Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 170

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Б.Оюун,

шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Дагвын Мөнгөнхөлөгт холбогдох эрүүгийн 2016 2601 1250 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн “А-1” танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овгийн Дагвын Мөнгөнхөлөг Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, түүний дагавар хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр байрны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, 2013-2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-304 тоотод түр оршин сууж байсан, ФМ75032177 дугаарын регистртэй, урьд ял шийтгэл:

1.Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1, 124  дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж,  уг хорих ялыг эдэлж байгаад Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай захирамжаар дээрх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 сар 08 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнссэн суллагдсан,

2.Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс  оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-304 тоотод оршин суух Б.Оюуны эзэмшлийн байшингийн хаалгыг түлхүүрдэн нэвтрэн орж 400.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, 40.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан бусдад 440.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

-Мөн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюун мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байх, сар өдрийг санахгүй байна. Тэр өдөр 15 цагийн үед манай дүү Отгонжаргал над руу залгаад “та зурагтаа аваад явсан юм уу” гэж асуухад нь аваагүй гэдгээ хэлсэн. Удалгүй аав Баясгалан хүүхэд хоёр гэрт очиход зурагт байхгүй, гэр онгорхой байна, мөн Оюунцэцэгийн гэр ч эзэнгүй байна гэж дахин утасдаж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Д.Мөнгөнхөлөг нь манай дүү Б.Оюунцэцэгийн хамтран амьдрагч юм. Д.Мөнгөнхөлөгт их итгэдэг байсан. Би өөрийн гэрийн түлхүүрийг дүү Б.Оюунцэцэгийн гэрт үлдээгээд явдаг байсан. Д.Мөнгөнхөлөг нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг би сонссон. Тухайн үед зурагтыг  Д.Мөнгөнхөлөгийг авсан гэдгийг мэдсэн. Мөн манайд дүүгийн хүүхэд ирээд явахдаа гар утсаа орхиод явсан байсныг нь ширээн дээр тавьсан байсан чинь тэр гар утас алдагдсан байсан. Хэсгийн байцаагч манай зурагтыг Д.Мөнгөнхөлөгийн тавьсан байсан ломбардаас хураан авч, надад хүлээлгэж өгсөн. Өнөөдөр гар утасны үнэ 40,000 төгрөгийг шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс хүлээж авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэж хэлье гэв.

 

Мөн 2016 2601 1250 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оюуны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн 8 настай хүү Анар-Эрдэнийг сургуулиас нь авчихаад “Өргөө” кинотеатрын автобусны буудал дээрээс ханын материалд байрлах өвөө, эмээгийнхээ гэрт очиж бай гээд явуулсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад манай дүү Отгонжаргал миний гар утас руу залгаад “та зурагтаа аваад явчихсан юм уу” гэж асуухаар нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгтэл байшин чинь онгорхой, зурагт байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хорооллоос такси бариад явж байхдаа 102 руу залгаж хулгай орсон байна гэж дуудлага өгчихөөд гэртээ ирсэн. Манай байшингийн хаалга болон цоожинд эвдрэл гэмтэл байхгүй байхаар нь байшиндаа ороод харсан чинь эд зүйл оролдоогүй, зөвхөн том өрөөнд байрлах зурагтын тавиур дээр байсан 32 инчийн TCL зурагт алга болчихсон байсан. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан. Аав Баясгалангаас манай хашаанд байрлах өөрийн төрсөн дүү Оюунцэцэгийн нөхөр Мөнгөнхөлөгийн талаар асуухад өөрсдийнх нь Монгол гэр бас онгорхой, өөрөө байхгүй байсан гэсэн. Аав хэлэхдээ Мөнгөнхөлөг өөрийн дагавар хүү 2 настай Төгөлдөрийг хараад үлдсэн гэсэн. Тэгэхээр нь бид нар дүү Оюунцэцэгийн хамтран амьдрагч Мөнгөнхөлөг хулгайлсан гэж сэжиглэн цагдаад хэлсэн. Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3, 4 дүгээр хороололд байрлах “Некст” электрон барааны дэлгүүрээс 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн “Нокиа” маркийн товчлууртай гар утас алдагдсан. ...Алдагдсан зурагт, гар утсыг Д.Мөнгөнхөлөг эзэмших, захиран зарцуулах эрхгүй. Дээрх эд зүйл миний өөрийн эзэмшлийн зүйлүүд байгаа юм...” гэх мэдүүлэг [1]

-Мөн түүний 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Манай зурагтыг гэрээс Мөнгөнхөлөг авч явахдаа удирдлагыг нь авч явсан байсан боловч зурагтаа буцаан авахад удирдлага нь байхгүй байсан. ...Хуучин удирдлага байсан учир нэхэмжлэх зүйл алга. Нокиа маркын товчлууртай гар утас алга болсон байсан. Уг гар утас гэрийн баруун талын хана дагуу байх шилэн ширээн дээр байсан. Уг гар утас унтраалттай байсан, сим карт солиод ашиглах боломжтой зүгээр ажилладаг утас байсан. Тухайн өдөр манай дүүгийн охин болох Энхжин усанд явна гэхээр нь гэрийн гадна талын хаалганы түлхүүрийг үлдээсэн. ...Би Д.Мөнгөнхөлөг гэх хүнтэй харьцаад байдаггүй. Тэр хүн манай гэрт орж зурагт авах эрхтэй хүн биш. Манай дүүгийн хамтран амьдрагч залуу юм. ...Би зурагтаа авсан, гар утсаа аваагүй...” гэх мэдүүлэг [2],

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч “Шар цэмбэн” ХХК-ний “Эрдэнэс” барьцаалдан зээлдүүлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэбаярын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Мөнгөнхөлөг өөрөө ирж уг зурагтыг бичиг баримтаараа тавьсан. Тухайн үед 150,000 төгрөгөөр тавьсан. Мөнгөнхөлөг орж ирэнгүүтээ зурагт тавих гэсэн юм гээд, нэг жаахан хүүхэд дагуулчихсан явсан. Бичиг баримтаараа тавьсан болохоор юм бодоогүй. Гар утасны талаар асуугаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг [3]

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунцэцэгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2006 онд Мөнгөнхөлөг бид хоёр нэг газар хамт ажиллаж байгаад танилцаж байсан. Тэгээд 2014 оны 03 дугаар сараас хойш хамтран амьдарч нэг гэрт орсон. Мөнгөнхөлөг Баянхонгор аймагт 1975 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дагвагийн 9 дэх хүүхэд нь болж төрсөн. Бага насаа Орхон аймагт ээж, ах, эгч нарын гар дээр хүмүүжсэн. Тэгээд Орхон аймагт 10 жилийн сургууль төгсөөд Хүнсний технологийн сургуулийн оёдлын ангид элсэн суралцаж байгаад төгссөн. Тэгээд 10 жилийн өмнө Хөдөө аж ахуйн яамны урд талын “Хан талст” захад хамгаалагч хийж байхад нь би танилцаж байсан. Тэгээд 2014 онд тааралдаад бид хоёр нэг гэрт орж амьдрах болсон. Бид хоёрын дундаас хүүхэд байхгүй, гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Мөнгөнхөлөг гадагшаа гараад явахаараа архи уучихдаг хүн байгаа юм. Мөнгөнхөлөг нь нэг сард 5-6 удаа архи уудаг. ...Мөнгөнхөлөг Оюун эгчийн эд зүйлийг зарж борлуулж, эзэмших эрх байхгүй...” гэх мэдүүлэг [4],

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Баясгалангийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би Оюуны том хүү Анх-Эрдэнийн хамт гэр рүү нь 15 цаг 10 минутын үед очсон. Очиход хашааны хаалга онгорхой, дотор нь орсон чинь хашаанд байдаг Б.Оюунцэцэгийн Монгол гэрийн хаалга онгорхой байсан. Гэрт хэн байна гээд орсон чинь ямар ч хүн байхгүй зурагт нь асаалттай байсан. Уг нь манай охин Оюунцэцэгийн хамтран амьдрагч Мөнгөнхөлөг миний охины 3 настай хүүхдийг хараад байж байдаг байсан чинь хоёулаа байхгүй байсан. Тэгээд би гэрийн хойд талд байрлах том охин Оюуныд орохоор явахад таамбарын хаалга нь онгорхой байсан. Дотогш ороход гэр рүү ордог хаалга нь бас онгорхой байсан. Би гайхаад миний том охиных цоожтой байгаа гэсэн гэж бодоод дотогш ороход баруун талд хоёр том цонхны голд байсан 32 инчийн зурагт нь байхгүй болохоор нь надад утас байхгүй байсан учир том охиныхоо хүүхдийг эмээ рүү нь явуулаад том охин руугаа зурагтаа аваад явсан юм уу, алга байна гэж хэлүүлсэн. Тэгээд манай том охины хүүхэд гүйж ирээд ээж зурагт авч яваагүй гэнээ гэж хэлэхээр нь би охиноо хурдан ир гэж хэлүүлээд цагдаа дуудсан. Ямар ч сэв байхгүй, түлхүүрээр онгойлгоод орсон юм шиг байсан. ...Тэр зурагтыг хайрцаганд хийгээд аваад явсан байсан. Надад түлхүүр байгаагүй. Гэхдээ би нэг түлхүүрийг нь дараа таамбар руу нь орж юм авна гэж бодоод дүү Оюунчимэгийнд нь үлдээсэн байсан. Үүнийг миний том охин мэдээгүй байсан. Тэгээд түлхүүр үлдээсэн байсан учир би том охиныдоо оръё гэж бодоод ирсэн. Хаалга эвдрээгүй, зурагт хайрцагтайгаа байхгүй, Мөнгөнхөлөг хүүхэдтэй байхгүй, залгахаар утсаа авахгүй байсан болохоор Мөнгөнхөлөгийг авсан юм байна гэж сэжиглэсэн. Манай зээ Маралаагийн хүү Төгөлдөрийг Орилоо Батаа гэх хүн авчирч өгөхөөр эмээ нь “чи хаанаас энэ хүүхдийг аваад ирэв, Мөнгөнхөлөг хаана байна” гэсэн чинь мэдэхгүй, би зүгээр явж байсан чинь Мөнгөнхөлөг тааралдаад энэ хүүхдийг манайд оруулаад өгчих гэж хэлсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг [5],

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттулгын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Би хамгийн сүүлд Мөнгөнхөлөгтэй 2016 оны 05 дугаар сард Цагдаагийн хэлтэс дээр уулзсан. Тухайн үед Мөнгөнхөлөг намайг утсаар дуудсан юм. Тэгээд ирэхэд Мөнгөнхөлөг “2-3 хоногийн өмнө “Тэди” төв дээрээс цагдаад баригдсан, нөгөө зурагтны асуудлаар баригдчихлаа” гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш Мөнгөнхөлөгтэй уулзаагүй, утсаар яриагүй. ...2016 оны 05 дугаар сард “Хархорин” зах орж утсаа засуулах гэж очсон боловч байхгүй байсан болохоор нь буцаад гэртээ харих гээд “Дүүхээ” төвийн урд талын автобусны буудал дээр буучихаад Тоосгоны 14 дүгээр гудамжаар гэр рүүгээ харих гээд өгсөөд явж байтал замд Мөнгөнхөлөг нэг гартаа зурагт тэвэрчихсэн, нөгөө гартаа 4-5 настай хүүхдээ хөтөлчихсөн явж байсан.  Тэгээд бид хоёр нилээд удаан уулзалдаагүй байсан болохоор ойр зуурын юм ярьж байтал Мөнгөнхөлөг надад “найз нь 4, 5 сар хөдөө ажил хийж байгаад ирээд, нэг зурагт авсан юм, одоо надад мөнгө хэрэгтэй байна, хоёулаа хамт энэ зурагтыг ломбарданд тавъя, чамд бичиг баримт байна уу” гэхээр нь би “надад бичиг баримт байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Мөнгөнхөлөг “Дүүхээ төвийн ломбард оръё” гээд бид ломбард ортол ломбардны хүн “манайх зурагт авахгүй мөнгө байхгүй” гэхээр нь 21 дүгээр хорооллын ломбарданд тавих гээд “Дүүхээ” төвийн үүднээс саарал өнгийн жижиг машинд суугаад явсан. Тэгээд бид 21 дүгээр хороололд байх “Хишиг-Од” гэх ломбарданд тавихаар болж Д.Мөнгөнхөлөг “ТҮЦ” машинаас иргэний үнэмлэхийн лавлагаагаа аваад барьж явсан зурагтаа 160,000 төгрөгөнд тавьсан. Д.Мөнгөнхөлөг “чи манай хүүхдийг хадмынд хүргээд өгчих” гээд надад таксидаад яваарай гээд 20,000 төгрөг өгсөн. Би нэгдүгээр хороолол орлоо хоёулаа орой уулзанаа” хөгшөөн гэж хэлээд явсан. Тэгээд би хүүхдийг нь хадмынх нь болох 58 дугаар байранд аваачиж өгөхөд хадам ээж нь “Мөнгөнхөлөг хаана байна” гэхээр нь би “энэ хүүхдийг энд хүргээд өгчих гэсэн өөрөө нэгдүгээр хороолол орлоо гэсэн” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш Мөнгөнхөлөгтэй уулзаагүй байж байгаад 4-5 хоногийн дараа Цагдаагийн газар уулзсан. Би тэр өдөр Мөнгөнхөлөгийн ломбарданд тавьсан зурагт хулгайнх гэдгийг сүүлд Мөнгөнхөлөгийн авгайнх нь эгчээс сонссон. Хар өнгийн 32 инчийн гэмээр хавтгай дэлгэцтэй, маркыг нь мэдэхгүй зурагт байсан. Надад хулгайн зурагт гэж хэлээгүй. Мөнгөнхөлөг өөрийнхөө үнэмлэхний лавлагаагаар зурагтаа тавьсан. Би хулгайн зурагт гэдгийг сүүлд мэдсэн. Би энэ хэрэгт ямар ч хамаагүй. Тухайн үед Мөнгөнхөлөгийг гар утастай байсан эсэхийг санахгүй байна. Утас зарах ломбарданд тавих талаар ямар нэг зүйл огт яриагүй. Мөнгөнхөлөг надтай уулзчихаад байж байхдаа “найз нь нэг өдөр архи уусан чинь архи гарахгүй байна” гэчихсэн нилээн согтуу явж байсан. Тухайн үед Мөнгөнхөлөг бор өнгийн нимгэн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. ...” гэх мэдүүлэг [6],

 

Мөрдөн байцаалтад Д.Мөнгөнхөлөгийн сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Тоосгоны 15-304 тоотод хадам аав Баясгалан гэдэг хүний хашаанд эхнэр 2 хүүхдийн хамт гэр барин амьдардаг. Энэ хашаанд манай эхнэр Оюунцэцэгийн төрсөн эгч Б.Оюунаа хүүхдийн хамт байшинд амьдардаг. Б.Оюунаа эзгүй үедээ байшингийн түлхүүрээ манайд үлдээж явдаг. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр урьдын адил манайд өглөө түлхүүрээ үлдээн өөрөө ажилдаа явсан. Харин би гэртээ хүүхэд харж байгаад 16 цагийн орчим Оюунаа эгчийн байшингийн түлхүүрийг авч хаалгыг нь онгойлгон гэрт нь ороод зочны өрөөний тавиур дээр байсан 32 инчийн, нимгэн Лед дэлгэцтэй, хар өнгийн TCL маркын зурагтыг нь аваад хайрцагт нь хийж авч гарсан. Тэвэрч явсаар 21 дүгээр хороололд байх нэрийг нь мэдэхгүй ломбардад өөрийн бичиг баримтаар 160,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би мөнгөө аваад хотын төв орж Мобиком төв дээр очин танил Батгэрэлтэй уулзаад “Тэди” төвийн орчим байх зоогийн газар орж архи авч уусан. Намайг архи ууж байхад хадам эгч Оюунаа над руу залгаад зурагт яасан гэхээр нь ломбарданд тавьсан гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл цагдаад өргөдөл өгсөн байсан тул намайг энд авч ирсэн. Би зурагтыг нь аваад ломбардад тавьж мөнгийг нь хэрэглээд зурагтыг нь буцаагаад аваад өгнө гэж бодоод гэрт нь орсон. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Уг нь бол би гэртээ зүгээр сууж байхаар Мобикомын гаднаас гар утас худалдаж авч үнэ өсгөж зараад ашиг олоод зурагтыг нь авч өгье гэж бодоод авсан. Миний танил ганц нэг хүн гар утас зардаг тул би очиж харж байхдаа хийж болмоор санагдсан. Би зурагт хулгайлаад цагдаа барих байх гэж айгаад гэртээ очоогүй. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Мобикомын төвийн гадаа байхад эрүүгийн төлөөлөгч Ганбаяр гэдэг хүн ирж намайг барьж авсан. Энэ хооронд би 100 айлд байх Төгсөө гэдэг найзынхаа гэрт хонож байсан...” гэх мэдүүлэг [7],

-Мөн түүний сэжигтнээр 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Өөрийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн барагдуулахын тулд ажил олж мөнгө олохоор оргосон. Энэ хугацаанд би Дунд гол болон Туул голын эргээр амьдарч байсан. Яг байршлыг нь тодорхой хэлэх юм бол Цэцэрлэгт хүрээлэнгийн харалдаа урагшаа Туул голын бургасанд байсан. Ингэж явахдаа би ганцаараа зоогийн газруудын үлдэгдэл хоолыг авч иддэг байсан. Өдөр нь хоолондоо гадуур явдаг байсан, хүнтэй уулздаггүй байсан. Ер нь бол 40 мянгатад байрладаг Шөлөндөө зоогийн газар руу ихэнхдээ очдог байсан. Мөн шөнөдөө лааз, архины шил түүж, Бөмбөгөрийн хажууд байрлах цэг дээр очиж тушаадаг байсан. Олсон мөнгөөрөө архи уудаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Цог гэх 60 орчим насны эрэгтэй хүнтэй Бурхан халдун гэх 0,5 литрийн архийг хуваагаад ууж байтал бид хоёроос хол зайтай хэдэн хүмүүс зодолдоод байсан. Тэгээд бид хоёр архиа ууж дуусчихаад хүрээлэнгээс гараад явж байтал цагдаа ирээд бид хоёрыг уучихсан байна гээд намайг авч явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн саатуулах байранд ирж саатуулагдсан...” гэх мэдүүлэг [8],

-түүний яллагдагчаар  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ...32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг авч 21 дүгээр хороололд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг ломбарданд 160,000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед гудамжинд таарсан Б.Баттулгатай хамт тавьчихаад Баттулгыг орхиод би ганцаараа “Тэди” орж утас аваад үнэ өсгөж зарах гэж явсан. Тэгээд утас авалгүй  хэрэглээний явцад мөнгө дуусаад “Теди” төвийн үүдэнд цагдаа нарт баригдсан. ...Би Оюуны гэрээс зурагтыг нь авч явахдаа удирдлагыг нь авч яваагүй. Би ломбарданд удирдлагагүй тавьсан. ...” гэх мэдүүлэг [9],

-2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 05 минутаас 18 цаг 35 минут хүртэл хугацаанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт [10],

-2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх  үйлчилгээний газраас 32 инчийн зурагтыг хураан авах тогтоол,  хураан авсан тэмдэглэл [11],

-2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр TCL маркын 32 инчийн хар өнгийн Лед зурагтыг хохирогч Б.Оюунд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [12],

-2016 оны “Шар цэмбэн” ХХК-ний “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний төвийн 32 инчийн зурагтыг барьцаалан Д.Мөнгөнхөлөгт 160,000 төгрөгийн зээл олгосон тухай баримт [13],

-Хохирогч Б.Оюуны эд зүйлийн үнийг тогтоосон үнэлгээний хуудас [14],

-Шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгийн иргэний үнэмлэхийн лавлагаа [15], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [16],

-Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар [17],

-Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай захирамжийн хуулбар [18], суллагдсан хүмүүст олгодог хуудас [19],

-Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [20],

-Д.Мөнгөнхөлөгт 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол [21],

-Д.Мөнгөнхөлөгийн “гадагш явахгүй, дуудсан цагт бэлэн ирнэ” гэх баталгаа гаргасан баримт [22],

-Эрүүгийн төлөөлөгч Г.Цогбадрахын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас [23],

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын “мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх” тухай 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 753 дугаартай тогтоол [24],

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын “түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1277 дугаартай тогтоол [25] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-304 тоотод оршин суух иргэн Б.Оюуны эзэмшлийн байшингийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон зөвшөөрөлгүй, сэм нэвтрэн орж 400.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагт, 40.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан, бусдад 440.000 төгрөийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч Б.Оюуны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Манай байшингийн ...том өрөөнд зурагтын тавиур дээр байсан 32 инчийн TCL зурагт алга болчихсон байсан. ...Мөн Нокиа маркийн гар утас алдагдсан. Алдагдсан зурагт, гар утсыг Мөнгөнхөлөг эзэмших, захиран зарцуулах эрхгүй. ...” гэх мэдүүлэг [26] ,  түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч С.Баясгалангийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...би том охин Оюуныд орохоор явахад таамбарын хаалга нь онгорхой байсан. Дотогш ороход гэр рүү ордог хаалга нь бас онгорхой байсан. Би гайхаад миний том охиных цоожтой байгаа гэсэн гэж бодоод дотогш ороход баруун талд хоёр том цонхны голд байсан 32 инчийн зурагт нь байхгүй байсан.  ...Ямар ч сэв байхгүй, түлхүүрээр онгойлгоод орсон юм шиг байсан. ...Тэр зурагтыг хайрцаганд хийгээд аваад явсан байсан. ...Мөнгөнхөлөгийг авсан юм байна гэж сэжиглэсэн. ...” гэх мэдүүлэг [27],

-гэрч Б.Баттулгын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сард ...Мөнгөнхөлөг нэг гартаа зурагт тэвэрчихсэн, нөгөө гартаа 4-5 настай хүүхдээ хөтөлчихсөн явж байсан.  ...Мөнгөнхөлөг надад “найз нь 4, 5 сар хөдөө ажил хийж байгаад ирээд, нэг зурагт авсан юм, одоо надад мөнгө хэрэгтэй байна, хоёулаа хамт энэ зурагтыг ломбардад тавъя, чамд бичиг баримт байна уу” гэхээр нь би “надад бичиг баримт байхгүй байна” гэж хэлсэн. ...бид хоёр 21 дүгээр хороололд байх “Хишиг-Од” гэх ломбарданд тавихаар болж Д.Мөнгөнхөлөг ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаагаа аваад барьж явсан зурагтаа 160,000 төгрөгөнд тавьсан. ...” гэх мэдүүлэг [28],

-Д.Мөнгөнхөлөгийн сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Оюунаа эгчийн байшингийн түлхүүрийг авч хаалгыг онгойлгон гэрт нь ороод зочны өрөөний тавиур дээр байсан 32 инчийн, нимгэн Лед дэлгэцтэй, хар өнгийн TCL маркын зурагтыг аваад харцагт нь хийж авч гараад тэвэрч явсаар 21 дүгээр хороололд байх нэрийг нь мэдэхгүй ломбарданд өөрийн бичиг баримтаар 160,000 төгрөгийг барьцаанд тавьсан....” гэх мэдүүлэг [29],

-түүний яллагдагчаар  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг [30],

-иргэний нэхэмжлэгч “Шар цэмбэн” ХХК-ний “Эрдэнэс”  барьцаалан зээлдүүлэх газрын төлөөлөгч О.Эрдэнэбаярын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Мөнгөнхөлөг өөрөө ирж уг зурагтыг бичиг баримтаараа тавьсан. Тухайн үед 150,000 төгрөгөөр тавьсан. Мөнгөнхөлөг орж ирэнгүүтээ зурагт тавих гэсэн юм гээд нэг жаахан хүүхэд дагуулчихсан явсан...” гэх тайлбар [31],  “Шар цэмбэн” ХХК-ний “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын зээлийн үйлчилгээний баримт [32], эд зүйлийн үнэлгээ [33], 2016 оны 05 дугаар сарын 18-ны хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт [34], “Эрдэнэс” барьцаат зээлийн үйлчилгээний газраас 32 инчийн зурагтыг хураан авах тогтоол,  хураан авсан тэмдэглэл [35], 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр TCL маркын 32 инчийн хар өнгийн Лэд зурагтыг хохирогч Б.Оюунд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [36] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Орон байранд нэвтрэх гэдэгт “хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан орон сууц, байшин, гэр зэрэгт онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч орохыг ойлгох ба шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг нь хохирогч Б.Оюуныг гэртээ эзгүй байх үед нь гэрийнх нь түлхүүрээр хаалгыг нь онгойлгон сэм орж, эд хөрөнгийг нь хулгайлан авсан байх тул түүнийг орон байранд нэвтэрсэн гэж үзнэ. Түүнчлэн тус гэмт хэргийг Д.Мөнгөнхөлөг нь шунахай сэдэлтээр үйлджээ.

Шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг нь бага бус хэмжээний буюу 440,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба харин орон байранд нэвтэрч үйлдсэн нь гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болсон буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Иймд шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Оюун нь 32 инчийн зурагтыг мөрдөн байцаалтад биетнээр нь хүлээн авсан байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгчийн ар гэрээс хохирогч Б.Оюунд гар утасны үнэ 40,000 төгрөгийг нөхөн төлжээ.

-Мөн шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг нь хохирогч Б.Оюуны гэрээс хулгайлан авсан TCL маркын 32 инчийн Лед зурагтыг иргэний нэхэмжлэгч “Шар цэмбэн” ХХК-ний “Эрдэнэс” барьцаалдан зээлдүүлэх газарт 160,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан байх ба мөрдөн байцаагч тус газраас зурагтыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн үйлчилгээнд Д.Мөнгөнхөлөгт олгосон үндсэн зээл 160,000 төгрөг, хүү 12,800 төгрөг, нийт 172,800 төгрөгийг түүнээс нэхэмжилсэн байна. 

Дээрх барьцаалдан зээлдүүлэх газар нь хохирол барагдсан, гомдолгүй гэсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон бичгийг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгийг хохирогч Б.Оюун, иргэний нэхэмжлэгч “Шар цэмбэн” ХХК-ний “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газарт тус тус төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр тооцогдон, мөн өдөр “Гадагш явж болохгүй тухай баталгаа” авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-түүнийг сэжигтнээр тооцсон тогтоол [37], Д.Мөнгөнхөлөгт 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол [38], Д.Мөнгөнхөлөгийн “гадагш явахгүй, дуудсан цагт бэлэн ирнэ” гэх баталгаа гаргасан баримт [39], Эрүүгийн төлөөлөгч Г.Цогбадрахын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас [40], Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын “мөрдөн байцаалтыг  түдгэлзүүлэх” тухай 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 753 дугаартай тогтоол [41],  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын “түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1277 дугаартай тогтоол [42],  Д.Мөнгөнхөлөгийг 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл [43] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг баримтаар Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1, 124  дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 08 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнссэн суллагдсан,

-Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгазахаар тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан... хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол” ялгүй болно гэж заасан. Энэхүү хуульд заасан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг ялгүй болсон гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж, арилгасан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Оюунаас гэмт хэрэг гарсан өдөр Д.Мөнгөнхөлөг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар бусдаас сонссон гэж мэдүүлэх боловч энэ нь хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгт оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан ба шүүх тус саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгийн 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Дагвын Мөнгөнхөлөгийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Дагвын Мөнгөнхөлөгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял ;

-мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгийн 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, Д.Мөнгөнхөлөгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгч Д.Мөнгөнхөлөг нь хохирогч Б.Оюун, иргэний нэхэмжлэгч “Шар цэмбэн” ХХК-ний “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газарт тус тус төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Мөнгөнхөлөгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Мөнгөнхөлөгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 65-66 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 70 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 3-7 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 87 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 85-86 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 65-66 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 3-7 дугаар тал

[35] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[37] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[39] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[40] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[41] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал.

[42] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[43] Хавтаст хэргийн 70, 74-75 дугаар тал.