Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2479

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02439 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Жы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х банк ХХК-д холбогдох  

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 47-75 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Жыг тогтоон, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнгөнзул, М.Золжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт “Саруул Тэнгэр” ХХК-ийн барьж байсан 2 дугаар орон сууцны барилгын 5 давхарын 75 тоот 2 өрөө 41.3 м.кв орон сууцыг худалдаж авахаар Х банктай барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Барьцаат зээлийн гэрээний нөхцөл орон сууцны үнэ 50 757 700 төгрөгийг 30 700 ам долларт шилжүүлэн, 240 сарын хугацаатай, жилийн 13.18 хувийн хүү төлөх байсан. Б.Ж намайг гэрээний үүргээ биелүүлж байх хугацаанд ам долларын ханш өсөж, зээл төлөхөд надад хүндрэл учирч ам долларын зээлээ төгрөгт шилжүүлэх хүсэлтийг Х банкинд удаа дараа гаргасан. Х банк хүсэлтийг минь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 1370002301 дугаарын барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ам долларын зээлийг төгрөгийн зээл болгосон. Миний эрхэлж байсан ажил улс орны нийгэм эдийн засгийн байдлаас болж үйл ажиллагаа нь улам бүр хумигдаж зээлээ төлж чадахгүй хугацаа алдсан нь үнэн. Х банк Б.Жыг барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцаа шилжүүлж өг гэж шаардан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус банкны орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд заасан гэрээний үнэ 56 733 143 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, худалдан авагчийн нэр дээр гарсаны дараа худалдагч талын санал болгосон Х банкны 5001331482 дугаарын дансанд шилжүүлэхээр заасан. Х банкны Ард салбарын захирал Д.Болдбаатараас Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 56 733 143 төгрөгийг Б.Ж тус банкны 5001331482 дугаарын дансаар өөрөө хүлээн авч, орон сууцны үнийг захиран зарцуулаагүй байдаг. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд Х банкны Ард салбарын захирал Д.Болдбаатар өөрийн биеэр гарын үсэг зурч баталгаажуулаагүй гэрээний төсөл боловсруулсан тус банкны ажилтан түүний өмнөөс гарын үсэг зурсан байдаг. Талуудын хооронд 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан заалтыг зөрчин, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн байна. Х банкны Ард салбарын захирал Д.Болдбаатар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан заалтыг зөрчин Б.Жтай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 47-75 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Жыг тогтоон, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ж, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Баатар, Б.Зоригт нар нь 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Х банктай 1370002301 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 30 700 ам.долларын зээлийг 13.18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар, /Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 дугаар байрны 75 тоот хаягт байршилтай 41.3 м.кв талбай бүхий 2 өрөө / орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Тус барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон харилцан тохиролцож байгуулсан бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4-т “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж, Валютын зохицуулалтын тухай хуулийн 11.1.4-т Арилжааны банк нь Монгол банкнаас олгосон зөвшөөрлийн хүрээнд валютын гүйлгээний дараахь үйл ажиллагааг эрхэлж болно. Үүнд: гадаад валютаар зээл олгох гэж тус тус заасны дагуу Х банк нь зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гадаад валютаар зээл олгосон болно.

Зээлдэгч Б.Ж нь барьцаат зээлийн гэрээг байгуулснаас хойш зээлийн төлбөрөө зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаандаа төлөлгүй, удаа дараа хугацаа хэтрүүлж байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 07-ноос хойш 2 удаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг өгөх хүсэлт гаргасан. Х банк зээлдэгчийн хүсэлтийг харгалзан түүнтэй харилцан тохиролцож, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тус Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан үнэ болох 56 733 143 төгрөгийг Б.Жы санал болгосон түүний нэр дээрх Х банк дахь 5001331482 дугаартай дансанд шилжүүлсэн болно. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж, Барьцаат зээлийн гэрээний 3.6-д “Гэрээний 3.4-д заасны дагуу зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөх Банкны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд Банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдсан үнээс тэргүүн ээлжинд Банкны зээлийн нийт төлбөр, барьцаа хөрөнгийг худалдах болон гэрээний үүргийг хангуулахтай холбогдон гарсан нийт зардлыг төлүүлнэ” гэж, 3.4.1-д “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй бол Банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана” гэж, 1.16-д “Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээлийн нийт төлбөрийг барьцаа хөрөнгийг худалдсан дүнгээс, эсхүл урьдчилгаа буюу санхүүжилтийн төлбөрөөс тэргүүн ээлжинд банк барагдуулна” гэж тус тус заасны дагуу барьцаа хөрөнгийг худалдсан дүнгээс зээлийн нийт төлбөрийг суутган төлүүлсэн нь харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцогдох бөгөөд хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү суутгах эрхийг Б.Ж нь Х банкинд олгосон бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг Х банк хариуцахгүй талаар талууд харилцан тохиролцож Барьцаат зээлийн гэрээний 1.12-т “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээлийн төлбөрийг Х банк болон бусад банкинд байршиж буй зээлдэгчийн бүх төрлийн харилцах, хадгаламжийн дансууд дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар суутгаж авах эрхийг банкинд үүгээр олгож байгаа ба ийнхүү суутгаснаас үүсэх аливаа үр дагаврыг банк хариуцахгүй” гэж заасан. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг зээлдэгч Б.Жы хүсэлтээр, түүнтэй харилцаж тохиролцож Х банк байгуулсан буюу Х банкны Гүйцэтгэх захирлаас тодорхой албан тушаалтанд буюу Ард салбарын захирал Д.Болдбаатарт Х банкийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгосноор тус албан тушаалтан нь уг гэрээнд гарын үсэг зурсан болно. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Б.Жтай 2016 оны 10 дугаар сарын 25- ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талууд харилцан тохиролцож гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон Иргэний хуульд нийцүүлэн байгуулсан бөгөөд хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх аливаа үндэслэл байхгүй байна.

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэг талаас зээлдэгч Б.Ж нь барьцаа хөрөнгийг худалдаж, худалдсан үнийн дүнгээс зээлийн нийт төлбөрийг төлж барагдуулах эрх зүйн үр дагаврыг бий болгох зорилгоор, нөгөө талаас Х банк нь зээлдэгчийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг худалдан авах эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгоор байгуулсан. Талууд дүр үзүүлэх зорилгоор тус гэрээг байгуулаагүй бөгөөд энэхүү гэрээг байгуулснаар зээлдэгч зээлийн төлбөрөө төлж барагдуулсан, Х банк өөрийн өмчлөлийн хөрөнгөтэй болсон эрх зүйн үр дагавар бий болсон бөгөөд энэ зорилго нь тус гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсаны улмаас биелсэн байх тул дүр үзүүлсэн хуурамч гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Х банкны Ард салбарын захирал Д.Б Б.Ж нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 47-75 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Жыг тогтоон, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Жаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо: “...Барьцаат зээлийн гэрээний 1.6, 3.6 дугаар зүйдд зааснаар банк барьцааны зүйл орон сууцыг бусдад худалдан борлуулж болохыг заасан боловч орон сууцны үнэ 56 733 143 төгрөг тухайн үеийн зах зэээлийн бодит үнэ мөн эсэх орон сууцны үнэ ямар үнэлгээгээр тогтоогдсон, энэ үнэ зээлдэгчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд нөлөөлсөн зэрэг байдлыг анхан шатны шүүх бүрэн тогтоолгүй шийдвэр гаргасан. Шүүх талуудын хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн байна гэж дүгнэсэн үндэслэлгүй шийдвэр байна. Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд заасан, гэрээний үнэ 56 733 143 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, худалдан авагчийн нэр дээр гарсаны дараа худалдагч талын санал болгосон Х банкны 5001331482 дугаарын дансанд шилжүүлэхээр заасан байдаг. Х банкны Ард салбарын захирал Д.Болдбаатараас Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 56 733 143 төгрөгийг Б.Ж тус банкны 5001331482 дугаарын дансанаар өөрөө хүлээн авч, орон сууцны үнийг захиран зарцуулаагүй үйл баримт тогтоогддог. Нэхэмжлэгч Б.Ж орон сууц худалдан борлуулсан үнийг Х банкнаас өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулаагүй, худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулаагүй гэрээ, талуудын хооронд хийгдсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасан хуулийн шаардлагад нийцүүлэн гаргаагүй байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцэлд Х банкийг төлөөлөн гарын үсэг зурсан Ард салбарын захирал Д.Болдбаатар гарын үсэг мөн гэсэн шинжээчийн 2017оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2831 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын өдрийн 28 ны 09450 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах үйл баримтыг тогтоолгохоор орон сууцны үнэ 56 733 143 төгрөг Б.Ж Х банкны 5001331482 дугаарын дансанд шилжин орсон эсэхийг тогтоолгохоор 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт гаргахад, хүсэлт хангахаас татгалзсан захирамжийг анхан шатны шүүх гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач хөлбогдолтой нотлох баримт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлон түүнии мэтгэлзэх эрхийг хязгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчин явуулж, хэргииг шийдвэрлэсэн.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан Х банкны Ард салбарын захирал Д.Болдбаатар, Б.Ж нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 47-75 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Жыг тогтоон, өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1370002301 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 30 700 ам.долларын зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 13.18 хувийн хүүтэйгээр 50 575 700 төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авахаар хариуцагчаас зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэгч нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр УБ111980-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 47 дугаар байрны 75 тоотод байрлах, 41.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан, зохигчид 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дээрх барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл болох 28 577,40 ам.долларын зээлийг, зээл шилжүүлэх тухай зээлийн хорооны шийдвэр гарсан өдрийн ханшаар тооцон 56 468 942 төгрөгт шилжүүлэн, зээлийн хүүг жилийн 19 хувийн хүүтэйгээр талууд тохиролцон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь дээрх барьцаат зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, ипотекийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 5-8, 10, 13-15, 148-149/

Нэхэмжлэгч нь “нийгмийн хямралтай байдал, долларын ханш өссөн, орон сууцны зээлийн хүү буурсан, хүмүүсийн худалдан авах чадвар муудсанаас би зээлийн төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулах боломжгүй болсон тул барьцааны хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон авна уу” гэх хүсэлтийг хариуцагч Х банк ХХК-д гаргаж байсан байна. /хх 36, 37/

Х банкийг төлөөлөн эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А-1328 дугаартай тушаалаар Х банкны нийт салбарын захиралд олгосны дагуу Ард салбарын захирал Д.Болдбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г зээлдэгч Б.Жтай байгуулж гарын үсэг зурсан байх ба талуудын хооронд байгуулагдсан “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Дээрх худалдах, худалдан авах гэрээний 3.1 дэх хэсэгт “...үл хөдлөх хөрөнгийг худалдах үнэ 56 733 143 төгрөг байна”, 3.2 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр гарсаны дараа худалдан авагч төлбөрийг худалдагчийн санал болгосон ХасБанк дахь 5001331482 тоот дансанд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Иймд гэрээний дагуу мөнгийг шилжүүлснээр үүргийг гүйцэтгэсэн, уг данснаас мөнгийг үл маргах журмаар суутган авсан нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж анхан шатны шүүх үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Жы давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН