Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1497

 

 

 

 

 

 

 

 


 

2017 оны 06 сарын  өдөр

    Дугаар 183/ШШ2017/

          Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9, өөрийн байранд байрлах “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 10 дугаар гудамжны 422 тоотод оршин суух Боржигон овогтой Батбэхийн Пүрэвсүрэн /РД:УХ88050628/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Пүрэвсүрэн нь манай компанитай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1113417 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Пүрэвсүрэн нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 160.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Пүрэвсүрэн нь “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 235 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 80.000 төгрөг буюу нийт 240.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Пүрэвсүрэн шүүхэд  ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие төхөөрөмжийн үндсэн үнэ болох 240.000 төгрөгнөөс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 80.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 80.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь алданги 80.000 төгрөгөөс татгалзсан гэжээ.

Зохигчид хоорондоо: …Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч Б.Пүрэвсүрэн нар харилцан тохиролцож,  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 240.000 төгрөгийн алданги  80.000 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 160.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрч 80.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 80.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160.000 төгрөг, түүнд ногдуулсан алданги 80.000 төгрөг, нийт 240.000 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид үндсэн төлбөр 160.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.Пүрэвсүрэн нь 80.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 80.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулав.

          Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5450 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож 2725 төгрөгийг хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс, 2725 төгрөгийг орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгуулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК, хариуцагч Б.Пүрэвсүрэн нар нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.Пүрэвсүрэн нь 80.000 төгрөгийг төлж, үлдсэн 80.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 2725 төгрөг, улсын орлогоос 2725 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

          3. Хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                                                

                             ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР