Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 125/2022/0016/З |
Дугаар | 221/МА2024/0137 |
Огноо | 2024-02-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0137
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0032 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, хариуцагч А.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 125/2023/0027/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас ХТАГА Д.Э, аудитын менежер А.Ц нарт холбогдуулан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0032 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр үйлийн 4.2.5 дахь хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Манай компани 2020 онд ХОАОНӨГ202001030 дугаартай "30 айлын орон сууцны урд талын талбайн тохижилт /Ж сум, Ж Баг, / нэртэй тендер шалгаруулалтад оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасан "хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер"-ээр шалгарч захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-тай гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэн эхэлсэн.
Уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гүйцэтгэлийн ажлаа хийж байх хугацаанд захиалагч Ховд аймгийн Ж сумын Засаг даргын орлогч Т.Ж-ы 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1886 дугаар албан бичгээр "30 айлын урд талбайн тохижилтын ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах иргэдийн өргөдөл гомдлын дагуу 432 метр кв талбай бүхий шороог бетон болгон өөрчлөх, ингэхдээ 80 м.кв резин хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх ажлын зориулалтыг хасаж, 80 метр кв резин хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх мөнгөөр 432 метр кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт хийхийг үүгээр мэдэгдье” гэсэн ба уг албан бичгийн хавсралтад иргэн Ч.Г, Б.Б, Ю.Д нарын өргөдлийг хавсарган ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д зааснаар захиалагч нь "худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах" эрхтэй ба уг эрхийнхээ дагуу 80 м.кв резин хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх мөнгөөр 432 метр кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт оруулахаар албан мэдэгдэл ирүүлсэн байдаг.
Үүний дагуу 80 кв талбай бүхий резин хавтангаар хийх ажлыг 15 см зузаантай 432 м.кв бетон талбай болгон цутгалт хийсэн. Ингээд гэрээгээр хүлээсэн үүрээ гүйцэтгэн улсын комисс ажиллуулж уг ажлыг хүлээлгэн өгч дуусгавар болсон. Гэтэл ХТАГА Д.Э нь Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийж манай компанид 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А 2170429 дүгээр актаар 2091800 төгрөгийг акт тогтоосон юм.
Уг актын үндэслэл нь резин талбай хийх ёстой байснаас хийгээгүй тул 1,876,800 төгрөг, нэг сандал дутуу-135,000 төгрөг, хогийн сав хийгээгүй 80,000 төгрөг, нийт 2,091,800 төгрөгийн акт тогтоосон. Энэхүү актыг хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргахад Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 тоот шийдвэрээр 94/A 2170429 тоот актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Шүүх дээрх шийдвэр гаргахдаа "маргаан бүхий актаар 2091800 төгрөгийн төлбөр тогтоосон нь бодит нөхцөлд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй, учир нь хариуцагчаас төлбөрийн акт тогтоох үндэслэлийг нотлох ажиллагаа бүрэн хэрэгжүүлээгүй, актын төлбөрийг бүрэн зөв тооцоолоогүй, хариуцагч акт тогтоохдоо энэ талаар холбогдох мэдээлэл, нотлох баримтыг цуглуулж нягталж шалгаагүй. хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцоолохгүйгээр төлбөр тогтоосон нь илрүүлсэн зөрчил, тогтоосон төлбөрийн дүн тохирохгүй, өөрөөр хэлбэл, хийх ёстой ажил, хийгдээгүй ажил, дүйцүүлэн хийсэн гэх ажил бүрийн өртөг зардлын тооцоолол хийхгүйгээр зөвхөн хийгдээгүй ажлын материалын өртгөөр төлбөр тогтоосон нь буруу..." гэж үзсэн. Гэтэл Ховд аймаг дахь Төрийн аудитын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/A2160429 тоот актаар дахин манай компанид нийт 2322585 төгрөгийн акт тогтоосон ба дараах үндэслэлийг гаргасан.
Саравчны 25.9 м.кв шалыг 0.5 мм зузаантай банзаар шахах шалны дар мод тавих, тосон будгаар будах ажил хийгдээгүй ажлын хөлстэй нийлээд 731675 төгрөгийн зөрчил 2. 27 мод суулгах ажил хийгдээгүй модны үнэ, ажлын хөлс 175500 төгрөг.
Элсэн талбай хийгээгүй 198,382 төгрөг, 80 м.кв талбайг резин шалаар хийгээгүй, ажлын хөлстэй нийлээд 1217028 төгрөг нийт 2322585 төгрөгийн акт тогтоосон. Энэ актыг тогтоохдоо юуг үндэслэн ажлын хөлс, материалын зардлыг тооцсон нь ойлгомжгүй, дахин резин шал хийгээгүй гэж актын төлбөр тогтоосон нь буруу, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 тоот шийдвэрт заасан хийх ёстой ажил, хийгдээгүй ажил, дүйцүүлэн хийсэн гэх ажил бүрийн өртөг зардлын тооцоол гээд байхад манай компанийн гүйцэтгэсэн 15 см зузаантай 432 м.кв талбайг бетоноор цутгахад хэдэн төгрөгийн зардал гарсныг огт тооцоолоогүй, хэт хувийн өш хонзонгийн сэтгэлээр хандаж, төрийн албан хаагчийн давуу эрхээ эдэлж акт тогтоосон байхад шүүхээс уг актыг зөв гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Ховд аймаг дахь Төрийн аудитын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай актад саравчны 25.9 м.кв шалыг 0.5 мм зузаантай банзаар шахах шалны дэр мод тавих, тосон будгаар будах ажил хийгдээгүй ажлын хөлстэй нийлээд 731,675 төгрөгийн, 27 мод суулгах ажил хийгдээгүй модны үнэ, ажлын хөлс 175,500 төгрөгийн, 80 м.кв талбайг резин шалаар хийгээгүй, ажлын хөлстэй нийлээд 1217028 төгрөгийн зөрчил гаргасан гэжээ.
Саравчны 25.9 м.кв талбай, 27 мод суулгах талбай, 80 м.кв резин талбайг 15 см зузаантай цемент бетон шал цутгасан. Саравчны шалыг банзаар хийх, 27 мод тарих, 80 м.кв талбайг цемент бетоноор цутгахад эдгээрийн зөрүү хэдэн төгрөг гарсныг аудитор нар үндэслэлтэй тогтоож акт тавиагүй, тэрнээс гадна нийт 432 м.кв талбайг 15 см зузаантай цемент бетоноор цутгахад хэдэн литр ус, хэдэн тоон цемент, хэдэн тоон хайрга, дайрга, хэчнээн төгрөгийн цахилгаан, хэчнээн хүний хэдэн өдрийн ажлын хөлс /өвлийн идэр есийн хүйтэнд гарсныг нарийвчлан тооцоолоогүй хэр нь яагаад хийгээгүй ажлыг нарийн тооцоолж акт тогтоосон юм бэ. Манай компани хийсэн ажлаа мэргэжлийн төсөвчнөөр төсөв гаргуулан хэрэгт өгсөн байгаа.
Гэтэл аудитор нар нь зөвхөн хувийн өш хонзонгийн сэдлээр акт тогтоосон буруу гэж үзэж байна. Мөн элсэн талбай хийгээгүй 198,382 төгрөгийн акт тогтоосон. Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 28 тоот шийдвэртэй захиргааны хэрэгт шүүхээс үзлэг хийхэд 3х10 хэмжээтэй элсэн талбай хийсэн тухай бичсэн байхад хийгээгүй гэж 198382 төгрөгийн акт тогтоосон нь буруу юм.
Ийм байхад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 32 тоот шийдвэрээр Ховд аймаг дахь Төрийн аудитын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 тоот актыг зөв гэж үзсэн нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 32 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд анх нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сард зарлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “30 айлын орон сууцны урд талбайн тохижилт /Ж сумын Ж Баг/-ын” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, тус ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулахаар захиалагчтай гэрээ байгуулсан. Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/725 дугаар захирамжаар гэрээний ажлыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн мөн өдрийн БЗА/69/2020 дугаартай дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна.
3. Улмаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А2170429 дүгээр ХОА-2021-116-ШТА-ГА “Төлбөр барагдуулах тухай” актаар “Т” ХХК-ийн “30 айлын орон сууцны урд талбайн тохижилт /Ж сум, Ж Баг ХОАОНӨГ202001030/-г хэрэгжүүлэхдээ “Ажлын даалгавраар ажлаа бүрэн хийж өгөөгүй, зарим ажлууд дутуу хийгдсэн, гүйцэтгэлийн дараах хяналт хэрэгжээгүй, ажлын тоо хэмжээ өөрчилсөн, резин талбай 1676.8 нэг сандал дутуу 135.0, нэг хогийн сав дутуу 80.0 мянга төгрөг, хийсэн ажил нь сайжруулах шаардлагатай. Тендер өөр хүнд дамжуулсан” гэж дүгнэж 2.091.800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөгийн төлбөр тогтоожээ.
4. Нэхэмжлэгчээс дээрх 94/А2170429 дүгээр ХОА-2021-116-ШТА-ГА “Төлбөр барагдуулах тухай” актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгчээс зарим ажлыг захиалагчийн зөвшөөрлөөр өөрчилж хийхдээ бусад ажилтай дүйцүүлж тооцсон гэж тайлбарласан. Хариуцагч акт тогтоохдоо энэ талаар холбогдох мэдээлэл, нотлох баримтыг цуглуулж нягталж шалгаагүй, хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцоолохгүйгээр төлбөр тогтоосон нь илрүүлсэн зөрчил, тогтоосон төлбөрийн дүн тохирохгүй, өөрөөр хэлбэл хийх ёстой ажил, хийгдээгүй ажил, дүйцүүлэн хийсэн гэх ажил бүрийн өртөг зардлын тооцоолол хийхгүйгээр зөвхөн хийгдээгүй ажлын материалын өртгөөр төлбөр тогтоосон нь буруу” гэж дүгнэн “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 94/А 2170429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актын хавсралтын “Т” ХХК-ийн 30 айлын орон сууцны урд талбайн тохижилт/ Ж сум, Ж Баг ХОАОНӨГ202001030/-д холбогдох 2.091.800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөгийн төлбөр тогтоосон актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу дахин 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 78/А2160429/ дугаар актаар “Ажлын тоо хэмжээнд зааснаар саравчны 25.3 м.кв шалыг 05 мм-ийн зузаанаар цэвэр банзан шал шахах, шалны дэр мод тавих, шалыг тосон будгаар будах ажлууд хийгдээгүй, ... Модны нүх ухаж 27 мод суулгах ажил хийгдээгүй, ... Хүүхдийн тоглоомын талбайн ажлыг дахин хяналт хэрэгжүүлэх үүднээс ажлыг хэсэг очин үзэхэд баталгаат хугацааны засвар үйлчилгээ хийгдээгүй, ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, элсэн талбай хийгээгүй, ... Резин хавтангаар хүүхдийн тоглоомын талбайн шалыг бүрэхэд хоёр янзын стандарттай ... байх бөгөөд тухайн ажлын төсөвт өртгөөс харахад хатуу гадаргуу дээр наах байсан ...” гэж дүгнэн нэхэмжлэгч “Т” ХХК-д 2.322.585 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга таван зуун наян таван/ төгрөгийн төлбөрийн акт тогтоожээ.
6. Дээрх акттай холбогдуулан нэхэмжлэгчээс “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т зааснаар захиалагч нь “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” эрхтэй ба уг эрхийнхээ дагуу 80 м.кв резин хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх мөнгөөр 432 м.кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт оруулахаар албан мэдэгдэл ирүүлсэн. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр маргаан бүхий 94/А 2170429 дүгээр актыг дахин акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар шийдвэрлэсэн. Гэтэл аудитор Д.Эрдэнэцэцэг нь шүүхийн шийдвэр заасны дагуу хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцоолохгүйгээр дахин акт гаргасан ...” гэсэн үндэслэлээр хариуцагчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.
7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах MNS567512019 дүгээр стандартын 8.5-д тоглоомын талбайг хиймэл зүлэг, хөвсгөр резин, дахин боловсруулсан резин, элс хайрга, резин хавтангаар хийхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн стандартын 8.6-д тоглоомын талбайн гадаргууг бетон асфальт зэрэг хатуу ирмэгтэй арзгар гадаргуугаар хийхийг хориглоно, түүнчлэн хромоор хэвшүүлсэн мод, модны зомгол хүүхэд амархан бохирдох гадаргуугаар хийхийг хориглосон. Гэтэл уг хүүхдийн тоглоомын талбайг цемент болон хавтангаар хийсэн нь дээрх стандартыг зөрчсөн ... захиалагчийн зөвшөөрөлгүй ажлын зориулалтыг дур мэдэн өөрчилж гүйцэтгэсний дараа зөвшөөрөл олгосон албан бичиг бүрдүүлсэн, ... хүсэлт гаргасан гэх 3 иргэний 2 иргэн нь Ж сумын тус багт оршин суудаггүй, ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-д заасны дагуу батлагдсан ажлын зургийн дагуу хийж гүйцэтгээгүй, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй, хэрвээ гэрээнд өөрчлөлт орж байгаа тохиолдолд шинээр гэрээ байгуулах ёстой” гэж нэхэмжлэлийн эс зөвшөөрч маргасан байна.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”,107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.
9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал,
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “... 80 м.кв резин хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх мөнгөөр 432 м.кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт оруулахаар албан мэдэгдэл ирүүлсний дагуу гүйцэтгэсэн, ... шүүхийн шийдвэрт заасны дагуу хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцоолохгүйгээр дахин акт гаргасан” гэж маргасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, хариуцагчаас төлбөр барагдуулах актыг гаргахдаа Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрт заасан “хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртөг”-ийг нарийвчлан тооцсон эсэх, өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгч компанийн хийх ёстой ажил, хийгдээгүй ажил, дүйцүүлэн хийсэн гэж байгаа ажил бүрийн өртөг зардлын тооцооллыг хэрхэн тооцсон эсэх, эсхүл хийгдээгүй ажлын материалын өртөгт үндэслэн төлбөр тогтоосон эсэхийг тодруулж, маргаан бүхий актын үндэслэл тус бүртэй холбогдуулан ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгааг нягтлан шалгаж, энэ талаар хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой баримт нотолгоог бүрэн дүүрэн цуглуулж, тэдгээрт тулгуурлан маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх ба эдгээрийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж заасан байх тул уг хуулийн зүйл заалтад заасан үндэслэлийн хүрээнд захиалагч нь худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвтөө багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах боломжтой.
12. Мөн анхан шатны шүүх Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1886 дугаар албан бичгээр “... 80 м.кв резин хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх ажлын зориулалтыг хасаж, 80 м.кв резин хавтангаар хүүхдийн тоглоомын талбайн шалыг бүрэх ажлын мөнгөөр 432 м.кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт хийхийг үүгээр мэдэгдье” гэж хариу хүргүүлсэн үйл баримттай холбогдуулан захиалагчийн энэхүү үйлдэл нь дээр дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж заасан үндэслэлийн дагуу өөрчилсөн эсэх, нэхэмжлэгч компани нь захиалагчийн зөвшөөрлийн хүрээнд төсөвт ажлыг өөрчилсөн эсэх, ийнхүү өөрчилсөн нь хууль ёсны эсэх, үндэслэлтэй эсэх, төсөвлөгдсөн өртөгт багтсан эсэх зэрэг энэ талаарх хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж байгаа шалтгаан үндэслэлтэй холбогдуулан холбогдох баримт, нотолгоог хэрэгт цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх байжээ.
13. Өөрөөр хэлбэл, захиалагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн уг мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж заасантай нийцсэн эсэх, өөрөөр хэлбэл, улсын комиссоос хүлээж авсан нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчээс шороон талбайг цементээр цутгаж хийсэн гэсэн нь үндэслэлтэй эсэх, өртөг зардал нь төсөвлөгдсөн зардалтай дүйцсэн эсэх буюу саравч болон ногоон байгууламжийг өмнө нь төсөвлөсөн зардлаар гүйцэтгэсэн эсэхийг захиалагчаас тодруулж, энэ талаарх актын үндэслэл хууль ёсны эсэхэд дүгнэлт хийх байжээ.
14. Гэтэл анхан шатны шүүх “... ажлыг өөрчилж хийсний дараа захиалагчид мэдэгдэж зөвшөөрөл авсан, мөн ажлын даалгаврыг өөрчилж хийсэн байхад ажлын хэсэг хүлээн авч ашиглалтад оруулсан гэж үзэхээр байх ба ажлыг хүлээж авсан нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй учир дүгнэлт хийхээс татгалзав ...” гэж хэргийн оролцогчдын маргаж буй “... захиалагчаас дагуу 80 м.кв резин хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх мөнгөөр 432 м.кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт оруулахаар албан мэдэгдэл ирүүлсэн”-д дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
15. Анхан шатны шүүх “... ажлыг өөрчилж хийсний дараа захиалагчид мэдэгдэж зөвшөөрөл авсан, мөн ажлын даалгаврыг өөрчилж хийсэн байхад ажлын хэсэг хүлээн авч ашиглалтад оруулсан гэж үзэхээр байх ба ажлыг хүлээж авсан үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй, ... талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, ажлын төсвийг нэмэгдүүлж батлаагүй тохиолдолд хэрэгжих боломжгүй, түүнчлэн дүйцүүлэн хийсэн гэх ногоон байгууламж, саравч, тоглоомын талбайн ажилд төсөвлөсөн дүнгээс илт зөрүүтэй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч "Т" ХХК-д төлбөр ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг зөв гэсэн агуулгатай дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх боловч энэхүү зөв гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүх хэргийн үйл баримтыг тодруулж маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.
16. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү алдааг нөхөн засаж маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ