Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/861

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Ж.Отгончимэг,       

Шүүгдэгч А.Мнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Мхолбогдох    эрүүгийн 2208000001117 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 000 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 873 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, А.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Мнь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зорчигч тээвэр гуравдугаар баазын хашаанд иргэн Д.Болдбаатарыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :

Шүүгдэгч А.Мнь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зорчигч тээвэр гуравдугаар баазын хашаанд иргэн Д.Болдбаатарыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :            

- хохирогч Д.Болдбаатарын”...2022 оны 05 дугаар сарын 07-ны өглөө ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зорчигч тээвэр гуравдугаар баазад машин засах хэсэгт инженер Маналжавыг хүлээгээд байж байсан чинь Маналжав орж ирээд “ажлаа яагаад хийхгүй байгаа юм бэ, 2 автобус гаргах ёстой байсан” гээд уурлахаар нь би “таныг хүлээгээд байж байна” гэсэн чинь Маналжав хүрч ирээд машины хаалга онгойлгоод миний нүүр лүү 1 удаа цохиод, машинаас татаж буулгаад миний зүүн хавирга хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

- гэрч Б.Алтаншагайн”...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 07 цаг өнгөрч байхад инженер Маналжав засварчин Болдбаатар нар ажлаас болж маргалдсан байх, би муудалцаад байхаар нь очсон чинь хажууд нь байсан хүмүүс салгаад, салахдаа Маналжав, Болдбаатар нар бие биеийнхээ нүүр лүү цохисон, хэдэн удаа яг хаашаа цохисныг хараагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

- гэрч Ц.Мөнхбаатарын”...2022.05.08-ны өдөр М.Болдбаатар над руу яриад Маналжав намайг зодчихлоо гэж ярихаар нь Маналжаваас тодруулахад “ажлаа хий гэхэд архи ууж байсан, хийж чадахгүй” гэсэн, мөн ар дааж үлдчихээд хариуцлагагүй байсан гэсэн...Болдбаатарыг өвчтэй хоногоо аваад амар гээд амраасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ 

-  шинжээчийн дүгнэлт: “...Д.Болдбаатарын биед зүүн 2 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, хамар зүүн нүдний зовхинд зулгаралт зүүн зулай, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

- шүүгдэгч А.Маналжавын “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 07 цагт ажил дээрээ ирээд засварчин ирсэн эсэхийг хайтал цех дотор байхгүй байсан. Тэгээд жолооч Анхбаярын хамт хайсан чинь засварчин Болдбаатар хашаан дотор хувийн машин дотроо Алтанзул, Батдорж, Эрдэнэбат, Бямбадорж нарын хамт архи уугаад согтуу сууж байсан. Тэгэхээр нь би “архи дарсаа боль, ажлаа хийцгээ” гэж хэлээд явсан чинь Болдбаатар жолооч Анхбаярт “ажлаа хийж чадахгүй” гээд ажлын шкафынхаа түлхүүрийг өгөөд явуулсан байсан. Тэгэхээр нь Анхбаярын хамт засах ёстой байсан ажлыг нь хийсэн. Болдбаатар дээр очоод “өчигдөр хийсэн ажлыг нь шалгалаа, дутуу байна, гүйцээж хийгээрэй” гэж хэлсэн чинь “чадахгүй, би өнөөдөр ажиллахгүй, би архи уучихсан, чи залуучуудаа ажиллуулахгүй, намайг ажиллуулах гэлээ” гэж хэлээд уурласан...Болдбаатар “би ч гэсэн явлаа” гээд машинаа ухраахаар нь “яах гээд явах гэж байгаа юм, ажлаа хий” гээд машинаас татаж гаргаад, хоорондоо зууралдаж, заамдалцаад авсан чинь хажууд байсан Эрдэнэбат, Алтанзул, Батдорж нар салгасан. Зууралдаад салгах гэж байхад нь нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон, намайг зөрүүлж мөр хэсэг рүү 2 удаа цохисон, салгахад нь Болдбаатар бид хоёр газарт давхарлаж унаад босож ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-27, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ба хохирогч нарын хооронд үүсэн үл ойлголцол, таарамжгүй харилцаа нөлөөлсөн байгааг үгүйсгэх боломжгүй болно.     

Иймд шүүгдэгч А.Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

 

  1. Хохирол, хор уршиг:    

Хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 580.000 төгрөг авсан,    нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх /хх-6, 27, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч А.Мнь урьд 2021 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-30, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.       

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлж буй ажилтай, түүний хөрөнгө орлого, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-30, 35-48, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

2. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч А.Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Моногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Моногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч А.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР