Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/990

 

                             

 

 

 

 

 

    2022             8             05                                         2022/ШЦТ/990

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Ц.Э........р, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208 0000 00498 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өвгөн овогт Ц.........ржийн Э........р, Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 01-ний Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, үслэг эдлэл хийдэг ажилтай гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан ...................................., урьд ял шийтгэл

- Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгийн торгох ял,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Э........р нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн Баян цагааны 5-3 тоотод иргэн ЭЭ.........тын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсний улмаас ЭЭ.........тын биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.Э........р нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод иргэн ЭЭ.........тын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсний улмаас ЭЭ.........тын биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч ЭЭ.........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагаан 5 дугаар гудамжны 3 тоотод зүс таних Ө........а, Н.............г, Э........р нартай хамт 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж уусан ба ямар нэгэн маргаан зодоон болоогүй ба намайг буйдан дээр сууж байхад гэнэт Э........р хөлөөрөө миний баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн тухайн үед байсан хүмүүс салгасан өөр маргаан зодоон болоогүй миний баруун нүд хөхөрч хавдсан ба би гэртэй ороод гэмтлийн эмнэлэг дээр очиход гэмтлээс цагдаад дуудлага өгсөн...өшиглөсөн миний баруун нүд хөхөрч хавдсан надаас өөр гэмтэл бэртсэн зодуулсан хүн байхгүй...би эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

-“...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл гэвэл гаргаж өгсөн баримтад дурдагдсан мөнгөө нэхэмжилж байна. Энэ мөнгөө төлчихвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

-Гэрч Б.Н.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр...М..........х эгч бид хоёр архи ууж байгаад бие засах гээд гэрээс гараад бие засчхаад ороод ирсэн чинь Энхбатын баруун нүд нь хавдчихсан байхаар нь юу болов яав гээд асуусан чинь Баяраа ах цохисон юм зүгээрээ гээд сууж байсан. Тэр үед Баяраа ах чимээгүй суугаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3025 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, духны дунд хэсэгт 5х3см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун нүдний алимны салстад тархмал тод хүрэн улаан өнгийн цус хуралттай.

УБ Сонгдо эмнэлэгт хийлгэсэн 2022.02.15-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд: баруун нүдний зөөлөн эдийн няцрал, хийтэй, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийд цус хурсан, хоёр талын ховдлуудын арын эврийн тэгш бус байдал, хамрын таславч баруун тийш мурийсан, хамар ясны хуучин хугаралтай.

2022.2.15-ны өрийн нүдний эмчийн үзлэгт: Баруун нүдний зовхи, хаван ихтэй, хөхрөлт няцралтай, алимны салстад цус хурсан, эвэрлэг, өмнөд камер, болор, шилэнцэр тунгалаг, Угт: ХМД хил  тод, өнгө хэвийн, торлогт одоогоор өөрчлөлтгүй, онош: баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний зовхины хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэжээ.

2022.07.17-ны өдрийн нүдний эмчийн үзлэгт: баруун нүдний хараа, 0.8, зүүн нүдний хараа 1.0, нүд хөдөлгөх үед өвдөнө, юм хоёрлож харна... онош: баруун нүдний ухархайн доод ханын хугарал гэжээ...ДҮГНЭЛТ

1.ЭЭ.........тын биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4.5. Дээрх гэмтэл нь тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ц.Э........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 14-ний орой...Би Өнөрөө, Нараа, М..........х, Энхбат нарын хамт 1 шил 0.75 граммын хараа нэртэй архийг Өнөрөөгийн гэрт ууцгаасан. Архиа ууж дуусаад би энхэртэйгээ хамт Өнөрөөгийн гэрээс гараад гэр рүүгээ хариад орондоо ороод хэвтэж байсан чинь Өнөрөө манай эхнэрийн дугаар руу залгаад Энхүүш гарахгүй лай болоод байна ирээд гаргаад өгөөч гэхээр нь би эхнэрээ аваад буцаад Өнөрөөгийн гэрт очоод Энхбатад хандаа аав чинь өнгөрөөд удаагүй байна айл амьтнаасаа гарчихаа аавтай чинь би бараг найз байсан гэж хэлсэн чинь уурлаж босож ирээд чамтай манай аав юу гэж найз байдаг юм гэж хэлээд намайг заамдаж байгаад миний дух руу толгойгоороо мөргөсөн тэгэхээр нь би баруун гараараа нүүр рүү нь мангастаж түлхээд буйдан дээр унагчихсан тэгсэн чинь манай эхнэр намайг боль гээд гараад явсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ хариад унтаж байсан чинь гаднаас цагдаа орж ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3025 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Э........р нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатай үйлдлээр хохирогч Энхбатын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.Э........р нь хохирогч Энхбатын биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч ЭЭ.........тын буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна. Харин Ц.Э........р нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Э........рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ЭЭ.........т нь баримтаар 686.240 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Э........р нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Ц.Э........рын энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч ЭЭ.........тын нэхэмжилсэн 2.917.805 төгрөг буюу эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг хэлэлцэхгүй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Э........рыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтайн байна. Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгчийг урьд хоёр удаа ял шийтгүүлсэн байсан гэх үндэслэлээр 700 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуульд урьд ял шийтгүүлж байсан нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн нөхцөл байдал болохгүй гэж заасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, түүний цагдан хоригдсон хоногийг хасаж тооцуулах саналтай байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.Э........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35, 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78, 79 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 40-50 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ц.Э........рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийл ял оногдуулах боломжтой хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч Ц.Э........рыг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ц.Э........рыг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 31 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Э........рын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өвгөн овогт Ц.........ржийн Э........рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.Э........рыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э........рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э........рын 31 (гучин нэг) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э........р нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж хохирогчийн нэхэмжилсэн 2.917.805 (хоёр сая есөн зуун арван долоо мянга найман зуун таван) төгрөгийг хэлэлцэхгүй үлдээсүгэй.

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.МӨНХЗУЛ