Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/904

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч О.Эрхэмбаяр

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Бэд холбогдох 220 801 046 0614 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо, Их наран *** а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б /РД: НП********/,    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Үндэс худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр иргэн О.М машины зогсоол булаацалдан маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь үүдэн дээд зүүн талын 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Б нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Үндэс худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр иргэн О.М машины зогсоол булаацалдан маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- Зөрчлийн талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан...иргэн О.М Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Үйлчилгээний төв *** УНЗ Харрейр машины жолооч намайг зодсон гэх...тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- хохирогч О.М...тухайн үед би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Үндэс худалдааны төвийн урд эхнэр Б болон 2 хүүхдийн хамт ирсэн...зогсоол хайж байсан. Тэгээд зогсоол руу орох гэтэл машины хажуугаар 04-07 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шахаад орсон. Тэгээд жолооч нь над руу дунд хуруу гаргахаар нь би гараараа шоглох үйлдэл гаргасан. Гэтэл жолооч нь бууж ирээд маргаан үүсгэж, улмаар миний шүд хэсэг рүү 1 удаа цохисон. Элдвээр хэлж маргаан үүсгэсэн ба тэр жолооч Үндэс худалдааны төв рүү орчихсон. Тэгээд шүднээс цус гараад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тэр залуу манай эхнэртэй “чи бичлэг хийчихлээ” гэх шалтгаанаар маргаан үүссэн...би бичлэг хийтэл машинаасаа бууж ирээд миний барьж байсан хар өнгийн гэртэй гар утсыг хойш дарсан, дараа нь харахад миний утасны дэлгэц хагарч гэмтсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт... О.М биед үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- шүүгдэгч Б.Бийн... Би яллагдагчаар татсан тогтоолтой маргах зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Зогсоол булаацалдан маргалдаж нэг удаа хохирогч О.М шүд хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан. Би хувиараа дэлгүүр ажиллуулдаг...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-43/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч болон хохирогчийн хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой байх тул шүүгдэгчийн үйлдсэн “гэмт хэрэг”-т хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :       

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид шүүхийн өмнөх шатанд 100.000 төгрөг төлсөн /хх-62, шүүх хуралдааны тэмдэглэл/, харин тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан үүдэн дээд зүүн талын 1-р шүдний сулрал бүхий хор уршгийг нөхөн сэргээх, эмчлүүлэх шаардлага үүсэхийг үгүйсгэх боломжгүй тул хохирогч тус хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 100.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг ажилтай болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, /хх-35, 46-51, 52-55 шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.             

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан үүдэн дээд зүүн талын 1-р шүдний сулрал бүхий хор уршгийг нөхөн сэргээх, эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР