Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1008

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Энэрэл (томилолтоор), шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00253 1094 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.С,  ***оны ** сарын **-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангай хотхон ***тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 06 сарын 07-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 14-ний өдрийн 1223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.С нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчимд насанд хүрээгүй М.Ч халааснаас түүний эзэмшлийн “Blackview А-70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 325,200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т овгийн Н.С нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч М.Ч халааснаас түүний 325,200 төгрөгийн үнэлгээтэй “Blackview А-70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

- Хохирогч М.Ч-н цагдаагийн байгууллагад гаргасан “...2021 оны 12 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, Цамбагаравын орчимд явж байхдаа халааснаасаа Blackview А-70 маркийн гар утсаа хулгайд алдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал);

- Насанд хүрээгүй хохирогч М.Ч “...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өвөөгийнхөө гэр лүү явах гэхэд зам их түгжрэлтэй байсан тул гар утсаа утасгүй чихэвчтэй холбоод, дуу сонсоод алхаж явсан. Тэгтэл Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын автобусны буудлын орчимд миний чихэвч ажиллахгүй болж, гар утасны холболт салсан. Тэгэхээр нь би өмдний халаасанд хийсэн байсан гар утсаа шалгахад алга болсон байсан. Хар өнгийн Blackview А-70 загварын гар утас байсан. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3, 4 дүгээр хорооллын Е-Март худалдааны төвийн гар утасны лангуунаас 400,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн хар өнгийн савхин гэр дагалдан ирсэн байсан нь хамт алга болсон. Гэхдээ тухайн савхин гэрийг нэхэмжлэх, үнэлүүлэх шаардлагагүй. Гар утсанд маань 91926766, 80186766 гэсэн дугаарын 2 сим байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 сарын 17-ны өдрийн: “Blackview А-70 загварын гар утас 319,200 төгрөг, сим карт 2 ширхэг 6000 төгрөг, нийт 325,200 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-39 дэх тал);

- Гэрч Г.Э “...Э өөрийн *** гэсэн улсын дугаартай Ниссан Тина маркийн авто машины түлхүүрийг надад өгөөд “машин дээр очоод байж байгаарай” гэсэн. Би Цамбагаравын автобусны буудлын хойно байх авто машины зогсоол руу явж байхад замд нүдэн гэх хочтой С гэдэг хуучны танил ахтай таарсан. Тэр намайг хаашаа явж байгааг асуухаар нь “Э-тэй уулзаад машин руу нь явж байна, цаадах чинь араас ирэх байх” гэж хэлсэн чинь надад 6 ширхэг гар утас өгөөд “араас чинь очоод авна, чи наад хэдийгээ Э-н машинд хийчих, би өөрөө Э-д хэлчихнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би rap утаснуудыг аваад Э-н машины урд талын хайрцагт хийчхээд машин дотор сууж байтал 1 цаг орчмын дараа Э над руу залгаад “Хархорин захын автобусны буудал дээр машин унаад хүрээд ир” гэсэн. Намайг Э-той уулзахад ганцаараа явж байсан. Би С-г надад гар утаснууд өгөхөөр нь Э-той уулзах гэж байгаа юм байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал) зэрэг нотлох баримтуудын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Н.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2021 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Цамбагарав автобусны буудал дээр явж байх үедээ 16 орчим насны эрэгтэй хүүхдийн халааснаас гар утас хулгайлан авсан нь үнэн. Тухайн гар утсаа халаасандаа хийгээд өөрт байлгаж байсан, гайгүй үнээр авах хүн олдохгүй байсан. Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр халаасны хулгай хийж нийт долоон ширхэг гар утас хулгайлан авсан. Тэгээд Хархорины автобусны буудлын орчим танил Эрхэмбаяртай таараад “машиндаа түр хийчих” гэж хэлээд түүнд өгсөн. “Би өөрөө Э-той ярьж байгаад гар утаснуудаа авна” гэж хэлээд цааш яваад зам гараад зогсож байхад энгийн хувцастай хүмүүс очоод шалгаад байх шиг байхаар нь би очилгүй шууд гэр лүүгээ явсан. Би түүнээс хойш 2 хоногийн дараа цагдаагийн байгууллага дээр очиж өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэж (хавтаст хэргийн 138-139 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр явж байгаад холболттой чихэвчийг нь анзааралгүй гар утсыг нь авсан. Тэр утсыг би өөр дээрээ 2 хоног байлгасан. 20-ны өдөр нь би ахиж 5-6 утастай болоод, нийт долоо гар утсыг Э-т өгөөд “машиндаа аваачаад тавьчих” гээд явуулсан. Тэгээд 20-ны өдөр хулгайлсан утаснууд дээрээ зөрчлөөр шийтгүүлж, 30 хоног баривчилгаанд яваад, харин нэг гар утасны үнэлгээ нь 300,000 төгрөгөөс дээш байсан тул эрүүгийн хэрэг үүсгэгдсэн...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг яллах үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.С нь бүрэн бус дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.С-ны үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн халдлагын зүйл болох Blackview А-70 загварын гар утсыг 319,200 төгрөгөөр, 2 ширхэг сим карт тус бүрийн 3000 төгрөгөөр, нийт 325,200 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 325,200 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Н.С-ны үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.С-ныг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч М.Ч нь гар утсаа эргүүлэн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдааны тов мэдэгдэх үед мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.С-г бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Ялын хэмжээнээс багасгаж өгнө үү..” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 87-99 дэх тал), гэрлэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 100 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 101-105 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 106 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 109-112 дахь тал), тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 755 дугаар шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн оршин суух тодорхой хаягтай, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, мөн 5 удаагийн хулгайн үйлдэлдээ зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан хувийн байдлыг тогтоов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, энэ төрлийн /халаасны хулгай/ гэмт хэргийн онцлог, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн урьд ял шийтгүүлж байсан боловч гэм буруугаа ухамсарлаж ойлгоогүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүнийг цээрлүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.С нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 06 сарын 07-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг эдэлсэн эсэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэлгүй байгаа талаарх 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3/2612 дугаартай албан бичиг хавтаст хэргийн 114 дэх талд авагджээ.

Шүүгдэгч Н.С-ны 2007 онд шийтгүүлсэн 200 цагийн албадан ажил хийлгэх ялын хувьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дор дурдсан хугацаа өнгөрсөн бол ялтны үндсэн болон нэмэгдэл ялыг эдлүүлж болохгүй:” гээд, 76.1.1. дэх заалтад “хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн боловч гурван жил өнгөрсөн;” гэж заасан хугацаа хэдий нь өнгөрсөн байх тул тус ялын хууль зүйн үр дагавар арилсан гэж үзэв.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Т овгийн Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА