Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2524

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02080 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т банк ХХК-д холбогдох  

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Хатанбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Мөнхзул, Э.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т банк ХХК-ийн Баянзүрх дүүргийн Сансар тооцооны төвийн захирлаар 5 сарын туршилтын хугацаатай томилогдон орсон. Туршилтын хугацаанд Сансар тооцооны төвийн эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлж ажил үүргээ хангалттай сайн биелүүлж амжилттай ажилласан.

Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний туршилтын хугацаа дуусаад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийсэн ажлынхаа тайланг, ажил жинхлэх саналын хамт хүний нөөцийн газрын Нацагдолгор захиралтай биеэр уулзан бичиг баримтуудаа өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр удирдлага утсаар яриад ажлаас халагдсан тушаалтай танилцаарай гэж хэлсэн. Үүнээс өмнө намайг юу ч мэдээгүй байж байтал тушаал гардаж авахаас 2 хоногийн өмнө ажилтан Дашдорж теллерт ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн яриа гарсан байна гэж миний найз захирлууд утсаар ярьж хэлсэн.

Тэгээд Цэрэнхүү захирлаас тушаал авч ирэхэд нь яагаад ийм асуудлаар халаж байгаа талаар асуухад би мэдэхгүй байна, тушаалаар чиний ажлыг хүлээж авна гэж хэлсэн. Утгагүй яриа гаргаад ажилтандаа буюу Дашдоржид бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн яриа миний нэр төрийг маш ихээр гутаасан, гомдоосон. Одоо Т банк ХХК-ийн төвөөр ажилтнууд, цаашлаад банкны системд, улмаар Монгол улс даяар миний нэр хүнд маш муухайгаар тархлаа. Би энэ асуудлаар нэр төрөө цэвэрлэх хүсэлт гаргах гэсэн боловч хуулийн үндэслэл болгох нотлох баримт байхгүйгээс ийм үйлдэл гаргаагүй гэдгийг хүн болгонд нотлохын тулд ажилдаа эргэн орох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү...” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийг хүний нөөцийн хорооны хурлын тэмдэглэлд заасан шалтгааны улмаас хөдөлмөрийн хугацаатай гэрээг цаашид сунгаж, шинэчлэхгүй болсон шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч нь уг шийдвэртэй урьдчилж танилцаад бичгээр өөрийн хүсэлтээр гэдэг үгээр сольж өгөх хүсэлтийг гаргасан байдаг. Бичгээр гаргасан хүсэлт нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байгаа. Нэгэнт ажилтан өөрөө хүссэн учраас хүсэлтийг хангаж шийдвэрлээд тушаалыг өөрийнх нь хүссэнээр гаргасан. Ийм байтал ажил олгогчид үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тушаалд байхгүй үндэслэлээр ажил олгогчийг буруутгаж нэхэмжлэл гаргаж буй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг ямар нэгэн цуу яриа байгууллага дээр гарсан зүйл байхгүй. Туршилтын хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2-т заасны дагуу сунгагдаад 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дууссан байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Т банк ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т банк ХХК-тай №943 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж тус банкны Сансар тооцооны төвийн захирлаар томилогдож 8 cap ажиллаж байх хугацаанд тус банкны салбарын ажлыг аливаа алдаа зөрчилгүй Хөдөлмөрийн гэрээ болон Т банкны дотоод журмыг мөрдлөг болгон мэргэжлийн ур чадвараа гарган Улаанбаатар хотын 70 нэгжээс 40 байранд эрэмблэн жагсаж байсан салбарыг 8 дугаар байр хүртэл дээшлүүлж ажил үүргээ хэвийн амжилттай сайн хэрэгжүүлж байхад учир битүүлэг шалтгаанаар ялгаварлан гадуурхаж ажил олгогчийн санаачлагаар 2017 оны 7 сарын 28 өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан Б/1082 тушаал анх гаргасан байдаг. Энэхүү тушаалыг тус банкны зохих албан тушаалтан Цэрэнхүү, Ичинноров, Отгонжаргал нар цайны цагийн дараа танилцуулж ажил хүлээлцэх акт үйлдсэн бөгөөд ажилтан ямар үндэслэлээр ажлаас халсан талаар лавлахад банкинд таагүй яриа дэгдсэн байна. Б.Дашдорж гэх ажилтанд таны зүгээс ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн, оролдсон "чиний тухай яриа газар авсан, ийм ярианд орсон хүнд ямар арга хэмжээ авахыг олон нүд харж байгаа болохоор ингэж арга хэмжээ авахаас өөр арга байсангүй" гэж тайлбарласан учраас ажилтан Б.О энэхүү гүтгэлэг, зүй бус нөлөөлөлд автаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичихээс өөр аргагүй байдалд оруулсан нөхцөл байдлын улмаас зохих албан тушаалтан өөрийн хүсэлтээр гэсэн өргөдлийг бичүүлж тушаалыг өөрчилсөн бодит үйл явдал болж өнгөрсөн байдаг.

Хариуцагч талын зүгээс гаргасан хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж харьцуулахад үйл явдлын цаг хугацааны дэс дараалал зөрүүтэй, Т банкны удирдлагын гаргасан тушаал, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр, тэмдэглэл нь хоорондоо агуулгын хувьд авцалдаагүй, хууль зүйн үндэслэл, гаргалгаа нь хоорондоо тэс өөр, зассан, тохируулж өөрчилсөн байгаа нь өөрсдийн зүй бус үйл ажиллагаагаа далдлах, хууль бус шийдвэрээ зөвтгөх үүднээс хуурамч баримт бичиг нөхөж үйлдсэн төдийгүй шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбарлах үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Мөн түүнчлэн хурлын тэмдэглэлийг өөрчилж, засахдаа ажилтан өвчтэй байсан, хүүхдээ асрах чөлөөтэй байсан, тэмцээн, уралдаан, сургалт, семинар, зөвлөлгөөнд оролцсон хоногийг тасалсан гэж шууд орлуулж тооцоод зогсохгүй үүнийгээ сахилга бат алдсан болгож ажилтныг буруутгах санаа агуулсан ба үнэн хэрэгтээ Б.О нь тус банкинд 8 cap ажиллах хугацаандаа хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг ч анхааруулах хуудас, зөрчлийн акт, ёс зүйн зөрчлийн саналын хуудас бичүүлж байгаагүй. Нэг ч удаа сахилгын шийтгэл, зөрчил гаргаж байгаагүй ажилтанг ажлаас шууд халж байгаа нь хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйл ажиллагаа гэдгийг үгүйсгэх аргагүй билээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2. зүйл: "Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй." зааснаар Т банкны эрх бүхий албан тушаалтнууд энэхүү үүргээ биелүүлээгүй хэрэгжүүлэлгүй зөрчиж хууль, дүрэм, журамд заасан хэм хэмжээг баримтлалгүй ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр халсан.

...Тодруулбал: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хурал хуралдаж байхад ажилтан ажлаас халагдах өөрийн хүсэлтээ өгөөгүй байхад захирлын тушаал гарчихсан байгаа нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсныг гэрчилж байхад шүүх хүсэл зоригоо илэрхийлсэн гэсэн хийсвэр дүгнэлт гаргаж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.О нь Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1496 дугаартай тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 5 сарын туршилтын хугацаагаар хариуцагчийн “Баянзүрх дүүрэг” салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдож, мөн өдөр 943 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаад тус Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/1082 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.25 дахь заалт, Хүний нөөцийн хорооны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 5, 6-10, 20-30, 44, 82-83/

 

            Хэргийн 40 дүгээр талд нэхэмжлэгч Б.Оийн бичгийн баримт авагдсан байх ба уг баримтад “Миний бие Б.О нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б/1082 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаалын зүйл заалтыг өөрчилж “Өөрийн хүсэлт”-ээр чөлөөлөгдсөн гэж утгыг сольж өгнө үү” гэжээ.

 

            Анхан шатны шүүх дээрх баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан, ийнхүү хэн аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсний хойно нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг хуульд нийцээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Ийнхүү ажил олгогчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/1082 дугаар ажлаас чөлөөлсөн шийдвэр нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцлийн үндсэн дээр хариуцагч Т банк ХХК нь үүргээ биелүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үүрэг дуусгавар болсон байх тул Т банк ХХК-нд холбогдох “Баянзүрх дүүрэг” салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН