Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/903

 

 

 2022            07             08                                   2022/ШЦТ/903

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

улсын яллагч Г.Лхагвасүрэн,  

шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б ад холбогдох эрүүгийн 2108013730925 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол улсын иргэн. бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 04 сарын 19-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг мөн  хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, Ц.Б

Холбогдсон хэргийн талаар:   

  Шүүгдэгч Ц.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, баруунтуруунд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “...бусдын биед халдлаа” гэх шалтгаанаар  хохирогч Г.Нэргүйг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

  Шүүгдэгч Ц.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, баруунтуруунд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “...бусдын биед халдлаа” гэх шалтгаанаар  хохирогч Г.Нэргүйг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                 

- хохирогч Г.Нэргүйн:...2021.06.26-ны өдөр найз Бадарч ирж мужааны ажил, модон жорлон барьж өгөх байсан болохоор дэлгүүр орох санаатай гэрээсээ гарсан. Гэтэл гудамжинд зүс таних Жижигээ эхнэртэйгээ, мөн зүс таних Баасанбат нартай баруунтурууны 1 дүгээр гудамжинд таарсан. Намайг дэлгүүрээс архи аваад гарч ирэх үед Жижигээ, Баасанбат нар манай гэрт хамт очих уу ахаа гээд байсан. Найз маань ирэхгүй гэж хэлсэн байсан болохоор би тэр хоёртой хамт гэрт нь очихоор болоод бид нар миний авсан архийг хувааж уусан. Гэтэл Жижигээ эхнэртэйгээ маргалдаад түүнийг газар унагаж, үснээс нь зулгаагаад байхаар нь боль гэж хэлээд салгахаар цамцнаас нь татахад зөрүүлээд миний хувцаснаас барих гэхээр нь би түлхээд газарт унагаасан. Гэтэл хажуугаас Баасанбат гэх залуу чи миний ахыг газар унагалаа, яагаад ахыг дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн, тэгээд намайг өөдөөс нь маргалдах үед миний цамцны захаас заамдаж аваад нүүр, толгой руу гараараа 4-5 удаа цохисон. Би зугтах санаатай хойш ухраад явж байхад Баасанбат араас ирээд намайг татаж газарт унагаад зүүн ташаа орчим хөлөөрөө нэг удаа өшиглөөд, цээжин дээр өвдөглөөд цамцны захаар хоолой боогоод байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,  

- гэрч Ч.Рэнцэнхандын:...2021 оны 6 сарын сүүлээр манай хөрш Нэргүй орж ирэхдээ нүүр ам нь цус болсон зодуулсан байдалтай байхаар нь юу болсон яасан талаар асуухад зүс таних Баасанбатад зодуулсан гэж хэлсэн. Тэгээд удаагүй Баасанбат Нэргүйн хойноос ороод ирсэн. Тэгэхээр нь Баасанбатад “чи яагаад настай хүн зодоод байгаа юм” гэсэн чинь үг дуугараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/, 

 - шинжээчийн дүгнэлт : Г.Нэргүйн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын доорх цус хуралт, духанд зулгаралт, цээжинд
зулгаралт, цус хуралт, зүүн доод 3 дугаар шүдний хүзүү хэсгийн хугарал гэмтэл
тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр хэрэг
болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний булгарал нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5 хувь алдагдуулна /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

- шүүгдэгч Ц.Б ын...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.      

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн

эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй.    

2.4. Хохирогч, шүүгдэгч нар тухайн үед хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн, тэдний хооронд үл ойлголцол үүссэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх боловч тийнхүү согтуурсан байсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.   

Иймд шүүгдэгч Ц.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.      

 

3. Хохирол, хор уршиг:        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтгүй  байх тул хохирогч нь хохирлын талаарх баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь урьд 2005, 2015, 2017 онуудад эрүүгийн хариуцлага хүлээж, улмаар тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх /хх-52, 57-69/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-43, 45, 47, 49-50, 52-53, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ад 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.   

 

  1. Бусад асуудал 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ц.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б ыг 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б ад оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шүдний булгарал эмчлүүлэх болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР