Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/397

 

 

 

   2022          5          20                                     2022/ШЦТ/397

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Шүүгдэгч: Н.Г- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205012311339      дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... регистрийн дугаартай,

Шүүгдэгч Н.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 05 тоот орцны гадна хардалтын улмаас М.Б-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд эрүүний баруун талын толгойн хагас мултрал, чих, хацар, эрүүнд зулгаралт, эрүүнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа сайн дураараа зөвшөөрч байгаа” гэв.

Хохирогч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд найз М-аас над руу фейсбүүк чатаар “маш их ганцаардаж” байна гэхээр нь та хаана байгаа талаар асуухад гэртээ байна гээд өөрийнхөө гэрийг зааж өгөхөөр нь тухайн хүний гэрийн гадаа очоод уулзсан. М-ын гэр нь БГД-н 1-р хороо, Төмөр замын 3 угсармалын 48 байрны 5 дугаар орцонд амьдардаг гэсэн бөгөөд М-тай тухайн байрны гадна нь уулзаад юм яриад зогсож байхад тус байрны ертөнцийн зүгээр зүүн талаас хар өнгийн хувцастай 170 см орчим өндөртэй үл таних залуу гүйж ирээд ямар нэгэн шалтгаангүй миний нүүр рүү удаа дараалан гараараа цохиж, үснээс татаж унагааж байгаад толгой дээрээс удаа дараалан дэвсээд яваад өгсөн.Намайг цохиж зодож байх үед найз М- салгах гээд дийлэхгүй байсан.Намайг зодсон хүн нь бага зэргийн согтуу байсан.Намайг цохиж зодсон хүн нь М-ын хуучин салсан нөхөр бөгөөд тухайн хүмүүс нь салаад олон жил болж байгаа юм байна лээ. ...Би тухайн хүнд цохиж зодуулсны улмаас эрүүний баруун толгойн хагас мултарсан, чих, хацар хоёр зулгарсан, уруулын дотор талд язарсан гэх гэмтлүүдийг авсан. Би тухайн хүнд зодуулсныхаа дараа ямар нэгэн эмнэлэгт үзүүлэхгүй байж байгаад шууд шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Улсын эмнэлгээс ямар нэгэн эмчилгээ үйлчилгээ аваагүй. Тухайн үед би огт архи уугаагүй, харин М- нь бага зэргийн халамцуу байсан бөгөөд М- нь өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан.Мөн намайг цохиж зодсон хүнтэй ямар нэгэн байдлаас болж маргалдаж муудаж байгаагүй, тухайн хүнийг танихгүй.Харин би тухайн хүнийг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би уг асуудлын талаар мэдэхгүй байна. Би бодохдоо шөнийн 04 цагийн үед гадаа салсан эхнэртэй нь тамхи татаад зогсож байсан учраас хардаад намайг цохиж зодсон байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22 /,

Иргэний нэхэмжлэгч Н.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “... хохирогч М.Б- нь 2022 оны 04 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдээс үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 63.000 төгрөгийн зардал гаргасан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Г-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...төрд учирсан хохирлыг гаргуулах, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах байдлаар прокурор оролцож байгаа болно” /хх-ийн 14-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5355 дугаартай “....1. М.Б-гийн биед эрүүний баруун талын толгойн хагас мултрал, чих, хацар, эрүүнд зулгаралт, эрүүнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн эмнэлгийн байгууллагаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан тухай албан бичиг /хх-ийн 10-11 /,

Яллагдагч Н.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг “... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ... хийсэн хэрэгтээ гэмшиж байна” /хх-ийн 48-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Н.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 05 тоот орцны гадна хардалтын улмаас М.Б-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд эрүүний баруун талын толгойн хагас мултрал, чих, хацар, эрүүнд зулгаралт, эрүүнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Б-гийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.М-ыг хохирогч М.Б-тай хардсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Н.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Н.Г- нь хохирогч М.Б-г гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Г- нь шүүх хуралдаанд хохирогч М.Б-д гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч М.Б- нь хохирлын мөнгө хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгийн хүсэлт /хх-н 76/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Н.Г-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлснийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР