Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1859

 

                                                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 11 дүгээр байрны 29 тоотод оршин суух Боржигон овогт Энхбаярын Мөнхсарнай /РД:ЧР85122164/-н нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны 29 тоотод оршин суух Онход овогт Жаргалсайханы Гантулга /РД:ЧМ83071274/-д холбогдох

          гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Мөнхсарнай, хариуцагч Ж.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч М.Зулзаяа /ШТЭҮД-2113/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

    

           Нэхэмжлэгч Э.Мөнхсарнай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би Ж.Гантулгатай 2004 онд танилцаж, улмаар 2006  оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдран хугацаанд 2005 оны 07 сарын 23-ны өдөр охин Г.Энхжин, 2008 оны 7 сарын 19-ний өдөр хүү Г.Энх-Хүслэн нар төрсөн. Ж.Гантулгыг гэр бүлээс гадуур харилцаатай байсныг 2015 онд мэдэж гэр бүлийн маргаан үүссэн ба нөхөр Ж.Гантулга нь 2015 оны 7 дугаар сард гэрээсээ яваад өнөөдрийг хүртэл  ирээгүй. Улмаар Ж.Гантулга нь  тэр эмэгтэйтэйгээ хамтран амьдарч хүүхэдтэй болсон  учир гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлгийг тогтоолгох хүсэлттэй байна. Одоо амьдарч байгаа 2 өрөө орон сууц банкны зээлэнд байдаг. Уг зээлийн хугацаа 2023 онд дуусна. Зээлийг төлж дуусгасны дараа өөрийн болон хүүхдүүдийн нэр дээр орон сууцыг шилжүүлэн авах хүсэлтэй байна. Өөр дундаа эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

          Хариуцагч Ж.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 оны 10 дугаар сард Э.Мөнхсарнайтай танилцаж, 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин Г.Энхжин,  2008 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүү Г.Энх-Хүслэн нар төрсөн. Бид 2011 онд тусдаа гарч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 11 дүгээр байрны 29 тоот орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авч амьдрах болсон. Уг орон сууцны зээлийг би цалингаасаа ганцаараа төлж байсан, цаашид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Би өөр эмэгтэйтэй хамтран амьдарч  3 настай охинтой болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гол нь хүүхдүүдтэйгээ уулзаж байх хүсэлтэй байна. Ээж нь уулзуулдаггүй учир энэ талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Орон сууцны зээл 2023 онд төлөгдөж дууссаны дараа орон сууцыг Э.Мөнхсарнай болон хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэв.

               

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Э.Мөнхсарнай, хариуцагч Ж.Гантулга нар 2003 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2005 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин Г.Энхжин, 2008 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүү Г.Энххүслэн нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

    Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

   Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, бага насны хүүхдэд эхийн хайр халамж шаардлагатай нөхцөл байдал зэргийг харгалзан охин Г.Энхжин,  хүү Г.Энххүслэн нарыг эх Э.Мөнхсарнайн асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул охин Г.Энхжин,  хүү Г.Энххүслэн нарыг эцэг Ж.Гантулга нь тэжээн тэтгэх үндэстэй байна.

    Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205009601 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол,  11 дүгээр байрны 29 тоотын 29 м.кв 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Гантулга нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд нэхэмжлэгч Э.Мөнхсарнай болон охин Г.Энхжин, хүү Г.Энххүслэн нарын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсоныг батлах нь зүйтэй байна.

          Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь  хуульд нийцнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Энхбаярын Мөнхсарнай, Онход овогт Жаргалсайханы Гантулга нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин Г.Энхжин, 2008 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүү Г.Энххүслэн нарыг эх Э.Мөнхсарнайн  асрамжинд үлдээсүгэй.

           

         3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2  дахь  хэсэгт  заасныг  баримтлан хүү Г.Энххүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Г.Энхжин, хүү Г.Энххүслэн нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Ж.Гантулга нь тэжээн тэтгэсүгэй.

 

         4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ж.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 68316 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

         5.  Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Гантулга нь дундын эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205009601 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол,  11 дүгээр байрны 29 тоотын 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд нэхэмжлэгч Э.Мөнхсарнай болон охин Г.Энхжин, хүү Г.Энххүслэн нарын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг баталсугай.

 

         6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.

 

     7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР