Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 33

 

А-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0033/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Б.Бямбасүрэн, 

Хохирогч Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г, 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан, 

Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч С.Соёлмаа нарыг оролцуулан, 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г, тэдгээрийн өмгөөлөгч Б.Жавхлан нарын давж заалдах гомдол, Хэнтий аймгийн Прокурорын газрын эсэргүүцлээр А-т холбогдох эрүүгийн 1839003730068 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Биндэр суманд 1978 онд төрсөн, эрэгтэй, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 3-25 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Э овогт Н-н А нь

2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 04-05 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Хэнтий аймаг чиглэлийн босоо тэнхлэгийн АБ 501 тоот замд өөрийн эзэмшлийн “Истана” маркийн автомашины жолоог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д-т шилжүүлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын Б заалтыг зөрчин захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Д-ын амь нас хохирч, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б-ын эрүүл мэндэд хүнд, Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас шүүгдэгч Б ургийн Н овогтой А-т Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А-ыг цагаатгаж, шүүгдэгч А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн оршуулгын болон эмчилгээний зардал, бусад гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар А нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгч, прокурор нарын тогтоолуудыг хүчингүй болгож “SsangYong” фирмийн “Istana” маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц А-т буцаан олгож тус тус заан шийдвэрлэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна. Учир нь тухайн үед Д жолоо барьж явсан байх бөгөөд яллагдагч А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Яллагдагч А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д заасан “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглосон” заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн. 

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байхаар хуульчилсан байдаг. Гэтэл А нь согтуу хүнд жолоогоо шилжүүлэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарч Д-ын амь нас хохирч, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Б, Э нарын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Хэдийгээр 2002 оны Эрүүгийн хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсний улмаас осол гаргасан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг 2015 оны хуулиар хассан боловч тус Эрүүгийн хуульд захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах хуулийн зүйл заалтыг тусгасан нь энэхүү хуулиар шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. 

Шүүгдэгч А-ын тээврийн хэрэгслийг Д-т шилжүүлсэн үйлдэл, Д-ын үхэл, Б-ын эрүүл мэндэд хүнд, Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдлүүдийн хооронд шууд шалтгаант холбоо буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу байна.

Шүүгдэгч А согтуу хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглосон энэхүү заалт, үүргээ биелүүлсэн бол дээрх гэмт хэрэг гарахгүй байх бүрэн боломжтой байсан, гагцхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь хохирсон, хүнд, хүндэвтэр хохирол учирсан үйлдэлд шууд шалтгаант холбоотой байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 

Мөн шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн 51, 9821, 475 дугаартай дүгнэлтүүд, Замын цагдаагийн тасгийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтийн агуулгыг тодорхой тусгаагүй, жагсаалт байдлаар бичсэн нь буруу байна. 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичиж байна гэжээ. 

Хохирогч Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байна. 

Осол гардаг өдөр манай нөхөр Д гэрлүүгээ яараад түрүүлээд гарсан. Учир нь би төрөөд удаагүй, мөн хүүхэд халуураад байсан. А Д луу утсаар ярьж “машины жанам ажиллахгүй байна” гэж хэлэхээр нь эргээд очсон байсан. 

Гэрч Э нь А-ын найз, гэрч Т манай талийгаач нөхрийн найз атлаа найз нөхдийн холбоогүй гэж мэдүүлэг өгсөн нь эргэлзээ төрүүлж байна. 

Мөн Т мэдүүлэгтээ “машины миллний талаар огт яриагүй, Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хаана, хэнтэй явж байгаагаа мэдэхгүй яриад утсаа салгасан” гэж мэдүүлэг өгсөн байсан. 

Гэрчүүд талийгаач Д-ыг Цэнхэрмандал сум руу машин барьж явсан талаар мэдүүлдэг ч Цэнхэрмандал сумаас Жаргалтхаан сум руу А-ын машиныг барьж явсан талаар мэдүүлдэггүй. Мөн хохирогч Б “...нэг сэрсэн чинь буцаад явж байсан. Тэр үед А машин барьж явсан...” гэж мэдүүлдэг /хх-ийн 36-38 хуудас/ боловч шүүх тус мэдүүлгийг үнэлээгүй байна. 

Хэргийн нөхцөл байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан фото зургууд болон шүүгдэгч А-ын мэдүүлгээс харахад А-ыг жолооч талын суудалд сууж явсан гэж үзэх боломжтой байх бөгөөд тус суудлын цонхны дээд талын хүрээ хэсэг нь доошоо хаалга руугаа налж эвдрэл үүссэн байдалтай байсан. 

Мөн мөрдөн байцаалтын шатанд өөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, хэргийн материалд авагдах ёстой нотлох баримтууд авагдаагүй, хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн шуурхай очоогүйн улмаас хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд бүрэн авагдаагүй устсан гэж үзэж байна.  

Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Манай нөхөр талийгаач Д бусдад тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн байсан. Тухайн өдөр А-т туслахаар эргэж явсан байсан. 

Би А-ыг ирэх болов уу гэж талийгаачийн оршуулгын үеэр залгахад “би танайхаар очир шаардлагагүй” гэж гэж хэлсэн. А-т тухайн хэргийн талаар гэмшиж харамссан зүйл огт байдаггүй. Мөн оршуулгын зардал гэж өгөөгүй, тухайн үед би хоёр нялх хүүхэдтэй төрөөд удаагүй байсан учир маш их цочролд орсон.  

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г давж заалдах гомдолдоо: Миний нөхөр Б нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өглөө үүрээр А-ын эзэмшлийн “Истана” маркийн автомашинаар зорчиж яваад зам тээврийн осолд орсон. Осолд орсноос хойш 4 сар гаруй хугацаанд эмнэлгээс эмнэлэг дамжин эмчилгээ хийлгэж явсан. Энэ хугацаанд гэмтлийн талаар эмч нар тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгч байсан болохоос талийгаачийг элэгний хорт хавдартай гэж нэг ч эмч хэлж байгаагүй юм. 

2018 оны 9 дүгээр сард ахлах мөрдөн байцаагч С талийгаач Б-аас гэрээр ирж мэдүүлэг авсан бөгөөд Б “Цэнхэрмандал орох замд талийгаач Д машин барьж явсан, харин буцах замдаа буюу авто осол гарах үед А өөрөө машинаа барьж явсан” гэж мэдүүлсэн. Энэ үед хадам ээж Д биед хоёр хамт байсан. 

Талийгаач Б-ыг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэж эмчлүүлж байх хугацаанд нь ахлах мөрдөн байцаагч С мэдүүлэг зөрүүтэй гэх үндэслэлээр А, Э, Б нарыг нүүрэлдүүлэн байцаалт авсан. Энэ үед хүү Б аавыгаа сахиж байсан. Гэтэл хүү Б болон дотрын эмч Ц, мэс заслын эмч М нараас мэдүүлэг аваагүй атал нас барахынх нь өмнө бие нь муудаж эмнэлэгт хэвтэхэд үзсэн У гэх эмчийн оношоор оношилж элэгний хорт хавдраар нас барсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Авто осол болох үед А өөрөө автомашинаа барьж явсан гэдэг мэдүүлгийг үгүйсгэж үхсэн хүн үг хэлэх биш гэдэг байдлаар хандаж, хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир авто осол гарах үед хэн автомашиныг жолоодож явсан, үхлийн шалтгааныг үнэн зөв тогтоож шүүх хуралдааныг нотлох баримтад тулгуурлан мэтгэлцээний үндсэн дээр явуулж өгөхийг хүсч байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна гэжээ.  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. 

Хохирогч нарын зүгээс аймгийн Прокурорын газраас А-ын үйлдлийг зүйлчилсэн зүйл ангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь осол болоход машиныг талийгаач Д- биш А- барьж явсан гэж үзэж байна. 

Анхан шатны шүүхээс “А- нь талийгаач Д-т жолоогоо шилжүүлсэн болох нь хохирогч Э, гэрч Х, Т нарын мэдүүлгүүд, А-ын гэрч, яллагдагчаар өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдсон” гэж дүгнэсэн. Гэтэл гэрч Х, Т нар нь талийгаач Д-ыг Цэнхэрмандал сум руу очихдоо л машин барьж явсан болохыг гэрчилдэг. Хохирогч Э А-тай сайн найзын холбоотой, мөн хэрэг болсны дараа үгсэн тохиролцсон, гэмт хэргийг нуун дарагдуулахад А-тай хамтарсан, үүнийг хохирогч Н харсан бөгөөд энэ талаараа шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байдаг.  Харин А хууль заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” этгээд юм. 

Тухайн осол болох үед машинд талийгаач Д, талийгаач Б, А, Э нар сууж явсан байдаг. 

Хохирогч Б /хх-ийн 36-37 хуудас/, хохирогч Э /хх-ийн 1-74, 1-59 хуудас/, гэрч Т /хх-ийн 1-66, 69 хуудас/ нарын мэдүүлэг, А, Б нарыг /хх-ийн 1-63 хуудас/, Б, Э нарыг /хх-ийн 1-64 хуудас/ нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, А-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд осол Цэнхэрмандал сум орчхоод буцаж явах үед болсон бөгөөд осол болох үед А машин барьж явсан нь харагддаг. Мөн энэ талаар хохирогч Б энэ талаар мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлдэг.  

Б-ын мэдүүлэг үндэслэлгүй гэдгийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас няцаасан нэг ч нотлох баримт байдаггүй. Юуг үндэслэж Э-ын мэдүүлэг үнэн, Б-ын мэдүүлэг худал гэж үзсэн нь тодорхойгүй байна. Цэнхэрмандал сум руу очихдоо машиныг талийгаач Д барьж явсан талаар хэн ч маргаагүй, харин ирэхдээ А машин барьж явсан уу, Д машин барьж явсан уу гэдгийг олж тогтоох нь чухал бөгөөд шүүхийн тогтоолдоо үндэслэсэн гэрч нар бол талийгаач Д-ыг Цэнхэрмандал сум руу очихдоо л машин барьж явсан болохыг гэрчилсэн гэрч нар юм. Харин А-, Э- нарын мэдүүлгээр тэд Цэнхэрмандалд очоод архи хайж явсан гэдэг, тэр үед бууж суухдаа жолоогоо сольсон байх боломжтой гэж үзэж байна. 

Машинд сууж явсан хүмүүсээс Д нас барж, Б, Э нар маш хүнд гэмтсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр А-т ямар ч гэмтэл тогтоогдоогүй. А- мөрдөн байцаалтад “би үсэрсэн” гэж мэдүүлдэг. Үсэрсэн бол энэ том биетэй хүн цонхоор үсэрнэ гэж байхгүй, хаалгаа онгойлгож үсэрнэ. Хэргийн газрын үзлэгийн фото зургаас харахад машины жолооч талын хаалганы цонхны хүрээ дээд талаасаа нугаларсан байдаг. Тэгшхэн газар хаалга хаалттай байсан бол энэ төмөр нугаларахгүй /нөгөө талын хаалга дээрээсээ нугалраагүй/ гэж үзэж байна. 

Мөн ослын дараа цагдаа нарыг мэдүүлэг авахаас өмнө хохирогч Н-ийг очиход А, Э нар хамт юм яриад сууж байсан, очоод юм асуухад хоёулаа дуугараагүй, үүнээс үзэхэд хоёулаа ослын талаар мэдүүлэг өгөхөөс өмнө үгсэн тохиролцсон байх магадлалтай юм. 

Ийм эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа тул тухайн хэрэгт талийгаач нарын биеийн хэсгүүдэд үүссэн гэмтэл, машинд үүссэн эвдрэл хагарал, хохирогч нарын гэмтэхдээ авсан гэмтлийн ул мөр, машинд тогтсон цусны ул мөр, аль цонхноос хааш шидэгдсэн зэргийг нарийн мэргэжлийн шинжээч нарын үзлэг хийлгүүлж, түүнийг хэргийн газрын үзлэг, машины бодит үзлэг, машины эвдрэлийн талаарх баримтууд, фото зургууд зэргийг хариуцуулан үзсэний үндсэн дээр дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг хийхэд техник, эмнэлэг, авто замын салбарын тусгай мэдлэг шаардагдах учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлийн 1-т “шинжилгээ хийлгэх хэд хэдэн салбарын тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр ...өөр өөр мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар хийлгэж болно” гэж заасны дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү. 

Мөрдөн байцаалтын үед хэргийн бодит байдлыг тодруулахаар хүсэлтийг хангасан прокурорын тогтоолд /1хх-ийн 160 дугаар хуудас/

-машиныг хэн барьж явсан талаарх мэдүүлэг зөрүүтэй байгаа болохоор энэ байдлыг бүрэн тогтоох,

-ослын шалтгааны бодит үнэнийг тогтоох, 

-талийгаач Б- нь ослын улмаас олон сар эмчлүүлсний эцэст нас барсан гэсэн тул шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, 

- хэргийн газрын үзлэг хийхээс өмнө талийгаач Д-ыг байрыг сольсон байж болзошгүй гэсэн асуудлыг нарийвчлан шалгах /бидний үзэж байгаагаар ослын газар хамгийн түрүүнд очсон талийгаач Б-ын ээж талийгаач Д-ыг харахад нэг гар нь чирсэн байдалтай дээшээ сунгагдсан байсан гэдэг, мөн хохирогч Н манай талийгаач нөхрийн хэвтэж байсан газрыг харахад нөхрийг маань өвс ханаруулаад чирсэн байсан, түүний зургийг хадам аав маань дарж авч байсан/, 

- А болон Б, Д, А болон Э нарын хооронд найз нөхдийн харилцаа холбоо байдаг эсэхийг шалгах зэрэг ажиллагааг хийхийг мөрдөгчид даалгасан боловч энэхүү ажиллагааг хийсэн эсэх нь хавтаст хэргээс харагдахгүй байна. Иймд дээрх ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай байх бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

1 дүгээр хавтаст хэргийн 183-188 дугаарт хуудсанд А-ын 24-95 буюу осол гаргасан машинаа барьж байхдаа зөрчил гаргаж байсан талаарх 35 зөрчлийн лавлагаанууд хэрэгт авагдсан. Хамгийн сүүлийн зөрчил нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу осол болохоос хэдэн хоногийн өмнө “бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн зөрчилд шийтгэгдсэн байсан. 

Хавтаст хэргийн 1-55 хуудсанд байх А-ын мэдүүлэгт “...2017 онд машины араас мөргөж осол гаргаж байсан. Тухайн үед газар дээрээ тохиролцоод салсан, машинаа асаагаад хөдлөх гэж байтал жанамны гэрэл ассан, миний машины милл ажилладаггүй, суудлын бүс байдаггүй...” гэсэн байдаг. 

Мөн А Д-ыг машин барих болсон шалтгааны талаар мэдүүлэхдээ “...би машины моторыг сольсон байсан. Д барьж үзье гээд барьсан” гэдэг боловч хавтаст хэрэгт машины мотор сольсон талаар баримт байхгүй байна /машин одоо хүртэл битүүмжлэгдсэн байгаа/.

Энэ осол бүрэн бус тээврийн хэрэгслийн улмаас болсон эсэхийг мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулж шалгуулах хүсэлттэй байна. 

Мөн дээрх ажиллагаан дээр нэмэгдүүлж хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлттэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би орол гарах үед машин жолоодоогүй, Д-т жолоогоо шилжүүлсэн нь үнэн. 2018 оны 6 дугаар сарын 23-ны орой Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явж байгаад Цэнхэрмандал сумын гуанзанд Д, Э, Х, Б, Э нартай хоолонд орсон. Цэнхэрмандалаас хөдлөх гэтэл миний машины жанамны гэрэл асаад байсан. Д-ыг явж байхаар нь зогсоох гээд залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд бүгдээрээ хөдлөөд “Хамар даваа” хүртэл явсан. Тухайн үед 5, 6 машин хамт явсан. “Хамар даваа”-н дээр амрангаа талийгаач Д, Х, Э, Б, Э нартай 0.75 граммын нэг шил архи хувааж уусан. Сүүлд Г, Б нар нэмэгдэж ирсэн. Г хүн тээвэрлэж аваа гээд Хэнтий рүү түрүүлээд явсан. Архиа дуусгачихаад амрах гэтэл талийгаач Д “би Цэнхэрмандал сумын “Мөнхмандал” дэлгүүрийн эзнийг танина архи аваад ирье” гэж хэлсэн. Миний машин ачаа багатай, шинэ мотор тавьсан байсан болохоор унаж үзэнгээ Цэнхэрмандал сум руу явж ирэхээр болсон. Тэгээд талийгаач Д машин жолоодож, би жолоочийн хажуугийн суудалд, Э, Б хоёр арын суудалд суугаад Цэнхэрмандал сум руу явсан. Цэнхэрмандал суманд ирэхэд “Мөнхмандал” дэлгүүр хаалттай байсан. Тэгээд буцаж яваад осолд орсон. Осолд гарахад машиныг талийгаач Д жолоодож явсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүгдэгч А нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 04-05 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн босоо тэнхлэгийн АБ 501 тоот замд өөрийн эзэмшлийн “Истана” маркийн автомашины жолоог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д-т шилжүүлсэн үйлдэл нь: 

Хохирогч Б-ын: “..надад тойроод 2 хундага архи өгснийг нь уусан. Тэгээд архи дуусаад Цэнхэрмандал сум руу архинд явахаар болсон, яг Цэнхэрмандал сум руу явъя гэж хэн хэлснийг санахгүй байна. Тэгээд “Хамар даваа” дээрээс буцаад А-гийн Истанатай А, талийгаач Д, Б бид дөрөв Цэнхэрмандал сум руу явсан. “Хамар даваа”-наас хөдлөхөд би Б-н хамт арын суудалд суусан, талийгаач Д машин барьсан, А жолоочийн хажуу талын суудалд суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,  

Хохирогч Э-ын: “...ослын үед Д жолоо барьж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/, 

Гэрч Т-н: “...үүрээр 04-05 цагийн үед Налайх орох замд талийгаач миний 88156603 дугаарын утас руу залгаж Моторын даралт 4-тэй явж байхад хэдтэй явж байна гэсэн үг вэ гэж асуухад нь би ямар хурдтай явж байгаа юм бэ, ямар хүмүүстэй хамт явж байгаа юм бэ, архи уучихсан юм уу гэж асуусан. Талийгаач Цэнхэрмандал юм уу Жаргалтхаан сум руу орж байна, архинд явж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/, 

Гэрч Н-н: “...хамт явсан А, Э нарын яриагаар бол талийгаач Д-ын машин барьж явсан нь үнэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/, 

 “Д нь 2004 оны Засгийн газрын 74-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна” гэх Замын цагдаагийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт  /хх-ийн 145-146 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222-р зүйлд жолоогоо бусдад шилжүүлэх гэсэн гэмт хэрэг байсан. 2015 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулиар уг гэмт хэрэг байхгүй болсон ба өөрөөр хэлбэл А нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх  хэсэг “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А-т холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.  

Хэнтий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 97 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасан яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгах шаардлагыг хангаагүй байна. 

А, Э, Б, Т, Д нарын хооронд найз нөхдийн холбоо байсан эсэхийг тогтоох нь гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа,  мөн хохирогч Б нь архаг хууч өвчний улмаас нар барсан, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан өөр хүндрэлийн улмаас нас барсан болохыг дахин шинжээч томилж тогтоолгох талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулсан бөгөөд тухайн асуудал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд шаардагдах урьдчилсан нөхцөл бөгөөд түүнийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил мөн тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:  

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай.  

 

2. Хэргийг прокурорт очтол А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                Б.ДЭНСМАА