Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0461/Э |
Дугаар | 2022/ШЦТ/902 |
Огноо | 2022-07-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/902
2022 7 08 2022/ШЦТ/902
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Р.Очирсүрэн,
Өсвөр насны шүүгдэгч Э.Ч , хууль ёсны төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Э.Ч т холбогдох эрүүгийн 2208000001098 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, Э.Ч
Холбогдсон хэргийн талаар :
Өсвөр насны шүүгдэгч Э.Ч нь М.Отай бүлэглэн 2022 оны 5 сарын 23-ны өдрийн өглөө 4 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны хойд талд Б.Цийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Өсвөр насны шүүгдэгч Э.Ч нь 2022 оны 5 сарын 23-ны өдрийн өглөө 4 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны хойд талд Б.Цийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч Б.Цийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр амарч байгаад найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2022 оны 05 дугаар сарын 23-ны үүрээр манай эхнэр машин бариад би хажууд нь сууж гэрийн гадаа ирэхэд машин тавих зогсоол байхгүй байсан. Ингээд эхнэр бид хоёр гэрийн хойд талд буюу Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо 11 дүгээр байрны замын хойд талд авто засварын газрын хажууд машинаа байрлуулж тавьсан юм. Би түрүүлж машинаас буугаад зам гараад гэр луу орох гэж байхад үл таних гурван хүүхэд таарсан. Тухайн үед нэг хүүхэд нь элдэв янз болоод байхаар нь нэг хүүхдийн шилэн хүзүүнээс нь бариад зогсож байхад нэг хүүхэд ирээд миний зуун талын хацар луу нэг удаа цохисон. Тэр үед дахин надтай заамдалцаад зогсож байхад миний нүүрний хэсэг рүү нэг удаа цохиход газар унасан. Тэгтэл надтай заамдалцаад зогсож байсан хүүхэд миний нүүр рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн, мөн хажуугаас орж ирсэн хүүхэд мөн адил миний толгой, биеийн цээжний хэсэг рүү өшиглөөд байсан, яг хэдэн удаа өшиглөснийг би сайн санахгүй байна...зугтаагаад явсан. Би ардаас нь хөөгөөд тэр хоёр хүүхдийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтас хэргийн 10-13 дугаар хуудас/,
- гэрч Ц.И гийн...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр болоод манай найз нөхөд болон манай нөхөр бид нар нэг газар орж тэмдэглэсэн юм. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүрээр 05 цагийн үед гэрийн гадаа ирэхэд машин зогсоол олдоогүй машин тавих газар хайгаад явж байхад нөхөр би түрүүлээд орж байя гээд машинаас буугаад явсан. Би тухайн үед машинаа байрлуулж тавих гэсэн чинь тавих зай олдохгүй машин тавих газар хайгаад дахин явж байхад байрны хажуугаар гурван хүүхэд зугтаагаад гүйж байсан ба ардаас нь манай нөхөр хөөгөөд байсан...Нөхрийгөө харсан чинь манай нөхөр нил цус болсон гүйж байсан...Тэр үед би машинтайгаа ардаас нь очоод сигнал дарахад тэр хүүхдүүд зогссон, манай нөхөр надад хандаж энэ гурван хүүхэд намайг сая зодчихлоо гэж хэлсэн. Ингээд би тэр даруйдаа 102 руу залгаад манай нөхөр хүнд зодуулсан байна гэж хэлэхэд маш хурдан цагдаа ирээд хүүхдүүдийг аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
- шинжээчийн дүгнэлт : “Б.Цийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун хацар эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 27- 28, 32 дугаар хуудас/,
- шинжээчийн мэдүүлэг : Хохирогчийн дух, хамрын нуруу, баруун хацар эрүүнд зулгаралт бүхий гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин уруулд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-32/,
- өсвөр насны шүүгдэгч Э.Ч ийн...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа уулзаад Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо 0 дүгээр байранд байдаг найз М гэх охины гэрт очиж тоглосон. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 04 цагийн үед найз О, Г нарын хамт гадуур гарч юм ярьж алхаж байгаад харих гэж байсан юм. Бид гурав 11 дүгээр байрны хойд талд алхаж байхад үл таних нэг ах бид нарыг пизда нараа гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгтэл тэр ах миний шилэн хүзүүнээс базаад явуулахгүй “та нар намайг мэдэх үү, таних уу” гээд хэлсэн. Тэр үед нь би түүнд хандаж яагаад байгаа юм бэ тавиач гэж хэлэхэд цамцнаас заамдаад барьж авахаар нь би зөрүүлээд заамдаад барьж авсан. Тухайн үед манай найз О дундуур орж салгах гэхэд тэр ах манай найз Оыг хацар руу нэг гараараа цохисон. О тэр ахын хацрын хэсэгт нэг удаа зөрүүлээд цохих үед нь би бас тэр ахын хамар руу нь нэг удаа цохих үед газар тэр ах өөрөө унасан. Ингээд би тэр ахыг газар унахаар нь зүүн талын мөрний хэсэгт 2-3 удаа өшиглөсөн...Манай Г тухайн зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дугаар хуудас/,
- М.Оын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
- Э.Ч ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хавтаст хэргийн 38-39, 43-54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.
2.2. Шүүгдэгч Э.Ч ийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Ч мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-64, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.3. Өсвөр насны шүүгдэгч Э.Ч ийг тухайн гэмт хэргийг үйлдэхдээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй М.Отай бүлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.
2.3.1. Шүүгдэгч Э.Ч ийн...Би зөрүүлээд заамдаад барьж авсан, тухайн үед найз О дундуур орж салгах гэхэд тэр ах манай найз Оыг зүүн талын хацар руу нэг гараараа цохисон, О тэр ахын хацрын хэсэгт нэг удаа зөрүүлээд цохих үед нь би бас тэр ахын хамар руу нь нэг удаа цохих үед газар тэр ах өөрөө унасан. Ингээд би тэр ахыг газар унахаар нь 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-64/, шинжээчийн: хохирогчийн баруун хацарт...зулгаралт бүхий гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин уруулд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-32/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд М.Оын хувьд салгах ородлого хийсэн, энэ үед хохирогчийн зүгээс өөрийх нь хацар руу цохиход хариу болгон мөн хохирогчийн хацар цохисон байх боловч тус хацарт учирсан зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахааргүй байх тул М.Оыг анхнаасаа Э.Ч той гэмт хэрэг үйлдэхээр бүлэглэсэн буюу гэмт санаа, зорилго нэгдсэн гэж үзэх үндэслэл хангалтгүй, харин Э.Ч найзаа өмөөрөн хохирогчийн эсрэг үйлдлийг гагцхүү өөрөө хүсэж буюу зөрж гүйцэтгэж хийсэн гэж үзэхээр байна.
2.3.2. Гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үед М.Оын хувьд /хх-34-35/ 14 нас 11 сартай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээн насны хязгаарт хүрээгүй байсан байх тул шүүгдэгч Э.Ч ийг “эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнтэй бүлэглэсэн” гэж үзэх үндэслэлгүй болно.
Тодруулбал, “гэмт хэрэгт бүлэглэсэн” гэж үзэхэд эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн этгээдүүдийн хувьд гэмт санаа зорилгоо санаатайгаар нэгтгэж үйлдсэн байх шалгуур тавигдах үндэслэлтэй ба тус ойлголт нь хууль хэрэглээний практикт тогтсон болно.
Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Ч ийг холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тус шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг:
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй /хх-4-5, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь анх удаа, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-38-40, 42-55, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1, 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд тус шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тус шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.3 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ч т 125 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч Э.Ч т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Өсвөр насны шүүгдэгч Э.Ч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ч ийг 125 (нэг зуун хорин тав) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ч т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ч т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаас дээшгүй цагаар хийлгэхийг болон тус өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР