| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/01410/И |
| Дугаар | 1194 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 1194
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2017/01194 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 66-23 тоотод оршин суух С.Баттөрийн “Гариг констракшн” ХХК болон гүйцэтгэх захирал Д.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Баттөр хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: С.Баттөр миний бие 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Гариг констракшн” ХХК буюу захирал Д.Мөнхтөртэй орон сууц худалдан авах гэрээ байгуулж 39,895,000 төгрөгийг өгсөн билээ. Гэтэл гэрээний хугацаа дуусахад Д.Мөнхтөр нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй бөгөөд одоог болтол орон сууцандаа ороогүй байсаар миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргаж иргэний хэрэг үүсгэж, хариуцагчаар татсан боловч “Гариг констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр нь гадаад улс руу явсан, оршин байрлах хаяган дээрээ оршин байхгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Гариг констракшн” ХХК болон захирал Д.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Баттөр нь “Гариг констракшн” ХХК болон гүйцэтгэх захирал Д.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь “Гариг констракшн” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон орон сууц захиалах онцгой гэрээгээр нотлогдож байна.
“Гариг констракшн” ХХК болон захирал Д.Мөнхтөрийн оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2017/05392 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Гариг констракшн” ХХК болон гүйцэтгэх захирал Д.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Баттөрийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Гариг констракшн” ХХК болон гүйцэтгэх захирал Д.Мөнхтөрийг эрэн сурвалжилсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Гариг констракшн” ХХК болон гүйцэтгэх захирал Д.Мөнхтөрийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
4. “Гариг констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө, “Юу Би Эйч” төвийн 930 тоотод байрлаж байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХБАЯР