Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1026

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Т.Мижиддорж (томилолтоор), шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01126 1177 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А. Б, ***оны **дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 39 дүгээр гудамж 2 тоотод суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан 22 дугаар хороо, Баянгол гудамж ***тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр хохирогч Б.Д-н Самсунг А-52 маркийн rap утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, А. Б нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр Б.Д-н 600,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А-52” маркийн rap утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Б.Д-н “2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр өглөө 07 цаг 40 минутын орчимд автобус хүлээгээд зогсож байсан. Би тухайн үед гар утсаа үзэж байгаад гадуур хувцасныхаа баруун халаасанд хийсэн. Удалгүй миний халаасанд байсан гар утас алга болчихсон. Миний хажууд зогсож байсан 13 орчим насны эмэгтэй хүүхэд сая нэг ах таны халааснаас гар утсыг чинь авчих шиг боллоо гэж хэлсэн. Эргэж харахад хар ногоон өнгийн гадуур хувцастай, жийнс өмдтэй, хар өнгийн малгайтай цамцтай, саравчтай малгай өмссөн, хар өнгийн гуталтай 35 орчим насны эрэгтэй хүн цааш гүйгээд зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас Самсунг загварын, А-52 нэртэй, хар өнгөтэй, цэнхэр өнгийн эрвээхэйтэй шигтгээтэй гэртэй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч Н.Энхбаатарын “би Хархорин худалдааны төв орчмоор хувиараа гар утас авч зардаг. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн цагийн орчим зүс таних Б гэх залуу надад Самсунг загварын А-52 нэртэй гар утас 200,000 мянган төгрөгөөр зарсан. Тэгээд 09-ний өдрийн орой нь Б ирээд зарсан гар утсаа 200,000 төгрөгөөр буцаагаад худалдаж аваад явсан. Б анх эхнэрийнх нь гар утас гэж хэлж надад зарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дах тал, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-25 дахь тал), “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн “Samsung A 52 загварын гар утас-600,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ (хавтаст хэргийн 13-14 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй, хохирогчийн гар утсыг буцаан өгсөн” гэж (хавтаст хэргийн 64-65 дахь тал)...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн болно.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Б-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох “Samsung A52” загварын гар утсыг 600,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 600,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч А.Б үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Д нь гар утсаа эргүүлэн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх 445 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар, 71 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 29 хоногийг, хорих ялын нэг хоногоор тус тус тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар 29 хоногоор тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна,...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй тул улсын яллагчийн сонсгосон ялын хэмжээнээс багасгаж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), ялын тооцоо (хавтаст хэргийн 79 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 85-101 дахь тал), ялтныг шилжүүлэн авч ирж, яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 69 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 105-107 дах тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10731 дугаартай албан тоот (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн урьд 4 удаагийн ял шийтгэлтэй (одоо тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа), тээврийн хэрэгсэлгүй талаарх хувийн байдлыг тогтоов.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон одоо ял эдэлж буй хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) сарыг, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11 ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 8 (найм) сар 29 (хорин ес) хоногийг /уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцов/ тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 (гурав) жил 5 (тав) сар 29 (хорин ес) хоногоор тогтоох нь зүйтэй.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11 ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд шүүгдэгч А.Б нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж ял дүйцүүлэн солигдож байсан байх ба уг ялыг эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн байгаа учраас хорих ялаар солин нэмж нэгтгэх нь зүйн хэрэг.

Шүүгдэгч А.Б-д нь энэ хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 219 дугаар шүүгчийн захирамжаар “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч түүнийг ШШГЕГ-ын харьяа Хорих 413 дугаар ангиас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ялын тооцоо хийж шилжүүлсэн байгаа тул тус өдрөөс хойш цагдан хоригдсон 39 (гучин ес) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялд оруулан тооцлоо.

2.3.      Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Б-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) сарыг, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11 ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 8 (найм) сар 29 (хорин ес) хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 (гурав) жил 5 (тав) сар 29 (хорин ес) хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н цагдан хоригдсон 39 (гучин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА