Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0756/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1000 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., 10.1-1, |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1000
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Энхтайван, улсын яллагч Ж.Сувданчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0455 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Э, ***оны **дүгээр сарын -**ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ургамал баян уул” ХХК-д харуулаар ажиллаж байсан, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагаан 5 дугаар гудамж *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***хэрэг хариуцах чадвартай, урьд:
- Ардын Армийн тусгай шүүхийн 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 114/а дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198а, 200а-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1979 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- Улаанбаатар хотын шүүхийн 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73а-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1982 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- Улаанбаатар хотын шүүхийн 1986 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 151 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 630 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1682 дугаар Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 03 жил 09 cap 17 хоногийн хорих ялаас 03 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдсэн 09 cap 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 260 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 03 cap 28 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж үлдэх 02 жил 03 cap 28 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 21 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Э нь 2022 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны 3-55а тоот хашааны гадна И.Б шоронд байсан үеийнхээ талаар ярьж маргалдсаны улмаас түүний цээжин тус газарт 2 удаа хутгалж алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
- 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 5-32 тоотын гадна *** УБӨ улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн автомашины жолооч Б.Б таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч, О.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 5-32 тоот хашааны гадна ** УБӨ улсын дугаартай “Toyota Axio” маркийн автомашины жолооч Б.Б-тай таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний нүүр лүү гараараа цохиж, биед нь зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан;
- Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, И.Б шоронд байсан үеийнхээ талаар ярьж маргалдсаны улмаас Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны 3-55а тоот хашааны гадна түүний цээж рүү нь 2 удаа хутгалж, биед нь цээжний зүүн талд 4-5-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальсны зүүн доод хэсэг, зүрхний зүүн ховдол руу нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн цус, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийг учруулан хүнийг алсан“ үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би холбогдсон хэргийнхээ талаар маргах зүйлгүй, яллах дүгнэлтийн хүрээнд бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э: “Аав маань 1990 онд өөд болоод миний ах аавыг минь орлодог маш өмөг түшигтэй хайртай ах маань байсан. Ах маань бидэнд маш их тусалдаг, сайн ах маань байсан. Одоо ч бид ахыгаа санаж үгүйлж байгаа. Бид маш их гомдолтой байна. Миний ээж 2 сарын турш уйлсаар байгаад нэг нүд нь сохорсон. Шүүгдэгч Э хүнийг удаа дараа 3-4 удаа хутгалж байсан. Би хэрэгтэй нь танилцахад биедээ байнга хутга авч явдаг гэж мэдүүлэг өгсөн байсан. Байнга танхайн хэрэг үйлдэнэ, эмэгтэй хүнийг зодно. Ийм хүнийг яагаад нийгэмд сул тавиад явуулаад байдаг юм бэ. Мөн мэдүүлэг дээрээ миний ахыг нэг хутгалаад, үхээгүй болохоор нь дахиад хутгалсан гэж мэдүүлсэн байсан. Нэг хутгалаад орхиж болоогүй юу. Энэ хүнийг хаалттайгаар, ялын дээд хэмжээгээр шийтгэж өгөөч ээ гэж шударга шүүхээс хүсэж байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан 10,605,095 төгрөгийг оршуулгын зардалд, өмгөөлөгчийн хөлс болох 2,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд, ингээд нийт 12,605,095 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:
- Хохирогч Б.Б “...2021 оны 11 сарын 08-ны оройн 23 цагийн үед өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашинтайгаа, эхнэр М-н хамт явж байх үед Баруун салааны шинэ эцэс орчмоос үл таних 50-60 насны согтуу, гэхдээ биеэ авч явах чадвартай хүн гараа өргөхөөр нь зогсоход "ахын дүү ахыгаа доош хүргээд өг, автобус зогсчихлоо, унаа олддоггүй" гэхээр нь машиндаа суулгасан. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нэг цэгийн үйлчилгээний урд талын ногоон хаалгатай 32 тоотын гадна очоод би “10,000 төгрөг гарлаа” гэж хэлтэл “яахаараа 10 гардаг юм... 5000-6000 төгрөг л гардаг шүү дээ” гэж хэлээд намайг амаар доромжлоод би миний цамцны юүдэнгээс татаад байсан. Манай эхнэр Мөнгөнтүлхүүр болиулаад байж байтал тухайн хүний эхнэр нь гарч ирээд “хэд гарсан юм” гэхээр нь би “10,000” гэж хэлэхийн завдалгүй тухайн эрэгтэй хүн миний нүүр хэсэгт 2 удаа цохиж, миний үүдэн 1 шүд хөдөлсөн... Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй, шүдээ янзлуулж авчихмаар байна...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 161-162, 165 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11075 дугаартай: “...Б.Б биед зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь унах үед үүсэхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн (2 дахь хавтаст хэргийн 177-178 дахь тал) дүгнэлт,
- Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед гэрээсээ гараад Баруун салаанд байдаг найзыгаа эргэж очсон. Тэндээ 0.75 литрийн Хараа архи 1 шил, 0.33 литрийн Хараа архи 1 шил нийт 2 шил архи найзуудтайгаа нийлж уусан. Шөнө 23 цаг болж байхад найзынхаа гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны хуучин эцсийн автобусны буудал дээр очиж автобус хүлээсэн чинь ирэхгүй зогсчихсон байсан. Би жижиг тэрэг ирэхээр нь гар өргөөд суусан... Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны ** тоотод байх гэрийнхээ үүдэнд буусан. Жолоочид хандан “хэд гарсан бэ” гэхэд “10,000 төгрөг гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хоёрын хооронд юу гэж 10,000 төгрөг гардаг юм бэ гээд таксины жолоочтой муудалцаж барилцаад би цохиод авсан юм. Эхнэр гэрээс гарч ирээд “зүгээр явж чадахгүй залуучуудтай зодоон хийгээд” гээд мөнгийг нь өгөөд намайг аваад орсон... Би тухайн залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохиж авсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй, эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал),
Амь хохирогч И.Б алсан гэмт хэргийн нотлох баримтууд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 4-16 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 17-21 дэх тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Б “...уг хэрэгт төрсөн дүү болох И.Б төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Талийгаач төрсөн дүү И.Б нь 1972 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот хоёрдугаар төрөхөд төрсөн... Эцэг И , эх С нарын 8 хүүхдээс 4 дэх хүү болж мэндэлсэн... хүнд тусархуу, байгаа юмаа сэтгэлээрээ өгчих гээд байдаг. Архи уучихаараа л жаахан бүтэхгүй юманд орооцолдчих гээд байдаг. Эрүүл үедээ бол элдэв муу зан байхгүй... Би найзалж нөхөрлөдөг хүмүүсийнх нь талаар сайн мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-73 дахь тал),
- Гэрч Ш.Б “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байхад 20 цагийн орчимд найз З.Нэргүй, И.Б нар ирсэн. Миний анзаарснаар Б бага зэрэг халамцуу байсан. Манай хоёр найз 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архитай ирсэн ба манайд задлаад ууж байхад эхнэр О бид нарыг нийлж архи уулаа гээд дургүйцэхээр нь 20 цаг өнгөрч байхад Б бид гурав Нэргүйн Тоёота Корола маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Ч.Г Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр лүү нь явсан... 21 цаг өнгөрч байхад очиход Ганхөлөг гэртээ О.Э хамт байсан, өөр хүн байгаагүй...Ганхөлөгийн гэрт авч очсон 0.75 литрийн шилтэй архины үлдсэнийг нь хувааж уусан. Нэргүй машинтай явж байсан учраас архинаас бараг уугаагүй. Удалгүй Нэргүй гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн. Ганхөлөгийн гэрт Э, Б, Г бид дөрөв үлдсэн архиа ууж байхад Б “би шоронд 10 орчим жил суусан, атаман байсан” гээд Э ах руу томроод, доош нь хийгээд байсан. Э ах хариуд нь “би шоронд байсан, чамайг мэдэхгүй юм байна” гээд хоорондоо муудалцаад байсан. Г бид хоёр тэр хоёрыг тайвшруулаад, маргалдахгүй болохоор нь би буйдангийн орон дээр хэвтэж байгаад унтаад өгсөн. Намайг унтахаас өмнө Э миний унтаж байсан орон дээр сууж байсан, Ганхөлөг гэр дотроо гал түлэх гэж байсан. Б гэрт нь сууж байсан. Би унтсаны дараа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрэхэд цагдаа нар ирсэн байсан...намайг унтахаас өмнө аливаа хэлбэрээр гэмтэж бэртсэн хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал),
- Гэрч Ч.Г “...Би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны 3 дугаар гудамж 55а тоотод ганцаараа амьдардаг. Тухайн өдөр Э ахтай хамт кино үзээд хэвтэж байхад гаднаас Ба, Бо, Нэргүй нар орж ирсэн... Бо, Ба нар халамцуу 0.75 литрийн задалсан, тал шил архитай ирээд хувааж ууж эхэлсэн. Ба Н-д мөнгө өгөөд 0.75 литрийн Хараа архи авхуулсан. Нэргүй архинаас уугаагүй, гэр лүүгээ явсан. Манай гэрт Б, Э, Б бид дөрөв үлдээд архи хувааж ууж байгаад Б шоронд байхдаа би бригад, зөвлөл, атаман байсан гээд Э ахтай яриад маргалдаад байсан. Э. ах бас олон жил шоронд байсан ба Бо-г “чамайг бригад байсныг мэдэхгүй юм байна” гэхэд “чи муу хөгшин банди” гэх мэтээр тэд хоорондоо маргалдаад байсан. Б бид хоёр тэр хоёрыг маргалдахыг болиулсан. Тэгээд дахиад шоронгийнхоо талаар яриад маргалдаад гадаа гаръя гээд байсан. Би Бо-г пийшингийн хажууд суулгаад Б.Э-г гэрт байдаг буйдангийн орон дээр суулгаад явуулахгүй гэж байсан ба Б орон дээр байж байгаад унтаад өгсөн. Э, Б нар дахин шоронгийн амьдралаа яриад маргаад байхаар би тэр хоёрт хандаад “та хоёр дууссан шоронгийн амьдралаа одоо болиоч, манай гэр та хоёрын шорон ярьдаг газар биш шүү” гэж хэлээд уурласан. Тэгээд тэр хоёр манай гэрээс гараад явсан, гадаа ямар нэгэн чимээ шуугиан гараагүй. Би ороодог тамхи ороогоод татаж дуусаагүй байхад гаднаас Э ах орж ирээд муу устай байсан хувин руу хутга дүрээд угаагаад байхаар нь би “та яасан юм бэ” гэхэд “Бо-г хутгаараа хатгачихлаа” гэж хэлэхээр нь “хөгширчхөөд та юу яриад байгаа юм, Б хаана байна” гэж асуухад “одоо ороод ирэх биз” гэсэн. Би хэсэг хүлээж байгаад “орж ирэхгүй байна” гэхэд “тэгвэл одоо гэртээ харьсан биз” гэхээр нь “одоо гэр лүүгээ явна гэж юу байдаг юм” гэж хэлээд гарахад манай хашааны том хаалга онгорхой байсан. Би хашааны хаалгаар гараад харахад манай гудамжинд урд талын хашааны харалдаа машинтай хүмүүс ирчихсэн байхаар нь очиход гудамжинд, газарт Б ухаангүй, цус болчихсон хэвтэж байхаар нь би гэр рүүгээ буцаж орсон. Миний араас цагдаа нар орж ирсэн. Би шууд “Э ах Б хатгасан гэж надад хэлсэн, та хэлээч” гэхэд Э ах “тийм ээ” гэж хэлсэн. Б, Э нар гэрээс гараад 4-5 орчим минут болоод Э орж ирсэн... гартаа барьсан хутга нь манай гэрт байдаг хутга биш байсан... хутгаа хувинтай усанд дүрж байсан, дараа хаана хийсэн талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 814 дугаартай: “...Амь хохирогчийн биед цээжний зүүн талд 4-5-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальсны зүүн доод хэсэг, зүрхний зүүн ховдол руу нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн цус /700мл/, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх /№2/ зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байна. Амь хохирогч нь цээжний хөндий нэвтэрсэн шархны улмаас цус алдалтын шокт орж нас баржээ. Амь хохирогчид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь В/III/ бүлгийн цустай байна. Амь хохирогчийн цусанд 4,0%, ходоодны шингэнд 5,8%, шээсэнд 4,7% спиртийн зүйл илрэв...Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь зүүн доороос баруун дээш чиглэсэн хэвтээ, суугаа, босоо байрлалын аль алинаас үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 99-111 дэх тал),
- Шинжээч эмч Ж.Г-н “...Би уг дүгнэлтийг гаргасан. Уг гэмтлүүд нь хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч хүнд гэмтлийг авсан даруйд эмнэлэг авсан ч амь нас аврагдах боломжгүй. Талийгаач нь хүнд гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас барсан. Уг спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Энэ хэмжээний согтолттой хүн биеэ авч явах чадвартай байна. Биеэ хамгаалах чадвар нь хүн болгонд харилцан адилгүй байдаг. Уг хутгаар гэмтлүүдийн учруулсан байх боломжтой...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 930 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Хар хөх өнгийн хүрэмд урагдалт, зүсэгдэлт, түлэгдэлт, хар хээтэй цагаан саарал ноосон цамцанд ханзралт, зүсэгдэлт, цэнхэр цамцанд зүсэгдэлт гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. Зүсэгдэлт хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, ханзралт, урагдалт татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Харин ханзралт, урагдалтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 163-167 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1547 дугаартай:“...Шинжилгээнд ирүүлсэн хутга, хуйнаас цус болон биологийн ул мөр илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 250 дугаартай: “...О.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. О.Э нь өөртөө болон бусдад аюул учруулахыг урьдчилан тогтоох боломжгүй. О.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. О.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. О.Э эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. О.Э нь архинд донтох өвчтэй, архины хамааралтай гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. О.Э нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 75-76 дахь тал),
- Шүүгдэгч О.Э яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны орой Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Амины орон сууц 3-55а тоотод хуурай дүү Ганхөлөгийн гэрт нь хоноод өчигдөр буюу 03-ны өдөр гэрт нь байж байтал 23 цагийн үед амь хохирогч Бо, Ба ,Н нар ирсэн. Тэр үед би эрүүл, зурагт үзээд байж байсан. Харин Б, Бхоёр архи уучихсан байдалтай 1 шил архи барьчихсан орж ирсэн. Н Б-г, Б хоёрыг хүргэж өгчхөөд шууд яваад өгсөн. Тэгээд Ба , Бо бид гурав архийг уугаад байж байхад амь хохирогч Бо шоронд атаман байсан гээд над руу томроод байхаар нь аргаа бараад “айлд маргалдаад яах вэ, хоёулаа гадаа гаръя” гээд хашааны гадаа гарсан чинь намайг цохино, алнаа гээд байхаар нь өөрт байсан бор иштэй хутгаа гаргаж ирээд Бо зүүн цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгтэл өөдөөс дайраад байхаар нь би хутгаа сугалж аваад дахиад доороос нь цээж хэвлийн зүүн хэсэгт нэг удаа хутгалсан чинь газар хэвтээд өгсөн. Миний бодлоор амь хохирогчийн зүүн хөхний доод, дээд талд хутгалсан байх. Би буцаж гэр лүү хутгаа барьж ороод Г, Ба хоёрт “Б -г хутгалчихлаа” гэж хэлээд хутгаа гэрт байсан хувинтай усанд угаагаад цэвэрлээд хуйнд нь буцаагаад хийсэн. Тэр үед Г, Ба хоёр цагдаа эмнэлэг дуудна гэхээр нь “цагдаагаа дууд, түргэн тусламж хэрэггүй, би гүйцээчихсэн байгаа босож ирэхгүй” гэж хэлсэн. Удалгүй цагдаа түргэн хоёр ирсэн...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 96-97 дахь тал),
- Яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулаад дахин авсан: “...бид хоёр хашааны гадаа гараад Бо намайг цохих гээд солгой гараараа далайхаар нь би хөдөө ажилд явахдаа авч явдаг хүрэн өнгийн иштэй хутгаа тухайн үед өмсөж байсан саарал өнгийн биеийн тамирын өмдний баруун талын халааснаас гаргаж ирээд цээж хэсэг рүү нь эхлээд нэг удаа хатгасан чинь миний хоолойг цамцны захаар боохоор нь би дахиад хатгачихсан. Бо газар унахаар нь би гэр лүү ортол Г “яасан бэ ах” гэхээр нь би “Бо-г хатгасан чинь газар уначихлаа” гэтэл Г “яаж байгаа юм бэ” гээд гарч хараад ороод ирсэн. Ганхөлөг зөндөө цус гарчихсан байна гэхээр нь би Г-г эмнэлэг, цагдаа дуудчих гээд хэлсэн. Хутгыг би угаадасны хувинд байсан усаар угаасан. Дараа нь цагдаагийн алба хаагч ирэхээр нь халааснаасаа гаргаж өгсөн...Би Бо-н авчирсан 0.5 литрийн тал шил архийг ганцаараа уучихсан байсан. Хохирогч өөрөө ууж чадахгүй, нэлээн согтолттой орж ирсэн, гэхдээ өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан. Би 0.75 литрийн архийг хоёулаа уухаараа тасардаг...Би хохирлын мөнгийг нь гаргаж өгнө... Би гэхдээ... тэгж ихээр уурлаагүй...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 243-245 дахь тал),
- Яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулаад дахин авсан: “...Өөрийн хийсэн үйлдлүүд дээрээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 243-245-р хуудас)
зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх бөгөөд эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг талуудаас шинжлэн судлаагүй, үйл баримтын талаар маргаагүй, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алсан” шинжийг бүрэн хангасан бөгөөд өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн бие даасан хоёр гэмт хэрэгт хамаарах тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүгдэгч О.Э үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ хууль бус болох нь илэрхий атал бусдын эрх чөлөөнд эрх чөлөөнд халдаж, хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч И.Бо-н амь насыг хохироож хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүх шүүгдэгч О.Э-н амь хохирогч И.Б-н цээжин тус газарт 2 удаа хутгалсан үйлдэл нь амь хохирогчийн цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл учирч нас барсантай, хохирогч Б.Ба-н нүүр лүү цохисон үйлдэл нь хохирогч Б.Ба-н биед учирсан гэмтэлтэй тус тус шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч О.Э-н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай хэл амаа олж чадаагүй, асуудлыг эв зүйгээр шийдвэрлээгүй, биедээ байнга мэс авч явдаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Э-г “хүнийг алах”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С: “...Миний үйлчлүүлэгч хэргээ анхнаасаа буюу мөрдөн байцаалтын 1 дүгээр хугацаанд хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн хувьд учирсан хохирол, хор уршгийг төлөхгүй гэж хэлээгүй. Харин нотлох баримтын шаардлага хангасан баримтад үндэслэн хохирлыг төлж барагдуулна. Худалдагчийн гарын үсэг байхгүй, тамга нь байхгүй, худалдан авч байгаа хүний ч гарын үсэг байхгүй (хавтаст хэргийн 143-147 дугаар хуудас) зарлагын зарим баримт шаардлага хангахгүй байна. Мөн зарлагын баримт нь НӨАТ-тай болсон. 2020 оны Татварын ерөнхий газрын А/2 гэх тушаалаар баримт бичиг гэрчилгээний журам батлагдсан. Иймд баримтуудаа авч очоод Татварын ерөнхий газарт бүртгүүлээд баримтын шаардлага хангуулж болно. Түмэн буян компанийн хувьд 3,000,000 төгрөг буюу захиалгын хуудас л байна. Гэхдээ хүн оршуулсан нь үнэн учраас 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд энэ 3,000,000 төгрөгийн зардал дээр шаардлага хангасан баримттай 1,611,000 төгрөгийн баримтыг нэмээд 4,611,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн өмгөөлөгчийн хөлс төлсөн дансны хуулга байхгүй, тогтоогдохгүй байгаа учраас бусад баримтуудтайгаа хамт жич нэхэмжлэх боломжтой...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б: “...Бидний зүгээс зөвхөн зайлшгүй гарах оршуулгын зардал нэхэмжилсэн. Монгол улсад инфляц ямар байгаа билээ, шүүгдэгч тал оршуулгын зардал дээр маргаад байж болохгүй. Хохирогч нас барсан үйл баримт дээр хэн ч маргаагүй, гэм буруугийн асуудал дээр ч маргаагүй байж оршуулгын зардал дээр маргаад байх шаардлагагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьсан тамгагүй баримт гээд байгаа нь шинжлэн судлаад үзэхээр Нарантуулаас авсан бараанууд байна. Амьдрал дээр Нарантуулаас авсан бараа болгон дээр тамга тэмдэгтэй баримт өгддөггүй учраас шүүх үүнийг анхаарч үзээсэй. Мөн Түмэн буян, Мандал буян гэх компанийн хувьд Түмэн буян дээр урьдчилан захиалаад Мандал буянаас газар олгосон байна...” гэв.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” хэмээн заасан тул шууд үр дагавар болох хүний амь нас хохирсон байгааг хохиролд тооцож, хүний амь насыг хохироосны улмаас үүссэн үр дагавар болох оршуулгын зардлыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э амь хохирогчийн оршуулгын зардалд 10,605,095.0 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 2,000,000.0 төгрөг, нийт 12,605,095.0 төгрөг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч О.Э шүүх хуралдаанаас өмнө 2,000,000.0 төгрөгийг сайн дурын үндсэн төлсөн байна. Харин хохирогч Б.Ба эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтуудаас хавтаст хэргийн 131, 133, 134, 135, 136, 137, 138, 139, 140 дэх талд авагдсан зарлагын баримтууд нь тамга тэмдэггүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байсан тул хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн үнийн дүнг 5,081,295.0 төгрөгөөр тогтоож, шүүх хуралдаанаас өмнө төлсөн 2,000,000.0 төгрөгийг хасаж тооцов.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч сонгон авч төлсөн 2,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам /Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт/-ын 2.6.6-д заасан өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч О.Э-с 3,081,295.0 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э оршуулгын зардлын талаарх, харин хохирогч Б.Ба нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтуудаа нөхөн бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар дүйцүүлэн сольж, 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь өмнө нэлээн хэдэн удаа хутгатай холбоотой хэргээр ял шийтгүүлж байсан. Мэдүүлэгтээ ч биедээ байнга хутга авч явдаг талаараа хэлдэг. Тэгэхээр засарч хүмүүжиж байгаа эсэх нь харагдаж байна. Хохирогчийг урдаас нь дайраагүй байхад эргэлзэх зүйлгүйгээр шууд хутгалсан нь Г, Б нарын мэдүүлэг, мөн өөрийнх нь мэдүүлэгт бас байдаг. түргэн дуудъя цагдаа дуудъя гэхэд нь “би дуусгачихсан, түргэн дуудах хэрэггүй” гэсэн байдаг. Иймд 15 жилийн хорих ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа шийтгүүлсэн гээд яриад байна. Түүний өмнөх шийтгэх тогтоолуудыг харахад энэ хүний хамгийн авууштай зүйл нь хэзээ ч гэм буруугийн асуудал дээрээ маргадаггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулдаггүй. Нотлох баримтаас харахад миний үйлчлүүлэгч болон бусад хүмүүс гэртээ зүгээр сууж байхад хохирогч өөрөө архи уух зорилгоор согтуу, гэрт нь ирсэн. Магадгүй, хохирогч архи уух шалтгааныг бий болгоогүй бол энэ гэмт хэрэг гарахгүй ч байсан байж магадгүй. Маргаан ч хохирогч шоронгийн тухай ярьснаас болсон. Тэгэхээр бас хохирогчийн буруутай үйлдэл ч байна. Миний үйлчлүүлэгч боломжит хэмжээгээрээ л хохирлоо төлсөн байгаа. Эдгээрийг харгалзан хөнгөрүүлж 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 190 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал), АСАП сангийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 119-127 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 98 дахь тал), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 102-116, 184-188 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 197 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 200-202 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 195 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 194 дэх тал), оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 196 дахь тал)-д үндэслэн түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван гурван жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”:, 2.3 дахь заалтад зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг” гэж тус тус зааснаар шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван гурван жилийн хугацаагаар хорих ял дээр 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг арван гурван жил нэг сарын хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э-д нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нийт 157 (нэг зуун тавин долоо) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хугацааг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуйтай 1 ширхэг хутгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжих ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Э-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Л овгийн О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван гурван жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч О.Э-д оногдуулсан арван гурван жилийн хугацаагаар хорих ял дээр нэг сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг арван гурван жил нэг сараар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан арван гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-н цагдан хоригдсон 157 (нэг зуун тавин долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-с 3,081,295.0 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И. олгож, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э оршуулгын зардлын талаарх, хохирогч Б.Б нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 2,000,000.0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуйтай 1 ширхэг хутгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
9.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжих ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Э-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА
ШҮҮГЧ Л.БААТАР
Ц.УРАНГУА