоолтын хуудсыг улсын байцаагчийн актаар хүчингүй болгодог. Түүнээс өөр хүчингүй болгодог заалт байхгүй. Улсын байцаагчийн актаар тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгож Т.О-ын улсад ажилласан 25 жилд ногдуулж 55 наснаас үргэлжлүүлэн тэтгэврийг олгох эрхийг үүсгэсэн. Үрчлэлтийг сүүлд бүртгэсэн асуудал нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай холбоотой асуудал. Бид төрийн байгууллагын шийдвэр, бичиг баримтад үндэслэж тэтгэвэр тэтгэмж тогтоох хуулийг хэрэгжүүлж байгаа. Өмнөх хурал дээр Т.Б-ийн төрсний гэрчилгээг эх хувиар нь авах хүсэлт гаргаж байсан. Канондсон хувь, эх хувь 2 өөр байгаа юм. Тэтгэвэр тэтгэмжийг тогтоох тухай 163 дугаар тушаалаар батлагдсан журам байгаа. Энэ журамд хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгох иргэдийн хүүхдийн төрсний гэрчилгээ зөрчилтэй буюу дахин олгосон бол заавал магадлан шалгана гэсэн байдаг. Т.О нь дахин олгосон тэмдэглэгээг нууж худал мэдээлсэн учраас санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Т.О-ын шимтгэл төлөлттэй холбоотой асуудал ярьж байна. Тайлбар хэлье. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх гэдэг ойлголт гарсан. Т.О нь 2009 онд шүүхээр ажилласан жилээ тогтоолгосон байдаг. 1995 оноос өмнөх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгож тэтгэвэрт гарсан. 2012 онд ажилласан жилийг тэтгэврийн даатгалын нөхөн тооцох хуулийн дагуу 1990-2000 оны хооронд улс орны хямрал тохиолдон ажилгүй болсон, тэтгэвэрт гарч чадахгүй байгаа иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлаас ажилласан жилд тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу Т.О 78120 төгрөгийн шимтгэл тушааснаараа Нийгмийн даатгалын сангаас 270,000 төгрөг сар бүр авч байгаа. Өөр шимтгэл төлөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Төлсөн шимтгэлийг өгөхгүй байгаа, ямар нэгэн эрхээ эдлэхэд нь саад болсон зүйл байхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийн бүрдэлтийг хянах журам гэж байдаг. Энэ журмын 4 дүгээр заалтад хөнгөлөлттэй нөхцөл, хөдөлмөрийн нөхцөлийн талаар гэдэгт тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос дээшгүй жил төлсөн, 50 нас хүрсэн, эхийн төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн 4 ба түүнээс дээш хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана гэж заасан. Нийгмийн даатгалын байцаагч нь хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгох эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ нь зөрчилтэй тохиолдолд уг гэрчилгээний бичилтийн үндэслэлийг иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэлтэй тулган шалгана гэж заасан. Бид гаргасан хууль дүрмийг мөрдөж ажилладаг. Монголчууд бидний амьдралын хэв маяг бол аав ээж, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Хамт амьдрах нэг өөр, үрчлэн авах бас өөр асуудал. Үрчлэн авсан гэдэг нь Эрх бүхий байгууллагаар олгосон хэм хэмжээгээр тогтоогдож шийдвэрлэгдэнэ. Хүүхэд үрчлэгдсэн эсэх асуудлыг бид заавал хянах үүрэгтэй. НДЕГчиг үүргийг хэрэгжүүлэгч өөрийн бие даасан хууль тогтоомжтой. Нийгмийн даатгалын тухай хуулийг баримталж ажилладаг. Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 5 жилийн бичиг баримтад шалгалт хийсэн. Ажил олгогчид болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн төлж байгаа шимтгэл дахин хуваарилахад тэтгэвэр тэтгэмж тогтоолгогч иргэдэд зардал хэлбэрээр гаргадаг. Зардал нь үнэн бодитой, хуульд нийцсэн эсэхэд шалгалт хийдэг. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нөхөн төлүүлж иргэдтэй уулз гэсэн чиглэл өгсөн. Т.О-тай уулзаж, тэмдэглэл үйлдэж Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон. Зөрчил гаргасан иргэн бүртээ бид уулзах бололцоо байхгүй. Танай хэлтэст ийм зөрчил илэрсэн. Залруулах шаардлагатай байна гэж улсын байцаагчийн акт хүргүүлсэн. Үүний дагуу Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс Т.О-тай уулзаад, мэдээллийг хүргүүлсэн. Энэ талаар Т.О хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Т.О Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн улсын байцаагчийн 16 дугаар актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, түүний оролцоог хангаагүй, тайлбар нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, бодит байдал дээр охин Т.Б-ийг төрсөн цагаас нь эхлэн үрчлэн авч, асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж ирсэн байхад хууль зөрчиж 5 настай байхад үрчилсэн гэж үзэж акт тогтоосныг хууль бус гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нийгмийн даатгалын газрын даргын баталсан удирдамжийн[1] дагуу Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 05 дугаар сард хийсэн төлөвлөгөөт шалгалтаар даатгуулагч Т.О Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж тэтгэвэр тогтоолгосон зөрчлийг илрүүлж илүү олгосон 3589486 төгрөгийг буцаан төлүүлэхээр акт тогтоожээ.
Хуульд заасан шаардлагыг хангаагүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдээгүй байхад тэтгэвэр тогтоолгосныг буруу гэж үзэж акт тогтоосон улсын байцаагчийн маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль зөрчөөгүй гэж дүгнэв.
Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэж хуульчилжээ.
Гэтэл нэхэмжлэгч Т.О 2014 онд анх тэтгэвэр тогтоолгохдоо өөрийн төрүүлсэн 3 хүүхэд мөн 2002 онд төрсөн зээ охин Б-ийг үрчилж авсан гэж хуулийн дээрх заалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нь хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл 2002 онд төрсөн Б-ийг 2007 онд 5 настайд нь үрчилж авсан нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 160 дугаар захирамжийн хавсралтаар нотлогдсон байгаа нь хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2002 онд төрсөн Б-ийг үрчилж авах талаар 2003 онд сумын Засаг даргад өргөдлөө өгсөн гэх боловч энэ талаараа нотлоогүй, тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/6622 дугаар албан бичгээр “..иргэн Т.О нь 2002-2006 онуудад Б-ийг үрчлэн авах тухай өргөдөл хүсэлт гаргаж байсан эсэх, түүнтэй холбоотой баримтыг ирүүлэхийг шаардахад” Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/951 дүгээр албан бичгээр[2] “...энэ талаарх өөр холбогдох баримт байхгүй.” гэж нотолсон байна.
Нөгөө талаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн актыг танилцуулахад иргэн Т.О хүлээн зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ[3] байгуулж уг төлбөрийг төлж барагдуулжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сард 53 нас 07 сартай байхдаа тэтгэвэр тогтоолгох өргөдөл[4] гаргаж, уг өргөдөлдөө хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 түүнээс дээш хүүхэдтэй талаар дурдаагүй зөвхөн улсад 25 жил ажилласан нөхцөлөөр тэтгэвэрт оруулж өгнө үү гэсний дагуу тэтгэвэр тогтоосон нь хуульд нийцээгүй байна.
Энэ талаар хүүхдийн болзлоор хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй, Б-ийн төрсний гэрчилгээний эх хувь дээр гэрчилгээг дахин олгосон тэмдэглэгээ байхад энэ тэмдэглэгээг нууж канондуулсан хувийг бичиг баримт бүрдүүлж өгснөөс болж улсын байцаагч нягтлан шалгаагүй, тэтгэвэр тогтоолгох хүсэлтдээ хүүхдийн талаар огт дурдаагүй, бодит байдлаа илэрхийлээгүй зэрэг зөрчил байсан тул акт тогтоож үндэслэлгүй олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд иргэн Б-ийн төрсний гэрчилгээний эх хувь дээр дахин олгосон тэмдэглэгээ байхад харин нэхэмжлэгчийн тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан хуулбар хувь дээр ийм тэмдэглэгээ байхгүй зөрүүтэй байгааг нийгмийн даатгалын улсын байцаагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар баталсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын хөнгөлөлттэй болзол, хөдөлмөрийн нөхцөлийн талаар гэсэн хэсгийн 3.1.14-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн, 50 нас хүрсэн эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл өсгөсөн 4, түүнээс дээш хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана.”, 3.1.15-д “Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгох эхийн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ нь зөрчилтэй тохиолдолд уг гэрчилгээний бичилтийн үндэслэлийг иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэлтэй тулган шалгасан байна.” гэсний дагуу нягтлан шалгаагүй буруутай.
Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад хууль журмын холбогдох зохицуулалтын дагуу нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй тэтгэвэр тогтоосныг буруу гэж үзсэн маргаан бүхий улсын байцаагчийн 2018 оны 16 дугаар актын нэхэмжлэгч Т.О-т холбогдох хэсэг хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.О Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн улсын байцаагчийн 16 дугаар актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.О-ын Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн улсын байцаагчийн 16 дугаар актын 1 дүгээр хавсралтын Т.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР