Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/1024/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1027 |
Огноо | 2022-08-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1027
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Улсболд (томилолтоор), шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00427 1262 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.А, ***оны **дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Зуун сарнай” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл хоёр, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 67б байрны** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан,
- Нийслэлийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 cap хорих ял шийтгэгдэж, 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар эдлэх ялаас үлдсэн 01 жил 06 cap 01 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 дүгээр орцны 117 тоотод хохирогч Б.А-г “даруухан бай” гэж хэлсэнд уурлан түүний толгойд архины шилээр цохиж унагаан хүзүү, нуруу, хацрын хэсэгт хагарсан архины шилээр хатгаж, биед нь хүзүү, мөр, чих, хацар, шанаа, доод эрүү, бугалга, нуруунд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Боржигон овгийн Д.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 дүгээр орцны 117 тоотод Б.А-г “даруухан бай” гэж хэлсэнд уурлан архины шилээр түүний толгой руу цохиж, унасан хойно нь хүзүү, нуруу, хацрын хэсэгт хагарсан архины шилээр хатгаж, бие махбодод нь “хүзүү, мөр, чих, хацар, шанаа, доод эрүү, бугалга, нуруунд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-17 дахь тал), хохирогч Б.А-н ”...Жоо хочтой А согтуу агсраад бид нарыг дээрэлхэх маягтай байгаад байсан. Тэгэхээр нь би А ахад хандаж “та ах бол ах шиг бай, жаахан даруухан байгаач, шорон санаагаа дарж бай” гэж хэлээд босоод тамхи татах гээд цонх руу явж байтал араас, толгой дээр нэг хатуу зүйлээр цохисон. Миний толгой дээр шил хагарч, толгойноос цус гоожсон. Тэгээд би манараад доош сөгдөж унасан. Энэ үед миний хүзүү, нуруу хэсэгт хурц иртэй зүйлээр хэд хэдэн удаа хатгасан. Тэгээд би гэнэт ухаан ороод эргэж хараад босох гэтэл А ах миний зүүн хацар хэсэг хагарсан архины шилээр нэг удаа хатгасан...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1387 дугаартай шинжээчийн:”...Б.А-н биед хүзүү, мөр, чих, хацар, шанаа, доод эрүү, бугалга, нуруунд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүү, мөр, хацрын шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн, чих, шанаа, доод эрүү, бугалга, нурууны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал), гэрч Т.Б-: ”...Жоо хочтой Д.А Б.А-н толгой руу 0.75 литрийн архины шилээр цохиод, архины шил нь хагарангуут нь хүзүү хэсэг рүү нь архины хагархай шилээ зоосон. Тэгэхэд Б.А угаалгын өрөө лүү ороод цусаа угаагаад арчаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар:”...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэж (хавтаст хэргийн 79-80 дахь тал) мэдүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв бичигдсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1387 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.А-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.А-н эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Д.А-н хохирогчийн толгойг архины шилээр цохиж, хагарсан шилээр удаа дараа хохирогчийг зүссэн үйлдлийн улмаас хохирогч Б.А-н биед хүзүү, мөр, чих, хацар, шанаа, доод эрүү, бугалга, нуруунд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн болон гэрчийн мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад “....онц харгис хэрцгийгээр…” гэж хуульчилсан нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.А нь “...гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.А бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 117 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал), шийтгэх тогтоол, магадлал, захирамжийн хуулбарууд (хавтаст хэргийн 86-96 дахь тал), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 121 дэх тал), Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны албан тоотууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 122-127 дахь тал) АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 99-102 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 141 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокурорын хяналтын хүрээнд яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар нэгэнт урьдчилан тохиролцсон байсан тул шүүх процессын хуульд захирагдан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг. Зүй нь, прокурор яллагдагчийн урьд удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал болон энэ хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн хүндрүүлэх шинжийг харгалзан үзэж ял тохирох эсэх, эсхүл тохирох ялын төрөл хэмжээгээ шийдвэрлэх ёстой байсныг анхаарвал зохино.
2.2. Бусад асуудлын талаар
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагархайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Д.А-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Аоногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.А-д сануулсугай.
5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагархайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА