Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/938

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч С.Энхням /томилолтоор/,

Шүүгдэгч Г.Ө. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Г.Өхолбогдох 220 800 0000 449  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, өдөр Улаанбаатар төрсөн, настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Ө

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө. нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр цэцэрлэг дотрын 1 дүгээр давхарт С.Н тэй “чиний шалны мод биш” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.Ө. нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр цэцэрлэг дотрын 1 дүгээр давхарт С.Н тэй “чиний шалны мод биш” гэх шалтгаанаар  маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

  • шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 02 дахь

тал/

- гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...иргэн С.Н эс СХД-н 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр цэцэрлэг дотор бусдад зодуулсан гэх....тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

            - хохирогч Н.... 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 09 цаг өнгөрч байх үед би Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр цэцэрлэг дээр буюу ажил дээрээ байж байгаад нэг давхарт няравын өрөөний үүдэнд ажлынхаа угаагч Ө. эгчтэй таараад Ө. эгчээс “манай ангийн хөшгийг угаасан уу" гэж асуухад Ө. эгч “угаагаагүй” гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийн гудас гадаа гаргаж тохох гээд гаднаас орж ирдэг хаалга руу чигтэй алхаж явахад хойноос Ө. эгч “Номин-Эрдэнээ чи миний шалны модыг авсан” гэж хэлэхээр нь “би шалны модыг чинь аваагүй” гэж хэлчихээд гадагшаа гараад барьж :явсан гудсаа гадаа тохчихоод буцаад ажил руугаа ороод нэг давхарт анги руугаа ороход манай ангийн багш Ганчимэг надад “Номио эгчээ таны шалны модыг Ө. эгч орж ирээд аваад гарсан шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ангиасаа гараад нэг давхарт угаалгын өрөөнд яваад ороход өрөөнд Ө. эгч араас орж ирэхээр нь Ө. эгчид “та миний шалны модыг авсан байна, та буцаагаад өгөө, наад шалны мод чинь миний шалны мод” гэж хэлэхэд Ө. эгч “тэр мод чинь миний шалны мод” гэхээр нь би хариуд нь Ө. эгчид “та яахаараа дандаа юмыг түрэмгийлж, дээрэлхэж авдаг юм, би өөрийнхөө юмны араас л хөөцөлдөж явна, таных байсан бол юу гэж ингэж явж байдаг юм” гэж хэлэхэд Ө. эгч миний урдаас салаавч гаргасан. Энэ үед миний уур хүрээд Ө. эгчийг “авгай минь чи яахаараа миний урдаас салаавч гаргадаг, би салаавч гаргадаг хүн чинь биш шүү” гэж хэлэхэд Ө. эгч над руу ойртож ирээд “чи намайг цохичих” гээд толгойгоо над руу ойртуулаад байхаар нь “би таныг цохиж яахав вэ, та надад гай болно" гэхэд Ө. эгч “май чи” гээд миний урдаас нүүр рүү гараараа 2,3 удаа салаавч гаргасан. Тэгэхээр нь би Ө. эгчийг заамдаад авахад Ө. эгч бас намайг заамдаад бид хоёр заамдалцсан чигээрээ угаалгын өрөөний хаалгаар нэг давхарын коридорт гарсан. Заамдалцаж байх үед Ө. эгч миний цээжний хэсэг болон хоёр гарын шууны хэсэг, зүүн гарын эрхий хурууны хэсгүүдэд гараараа самардаж баруун талын хөл рүү хөлөөрөө 3,4 удаа өшиглөсөн...Ө. эгч намайг заамдсан...мөн гараараа миний цээжийг самардаад байхаар нь түлхэж, цамцных нь аль болохыг нь мэдэхгүй байна нэг гарынх нь ханцуйнаас гараараа барьж гарыг нь биеэсээ холдуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, 

            - шинжээчийн дүгнэлт: C.Номин-Эрдэнийн биед цээж, баруун зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.../хавтаст хэргийн 49 дэх тал/,

            - гэрч Т.Г... 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би 10 цагийн үед ажил дээрээ байж байхад манай ангид манай ажлын угаагч Ө. эгч орж ирээд “шалны модоо авлаа шүү" гэж хэлээд ангид байсан шалны модыг аваад гараад явсан. Тэгтэл удалгүй манай ангийн туслах багш Номин- Эрдэнэ ангид орж ирэхээр нь би Номин-Эрдэнэд “Ө. эгч шалны мод аваад явсан шүү” гэж хэлсэн.Тэгтэл Номин-Эрдэнэ эгч ангиас гараад явсан. Тэгээд би удалгүй ангиасаа гараад нэг давхрын коридороор явж байхад угаалгын өрөөнд хоёр хүн маргалдаад байгаа сонсогдсон. Тэгтэл нягтлан М. намайг “яагаад маргалдаад байгаа юм бол очоод угаалгын өрөөний хаалгыг нь хаачих” гэж хэлэхээр нь угаалгын өрөө рүү алхаж явахад Номин-Эрдэнэ, Ө. эгч хоёр угаалгын өрөөнөөс маргалдсан байдалтай зууралдаад урдаас гараад ирсэн. Тэгтэл нягтлан М. миний хажуугаар гараад Номин-Эрдэнэ, Ө. эгч хоёрын хажууд очоод “боль” гээд тэр хоёрыг салгасан ба харин би Номин-Эрдэнэ, Ө. эгч хоёр руу очоогүй буцаад анги руугаа яваад орсон.Тэгтэл удалгүй ангид Номин- Эрдэнэ орж ирсэн ба “цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Миний харснаар Номин-Эрдэнэ, Ө. эгч хоёр угаалгын өрөөнөөс зууралдсан байдалтай гарч ирэх үед Номин-Эрдэнэ, Ө. эгчийн цамцных нь захны хэсгээс нэг гараараа заамдсан, нөгөө гараараа Ө. эгчийн нэг гарынх нь шууны хэсгээс гараараа барьчихсан байсан ба Ө. эгчийн гарыг нь хориглоод байгаа юм уу гэмээр харагдсан. Харин Ө. эгчийн хоёр гар нь сарвалзаад Номин- Эрдэнийн цээж, нүүр хэсэг рүү нь чигтэй самардах гээд далайж сарвайсан байдалтай л харагдсан. Өөр зүйл санахгүй байна, миний харснаар энэ хоёр биеийгээ цохиж зодоогүй. Мөн би ч энэ хоёрын маргааныг ойрын зайнаас удаан хараагүй. Энэ хоёрын маргаан хоромхон зуур болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,  

            - гэрч Д.М... Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр цэцэрлэгт нягтлан хийдэг юм. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би 9-10 цагийн орчимд ажил дээрээ ажлынхаа өрөөнд байж байхад нэг давхарын кордорт 2 хүн маргалдаад чанга чанга дугараад байхаар нь би өрөөнөөсөө кордорт гарахад манай ажлын туслах багш Номин-Эрдэнэ, угаагч Ө. эгч хоёр хоорондоо маргалдаад бие биеийнхээ хоёр гараас гараараа барьчихсан, бие биеийнхээ цамцны ханцуй хэсгээс нь гараараа барьж зуурсан байдалтай барьцалдаад авсан зогсож байсан. Тэгэхээр нь би ойртож очоод тэр хоёрын дундуур нь ороод хоёр тийш нь салгасан. Тэгтэл салсны дараагаар Номин- Эрдэнэ цагдаа дуудна яриад байсан ба би Номин-Эрдэнэ эгчийг цааш нь дагуулж яваад анги руу нь оруулаад өөрийнхөө ажлын өрөөнд ороход удалгүй цагдаа ирсэн байсан...Мөн миний харснаас энэ хоёр зууралдсан л байсан ба миний хажууд биеийгээ цохиж зодоогүй ээ...Намайг энэ хоёрыг салгах үед миний хажууд бид гурваас өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

            - шүүгдэгч Г.Өлгийгийн..2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг өнгөрч байх үед ажил дээрээ ирэхэд “миний шалны мод”-ыг туслах багш Номин-Эрдэнэ орж ирээд “шалны модоо өг, ална шүү авгай минь” гэж хэлэхээр нь “чи намайг алдаг хэн бэ” гэж хэлээд Номин-Эрдэнэ урдаас гараараа салаавч гаргасан. Тэр үед Номин-Эрдэнэ миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиод бид хоёр бие биеэ заамдсан. Би Н.заамдсан байх үедээ цээжнийх нь хэсэгт болон гарынх нь хэсэгт гараараа самардсан. Тэгээд Номин-Эрдэнэ бид хоёр заамдалцсан чигээрээ нэг давхрын коридороор гарахад Ганчимэг багш, нягтлан Туул хоёр Номин-Эрдэнэ бид хоёрыг салгасан. Маргааны үед хуруу маань яг яаж гэмтсэн болохыг би бол сайн санахгүй байна...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.  

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Тус шүүгдэгч мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, түүний мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан /хх-61, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.      

            2.3. Шүүгдэгч, хохирогч нар “шалны мод хэнийх” эсэх асуудлаар харилцан маргалдаж тэдний хооронд зүй бус харилцаа, маргаан, үл ойлголцол үүссэн нь тус хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байна.   

            2.4. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь санаатай байх ба тус үйлдлийг нь салгах оролдлогыг хохирогч хийсэн, мөн тэдний үйлдлийг хөндлөнгийн гэрч нар харсан, салгасан байхаас гадна тус маргаан эхэлж төгсөх хүртэлх үйл явцад “шүүгдэгчийн гарын чигчий хуруу гэмтсэн” эсэх асуудал огт мэдэгдээгүй буюу шүүгдэгчийн гарын чигчий хурууг хохирогч эсхүл салгасан этгээд санаатайгаар гэмтээсэн асуудал огт тогтоогдоогүй байх тул тус асуудлаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах боломжгүй гэж үзнэ.    

Тус хэргийг өмнө нь прокурорт буцаасан, харин прокурор нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-119-120, 126-127/ байх тул тус прокурорын шийдвэрийн талаар шүүх дүгнэлт хийхгүй боломжгүй, харин шүүгдэгч нь прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв.  

2.5. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.   

Иймд шүүгдэгч Ө.хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

3. Хохирол, хор уршиг:     

 

Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт тус хэрэгт байхгүй байх тул нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэгт угаагч ажилтай, түүний хөрөнгө, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-74-78, 88, 95-99, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал      

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ө.хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Шүүгдэгч Ө.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Өоногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өоногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

5. Шүүгдэгч Г.Ө. нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Өурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР