Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 424

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 21-4 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 39 настай, Галдан овгийн Т.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багт оршин суух, 1977 онд төрсөн, 41 настай, Гурвангэгээн овгийн Ж.Д-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Д-тэй 1997 онд танилцаж хүү Д.М, 1999 онд охин Д.Ч, 2002 онд хүү Д.Л, 2004 онд охин Д.Б нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Ж.Д нь архи уусан үедээ сэтгэл санааны дарамт үзүүлж байнга нүдэж зоддог байсан. 2011 онд Замын-Үүд рүү ажил хийхээр яваад өөр эхнэртэй болж, улмаар гэртээ дагуулж ирсэн. Би 2011 онд аргагүй эрхэнд 4 хүүхдийн хамт өрх тусгаарлаж тусдаа амьдарсан. Ж.Д нь 2011 оноос одоог хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд сүүлийн эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Э-тай 1997 оноос хойш 2 хүү, 2 охины хамт амьдарч байгаад 4 жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь “хариуцагч Ж.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Т.Э, Ж.Д нар нь 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэн тэдний дундаас 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Д.М, 1999 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Д.Ч, 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Д.Л, 2004 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин Д.Б нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж  2011 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Э нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдав.

Нэхэмжлэгч Т.Э-г Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 207 тоот тодорхойлолтыг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т.Д-с 70200 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэв.

Хариуцагч Т.Д “өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч Т.Э нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдэхийг хүссэн зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Гурвангэгээн овгийн Ж.Д, Галдан овгийн Т.Э нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Нэхэмжлэгч Т.Э хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болохыг дурьдусгай.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.