Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 157

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

хохирогч С.Алтанчимэг,

шүүгдэгч А.Баярцэнгэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дашдамба /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1950/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Алтантогосын Баярцэнгэлд холбогдох 2016 2601 1012 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн “А-1” танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигин овгийн Алтантогосын Баярцэнгэл Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-10-р гудамжны 305 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 8-7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

-2004 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, УБ88101215 дугаарын регистртэй.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч А.Баярцэнгэл нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 172 тоот дахь иргэн Б.Даваадоржийн өвлийн сууцны цонхыг хагалан нэвтэрч 42 инчийн “Сони” маркийн ЛСД зурагтыг хулгайлж, Б.Даваадоржид 1,010,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баярцэнгэлээс: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  С.Алтанчимэг мэдүүлэхдээ: А.Баярцэнгэл нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Зурагт алга болдог өдөр манай хүүхэд Алтаншагай над руу залгаад байшингийн цонх хагалаад зурагт аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд намайг хөдөөнөөс ирэхэд том өрөөний цонх онгойлгоод зурагт аваад явсан байсан. Цагдаагийн газарт мэдэгдсэн, мэдэгдсэнээс хойш 1 хоногийн дараа цагдаагийн газраас утсаар яриад “зурагтыг чинь олсон, ирж ав” гэж мэдэгдсэн. Цагдаагийн газар яваад очиход танай зурагтыг дүү А.Баярцэнгэл чинь авсан байна гэсэн. Дүү авсан байна гэдэгт тухайн үедээ итгээгүй, итгэхийн аргагүй байсан. Сүүлд сонсоход А.Баярцэнгэл манай гэрт ирж надаар хоол хийлгэж эмнэлэгт байгаа эхнэр рүүгээ авч явах гэж очсон байсан. Намайг байхгүй байхаар нь манай зурагтыг аваад явсан байсан. А.Баярцэнгэл манай гэрийн түлхүүр хаана байдаг гэдгийг мэдэж байсан. Намайг байхгүй байхад манай дүү нар ирээд гэрт хонож өнжөөд явдаг байсан. Харин манай гэрийн эд хөрөнгийг А.Баярцэнгэл захиран зарцуулах эрхгүй. Манай зурагт “Сони” маркийн 42 инчийн зурагт байсан. Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. Байшингийн цонх хагарсан хохиролд цувуулж 500.000 төгрөгийг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн 2016 2601 1012 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Алтанчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний төрсөн эгч Алтантогосын хүүхэд болох Баярцэнгэл нь Сонгинохайрхан дүүргийн 31 хороо, Алтайн 2-172 тоот манай байшингийн цонхны шилийг хагалж ороод 42 инчийн “Сони” маркийн ЛСД зурагтыг  хулгайлан гарч яваад цагдаад баригдсан байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй, Даваадорж бид хоёр хөдөө ээжийнх рүү явсан, гэрт хүү Алтаншагай үлдсэн байсан. Баярцэнгэл манай гэрийн эд зүйлийг захиран зарцуулах эрхгүй. Би хоёрын хооронд өр авлага, зээлийн асуудал байхгүй. Даваадорж бид хоёр хамтран амьдраад 7 жил болж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 31 хороо, Алтайн 2-172 тоот бол манай гэр ба Даваадорж бид хоёр хамтран амьдарч эхэлснээс хойш манайд хамт байгаа. Алдагдсан зурагт манай гэрийн өмч юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би зурагтаа орны бүтээлгийн хамт буцаан авсан, цонхны шилийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг [1],

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Саруулын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 15 цагийн үед 15 дугаар хорооноос гараад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын замаар Хархорингийн арагшаа байдаг 24 дүгээр байрны харалдаа арын засмал замаар өөрийнхөө “Приус-20” маркийн машинтай баруунаас зүүн тийшээгээ ажил руугаа явж байсан. Тэгтэл замын эсрэг талд саарал өнгийн хувцастай нэг залуу хажуудаа орны бүтээлгээр ороосон овор ихтэй дөрвөлжин хавтгай зүйл тавьчихсан зам дээрээс такси барих гээд зогсож байсан. Би юу ч гэсэн шалгаж үзье гээд машинаа зогсоогоод тэр залуу дээр явж очиход баруун гарын хуруунаас нь цус гарчихсан, хувцас нь цусны толбо болчихсон нэг л сэжигтэй байсан. Тэгээд “амрыг эрье, та бичиг баримтаа шалгуулна уу, наад авч яваа юм чинь юу юм бэ” гэхэд тэрээр “надад бичиг баримт байхгүй, би эхнэртэйгээ муудалцаад гэрийнхээ зурагтыг аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “эхнэр чинь хаана байгаа юм бэ” гэхэд эмнэлэг дээр байгаа гэсэн. Тэр залуу ер нь нэг л сэжигтэй санагдаад байхаар нь цагдаагийн хэлтэс дээр очиж шалгая гээд түүнийг аваад явах гэхэд миний өөдөөс эсэргүүцээд, шаардлага биелүүлэхгүй, цус болсон гарны цусаа үсчүүлээд нүүр рүү цацаад байхаар нь жижүүрийн утас руу утасдаж, нэмэлт хүч дуудахад удалгүй эргүүлийн тасгийн машинтай цагдаа хүрч ирсэн. Тэгээд тэр залууг өгч явуулан цагдаагийн хэлтэс дээр хүргүүлсэн. Тэр залуу бага зэргийн архи уусан байсан. Хэлтэс дээр авчраад түүний овог нэрийг асуутал Нэргүйн Баярцэнгэл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [2],

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Алтаншагайн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг өнгөрч байхад ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-172 тоот гэртээ иртэл манай байшингийн том өрөөний цонх онгойчихсон, жижиг өрөөний поорчигны цонх болон үүдний амбаарын цонх хагарчихсан, хаалганы бариул хэсгийн харалдаа хонхойгоод орчихсон байхаар нь гэрт хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгөхөд битгий дотогшоо ороорой, юманд битгий хүрээрэй гэсэн. Тэгээд цагдаа нар ирэх хооронд том өрөөний цонхоор харсан чинь том өрөөнд байсан 42 инчийн “Сони” маркийн ЛСД зурагт алдагдсан байсан. Удалгүй цагдаа хүрч ирэхээр нь хаалгаа түлхүүрээр онгойлгоод гэртээ яваад ортол гэр доторх эд зүйлсийг нь сандаачаад хаячихсан байдалтай, зурагтын тавиур дээр байсан зурагт алга болсон байсан. А.Баярцэнгэл манай ээжийн төрсөн эгч болох Алтантогосын төрсөн хүүхэд нь байгаа юм. Миний мэдэхээр намайг гэртээ байхад Баярцэнгэл ирж байгаагүй. Манайхаар орж гарах нь ховор, хааяа нэг ирдэг. Баярцэнгэл ахад манай гэрийн эд зүйлс, тавилгыг захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг [3],

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Даваасүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2-172 тоот гэрээсээ гарсан.  Би гэрээсээ хамгийн сүүлд хаалгаа түгжээд, цонхнуудаа бүгдийг нь хаагаад шалгаад явсан. Тэгээд 15 цаг 30 минутын орчим манай дүү Алтаншагай над руу утсаар залгаад “гэрт хулгай орсон байна, та хаалга, үүдээ цоожилсон юм уу” гэхээр нь би эхэндээ итгээгүй. Тэгсэн чинь удаа дараа залгаад байхаар нь ажлаасаа чөлөө аваад гэртээ яваад ортол дүү Алтаншагай, мөн цагдаа нар ирчихсэн байсан. Цагдаа нар ирж үзсэний дараа гэртээ яваад ортол жижиг өрөөний цонхыг хагалчихсан байдалтай,  зурагтын тавиур дээр байсан 42 инчийн “Сони”  маркийн ЛСД зурагт алдагдсан байсан. Баярцэнгэл ах над руу яриагүй, хааяа орж гардаг...” гэх мэдүүлэг [4],

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Нэргүйн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би 6 хүүхэдтэй бөгөөд Баярцэнгэл хамгийн том хүүхэд маань байгаа юм. Манай хүү Баярцэнгэл 1988 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн. ...2011 онд Төмөр замын коллежид сурч тусгай дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Төмөр замын Салхитын үе угсрах баазад гүүр хоолойн ажилчнаар хэсэг ажиллаж байгаад гарсан. 2010 онд Ариунзул гэдэг охинтой танилцаад дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Эхнэр нь жирэмсэн байж байгаад саяхан хүүхэд нь төрсөн. Баярцэнгэлийг төрсөнийх нь дараа төрсний гэрчилгээ авах үед нь ээжийнх нь нэрээ бичүүлчихсэн. Одоо ээж Алтантогосоороо овоглодог. ...” гэх мэдүүлэг [5],

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ариунзулын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Баярцэнгэл бол миний нөхөр байгаа юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эх нялхас дээр амаржсан. Нөхөр Баярцэнгэл тэр орой намайг эргэж ирж байгаа гээд бага зэргийн халамцуу ирэхээр нь “чи яагаад архи уугаад ирж байгаа юм бэ” гээд загнаад явуулсан. Маргааш нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө над дээр хоол, цай хийгээд эргэж ирсэн. Баярцэнгэлээс архи үнэртээд байхаар нь дургүй хүрээд буцаад орсон. Тэр өдрөө надтай холбоо барихгүй болохоор нь гайхаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө над руу утсаар яриад “ би цагдаагийн хэлтэс дээр байна” гэхээр нь худлаа ярьж байна гээд нэг их тоогоогүй. Тэгсэн манай хадам ээж над руу залгаад Баярцэнгэл хулгай хийж байгаад цагдаад баригдсан байна, аав чинь очиж авах гээд явж байна гэж ярихаар нь хулгай хийсэн юм байна гэдгийг мэдсэн. Би Баярцэнгэлтэй хамт амьдраад 8 жил гаран болж байна. Бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй. Нөхөр маань “Эвэг түшиг” барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ахлах мужааны ажлыг 5 жил гаруй хийсэн. Одоогоор ажил нь түр зогсчихсон байгаа. ...Надад хэлэхдээ цэрэгт хамт алба хаасан найзтайгаа эмнэлгийн гадаа таараад шинэ хүүхэдтэй болсон гээд архи уусан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [6],

 

Мөрдөн байцаалтад А.Баярцэнгэлийн сэжигтнээр 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим Эх нялхас дээр эхнэр Ариунзул дээр очиж хоол, цай хүргэж өгсөн. Манай эхнэр  2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эх нялхас дээр амаржаад эмнэлгээс хараахан гараагүй байсан. Эхнэртээ хоол цай хүргэж өгчихөөд гараад явж байтал 2007-2008 онд цэрэгт хамт алба хаасан найз Эрдэнэбаяртай таараад олон жил уулзаагүй юм чинь гээд ганц шил архи хувааж уугаад шөнө гэртээ 00 цаг өнгөрч байхад харьсан. Маргааш өглөө нь эхнэр дээрээ очсон чинь манай эхнэр “чи архи уулаа” гээд загнаад байхаар нь уурандаа эмнэлгээс гараад архи уумаар санагдаад Хархорин захын үүдэн дээр өөрийн зүүж байсан 3 ширхэг мөнгөн бөгжөө нэг ченж залууд 7,000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө дэлгүүрээс нэг шил архи аваад 1 дүгээр хорооллын Цамбагаравын хойшоо замын ар талд байдаг гражин дунд авсан архиныхаа талыг уучихаад, талыг нь нагац эгч Алтанчимэгийн гудамжны дээхэн талд байдаг улаан худаг дээр уусан. Тэгээд нагац Алтанчимэг эгчийнд очиж орой эхнэр дээрээ хүргэж өгөх хоол цайгаа тэндээсээ бэлдээд явах санаатай очсон. Очоод хашааных нь хаалгыг нь нүдэхэд хүн гарч ирэхгүй байхаар хаалгыг нь түлхтэл хашааных нь гүйдэг төмөр хаалга онгойчихсон. Тэгээд дотогшоо яваад ортол байшингийх нь хаалга түгжээтэй эгч байхгүй байхаар нь үүдний довжоон дээр нь хэсэг сууж хүлээсэн. Тэгээд цаашаа юу болсоноо санахгүй байна. Нэг мэдсэн чинь эгчийн гэрт ороод явж байсан. Тэгээд зурагтыг нь аваад гудамжаар үүрээд явж байснаа санаж байна. Би ганцаараа бараг бүтэн шил архи уучихсан болохоор юу хийснээ сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь зам дээрээс такси барих гээд зогсож байтал Приус машинтай нэг цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Би эгчийнхээ байшингийн цонхыг баруун гараараа цамцныхаа ханцуйг жийрэглэж байгаад хагалсан. Гараараа цохих явцдаа баруун гарныхаа дунд хурууг цонхны шилэнд зүсчихсэн. Гарнаас цус гоожоод эгчийн гэрийн шалан дээр дуссан байх. Зурагтнаас өөр эд зүйл хулгайлаагүй. Би нагац эгчийнхээ зурагтыг ганцаараа хулгайлсан. Өөр хэн нэгэн надтай хамтарч хулгай хийгээгүй. Надад эгчийн гэрийн түлхүүр байдаггүй. Би эгчийндээ хамгийн сүүлд шинэ жилийн өмнө санагдаж байна, 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр дүү Содоотой хамт очиж байсан. Би нагац эгчийндээ хааяа л орж гардаг...” гэх мэдүүлэг [7],

-Мөн түүний яллагдагчаар 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө би гэрээсээ хоол цай аваад эхнэр Ариунзул дээр ирэхэд эхнэр маань “хоол ундгүй байхад архи дарс уулаа” гэж надад уурласан. Би юм ярилгүй миний буруу гэж хэлчихээд Хархорин зах орж өөрийн 3 ширхэг мөнгөн бөгжөө нийлүүлээд 7,000 төгрөгөөр зарсан. Тэгээд дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад 1 дүгээр хорооллын арын замд байх гражийн хажууд ирж ганцаараа уусан. ...согтоод цааш юу болсоноо санахгүй байна. Миний санаж байгаагаар би ээжийн дүү Алтанчимэг эгчийн гэрт ирчихсэн явж байгаад нэг мэдэхэд зурагтыг нь үүрээд гудамжаар явж байгаад засмал зам руу явсан. Тэгээд ухаан орж сэргэхэд цагдаагийн хэлтэс дээр зурагт урдаа тэвэрсэн зогсож байсан. Миний баруун гарын дунд хуруу зүсэгдэж цус гарсан, мөн өмсөж явсан хувцас цус болсон байсан. ...мөнгөтэй болох гэж хулгай хийсэн байх. Би унаа машин хэрэглээгүй...” гэх мэдүүлэг [8],

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2903  дугаартай актын:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн хувцасны баруун ханцуйны доод ирмэгээс эгц дээш 10 см, хажуу оёдолоос баруун тийш 13 см зайд 14мм хэмжээтэй зүсэгдсэн уранхай байна. ...” гэсэн дүгнэлт [9],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3706  дугаартай актын:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн А.Баярцэнгэлээс хураан авсан гэх улаан өнгийн цамцан дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2.Сэжигтэн А.Баярцэнгэлээс хураан авсан гэх улаан өнгийн цамцан дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. /Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт [10],

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3971 дугаартай актын:

“...1.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан орны бүтээлэг гэж хаягласан арчдас болон хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан цонхон дээрээс гэж хаягласан арчдаст цус илэрсэн. Илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй.

2.Холбогдогч А.Баярцэнгэл гэж хаягласан цус нь АВО системээр АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна. /Биологийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч Б.Оргил/ ...” гэсэн дүгнэлт [11],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторын шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3002  дугаартай актын:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын мөр тодорхой хоёр хэсэг газар жижиг хэмжээтэй бүдэг дүрслэгдсэн байх тул хэмжээ болон размерийг тогтоох боломжгүй. Харин харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны хээтэй харьцуулан шинжлэх боломжтой.

2. Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын мөр харьцуулах загварт ирүүлсэн гутлын улны хээтэй хээний ерөнхий шинж, тэмдэгээрээ ойролцоо байна.

3. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн А.Баярцэнгэлээс хураан авсан гутал 42 размерийн гутал байна./Шинжээч, цагдаагийн  хошууч Ж.Баттулга/ ...” гэсэн дүгнэлт [12],

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Бямбадоржийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Улаан өнгийн цамц дээрх цус нь хэрэг болсон хугацаанаас хойш 10-аад хоногийн дараа шинжилгээнд ирсэн байна. Энэ хугацаанд цамцыг гялгар уутанд хийсэн байдалтай байсан. Энэ нь цус өмхийрч муудсанаас болж цусны бүлгийн харъяалал шинжилгээнд зөрүүтэй уншигдах магадлалтай байдаг. Иймээс уг цус нь шинжилгээнд зөрүүтэй гарсан байж болох юм...” гэсэн мэдүүлэг [13],

-2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 20 минутаас 17 цаг 00 минутын  хооронд  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[14], схем зураг, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд [15],

-Эд зүйлийн үнэлгээнүүд [16],

-А.Баярцэнгэлээс 42 инчийн “Сони” маркийн зурагтыг хураан авсан тухай тэмдэглэл [17],

-42 инчийн “Сони” маркийн зурагтыг хохирогчийн ар гэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэл , бэхжүүлсэн гэрэл зураг [18],

-А.Баярцэнгэлээс цусны дээж авсан тэмдэглэл [19],

- 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтэн А.Баярцэнгэлийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [20],

- 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтэн А.Баярцэнгэлийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [21],

-А.Баярцэнгэлийн гэх улаан хүрэн өнгийн ноосон цамц, хар өнгийн пүүзийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол [22],

-Шүүгдэгч А.Баярцэнгэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа [23],

-Шүүгдэгч А.Баярцэнгэлийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [24],

-Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [25],

- Шүүгдэгч А.Баярцэнгэлийн төрсөний бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт [26] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаж дүгнээд үндэслэх нь:

Шүүгдэгч А.Баярцэнгэл нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 172 тоот дахь С.Алтанчимэгийн  өвлийн сууцны цонхыг хагалж нэвтрэн орж, 42 инчийн “Сони” маркийн ЛСД зурагтыг хулгайлж, хохирогч С.Алтанчимэгт 960,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч С.Алтанчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний төрсөн эгч Алтантогосын хүүхэд болох Баярцэнгэл нь Сонгинохайрхан дүүргийн 31 хороо, Алтайн 2-172 тоот манай байшингийн цонхны шилийг хагалж ороод 42 инчийн Сони маркийн ЛСД зурагт хулгайлан гарч яваад цагдаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг [27], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч Г.Саруулын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 15 цагийн үед ...Хархорингийн арагшаа байдаг 24 дүгээр байрны харалдаа арын засмал замаар өөрийнхөө Приус-20 маркийн машинтай баруунаас зүүн тийшээгээ ажил руугаа явж байхад замын эсрэг талд саарал өнгийн хувцастай нэг залуу хажуудаа орны бүтээлгээр ороосон овор ихтэй дөрвөлжин хавтгай зүйл тавьчихсан зам дээрээс такси барих гээд зогсож байсан. ...нэг л сэжигтэй байсан. ...Тэгээд тэр залууг цагдаагийн хэлтэс дээр хүргүүлсэн...” гэх мэдүүлэг [28],

-гэрч М.Алтаншагайн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг өнгөрч байхад ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-172 тоот гэртээ иртэл манай байшингийн том өрөөний цонх онгойчихсон, жижиг өрөөний поорчигны цонх болон үүдний амбаарын цонх хагарчихсан, хаалганы бариул хэсгийн харалдаа хонхойгоод орчихсон байхаар нь гэрт хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. ...том өрөөнд байсан 42 инчийн сони маркийн ЛСД зурагт алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг [29],

-гэрч Б.Даваасүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 30 минутын орчим манай дүү Алтаншагай над руу утсаар залгаад “гэрт хулгай орсон байна, та хаалга, үүдээ цоожилсон юм уу” гэсэн. ... ажлаасаа чөлөө аваад гэртээ яваад ортол дүү Алтаншагай, мөн цагдаа нар ирчихсэн байсан. ...гэртээ яваад ортол жижиг өрөөний цонхыг хагалчихсан байдалтай,  зурагтын тавиур дээр байсан 42 инчийн сони маркийн ЛСД зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

-А.Баярцэнгэлийн сэжигтнээр 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би эгчийнхээ байшингийн цонхыг баруун гараараа цамцныхаа ханцуйг жийрэглэж байгаад хагалсан. Гараараа цохих явцдаа баруун гарныхаа дунд хурууг цонхны шилэнд зүсчихсэн. ...Би нагац эгчийнхээ зурагтыг ганцаараа хулгайлсан. ...” гэх мэдүүлэг [30], мөн түүний яллагдагчаар 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [31], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2903  дугаартай дүгнэлт [32], 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 20 минутаас 17 цаг 00 минутын  хооронд  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[33], схем зураг, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд [34], эд зүйлийн үнэлгээ [35], эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [36],[37] болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Орон байр гэдэгт “хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан орон сууц, байшин, гэр зэргийг ойлгоно. Харин орон байранд нэвтрэх гэдгийг сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч орохыг ойлгох ба шүүгдэгч А.Баярцэнгэл нь хохирогч С.Алтанчимэгийн гэрийг эзгүй байх үед нь цонхыг нь хагалан орж, “Сони” маркийн 42 инчийн ЛСД зурагтыг нь хулгайлан авсан байна. Мөн хохирогч С.Алтанчимэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “А.Баярцэнгэл манай гэрийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч А.Баярцэнгэл нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч А.Баярцэнгэл нь бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба харин орон байранд нэвтэрч үйлдсэн нь гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болсон буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.              

Мөн мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Баярцэнгэлийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх улаан өнгийн цамцан дээр бий болсон цусны толбийн бүлгийг тогтоолгохоор шинжилгээнд хүргүүлэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3706 дугаартай дүгнэлтээр “Баярцэнгэлээс хураан авсан гэх улаан өнгийн цамцан дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай байна” гэсэн дүгнэлт гарсан, харин А.Баярцэнгэлээс авсан цусны дээжид бүлгийг тогтоолгохоор шинжилгээнд хүргүүлэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3971 дугаартай дүгнэлтээр “... Баярцэнгэл нь АВО системээр АВ /IV/ бүлгийн харъалалтай гэсэн дүгнэлт гарч цусны бүлгийн зөрүү үүссэн. Энэхүү цусны бүлгийн зөрүүний талаар шинжээч Ц.Бямбадоржоос мөрдөн байцаалтад тодруулахад “...Улаан өнгийн цамц дээрх цус нь хэрэг болсон хугацаанаас хойш 10-аад хоногийн дараа шинжилгээнд ирсэн байна. Энэ хугацаанд цамцыг гялгар уутанд хийсэн байдалтай байсан. Цус өмхийрч муудсанаас болж цусны бүлгийн харъяалал шинжилгээнд зөрүүтэй уншигдах магадлалтай байдаг. Иймээс уг цус нь шинжилгээнд зөрүүтэй гарсан байж болох юм...” гэж мэдүүлж тайлбарласан байна.[38]

Нөгөө талаар мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Баярцэнгэл бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах ажиллагааг хийсэн боловч бүлэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Баярцэнгэлд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх ба А.Баярцэнгэлийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нь хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 266 А дугаартай яллах дүгнэлтэд А.Баярцэнгэлийг иргэн Б.Даваадоржид хохирол учирсан гэж ялалсан.

Шүүх хэрэгт цугларсан баримдуудыг хянахад мөрдөн байцаалтад анх иргэн М.Алтаншагай гомдол гаргасан, дараа нь иргэн Б.Даваадорж хохирогчоор тогтоогдсон байдаг бөгөөд хэн нь хохирогч эсэхийг шүүх тогтоолгохоор хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтад буцаасны дараа Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор тус хорооны Алтайн 2-р гудамжны 172 тоотод иргэн С.Алтанчимэг оршин суудаг бүртгэлтэй болохыг тодорхойлжээ. Иймд мөрдөн байцаалтад иргэн С.Алтанчимэгийг хохирогчоор шинэчлэн тогтоож байцаалт авсан атлаа 266 А дугаартай яллах дүгнэлтээр иргэн Б.Даваадоржид хохирол учирсан мэтээр зөрчилтэй яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Алтанчимэг нь иргэн Б.Даваадоржтой хамтран амьдардаг, харин Алтайн 2-р гудамжны 172 тоотод би оршин суудаг бүртгэлтэй байдаг, бид миний гэрт хамт амьдарч байгаа юм гэж тайлбарласан. Иймээс хохирогчоор С.Алтанчимэгийг оролцуулж яллах дүгнэлтийг зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурор 266А дугаартай яллах дүгнэлтдээ Б.Баярцэнгэлийн хохирогчид учруулсан хохирлын хэмжээг 42 инчийн “Сони” загварын зурагтын үнэ 960,000 төгрөг дээр салхивчны шилний үнэ 50,000 төгрөгийг нэмж 1,010,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцож хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу бөгөөд шүүх шүүгдэгч А.Баярцэнгэлийн хулгайлсан эд хөрөнгийн үнийн дүнгээр буюу зурагтын үнэ 960,000 төгрөгөөр  хохирлын хэмжээг зөвтгөн дүгнэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын  талаар:

Эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос “Сони” маркийн 42 инчийн ЛСД зурагтыг 960,000 төгрөгөөр, байшингийн салхивчны шилийг 50,000 төгрөгөөр үнэлсэн байна.  Үүнээс 960,000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн ЛСД зурагтыг шүүгдэгч А.Баярцэнгэл нь хохирогчийн ар гэрт хүлээлгэн өгсөн, хохирогч С.Алтанчимэг нь зурагтаа хүлээн авсан талаар талууд мэдүүлсэн, мөн энэ нь хэрэгт эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн мөрдөн байцаалтад хохирогч С.Алтанчимэг нь байшингийн салхивчны шилний үнийг 50,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч шүүгдэгч А.Баярцэнгэл нь хохирогчид 500,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Баярцэнгэлийг хохирогч С.Алтанчимэгт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч А.Баярцэнгэл нь 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн  болох нь шийтгэх тогтоолын хуулбар[39], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсууд зэргээр тогтоогджээ. Энэхүү тогтоолоор ял шийтгэхдээ Нэргүйн Баярцэнгэл гэсэн овог, нэрээр ял шийтгэгдсэн байна.

Баярцэнгэл нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаар [40] эх Саяагийн Алтантогосоор овоглосон бүртгэлтэй, мөн иргэний үнэмлэхийн лавлагаанд[41] С.Алтантогосоор овоглосон бүртгэлтэй байна.

          Шүүгдэгч А.Баярцэнгэлийн төрсөн эцэг Д.Нэргүй нь мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ “... А.Баярцэнгэлийг төрсөний дараа төрсөний гэрчилгээ авах үед ээж С.Алтантогосоор нь овоглосон юм...” гэж мэдүүлжээ. Иймд А.Баярцэнгэл нь иргэний бичиг баримтуудаар эх С.Алтантогосоор овоглодог байна.

          Мөн шүүгдэгч А.Баярцэнгэл нь 2004 онд шүүхээр ял шийтгүүлэхдээ эцэг Д.Нэргүйгээр овоглож байсан талаар мэдүүлсэн бөгөөд урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн лавлагааны санд ял шийтгэлтэй талаарх бүртгэлийг өөрийнхөө ял шийтгэгдсэн бүртгэл мөн гэж мэдүүлсэн.

          Шүүгдэгч А.Баярцэнгэл нь 2004 онд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, шүүхээс түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан тул шүүгдэгч А.Баярцэнгэл нь ялгүй болсон буюу түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Баярцэнгэлд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42 размерийн хар өнгийн пүүз, улаан  өнгийн ноосон цамц зэргийг шүүгдэгч А.Баярцэнгэлд түүний хүсэлтээр өөрт нь буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овгийн Алтантогосын Баярцэнгэлийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Алтантогосын Баярцэнгэлийг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баярцэнгэлд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Баярцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Алтанчимэгт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч А.Баярцэнгэлийн өмсөж явсан гэх 42 размерийн хар өнгийн пүүз, улаан өнгийн цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц шүүгдэгч А.Баярцэнгэлийн хүсэлтээр түүнд буцаан олгосугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Баярцэнгэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Баярцэнгэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 109 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 53 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 110 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 4-5 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 6-10 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 14, 106 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 65 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 111 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн  115 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 117-118 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 109 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[30] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 4-5 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 6-10 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 14, 106 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[37] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[38] Хавтаст хэргийн 110 дугаар тал.

[39] Хавтаст  хэргийн 115 дугаар тал.

[40] Хавтаст хэргийн 117 дугаар тал.

[41] Хавтаст хэргийн 65 дугаар тал.