Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1029

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч А.Ариунаа, иргэний нэхэмжлэгч Ц.Ц (Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ), хохирогч Б.Х, шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00278 0210 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овгийн М.Г *** оны **дүгээр сарын -**ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Х” үл хөдлөх зуучлалын төвд зууч агентаар ажилладаг, ам бүл хоёр, эхнэрийн хамт, Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Хангай, ** дугаар байрны ** тоотод оршин суух суудаг бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянхошууны Хөтөлийн зам, “Буурал ээж” хүнсний дэлгүүрийн урд замд “Hyundai Sonata” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж “Hyundai County" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Б.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Зорчигч тээврийн гурав” ОНӨААТҮГ-т 3,195,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, О овгийн М.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянхошууны Хөтөлийн “Буурал ээж” хүнсний дэлгүүрийн урд замд “Hyundai” маркийн “Sonata” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж байсан “Hyundai” маркийн “County" загварын *** улсын дугаартай нийтийн тээврийн дунд оврын автобусыг мөргөж, өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Б.Х-н биед “зүүн эгэм яс, зүүн гарын шуу ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, нүүрэнд шарх, зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, түүнчлэн “Зорчигч тээврийн гурав” ОНӨААТҮГ-т 3,195,000.0 төгрөгийн гэм хор учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч М.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв бичигдсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэж,

Иргэний нэхэмжлэгч: “Би ОНӨААТҮГ-т хуулийн зөвлөхөөр ажилладаг, осол намайг ажилд орохоос өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болсон байсан. Манай байгууллагад, баримтаар нийт 3.195.000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлт байна. Тээврийн хэрэгсэл нь одоо засаж янзлагдаад нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа” гэж тус тус мэдүүлцгээв.

Дээрх мэдүүлгүүд болон улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

Тухайлбал, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал), 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 5-12 дахь тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...М овогтой Г драйгер багаж ашиглан шалгахад 2.07% хувийн согтолтой болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал)

-Хохирогч Б.Х “...Зурагтын шинэ эцэс тал руугаа хойноосоо урагшаа 1-р эгнээнд явж байтал хар өнгийн “Toyota Prius 30” маркийн автомашин 2-р эгнээд зэрэгцэж ирээд баруун гар талаар гүйцэж түрүүлээд бид хоёрын явж байсан 1-р эгнээ рүү дарж орж ирсэн. Энэ үед М.Г автомашины тоормос гишгэсэн боловч тоормос нь барихгүй тухайн автомашиныг мөргөх гээд байхаар нь сандраад эсрэг урсгал руу жолооны хүрдээ дарсан чинь “Hyundai County” маркийн 25-27 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаас хойшоо чиглэлтэй өгсөж явахад нь таараад, автомашиныг жолоочийн эсрэг талын хажуу хэсгээр мөргөсөн... Гэмтлийн эмнэлэг дээр очоод би толгой, цээжний томографын зураг авхуулахад толгойд гэмтэлгүй, зүүн талын эгэм, зүүн гарын бугуй хэсэг хугаралтай гэсэн онош гарсан...Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 205-206 дахь тал), хохирогч Б.Х Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 159-167 дахь тал)

-Гэрч Г.А “...22 цагт буугаад “Автобус 3” бааз руугаа явахаар Зурагтын хуучин эцсээс “Буурал ээж” дэлгүүр лүү ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалаар явж байсан “Соната” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт эсрэг урсгал буюу миний явж байсан урсгал сөрж хурдтай орж ирсэн. Би жолооны хүрдээ баруун дараад нэгдүгээр эгнээ рүү орох гэтэл тэр машин чанх урдаас ирээд миний автобусны урд хэсгийг мөргөөд зогссон, жолооч нь согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал)

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 594 дугаартай: “...Б.Х биед зүүн эгэм яс, зүүн гарын шуу ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал /мэс заслын дараах байдал/ нүүрэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал),

-2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 405 дугаартай мөрдөгчийн магадалгаа (1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал), “Hyundai County” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 24 дэх хуудас), “Хас үнэлгээ” ХХК-ийн “Hyundai County” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 2,956,000 төгрөгөөр тогтоосон техникийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 74-76 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.О “...Би үнэлгээ хийлгэхгүй. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Машиныг аль эрт зарсан тул холбогдох хүн нь хариуцлагаа хүлээнэ...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 143 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч Ц.Ц: “Hyundai County” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр байдаг. Үнэлгээгээр гарсан зардал болох 3,195,000 төгрөгийн хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал), “Hyundai Sonata” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч М.Г нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4-т зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 594 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Х-н биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байгаа нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Г нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж, харин энэ гэмт хэргийг согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн нь хоёр заалтаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Х “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч М.Г хохирогч Б.Х төлөх төлбөргүй гэж үзээд, иргэний нэхэмжлэгч болох “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-д учирсан 3,195,000.0 төгрөгийн гэм хорыг шүүгдэгч  М.Г-с гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г хохирол төлөхөөр хуульд заасан ажлын 5 хоногийн завсарлага авч 300,000.0 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнээс 2,895,000.0 төгрөгийг 10 сарын дотор гаргуулан “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байх, зорчих эрхийг хязгаарах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй..” гэв.

           Хохирогч, шүүгдэгч нар: “хэлэх зүйлгүй” гэцгээв.

            2.2.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал), АСАП сангийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 49-55 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 18 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хас банкны депозит дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 177-182 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 19 дэх тал), жолоочийн бүртгэлгүй талаарх албан тоот (2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй боловч эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэрлээгүй, ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, мөн хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин сууж байгаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь үр нөлөөтэй байна.

            2.3.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Х-д төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.О овгийн М.Г хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г 2 /хоёр/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-с 2,895,000.0 төгрөгийг 10 (арав) сарын дотор гаргуулан “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Х төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА