Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 34

 

У-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0034/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Б.Бямбасүрэн, 

Шүүгдэгч У-, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан, 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нарын давж заалдах гомдлоор У-д холбогдох эрүүгийн 1939000890134 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1988 онд төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ц-н У нь

2018 оны 8 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Нугаарын эх” гэх газарт иргэн Э-ын өвөлжөөний байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч өвлийн хромон гутал 1 хос /шинэ/, зуны хромон гутал 1 хос /хуучин/, эрэгтэй хүний куртка 3 ширхэгийг хулгайлж 505000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн Ц-н У-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч У-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч У- давж заалдах гомдолдоо: Миний бие Э-ын эд зүйлийг хууль бусаар авч, хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. 

Тухайн өдөр Э-ын гэрт хулгай хийх санаа зорилготой очоогүй бөгөөд Э-д хонохоо больж гэрээс нь гарахдаа эд зүйлийг нь авсан. 

Миний бие ам бүл ганцаараа бөгөөд Багануур дүүргийн “Хөх дөрвөлжин” гэх мод үржүүлгийн газарт ажилд ороод удаагүй байхдаа тус хэрэгт холбогдсон. 

Би цаашид гэмт хэрэг үйлдэхгүй, шударгаар амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. 

Миний бие эхээс арван гурвуулаа, айлын бага хүү бөгөөд надад санаа зовнин эгч О, О нар давж заалдах шатны хүсэлт гаргасныг хавсаргаж байна гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. 

Шүүгдэгч У нь тарвага агнахаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт явж байхад нь цас, бороо холилдон орж, унаж явсан мотоциклынх нь их гэрэл асахгүй байсан учир айл бараадан хонох зорилготой явж байгаад Э-хтай таарч байшинд нь орсон байдаг. 

Э “манайх хөдөө байдаг учир хаалгаа цоожилдоггүй” гэж мэдүүлдэг. Мөн У “...харуй бүрий болж гэрэлгүй мотоциклтой явж байгаад байшинд хонох зорилгоор орсон. Байшинд орсны дараа эвгүй санагдаад байхаар нь Багануур явж хонохоор гарахдаа байшингийн хойд талын орон дээр байсан эд зүйлийг авсан” гэж мэдүүлдэг. 

У-гийн хувьд хулгай хийх санаа зорилго нь байшинд орохдоо үүссэн биш, байшинд орсны дараа байшингаас гарахдаа гэнэт үүссэн сэдэл зорилготой үйлдэл юм. 

У- нь эхээс арван гурвуулаа, айлын бага хүүхэд бөгөөд бага насаа аав ээжийн гар дээр өнгөрүүлж, хөдөө мал маллаж байгаад аав Ц, ээж А нарыгаа нас барсны дараа Улаанбаатар хотод хар бор ажил хийж байгаад 2019 оны 6 дугаар сараас “Хөх дөрвөлжин” гэх мод үржүүлгийн газарт ажиллаж эхэлж байсан юм. У- нь бусдын эд хөрөнгийг хулгайлж авсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан 505000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд У-гийн гэмт хэрэг үйлдэх сэдэл санаа хэзээ бий болсон нөхцөл байдлыг зөвөөр шүүн тунгааж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж тэнсэж өгнө үү. 

Хэрэв шүүх бүрэлдэхүүн У-г хулгайн гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцвол дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэжээ. 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: У нь 2018 оны 8 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Нугаарын эх” гэх газарт тарвага агнахаар явж байгаад Э-ын байшин тааралдахаар нь орсон талаараа мэдүүлдэг. Тухайн үед Э-ын байшин цоожгүй байсан боловч У-гийн байшинд зөвшөөрөлгүй орсон үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл юм. 

У нь тус байшинд хонох зорилготой ороод дотор нь байсан эд зүйлийг хулгайлж авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Мөн У нь хохирогч Э-ыг танихгүй, Э-аас байшинд орох зөвшөөрөл авсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. 

У-гийн үйлдлийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар У-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

У нь 2018 оны 8 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Нугаарын эх” гэх газарт иргэн Э-ын өвөлжөөний байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч өвлийн хромон гутал 1 хос /шинэ/, зуны хромон гутал 1 хос /хуучин/, эрэгтэй хүний куртка 3 ширхэгийг хулгайлж 505000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Хохирогч Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 8 дугаар сарын дундуур манай хөдөө гэрийн өвөлжөөний цоожгүй байшинд хулгай орж эд зүйл алдагдсан талаар мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн. ...өвлийн хромон гутал 1 хос /шинэ/, зуны хромон гутал 1 хос /хуучин/, 3 ширхэг куртка алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуудас/, 

Гэрч О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...дүү маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд тарвага агнахаар мотоциклтой явж байгаад харанхуй болохоор нь ойролцоо айл байхгүй байсан учир айлын эзэнгүй байшинд хонох гэж ороод болиод дотор нь байсан эд зүйлийг аваад явсан гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/, 

Хөрөнгө үнэлгээний “Ф” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтээр дээрх алдагдсан өвлийн хромон гутал 1 хос /шинэ/, зуны хромон гутал 1 хос /хуучин/, 3 ширхэг эрэгтэй хүний өвлийн куртка зэргийг нийтэд нь 505000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 23 хуудас/, 

Яллагдагч У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. ... байшин цоожгүй байхаар нь орсон. ...эд зүйл хулгайлж авсан нь миний буруу ...байшин дотор хойд талын орон дээр байсан эрэгтэй хүний 3 ширхэг шинэвтэр куртка, үүдэнд байсан эрэгтэй хүний өвлийн шинэ хромон гутал 1 хос, зуны хуучин хромон гутал 1 хосыг аваад өөрийн хар өнгийн цүнхэнд хийж аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/, 

У-гээс хохирогч Э-ын ХААН банкан дахь дансанд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 505000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт /хх-ийн 55 хуудас/, 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

Анхан шатны шүүх хэргийн хүрээнд шүүгдэгч У-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна. 

Шүүхээс У-д оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан төдийгүй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д орон байранд нэвтэрч үйлдэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй салшгүй холбоотой юм. Энэ ч учраас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр шүүгдэгч У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцжээ. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан гомдлын тухайд: Шүүгдэгч У хулгай хийх санаа зорилго байшинд орсны дараа үүссэн гэх боловч энэ нь  У-гийн “...тарвага агнахаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт явж байхад цас, бороо холилдон орж, унаж явсан мотоциклын их гэрэл асахгүй байсан учир айл бараадан хонох зорилготой явж байгаад Э-ынхтай таарч байшинд орсон...” гэсэн мэдүүлгээс бусад хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хохирогчийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтрээгүй гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй байна. 

Шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх гомдлын тухайд: Шүүгдэгч У нь зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.   

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч У-гийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                Б.ДЭНСМАА