| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/02103/И |
| Дугаар | 1840 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1840
| 2017 оны 9 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2017/0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 36 дугаар байрны 23 тоотод оршин суух Өндөр хаан овогт Баатарын Одонгарав /РД: СО78120402/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сум, 4 дүгээр баг Тамган гэх газар оршин суух Уянга овогт Тогтохын Өлзийбадрах /РД: НУ76101733/-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Одонгарав, хариуцагч Т.Өлзийбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Одонгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Т.Өлзийбадрахтай 2007 онд танилцаж 2010 оноос хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд 2010 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин Ө.Энгүүн мэндэлсэн. Би Т.Өлзийбадрахтай хамтран амьдрахдаа дагавар 3 хүүхэдтэйгээ байсан. Бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон. Өмнө нь хамт амьдарч байх хугацаанд Т.Өлзийбадрах нь миний 3 хүүхдийг “ээжийгээ эгч гэж дуудаж бай” гэх мэт таарамжгүй үг зааж өгч дарамталдаг байсан. Ингээд 2013 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Салснаас хойш Т.Өлзийбадрахыг охин Ө.Энгүүнтэй уулзах болгонд хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх зүйлийг зааж өгдөг байсан тул охиноо Т.Өлзийбадрахтай уулзуулахгүй байгаа. Бид хоёр тусдаа амьдарч эхэлснээс хойш Т.Өлзийбадрах намайг утсаар байнга дарамталж, “чамд болон танай хамаатнуудад элдэв гай зовлон тохиолдвол битгий гайх” гэж дарамталдаг байсан. Иймд охин Ө.Энгүүнд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Т.Өлзийбадрах шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Одонгаравтай 2007 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд замын ажлаар явж байхдаа танилцсан. 2008-2009 онд манайд ирж очдог байж байгаад 2010 оноос хойш 3 жил эгчийн хашаанд гэр барьж амьдарсан. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд 2010 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин Ө.Энгүүн мэндэлсэн. Би Б.Одонгаравын амьдралд нь нэмэр болж 3 хүүхдийг нь хамт өсгөе гэж бодсон. Хамт амьдарч байх хугацаанд Б.Одонгарав өөрийн 3 охиноо авч ирдэггүй байсан. Хүүхдүүдээ шилжүүлээд ир, гэр бүлээрээ амьдаръя гэхээр би хүүхдүүдээ хөдөө сургахгүй гэсэн мөртлөө намайг ажилдаа явсан хойгуур хүүхдүүдээ авч ирдэг байсан. Би Б.Одонгаравын том охин н.Мөнхтуяаг нь Төв аймгийн Эрдэнэ Суманд нарийн бичгийн мэргэжлээр сургаж мэргэжилтэй болгосон. 2013 оны зун би Архангай аймгийн Тариат суманд намрын ажилд явчихаад ирээд хүүхдүүдтэйгээ гадуур гарахаар Б.Одонгаравыг хүлээсэн боловч ирэхгүй, хүлээж байхад Б.Одонгаравын бага охин н.Намуундарь “ээж таныг ажилдаа явсан хойгуур бид нарыг цоожилчихоод саарал машинтай ах дээр очдог” гэж хэлснээс болж бид хоёр салах болсон. Мөн лам дүү нь таньд хань болохгүй хүн байна гэсэн байна лээ. Би охинтойгоо уулзах гээд очихоор Б.Одонгарав уулзуулахгүй бас энэ чиний хүүхэд биш гэж хэлэхэд нь 2-3 жил дарамталж мессеж бичдэг байсан нь үнэн. Энэ асуудлаас болж 10 хоног баривчлагдсан. Би одоо гэр бүлтэй болсон боловч үр хүүхэд гаргаагүй. Гэтэл Б.Одонгарав манай гэр бүлийн хүнийг үрийн заяа үнэрлэхгүй чи гэж доромжилсон байдаг. Би хүүхэдтэйгээ уулзмаар байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчид 2007 онд танилцан улмаар 2010 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин Ө.Энгүүн төрсөн болох нь хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын өөрсдийн тайлбараар нотлогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу хариуцагч нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх үндэстэй.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” тул хариуцагч Т.Өлзийбадрахыг охин Ө.Энгүүнтэй тогтмол уулзуулж байхыг эх Б.Одонгаравт даалгах нь зүйтэй.
Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ө.Энгүүнийг эх Б.Одонгаравын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ө.Энгүүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Өлзийбадрах нь тэжээн тэтгэсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн
бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Өлзийбадрахаас улсын тэмдэгтийн хураамжинд 28483 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5 дахь хэсэгт зааснаар охин Ө.Энгүүнийг эцэг Т.Өлзийбадрахтай нь тогтмол, саадгүй уулзуулж байхыг эх Б.Одонгаравт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР