Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/881

 

 

 

2022         07          05                                    2022/ШЦТ/881

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,   

Улсын яллагч О.Эрхэмбаяр,

Шүүгдэгч Б.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Ц т холбогдох 2208 000 001 131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн тоотод оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 12 дугаар гудамжны 5 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Б.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц  нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо “Цолмон” төвийн караокены гадна үл таних Б.Д ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Ц  2022 оны 05 дугаар сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо “Цолмон” төвийн караокены гадна үл таних Б.Д ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                 

  • гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “... Сонгинохайрхан

дүүргийн 28 дугаар хороо, Цолмон” төвийн караокены дотор Б.Д  нь бусдад зодуулсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            - шуурхай удирдлага тасаг дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,

            - хохирогч Б.Д ын...Тухайн үед ганцаараа уг караокед орж үйлчлүүлээд гарч явахдаа уг залуутай маргалдсан, тухайн залуу миний шүд рүү гараараа нэг удаа цохисон бөгөөд цохиулсны дараа миний амнаас цус гараад доод шүднүүд хөдөлчихсөн байхаар нь дүүгээ дуудсан мөн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Нэрийг нь сүүлд мэдсэн Ц  гэх хүн...миний ам руу 1 удаа гараараа цохиж дээрх гэмтлийг учруулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/

- шинжээчийн дүгнэлт : Б.Д ын биед зүүн доод үүдэн 2, 4, 5-р шүд, баруун 3, 4, 5-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

            - шүүгдэгч Б.Д ын “... Тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 26- ны өдөр 18 цагийн орчим манай хоёр найз ирээд надтай ганц шил архи уучихаад явцгаасан харин би үлдээд “Цолмон” гэсэн байхаа төвд ороод караокед сууж 2 пиво уучихаад 22 цаг өнгөрч байхад гарахад үүдэнд тус караокед сууж байсан миний үеийн нэг эрэгтэйтэй маргалдаж хоорондоо зодолдоод түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед надад цохиулсан эрэгтэй эхлээд миний нүд рүү цохичихоор нь би эргүүлээд нэг удаа түүний ам руу цохичихсон чинь амнаас нь цус гараад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.       

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна. 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-4, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно. 

Тус хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ба хохирогч нарын согтуурсан байдал мөн тэдний хооронд үүсэн үл ойлголцол нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Б.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

 

3. Хохирол, хор уршиг:    

Хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын баримт гаргаагүй, гомдол саналгүй байх /хх-13, 37/ боловч хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан шүдний сулрал гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-24-29, 33/ судлагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч хөрөнгө орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болон өр зээлтэй тухай мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байдлыг харгалзан түүнд торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах  боломжгүй гэж үзсэн болно.  

 

  1. Бусад асуудал      

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан шүдний сулрал гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.      

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР