Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00217

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2018/00217

Орхон аймаг

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Л нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1986 онд төрсөн, 30 настай эрэгтэй, Н холбогдох 234 570 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Л, иргэдийн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэр халуун усны газрын баруун авто зам дээр согтуугаар машин жолоодож явсан Д.Н мөргүүлж авто осолд орсон. Д.Н-с шүүх хуралаар хохирогч Ч.Л миний цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр тогтоогдсон. Иймд эмчилгээний зардал 274,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ч.Лгийн урьд нь гаргасан бүх эмчилгээний зардлыг төлсөн нь үнэн. Хэрэгт ирүүлсэн баримтыг хангалтгүй гэж үзэж байна. Нэг өдөрт нэг хүний гараар бичиж үйлдсэн байна. Ар гэрт минь өвчин зовлон тохиолдож аав минь хорт хавдар туссан. Тийм учраас төлбөрийн чадвар надад байхгүй. Өмнө нь гаргасан бүх төлбөрийг төлж байсан. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч Д.Н-с гэм хорын хохирол 274.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь 2015 оны 11 сарын 19-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота королла серес маркийн 0000 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 8.2 дахь заалтуудыг зөрчиж урсгал сөрөн Ц.Д-н жолоодож явсан Тоёота приус 20 маркийн 0000  ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Лгийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх бөгөөд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

             Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа........нэхэмжлэгч Ч.Лгийн нэхэмжилж байсан бүх зардлыг төлж байсан, одоогоор төлбөрийн чадваргүй, аав минь хорт хавдар туссан тул төлөх боломжгүй байна, мөн нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь нэг өдөр нэг хүний гараар бичсэн байгаа тул эргэлзээ төрүүлж байна. Ямар ч эмийн сангаас эм тариа бичүүлээд тамга даруулаад авч болно, нотлох баримт алга байна, ийм учраас нэхэмжилсэн мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

            Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь “Энэрэх заяа” ХХК-ийн эмийн сангаас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 174.000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 99.000 төгрөгийн эм тариа авсан болох нь зарлагын баримтаар батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Нэхэмжлэгч нь үнийн дүнг бодохдоо 273.000 төгрөгийг 274.000 төгрөг гэж буруу бичсэнийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Д.Н-с 273.000 төгрөг гаргуулан Ч.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 8,840 төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          Б.БЯМБАСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                                           Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                           Р.ҮҮРИЙНТУЯА