Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2478

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Жын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Бд холбогдох  

 

Зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ганзул

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Оюунболд

Хариуцагч: Х.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Жамъян

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, Х.Б 30 000 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байр 60 тоот 52 м.кв талбайтай, Х.Бат-Эрдэнийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөнгийг хаанаас авах вэ гэхээр нь үел эгч Баясгалангаас авна гэж хэлсэн. Эгч нь спикерээр Т.Баясгалангаас мөнгө авлаа гэхэд Х.Бат Эрдэнэ мөнгө хүлээн авлаа гэж гэрээн дээр гарын үсэг зурсан. Х.Б 30 000 000 төгрөгийг 3 хоногийн дотор сарын хүүтэй нь өгнө гэж ярьсан. Гэрээг бүртгүүлэхдээ надаас 25 000 төгрөг зээлсэн. Түүнийгээ хамт өгнө гэсэн, өгөөгүй. Би утасдсан. Гэтэл Дархан, Сэлэнгэд явна гэдэг. Гэр нь олдохгүй, эхнэр нь утсаа авдаг. Ингээд сураггүй болсон. Иймд хариуцагч Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Х.Б нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Алтай хотхон, энгельс гудамж, 12 байр 96 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоож өгсөн. 2017 оны 05 дугаар сард 86008888 дугаараас над руу ярьсан. Гэтэл хариуцагч нь намайг эрэн сурвалжлуулсан байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш Х.Б нь нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй бөгөөд сар бүр төлөх ёстой хүүг төлөөгүй. Гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутамд алданги тооцохоор заасан. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 4 500 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги болох 17 250 000 төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн 25 сард Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүү 37 500 000 төгрөг, нийт 89 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ш.Ж гэдэг хүнээс ямар ч мөнгө төгрөг зээлж аваагүй. Ш.Ж гэх хүнийг танихгүй. Зээлийн гэрээ байгуулахаас өмнө миний эгч Х.Ижилцэцэг, Т.Баясгалан гэдэг хүнээс 26 500 000 төгрөг зээлж авсан гэдэг ба миний бие мөн Т.Баясгалангаас 30 000 000 төгрөг зээлье гэсэн хүсэлтийг эгч Х.Ижилцэцэгээр дамжуулан гаргасан. Т.Баясгалан нь эгчээр дамжуулж, Ш.Ж гэх хүнтэй нотариат дээр очоод гэрээ байгуулчихаад, мөнгөө ав гэж хэлсэн гэдэг. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах нотариатын газар очиж иргэн Ш.Жтай уулзаж, зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед эгч бидэнтэй байгаагүй. Гэрээ хийж байхдаа Ш.Жын хажууд эгч рүүгээ ярьж, мөнгөө хүлээж аваагүй байхад авсан гээд биччихсэн байна, гэрээнд гарын үсэг зурж болох юм уу гэж асуухад эгч Т.Баясгалангаас асууя гэсэн. Тэгээд удалгүй эргээд залгаж, Т.Баясгалан мөнгөө авахаас хойш юун сүртэй юм, гэрээгээ хийчихээд 30 000 000 төгрөгөө авна биз гэсэн гэхээр нь би гэрээнд мөнгийг хүлээн авсан гэж гарын үсгээ зурсан. Гэтэл Т.Баясгалан нь манай эгчээс мөнгө төгрөгийн авлагатай, тэрийгээ дуусгаж байж ахиад мөнгө зээлээрэй гээд 30 000 000 төгрөгийг өгөөгүй. Иймд миний бие Ш.Жын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Бэс зээлийн гэрээний үүрэгт 89 250 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Ш.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 644 140 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн эгч Х.Ижилцэцэгийг шүүхэд гэрчээр мэдүүлэг авахуулахад “Т.Баясгалангаас уг зэээлийг авахаас 2-3 өмнө Т.Баясгалангаас 26 500 000 төгрөг зээлэн авсан гэж мэдүүлсэн тул уг мэдүүлгийн үнэн зөвийг тодруулахын тулд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрчээр Т.Баясгаланг оролцуулах хүсэлт гаргаж, шүүхийн шүүх хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны 17 цаг 00 минутанд болохоор товлогдсон. Шүүхийн шийдвэрт бичигдсэн гэрчийг оролцуулахаар 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч гэрч хуралдаанд ирээгүй гэсэн нь худлаа юм.

Учир нь тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны 17 цаг 00 минутанд болохоор товлогдсон шүүх хуралдаан ороогүй. Д.Наранцэцэг шүүгчийн 17 цагийн өмнөх шүүх хурал тарахгүй удсан тул хурлыг орохгүйгээр хойшилсон. Мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 минутанд товлогдсон шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул гэрч Т.Баясгалангийн хамтаар очиход тус шүүхийн шүүгч Д.Наранцэцэгийн 13 цаг 30 минутын өмнөх шүүх хурал тарахгүй удсан Т.Баясгалан нь шүүх хурал орохыг 14 цаг 30 минут хүртэл хүлээж байгаад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан учраас тарианы цаг болж явсан. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул нь шүүх хурал орохыг хүлээж 17 цаг 27 минут хүртэл шүүхийн зааланд хүлээсэн боловч Д.Наранцэцэг шүүгчийн өмнөх хурал завсарлаад удаагүй орох болоогүй байсан, мөн ажлын цаг дуусч байсан тул тэрээр тус шүүхийн Цагдаад гарсан цагаа бүртгүүлээд явсан байдаг. Өмгөөлөгч миний хувьд тус өдрийн шүүх хуралдаанд шүүх хуралдаан хойшлуулах холбогдох баримт бичгийг хүргүүлсэн байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрчээр Т.Баясгаланг оролцуулах хүсэлтээс татгалзах бопсон учир нь хариуцагчийн зүгээс нотлох баримтаар Т.Баясгалан өөрийн 99119915 дугаараас Х.Ижилцэцэг рүү залгаж ярьсан гар утасны яриаг буулгасан СD бичлэг өгсөнтэй холбогдуулж гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзсан.

Гэрч хүрэлцэн ирээгүйгээс тус шүүхийн шүүх хуралдаан хоёр удаа хойшлоогүй харин шүүхийн зохион байгуулалтгүй буюу товлосон цагтаа хурал орохгүйгээс болж шүүх хуралдаан орохгүй хойшилж байсан байхад гэрчийг оролцуулахаар 2 удаагийн хуралдааныг хойшлуулж байсан гэж бичсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуүлийн 116 дугаар зүйлийн 116.2-г заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Талуудын тэгш байдлын зарчим алдагдсан, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нийцээгүй.

...Нэхэмжлэгч Ш.Жын үеэл эгч болох Т.Баясгаланд хариуцагч Х.Б, түүний эгч Х.Ижилцэцэг нар нь Я.Цэрэндэндэвийг цагдан хорихоос суллахын тулд хохирлын мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэсэн бөгөөд Т.Баясгалан нь би та нарт мөнгө зээлж чадахгүй ээ, харин манай дүүгийн мөнгө надад байгаа барьцаа хөрөнгө байвал зээлж болно гэсэн хариуг өгсөн. Тэгтэл Х.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхоны 16-р байрны 60 тоот 52 м.кв байрыг барьцаанд тавихаар болсон. Ингээд Т.Баясгалан нь үеэл дүү Ш.Жд Х.Б, Х.Ижилцэцэг нарын утасны дугаарыг өгсөн. Ш.Ж нь залгасан, Х.Бэт-Эрдэнэ, Ижилцэцэг нар орон сууцны ордертэй ирсэн.

Х.Б, Ш.Ж нар 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр зээлийн гэрээг байгуулахаар болж, харин эгч Х.Ижилцэцэг нь Цэрэндэндэвийг хоригдож байгаа 17 цагаас өмнө 30 000 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Ш.Ж нь мөнгийг Т.Баясгалан эгчээс авна гэж хэлсэн. Х.Ижилцэцэг нь 17 цагаас өмнө амжиж мөнгөө авна гээд Т.Баясгалан дээр очиж 30 000 000 төгрөгийг авсан болох Т.Баясгалан мөнгийг Х.Ижицэцэгт өгсөн болох нь Т.Баясгалан, Х.Ижилцэцэг нарын утасны СD бичлэгээр тогтоогдож байна, түүнчлэн уг өдрөө Я.Цэрэндэндэвийн хохирлын мөнгийг төлсөн болох нь Х.Ижилцэцэг гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байхад шүүх уг мэдүүлгийг үнэлээгүй.

Ш.Ж, Х.Б нар нь зээлийн гэрээг байгуулж дуусаад гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг авсан эсэхийг хариуцагчийн эгч Х.Ижилцэцэг рүү утасдаж асуухад мөнгө хүлээн авсан гэхэд нь гарын үсэг зурсан.

2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн зээлийн гэрээнд Х.Б нь 30 000 000 төгрөг хүлээн авав гэж зурсан нь мөнгө авсаныг илэрхийлэх чухал баримт байхад шүүх үнэлээгүй, хэт нэг талын тайлбар мэдүүлгийг үнэлж хэргийг шийдсэн. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага 89 250 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Ж нь хариуцагч Х.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87 000 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 89 250 000 төгрөг болгон нэмэгдүүлснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж хариуцагч нь 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байр 60 тоот 52 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан талаар зохигчид маргаагүй байна. /хх 4, 5/

            Нэхэмжлэгч нь “Т.Баясгаланд хадгалуулсан өөрийн мөнгийг зээлдэгчид зээлдүүлсэн, 30 000 000 төгрөгийг Х.Бат-Эрдэнийн эгч Х.Ижилцэцэг нь Т.Баясгалангаас хүлээн авлаа гэж утсаар ярьсаны дагуу хариуцагч мөнгийг хүлээн авлаа гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэж, хариуцагч нь “30 000 000 төгрөгийг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан байгаа боловч зээлдүүлэгч мөнгийг өгөөгүй” гэж тус тус тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х.Бд нэхэмжлэгч мөнгө зээлүүлэх үйл явдал болохоос өмнө нэхэмжлэгчийн үеэл Т.Баясгалан, хариуцагчийн эгч Х.Ижилцэцэгт 26 500 000 төгрөгийг бичгээр үйлдсэн зээлийн гэрээгүйгээр, барьцаагүйгээр зээлдүүлсэн байх бөгөөд үүний дараа зээлдүүлэгч Ш.Жын өмнөөс зээлдэгч Х.Бд өгөх 30 000 000 төгрөгийг Т.Баясгалан нь Х.Ижилцэцэгт өгөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Х.Ижилцэцэгийн мэдүүлэг, Х.Ижилцэцэгийг гэрчээр шүүх хуралдаанд оролцсоны дараа Т.Баясгалан өөрийн 99119915 дугаараас Х.Ижилцэцэг рүү залгаж ярьсан гар утасны яриаг буулгасан СД бичлэгийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн эхлэн гүйцэтгэх 30 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлүүлэх, зээлийн гэрээний хугацаанд хүү гаргуулах, гэрээгээр тохирсон алданги болон хуульд заасан хүү шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгаланг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уг хүсэлтээсээ өөрөө татгалзсан байна. Иймээс шүүх хэргийг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Жын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН