Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00189

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     П.Сергейгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01118 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: П.Сергейгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Гэрэлт-Одод холбогдох

“10.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Сергей шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 04 дүгээр сард өөрийн танил Мөнхсайхантай уулзахад Эрдэнэтэд миний нэг хуурай дүү алтны уурхай ажиллуулдаг юм. Түүнд яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Чи 10 сая төгрөг зээлээч алтаа гарангуут л буцаагаад өгчихнө, найдвартай хүн байгаа гэхээр нь Ж.Гэрэлт-Одод 10 сая төгрөгийг 2 хувааж 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5 сая төгрөг, 7 дугаар сард 5 сая төгрөг нийт 10 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Ингээд мөнгийг минь өгөлгүй удаад байхаар нь мөнгөө нэхэхэд өгнөө, удахгүй өгнөө гэж аргацаасаар 2 жилийн хугацаа өнгөрөхөд ямар ч мөнгө өгөөгүй ба сүүлдээ бүр утсаа ч авахгүй бултаж зугатсаар өнөөдрийг хүрлээ. Мөнхсайхантай ярьж чи тэр хүнээсээ мөнгийг минь олж өг гэхэд би ч өөрөө түүнийг олохгүй байна гэдэг. Иймд Ж.Гэрэлт-Одоос 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01118 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Сергейгийн 5 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5 сая төгрөг гаргуулахаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 47.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Сергейд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ж.Гэрэлт-Од нь шүүхэд ирэхгүй, хариу тайлбар бичиж өгөхгүй байсаар хуралд орж тайлбар ярихдаа энэ мөнгийг ажлын хөлсөнд тооцож авсан, зээлсэн мөнгө биш гэж мөнгө төлөхгүй арга саам хэрэглэж ярьсныг үндэслэн мөн зээлийн гэрээ байгуулсан нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Бид хоорондоо зээлийн гэрээ байгуулсан гэж шүүх хуралдаан дээр яриагүй, мөн гэрээний дагуу 10.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн гэж хэлээгүй, зээлээч гэж гуйхаар нь 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм гэж ярьсан.

Ж.Гэрэлт-Одын яриад байгаа ажлын хөлсийн тухайд түүнд мөнгө зээлэхээс өмнө би Эрдэнэт орж үйлдвэрээс ажлын хөлсний мөнгө авах ёстой байсан ба авч чадалгүй удаад байсан учир Мөнхсайхан, Ж.Гэрэлт-Од хоёртой ярилцаж Ж.Гэрэлт-Од миний танил хүн үйлдвэрт байгаа, би хөөцөлдөөд авч өгч болно гэж байсан. Удалгүй Ж.Гэрэлт-Одын оролцоогүйгээр мөнгө маань ороод ирсэн ба энэ талаар би түүнд ч хэлсэн. Ж.Гэрэлт-Од 10 дугаар сарын 06-нд 5.000.000 төгрөгийг буцаан өгөхдөө үлдсэнийг нь 2 хуваагаад оноос өмнө өгье та түр хүлээж байгаач, шүүхээс өргөдлөө татаад авчихаач гэж гуйж байсан. Иймд 5.000.000 төгрөгийг Ж.Гэрэлт-Одоос гаргуулж өгнө үү гэжээ.

                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Сергейгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий зээл-10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, хариуцагч Ж.Гэрэлт-Од “...10.000.000 төгрөг зээлж аваагүй, ажлыг бүтээж өгсөн тул 5.000.000 төгрөг авч, 5.000.000 төгрөг зээлж аваад буцааж өгсөн тул тооцоо дууссан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх “нэхэмжлэгч 10.000.000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргахгүй байгаа боловч зээлийн гэрээ байгуулагдсан, ...хариуцагч 5.000.000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцээгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно ” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.Сергей 2015 оны 5, 8 дугаар сард 10.000.000 төгрөгийг бэлэн бусаар хариуцагчид хэсэгчлэн шилжүүлсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зохигчид зээлийн хүү төлөхөөр тохиролцоогүй тул  зээлийн гэрээг заавал бичгийн хэлбэрээр хийх шаардлагагүй юм.

Хариуцагч Ж.Гэрэлт-Од нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад туслалцаа үзүүлсэн тул ажлын хөлс 5.000.000 төгрөг авахаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, тэрээр ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 5.000.000 төгрөг авахаар тохиролцсон болохоо нотолж чадаагүй, шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн “Баяжуулах фабрикийн хэсгүүдийн ус цуглуулах, хоолой солих ажил гүйцэтгэх гэрээ”-ний баримт хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүйгээс гадна өөрийнх нь гаргасан тайлбар, татгалзалтай огт хамааралгүй байна.

Хариуцагч Ж.Гэрэлт-Од нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байхад шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хариуцуулсан нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд харуицагч Ж.Гэрэлт-Од нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж авсан, зээлийн гэрээний дагуу 10.000.000 төгрөг буцааж төлөх үүрэгтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэгчид 5.000.000 төгрөгийг буцааж төлсөн нь тогтоогдож байх тул үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзийгийн гаргасан “...Ж.Гэрэлт-Од 10 дугаар сарын 06-нд 5.000.000 төгрөгийг буцаан өгөхдөө үлдсэнийг нь 2 хуваагаад оноос өмнө өгье та түр хүлээж байгаач, шүүхээс өргөдлөө татаад авчихаач гэж гуйж байсан. Иймд 5.000.000 төгрөгийг Ж.Гэрэлт-Одоос гаргуулж өгнө үү...“  гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.

Харин шүүх хариуцагч Ж.Гэрэлт-Од шүүх хуралдаанд биечлэн оролцсон байхад шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлалын талаар бичээгүй орхигдуулсан, тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж шийдвэрлэхдээ зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй зэрэг алдаа гаргасныг засч, цаашид ийм төрлийн алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01118 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Гэрэлт-Одоос 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Сергейд олгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөг гаргуулахаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “...төрийн сангаас 47.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Сергейд олгож” гэснийг “...хариуцагч Ж.Гэрэлт-Одоос 47.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Сергейд олгож” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзийгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ