Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 31

 

С-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0031/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Б.Бямбасүрэн оролцуулан, 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр С-д холбогдох эрүүгийн 1939001120119 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1978 онд төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт бүлгийн багш ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Сурагчийн 21-р гудамжны 212 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Г овогт Я-н С-  нь

2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар явах чиглэлийн Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Чандгана” гэх газарт зам дээр “Хюндай соната-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хюндай соната-6” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   Шүүгдэгч Г овогт Я-н С-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С- нь түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж тус тус заан шийдвэрлэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасныг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх 90 хоногийн хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хойшлуулж тогтоохоор заасныг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн санхүүгийн байдалд дарамт учруулахгүйгээр хэсэгчлэн төлөх боломж олгож буй хуулийн зохицуулалтын зорилгод нийцэхгүй байдлаар торгох ял биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос богиносгон нэг сараар тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичлээ гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

С- нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар явах чиглэлийн Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Чандгана” гэх газарт зам дээр “Хюндай соната-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хюндай соната-6” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 хуудас/, 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 хуудас/, 

Хохирогч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 23-ны 16 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа Хэнтий аймгийн Мөрөн сумаас гарч машин гүйцэж түрүүлж байгаад замын хажуу руу онхолдсон. ...Машиныг багш С- жолоодож, хажууд нь Б суугаад явж байсан. Миний нурууны сэртэн яснууд хугарсан. Бас мөрний уулзварын яснууд цуурсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, 

Иргэний нэхэмжлэгч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүү Б-д “Соната-6” маркийн хар өнгийн суудлын автомашинаа өгч явуулсан. ...С- нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сумын нутагт онхолдсон учир машин маань эвдэрсэн. ...Би өөрийн төрсөн хүүдээ машинаа өгч явуулсан учир машины үнийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/, 

Иргэний хариуцагч Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэнтий аймгаас 2019 оны 02 дугаар сарын 23-нд тээврийн хэрэгслийг С-р жолоодуулж яваад зам тээврийн осолд орсон. ...Аав маань тээврийн хэрэгслээ нэхэмжлэхгүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, 

Гэрч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3 тээврийн хэрэгсэл цуваанд ороод явж байсан. ...С- багш биднийг хурдтай гүйцэж түрүүлээд урд гарсан. ...Нэг хартал С- багшийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хойд хэсэгт унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/, 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 3489 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 хуудас/, 

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Золжаргалын гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77 хуудас/, 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 128 хуудас/, 

С-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Жолооч Балжинням пиво уусан байсан тул Багануур ортол тээврийн хэрэгслээ жолоодоод өгөөч гэж гуйсан. ...Би зөвшөөрөөд тус тээврийн хэрэгслийг жолоодож яваад Мөрөн сум өнгөрөөд зам тээврийн осол гаргасан. Би -д эмчилгээний зардалд 1 сая төгрөг бэлнээр өгсөн. Н гэх хүн тээврийн хэрэгслээ нэхэмжлэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 хуудас/ мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч С-д оногдуулсан торгуулийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, түүний эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх нь зүйтэй юм. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хойшлуулж тогтоох нь шүүгдэгчийн санхүүгийн байдалд дарамт учруулахгүйгээр ялыг биелүүлэх боломж олгож буй шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээ юм. Гэтэл энэ зохицуулалтыг зорилгод нь нийцэхгүй байдлаар хэрэглэж торгох ялыг биелүүлэх хугацааг богиносгон тогтоож буйг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. 

Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч С-д оногдуулсан торгуулийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэл бүхий байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “1 сарын” гэснийг “90 хоногийн” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                 Б.ДЭНСМАА