Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтүвшин,

Шүүгдэгч Э.Сэргэлэн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Чогсом овогт Энхтүвшингийн Сэргэлэнд холбогдох эрүүгийн 201625021571 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                      Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Маршал таунд хүнсний дэлгүүр ажиллуулж байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Нарны замын 88-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Чогсом овогт Энхтүвшингийн Сэргэлэн /РД:ЕБ84121713/.

                                 

            Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр:

            Шүүгдэгч Э.Сэргэлэн нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах “Нарны гүүр”-ний зүүн талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн хохирогч О.Энх-Амарын хувцасны захаар заамдан боож, толгойгоор мөргөж биед нь дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн зулгаралт, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж  танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сэргэлэн мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Барс захаас салхинд гарахад зориулж эд зүйл цуглуулаад Нарны гүүрний доор гэрлэн дохион дээр зогсож байхад хохирогч Энх-Амар араас сигналдаад хараасан. Тэгэхээр нь бид нар чигээрээ явж байтал араас Энх-Амар шахаад яваад өгөхөөр нь Идэрчулуун араас хөөж очоод шахаж зогсоосон. Тэгээд би бууж очоод хэрүүл болгохгүй гэж бодсон. Тэгээд Энх-Амар буух гэхээр нь хаалгаар 2-3 удаа буулгахгүй түлхсэн. Тэгээд буугаад ирээд заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлж заамдалдаад санаандгүй байдлаар хоорондоо мөргөлдсөн. Бид хоёрыг маргалдаж байхад Идэрчулуун машинд суучихсан байсан. Би машинд суугаад цаашаа явсан чинь өмнүүр цагаан машин зам шахаж орж ирээд зогсоосон. Тэгээд бас нэг кроун ирж зогссон ба бид нар хэрэлдээд замаа чөлөөлье гэж хэлээд Идэрчулуун бид хоёр нүхэн гарцаар гараад яваад өгсөн” гэв.

 

Хохирогч О.Энх-Амар мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр би 1000 машины зогсоол дээр машин үзчихээд өөрийн машинтайгаа явж байсан юм. Тэгээд би барс захын гэрлэн дохион дээр Приус 20 маркийн автомашины ард зогссон ба ногоон гэрэл асаад явах гэтэл урд байсан Приус 20 машин явахгүй байхаар нь би сигналдаад арын машинууд сигналдсан. Тэгээд тэр машин хөдлөөд явсан ба хөдлөхдөө машины цонхоороо жолооч нь гараа гаргаад даллаад салавчаа гаргасан. Тэгэхээр нь би хажуугаар нь гүйцэж түрүүлээд “чи одоо яаж яваад байгаа юм” гээд хараалын үг хэлсэн. Тэгтэл тэр машины жолооч шахаад миний машины урд гараад шахаад миний машиныг зогсоосон. Тухайн үед миний цонх онгорхой байсан ба тэр машинаас 2 залуу бууж ирсэн ба би машинаасаа буух гээд хаалгаа онгойлгох гэтэл хаалга онгойлгохгүй саваад түлхсэн. Тэгээд машины цонхоор тэр приус 20 машины ард нь сууж байсан залуу гараа оруулж ирээд цохьсон, мөн заамдсан. Тэгэхээр нь би ядаж намайг буулгаатах гэж хэлээд машинаасаа буусан. Тэгээд намайг машинаас буусны дараа намайг барьж аваад мөргөж цохьсон. Тэгээд машиндаа суугаад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь дагаад машины дугаарыг нь харж авчихаад найз Ханхонгор луу яриад ийм асуудал үүсчихлээ бариад ав гэж хэлсэн. Тэгээд Энхтайваны гүүрэн доор манай найз тэр машины замыг хааж зогссон ба би хажуугаар орж замыг нь хааж зогссон. Тухайн үед зогсохдоо машиныг нь бага зэрэг шүргэчихсэн. Тэгээд би машинаасаа буугаад тэр приус машины жолоочтой заамдалцаад манай найз нөгөө залуутай нь маргалдаж байгаад салцгаасан. Тэгтэл тэр приус машины жолооч хэдүүлээ замаас гарч байгаад учраа ольё гэхээр нь би баруун эргээд яваад өгсөн.

Тэр машинд 2 хүн байсан. Би эхэндээ ганцаараа явсан сүүлд найзыгаа дуудсан” гэжээ. /хх 13 хуудас/

 

Гэрч Ч.Ханхонгор мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн найз Энх-Амартай зайсанд уулзах гээд тухайн өдөр ярьж байсан. Тэгээд би Баянголын хажууд явж байтал надруу Энх-Амар залгаад намайг зам дээр хүмүүс зодчихлоо хүрээд ирэх боломж байна уу гэхээр нь би нарны замруу эргэсэн ба Энх-Амар нөгөө хүмүүсийг дагаад машинтайгаа явж байна гэж хэлсэн. Тэгээд би Энхтайваны гүүрний зүүн чигт явдаг урсгалд нэгдүгээр эгнээнд хүлээгээд зогсож байса. Тэгээд Энх-Амар цайвар өнгийн приус байгаа хашаад зогсоочих гэж хэлэхээр нь тэр машиныг хашаад урдуур нь ороод зогсоосон. Мөн Энх-Амар хажуугаар орж хашиж зогсоосон. Тэгээд би машинаасаа буугаад очтол Энх-Амарлуу дайраад байсан. Тэгэхээр нь би нэгийг нь салгаад холдуулсан. Тэгтэл холдуулсан залуу нь пивоны шил барьж далайсан. Тэгээд тухайн үед машин зам дээр бөглөрөл үүсээд байсан. Тэгтэл нөгөө машины залуу замаас гарч байгаад учраа ольё гэж хэлсэн. Тэгэхээр нь Энх-Амар цагдаа дуудсан ба нөгөө залуучууд яваад өгсөн.

Би Энх-Амарыг зодож цохихыг хараагүй Энхтайваны гүүрны тэнд очиход Энх-Амарын уруулнаас цус гарсан байсан. Тухайн үед зууралцаад л заамдалцсан Энх-Амарыг зодолдсон эсэх талаар нь мэдэхгүй байна” гэжээ. /хх 14 хуудас/

 

Сэжигтэнээр Э.Идэрчулуун мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн найз Сэргэлэнгийн хамт миний машинтай Барс захаас Зайсангийн чиглэлд явж байхад Барс захын гэрлэн дохион дээр би голын эгнээнд зогсож байхад араас нэг машинтай залуу сигналдсан. Тэгэхээр нь би чигээрээ яваад өгсөн ба явж байтал машины хажуу талаар гүйцэт түрүүлээд цонхоо доош буулгаад хэл амаар доромжлоод яваад өгсөн. Тэгэхээр нь би нарны гүүр дөнгөж өнгөрөөд гүйцэж түрүүлж тэр машины урд гараад машинаараа хаагаад зогсоход манай найз Сэргэлэн машинаас буугаад нөгөө машины жолоочтой маргалдсан. Тухайн үед тэр залуу өөрийн машин дотроо сууж байсан. Тэгэхээр нь би араас нь гарч очоод тэр 2-г боль гэж хэлчихээд буцаад машиндаа суусан. Тэгээд Сэргэлэнг ирэхгүй байхаар нь харсан чинь тэр залуутай Сэргэлэн гадаа заамдалцаад зогсож байсан. Тухайн үед тэр машины жолоочийн уруул болон шүднээс цус гарсан. Тэгээд би Сэргэлэнг тэр залуугаас салгаад машиндаа суугаад явсан ба тэр залуу машиндаа суугаад үлдсэн. Тэгээд цаашаа явж байгаад Энхтайваны гүүрний гэрлэн дохио өнгөрөөд гүүрний наана миний өмнө нэг цагаан машин зогсохоор нь би зогсоод байж байтал тэр залуу машинтайгаа ирээд миний машины гүүприйг шүргээд зогссон ба тэр залуу машинаасаа бууж ирээд намайг жолооны ард сууж байхад цонхоор намайг 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь би бууж ирээд тэр залуутай барьцалдаж аваад “чи яагаад намайг цохьж байгаа юм бэ, би чамайг цохиогүй шдээ” гэж хэлсэн. Тэр үед Сэргэлэн бууж ирээд бид 2-г салгасан. Тухайн үед миний урд байсан цагаан жолооч мөн бууж ирээд найз Сэргэлэнрүү дайрсан. Тэгээд л бид нар салаад явцгаасан. Явахдаа би зам чөлөөлж зогсоод учраа ольё гэж хэлээд түрүүлж яваад Энхтайваны гүүр өнгөрөөд байдаг тунелээр урагшаа гараад хүлээгээд зогссон. Тэгээд ирэхгүй байхаар нь яваад өгсөн.

Миний хувьд тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй. Сэргэлэн бууж маргасан ба би араас нь буугаад очиход тэр залуугийн шүд амнаас цус гарч байсан. Яг цохихыг бол хараагүй.

Тэр залуу ганцаараа явж байсан. Мөн Энхтайваны гүүрний баруун талд зогсоход цагаан өнгийн машинтай залуу урдуур орж ирээд зогссон ба нэг залуу мөн бууж ирээд Сэргэлэнтэй маргалдаад байсан” гэжээ. /хх 22 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 7100 дугаартай дүгнэлтэд: 1. Энх-Амарын биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн зулгаралт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх 16/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26,42/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 хуудас/

Хохирогч О.Энх-Амарын эмчилгээний төлбөрт 250.000 төгрөг авсан гэх баримт /хх 63 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. 

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Сэргэлэн нь 2016 оны 5 сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах “Нарны гүүр”-ний зүүн талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн хохирогч О.Энх-Амарын хувцасны захаар заамдан боож, толгойгоор мөргөж биед нь дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн зулгаралт, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж  танхайрсан болох нь хохирогч О.Энх-Амар /хх 13 хуудас/, гэрч Ч.Ханхонгор /хх 14 хуудас/, Э.Идэрчулуун /хх 22 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 7100 дугаартай дүгнэлт /хх 16/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26,42/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 хуудас/, хохирогч О.Энх-Амарын эмчилгээний төлбөрт 250.000 төгрөг авсан гэх баримт /хх 63 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон тул шүүгдэгч Э.Сэргэлэнд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Сэргэлэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч О.Энх-Амарт эмчилгээний зардал болох 250,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх 63 хуудас/ гэсэн болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Э.Сэргэлэн нь анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Чогсом овогт Энхтүвшингийн Сэргэлэн нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Чогсом овогт Энхтүвшингийн Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сэргэлэнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт хавсаргаж эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Сэргэлэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Энх-Амар нь гомдол, саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Э.Сэргэлэнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Сэргэлэнгийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ