Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 32

 

Э-од холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0032/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Б.Бямбасүрэн, 

Шүүгдэгч Э-ыг оролцуулан, 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Э-од холбогдох эрүүгийн 1839005960103 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1978 төрсөн, эрэгтэй, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн төвд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Н-н Э нь

Э- нь 2018 оны 10 дугаар сарын үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Адуучийн гуя” гэх газар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 9 метр куб хэрэглээний шинэс мод бэлтгэж, ойн санд 4665600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Товогт Н-н Э-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-од 1000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э- нь түүнд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж тус тус заан шийдвэрлэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасныг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх 90 хоногийн хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хойшлуулж тогтоохоор заасныг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн санхүүгийн байдалд дарамт учруулахгүйгээр хэсэгчлэн төлөх боломж олгож буй хуулийн зохицуулалтын зорилгод нийцэхгүй байдлаар торгох ял биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос богиносгон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичлээ гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2018 оны 10 дугаар сарын үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Адуучийн гуя” гэх газар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 9 метр куб хэрэглээний шинэс мод бэлтгэж, ойн санд 4665600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 хуудас/, 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 хуудас/, 

Хохирогч Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-нд би мод бэлтгэлийн газарт очиж шалгахад 9 м3 хэрэглээний нойтон шинэс мод зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/, 

Гэрч А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Э- хувийн хэрэглээний хашаа, саравчны хөл хөндлийн мод огтолж авсан байна лээ. Мод бэлтгэх эрхийн бичгээ нөхөөд авчихна гэж бодож байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 хуудас/, 

Гэрч Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Э- ах бэлтгэсэн модоо хараад ууланд ганцаараа үлдсэн. Бид нарыг явсны дараа дахин мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /69-70, 99-100 хуудас/, 

Гэрч Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн компани 30 м3 хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэх эрхтэй байсан тул илүү бэлтгэсэн 9м3 модыг сумын төв дээр ирээд эдийн засгийн төлөөлөгчид нь дүгнэлт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуудас/,

Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 46-48 хуудас/, 

Э-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хавар болохоор өөртөө хаваржааны саравч барихаар тухайн модыг бэлтгэсэн. Би 26 ширхэг мод унагасан. Намайг илүү мод бэлтгэсэн гэдгийг компанийн зүгээс мэдээгүй. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э-од оногдуулсан 1000000 төгрөгийн торгуулийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож, түүний эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх нь зүйтэй юм. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хойшлуулж тогтоох нь шүүгдэгчийн санхүүгийн байдалд дарамт учруулахгүйгээр ялыг биелүүлэх боломж олгож буй шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээ юм. Гэтэл энэ зохицуулалтыг зорилгод нь нийцэхгүй байдлаар хэрэглэж торгох ялыг биелүүлэх хугацааг богиносгон тогтоож буйг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. 

Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч Э-д оногдуулсан торгуулийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “болмогц” гэснийг “болсноос хойш 90 хоногийн дотор” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                Б.ДЭНСМАА