Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 00175

 

2018 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2018/00175

Орхон аймаг

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, У холбогдох

Гэм хорын хохирол 9,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А , хариуцагч Д.У , хариуцагчийн өмгөөлөгч Т.Б , иргэдийн төлөөлөгч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У  нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-20 дугаар байрны баруун урд байх уулзварт Тоёото Ланд крузер-200 загварын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж Б.Э-н хөлийг дайрч хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.У ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Б.Э нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлээр ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалтгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлиийн шаардлагыг хангаагүй боловч цаашид гарах эмчилгээний 'зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурьдсан. Иймээс зам тээврийн осол гарсан 2016 оны 10-р сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртлэх буюу 2017 оны 12 сарыг дуустал нийт ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. 1 сарын цалин 600,000 төгрөг бөгөөд 15 сарын цалин нийт 9,000,000 төгрөгийг Д.У ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Уламбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сар дуустал хугацаанд цалингийн орлогогүй байсан тул 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Э нь Д.У т холбогдуулан зам тээврийн осол гарсан 2016 оны 10-р сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртлэх буюу 2017 оны 12 сарыг дуустал нийт ажилгүй байсан хугацааны цалинг 1 сарын цалин 600,000 төгрөгөөр тооцон 15 сарын цалин нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч Д.У ээс гаргуулахаар шаардаж байна.

              Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд цалин тэтгэврийн зөрүү төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байна.

            Д.У  нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-20 дугаар байрны баруун урд байх уулзварт Тоёото Ланд крузер-200 загварын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж Б.Эрдэнэбаярын хөлийг дайрч хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор батлагдаж байх тул нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

               Нэхэмжлэгч нь зам тээврийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 6 хувь алдсаны улмаас 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр 251.000 төгрөгөөр тогтоогдсон байна. Ийнхүү нэхэмжлэгч нь 2017 оны 1 сард 121451 төгрөг авсан ба 2017 оныг дуустал сар бүр 251.000 төгрөг 2.882.451 төгрөгийн тэтгэвэр авсан байна.

            Нэхэмжлэгч нь “Э ” ХХК-нд цахилгаанчинаар ажиллаж сард 600.000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь тус компаны захиралын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн № 10 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тодорхойлолтоор батлагдаж байх бөгөөд цалин тэтгэврийн зөрүү 349.000 төгрөг, 11 сарын нийт 3.839.000 төгрөг дээр 2017 оны 1 сарын зөрүү  121.451 төгрөгийг нэмж нийт 4.317.549 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийн ажилладаг байгууллага түүний 2016 оны 10-12 сар болон 2017 оны 1,2 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчийн авдаг 600.000 төгрөгийн цалингийн хэмжээгээр тооцож төлсөн байгаа бөгөөд 2.0 сая төгрөг төлөх тооцоо гарч байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь цалин, тэтгэврийг давхардуулж авсан болох нь тогтоогдоогүй Э  ХХК-аас нэхэмжлэгчид тусламж үзүүлэн 600,000 төгрөг гэж бичсэн гэсэн тайлбар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.У ээс 4.317.549 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.682.451 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 84,031 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

               

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          Б.БЯМБАСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                                           Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ