Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00500

 

 С.Сүхбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01666 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2012 дугаар магадлалтай,

С.Сүхбаатарын нэхэмжлэлтэй,

Д.Буянчимэг, З.Энх-Амгалан нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч З.Энх-Амгалан, Д.Буянчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 04 дүгээр сарын 09-нийн өдөр Эм Ти Эм Жи ХХК-ийн инженер гэх Д.Буянчимэг, З.Энх-Амгалан нартай Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 153,000,000 төгрөгийн их засварын ажлыг хийхээр гэрээ хийсэн. Үүнээс надад 2,500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон бөгөөд энэ хугацаанд 400,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 2,100,000 авч чадалгүй өдий хүрлээ. Иймд хариуцагч нараас үлдэгдэл цалин 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Буянчимэг, З.Энх-Амгалан нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нар Эм Ти Эм Жи ХХК-тай гэрээ байгуулж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 1,2 дугаар давхрын нийт 7 өрөөний засварын ажлыг хийхээр тохиролцсон бөгөөд энэ ажилд С.Сүхбаатартай утсаар ярьж тохиролцон ажиллуулахаар болсон. Бид нар бүгд л хамтраад уг ажлыг хийж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс ажиллаж эхлээгүй, 11-ний өдрөөс 29-нийг дуустал ажилласан, 30-нд бол ажиллаагүй ажлаасаа болж маргалдан нэхэмжлэгч Д.Буянчимэгийн хамар, нүүрэнд цохиж гэмтээсэн. С.Сүхбаатар ажлаа бүрэн хийж дуусгаагүй, 29-нөөс хойш огт ажиллаагүй. 5 өрөөний засварын ажилд оролцсон, обой наах, дүүжин тааз хийх, паркетан шал хийх, явган хана хийх, хаалга угсрах, цонхны хуванцар тавцан суулгах зэрэг ажлуудыг хийсэн. 2 өрөөний ажлыг бид 2 болон А.Төгсбаяр бид 3 хийж хүлээлгэн өгсөн, 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бид ажилласан боловч компаниас бидний ажлыг зогсоосон. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил чанаргүй болсон гээд өөр компани оруулсан. Бидний хийсэн өрөөнүүдийн засварыг чанаргүй хийсэн гэж дахин буулгаж нураасан. Бид нар анх ажлаа бүрэн дуусгаад 2,000,000 төгрөг өгнө гэж тохирсон болохоос 2,500,000 төгрөг гэж тохироогүй, Бид нар ажлын хөлсөнд нийтдээ 460,000 төгрөг төлсөн. Гэрээг бичгээр байгуулаагүй, амаар л тохирсон. Компаниас 7 өрөөний засварт 6,545,000 төгрөг өгснийг ажилласан хүмүүстээ хуваагаад өгсөн. С.Сүхбаатар ажлаа дуусгалгүй орхиж явсан, ажил доголдолтой чанаргүй болсон гэж нураагдаж буцаагдсан байхад ажил хийгээгүй хүнд хөлс өгөх ёс байдаг юм уу, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01666 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч З.Энх-Амгалан, Д.Буянчимэг нараас 781,817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сүхбаатарт олгож, нэхэмжлэлээс 1,318,183 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 22,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2012 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Буянчимэг, З.Энх-Амгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019.09.30-ны өдрийн №01666 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2019.12.02-ны өдөр №2012 дугаартай магадлал эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

З.Энх-Амгалан, Д.Буянчимэг бидний Эм Ти Эм Жи ХХК-тай гэрээ байгуулж Дорноговь аймгийн ЗДТГ-ын албан конторын 1-2 давхрын барилга засварын ажлыг гүйцэтгэхээр гэрээ хийсэн. Үүнд: С.Сүхбаатар нь ирж ажил хийхээр нэгдсэн юм. Ингээд 2019.04.11-нээс 2019.04.29-нийг дуустал ажил хийсэн, нэхэмжлэгч гэх С.Сүхбаатар нь ажлын хамт олонтой зохисгүй харьцаж, хүн зодох зэргээр танхайрч Дорноговь аймгийн Цагдаагийн газар 2019.05.05-наас хойш 2019.05.17-ныг хүртэл асуугдаж байсан. Гэтэл энэ хүн хийгээгүй ажлын төлөө мөн гологдсон хөдөлмөрийн төлөө ажлын хөлс нэхэмжилж байгаад Нийслэлийн шүүх анхаарч үзээгүйгээс гадна бидний гэрч АТөгсбаярын хууль ёсны мэдүүлгийг үл тоомсорлосон хэрэг болов. 2019.05.15-ны өдөр ЭМ ТИ ЭМ ЖИ ХХК-тай хийсэн гэрээг цуцалж ажлын бригад тарахад хүрсэн. С.Сүхбаатар нь бидний нэгэн адил жирийн ажилчин түүнд бусдаас илүү төлөх үүрэг бид хүлээгээгүй. Мөн бидний хийсэн ажлыг дахин буулгаж нураасан гэх нотлох баримт бидэнд байна. Мөн бидний гэрч гэгдэх АТөгсбаярын мэдүүлгийг хайхарч үзээгүйд дэндүү зохисгүй байгааг хэлье. Гэтэл С.Сүхбаатар мөнгө авах ямар ч нотолгоо нотлох мөн гэрчлэх ямар ч зүйл байхгүй.

Иймд бидний хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх, эсвэл анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү. Учир нь бидэнд нэхэмжлэгч гэх С.Сүхбаатарын эсрэг баримт байна гэжээ.

ХЯНАВАЛ

Ажлын хөлсний үлдэгдэлд 2,100,000 төгрөг гаргуулахаар шаардсан С.Сүхбаатарын нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө З.Энх-амгалан, Д.Буянчимэг нар нь ...2,000,000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирсноос 460,000 төгрөг өгсөн, хийсэн ажил чанаргүй болсон гээд нураасан, ажлаа дуусгалгүй орхиж явсан... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, З.Энх-амгалан, Д.Буянчимэг нар нь Эм Ти Эм Жи ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын конторын барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба С.Сүхбаатар нь 2019.04.09-ний өдрөөс 1 сарын хугацаанд уг ажлыг хамтран гүйцэтгэх, хариуцагч 2,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

Талууд обой наах, дүүжин тааз, паркетан шал, явган хана хийх, хаалга угсрах, цонхны хавтан суулгах зэрэг ажлыг хамтран хийх, хариуцагч ажлын хөлс төлөхөөр тохирсноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр байгуулж болох ба энэ талаар маргаагүй, харин нэхэмжлэгч ажлаа хийж гүйцэтгэсэн эсэх, ажлын хөлсийг шаардах эрхтэй талаар маргажээ.   

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх ба захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1., 352.2.3.-т тус тус зохицуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд ...нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан талаарх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэгчийг 13 хоног ажилласан гэж үзэж, мөн хугацааны ажлын хөлсний хэмжээг 1,181,817 төгрөгөөр тогтоож, үүнээс төлсөн 400,000 төгрөгийг хасч нэхэмжлэлээс 781,817 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2. дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Анхан шатны шүүх, хариуцагчид нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар 11-ний өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн, зохигчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч татгалзлаа нотлох холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул ...хийсэн ажлыг дахин буулгаж нураасан гэх баримт бидэнд байна гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн ...С.Сүхбаатар нь ажлын хамт олонтой зохисгүй харьцаж, хүн зодох зэргээр танхайрсан,...хийгээгүй ажлын төлөө, мөн гологдсон ажлын төлөө хөлс нэхэмжилсэн... гэх гомдлоор шийдвэр, магадлалын хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01666 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2012 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 23,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

  Д.ЦОЛМОН