Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 343

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багт оршин суух, 1982 онд төрсөн, 36 настай, Шарнууд овгийн Т.Ш-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Ноён хутагт 31 дүгээр байр 1 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 35 настай, Амаа овгийн Б.Ч-т холбогдох,

 “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ш, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ч-тэй 2000 онд танилцаж, хүү Ч.С-г 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрүүлсэн. Б.Ч нь өөр эхнэртэй болсон учраас бид салж 2003 оноос тусдаа амьдрах болсон. Одоо бид тусдаа амтдралтай болсон учраас гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байна. Эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулах хүсэлтээ Б.Ч албан ёсоор бичиж өгсөн. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Миний бие ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний хүү Ч.С нь төрөлхийн тархины саажилттай гэсэн оноштой байнгын асаргаанд байдаг. Би хүүхдээ байнга асардаг гэв.

Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа:  Т.Ш нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Ч.С-г ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Шүүх хуралдаанд миний бие өөрийн биеэр оролцох боломжгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ш нь “хариуцагч Б.Ч-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Т.Ш, Б.Ч нар нь 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэн тэдний дундаас 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү Ч.С төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж  2003 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Б.Ч нь шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцох хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн нэхэмжлэгч Т.Ш нь байнгын асаргаа шаардлагатай өвчтэй хүүхэдтэй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шарнууд овгийн Т.Ш, Амаа овгийн Б.Ч нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.