| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0270/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/863 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Б.Ундрах,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Э-д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянголын *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 984 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 2019/ХМШҮЗ/27 дугаартай шүүгчийн захирамжаар 02 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Э-ы Э /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 06 сарын 21-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянголын *** тоотод иргэн Б.Г-ийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар түүнийг гараараа нүүр лүү нь цохиж, өшиглөх зэргээр зодож, биед нь “баруун зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 06 сарын 21-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын *** тоотод иргэн Б.Г-той хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан... Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Баянголын *** тоотод хүнд зодуулсан...гэх тэмдэглэл /хх-02-03/,
- хохирогч Б.Г-гийн...2020 оны 6 сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд таньдаг ахындаа байж байтал гаднаас 3 хүүхэд орж ирсэн. Тэр 3 хүүхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд Сүүлка хаана байна, тэрийг ална гээд нэг нь орилоод байсан тэгэхээр нь би тэр хүүхдийг чи болиоч гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй намайг цохиж аваад унагаагаад дээрээс дэвссэн, манай эхнэр салгаад цагдаа дуудсан...Э гэдэг хүүхэд нь намайг зодсон...гэх мэдүүлэг /хх-05, 25, 62/,
- гэрч Б.Б-ын...Би он сарыг нь сайн санахгүй байна, би Э-тай 2 пиво авч уусан, тэгээд хамтдаа Б ахын гэрт орсон...Тухайн үед Б, З ах 2 согтуу унтаж байхаар нь би очоод Б ахыг сэрээх гэхэд сэрэхгүй байсан ба З ах согтуу босож ирээд Э-ын нүүр лүү нь цохисон ба Э буцаагаад З ахын цээж рүү нь нэг удаа цохиод дахин түлхээд газар унагаагаад нэг удаа нуруу хэсэгт нь өшиглөхөөр нь би яаж байгаа юм бэ гээд очоод татаад холдуулсан. З ах босож ирээд шууд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-60/,
- гэрч С.Б-ийн...2020 оны 06 сарын 21-ний өдөр 15 цагийн орчим манай нөхөр Б.Г гэрээсээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарсан. 17 цагийн орчим манай нөхөр согтуу, цус нөжтэйгөө холилдчихсон гэртээ орж ирсэн. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянголын *** тоотод Б-гийнд архи ууж байгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Би хэн чамайг ийм аймар зодсон юм бэ гэхэд, миний таньдаг хүмүүс биш байсан гэж хэлсэн. Би тэр айл руу чинь явъя гэхэд явахгүй гэсэн. Би ганцаараа Бямбаагийн гэрт очиход Б тасарчихсан унтаж байсан, харин 18-20 орчим насны гурван эрэгтэй хүүхэд байсан. Би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэрийн хаалгыг нь дараад байж байхад хоёр хүүхэд нь хаалгаар гараад нэг хүүхэд нь зугтаагаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-15/,
- шинжээчийн дүгнэлт...Б.Г-ийн биед баруун зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний сулрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна /хх-08-09/,
- эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-93-96/,
- шүүгдэгч Э.Э-гын...Би 2020 оны 06 сарын орчим найз Б-тай цуг явж байгаад 2 л 2 пиво уусан...Б айлд орж хүн асууя гээд хүргэн ахын гэрт орсон...Хүргэн ах Б болон урд талын гудамжинд байдаг зүс мэдэх ах согтуу тасраад унтаж байсан. Тэгээд Б, Б ахыг сэрээх гээд татсан чинь сэрэхгүй байсан. Тухайн үед согтуу унтаж байсан ах босож ирээд яах гэж байгаа юм бэ гэж хэлээд хэл амаар доромжлоод хүрч ирээд намайг шууд баруун гараараа нэг удаа цохисон. Би уурлаад зүгээр байхад цохилоо гэж хэлээд зөрүүлээд гараараа 2 удаа цохиход газар унахаар нь нуруу орчим нэг удаа өшиглөсөн. Б боль гээд ирээд намайг татаад холдуулсан. Газар унасан ах босож ирээд юу ч хэлэлгүй гараад явсан. Б бид 2 гэрт сууж байхад гарч явсан ах эхнэр болон охины хамт ирээд араас нь цагдаа орж ирсэн. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад аваачсан...гэх мэдүүлэг /хх-73-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300,000 төгрөг нэхэмжилсэн /хх-62/ ба шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 300,000 төгрөгийг төлж барагдуулсан баримт /хх-66/ хэрэгт авагдсан, хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул /хх-100/ шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-77, 79-91/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-18, 37, 40, 44, 45, 47, 49-50, 55-57/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Г